Мика Монгол Мика Монгол

Зүрхний хэм алдагдал

Зүрхний цохилтын тоо, хэмнэл алдагдахыг зүрхний хэм алдагдал гэнэ. Зүрхний цохилтыг бий болгож байдаг цахилгаан импульсийн үйл ажиллагаа алдагдахад үүсдэг. Ингэснээр зүрхний цохилт:

  • Хурдан болох (тахикарди)
  • Удаан болох (брадикарди)
  • Эрт агших (ээлжийн бус агшилт)
  • Замбараагүй агших (фибриляци)

Хүн болгон зүрх дэлсэх зэргээр зүрхний хэм алдагдалд өртдөг. Зүрхний хэм алдагдал нь хор нөлөөгүйгээр түгээмэл тохиолддог боловч зарим нь эмгэг үүсгэдэг. Хэм алдагдал нь биеийн цусан хангамжинд нөлөөлвөл тархи, уушиг болон бусад амин чухал эрхтэнүүдэд муугаар нөлөөлж амь насанд ч аюултай байдалд хүргэнэ.

Зүрх хэрхэн ажилладаг вэ?

Зүрх 4 тасалгаатай. Зүрхний энэ тасалгаанууд дээд тасалгаа (тосгуур), доод тасалгаа (ховдол) гэж хуваагдана. Энэ хоёр хэсэг зүрхний агшилтыг бий болгоно.

Зүрхний хэвийн цохилтын үед зүрхээр цахилгаан импульс тогтсон замаар дамжин явж агшилтыг бий болгоно. Энэхүү дохио нь зүрхний булчингийн үйл ажиллагааг зохицуусанаар зүрхнээс цусыг шахаж гаргах болон оруулдаг. Эдгээр замд болон импульсүүдэд тасалдал бий болвол зүрхний хэвийн цохилтыг алдагдуулна.

Зүрхний цохилт

Цус зүрхэнд ирээд тосгуурт эхэлж ордог. Үүний дараагаар зүрхний цохилт хийгдэнэ. Нэг удаагийн зүрхний цохилт нь хэд хэдэн үе шатаар явагдана:

  • Синусын зангилаа (баруун тосгуурт байдаг бүлэг эсүүд) нь цахилгаан импульсийг баруун, зүүн тосгууруудруу явуулж агшилтыг бий болгоно.
  • Энэ агшилтаар ховдлууд цусаар дүүрнэ.
  • Ховдол дүүрэхэд цахилгаан импульс зүрхний төв хэсэг дэх ховдол тосгуурын зангилаанд (ховдол тосгуурын хооронд байрлах бүлэг эсүүд) хүрнэ.
  • Импульс зангилаанаас цааш цусаар дүүрсэн ховдолд хүрч ховдолын агшилтыг бий болгоно.
  • Энэ агшилт нь цусыг зүрхнээс шахан гаргаж бүхий л биеэр эргэлтэнд оруулна.

Энэ бол нэг удаагийн зүрхний цохилт бөгөөд ар араасаа ээлжлэн явагдана. Хэвийн нөхцөлд зүрхний цохилтын баруун зүүн талууд нь нэг нэгнийхээ араас явагддаг.  Энэ нь цусны урсгалыг нэг чиглэлрүү тасралтгүй шахах нөхцлийг бий болгодог. 

Эрүүл зүрх бол энэ үйл явцыг өдөрт 100000 удаа давтдаг. Энэ нь тайван байдалд байгаа дундаж насны эрүүл хүний 1 минутын 60-100 цохилт болно.

Зүрхний хэм алдагдлын төрлүүд

Хэм алдагдлыг доорх 3 үзүүлэлтээр нь ангилдаг:

  • Хэмнэл (хурдан, удаан эсэх)
  • Байрлал (ховдлын, тосгуурын эсэх)
  • Давтамж

Брадикарди

Брадикарди бол зүрхний удаан цохилт юм. Тайван байдалд байгаа зүрх 1 минутанд 60-аас цөөн удаа цохилохыг хэлнэ. Брадикарди бүр өвчин биш. Тамирчид болон бие махбодийн хөгжил сайтай хүмүүст брадикарди элбэг тохиолдоно. Эдгээр хүмүүсийн зүрх тайван үед 1 минутанд 60 цохилтоос ч цөөхөн байх нь байдаг бөгөөд цөөхөн цохилтоор хангалттай цусыг үр ашигтайгаар шахаж чаддаг. Гэсэн ч зүрхний удаан хэмнэл бол зүрх цусыг хангалттай шахах хэмжээнд цохилохгүй байна гэсэн үгийг илтгэнэ.

Брадикардийн төрлүүд:

  • Синусын дутагдал: синусын зангилаа нь зүрхний хэмийг үүсгэдэг. Синусын зангилааны цахилгаан импульс дамжуулалт нь алдагдвал зүрх удаан, жигд биш агшина. Зүрхний шигдээс зэрэг зүрхний өвчнөөс шалтгаалсан синусын зангилаа орчмын соривжил нь зүрхээр дамжих цахилгаан импульсыг удаашруулах юм уу хориглодог.
  • Дамжуулалтын хориг: зүрхний цахилгаан дамжих зам хориглогдвол зүрхний тасалгаануудын агшилт удааширдаг. Синусын зангилаа болон ховдол тосгуурын зангилааны хооронд юм уу ховдол тосгуурын зангилаа болон ховдлын хооронд дахь зүрхний цахилгаан дамжих замын аль ч хэсэгт хориг үүсч болно. Зүрхний цохилт удааширах юмуу цохилт алгасах шинж тэмдэг илрэхээс наана өөр ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй.

Тахикарди

Зүрхний түргэн цохилтыг тахикарди гэнэ. Тайван үеийн зүрхний хэмнэл 1 минутанд 100 цоилтоос илүү байхыг хэлнэ. Ховдлын дээд тахикарди болон ховдлын тахикарди гэсэн үндсэн 2 төрөлд хуваана.

  • Ховдлын дээд тахикарди: ховдлын дээд хэсгийн бүх хэм алдалтыг хэлнэ. Ховдлын дээд тахикарди нь зүрхний түргэн цохилт гэнэт эхлээд гэнэт дуусах архаг байдлаар ихэвчлэн илэрдэг. Энэ гэнэтийн өөрчлөлт нь хэдэн секундээс хэдэн цаг хүртэл үргэлжилж болох бөгөөд зүрхний цохилт 1 минутанд 160-аас их болдог. Ховдлын дээд тахикардийн хамгийн түгээмэл төрөл нь тосгуурын фибрилляци, тосгуурын чичэргээ юм.
  • Тосгуурын фибрилляци: тосгуурын фибрилляцийн үед тосгуур маш хурданаар агшидаг (1 минутанд 240-350 удаа). Тосгуур бүрэн агшилт хийж чадахгүйгээр маш хурдан агшидаг. Ингэснээр биед зовиур мэдэгдэх боловч зүрхний цохилт хурдасдаггүй. Харин тосгуурын цохилт ховдолруу дамжвал зүрхний цохилт ихэсдэг. Тосгуурын фибрилляци нь настай хүмүүст голлон тохиолдоно. Энэ төрлийн хэм алдалтын эрсдэл 60 наснаас хойш ихэсдэг. Мөн зүрхний өвчүүдээр өвдөж байсан болон цусны даралт ихэсдэг бол тосгуурын фибрилляцид өртөх эрсдэл нэмэгдэнэ. Түүнчлэн тархины цус харвалт зэрэг ноцтой байдалд хүргэдэг өвчин юм.
  • Тосгуурын чичэргээ: тосгуурын фибрилляциас илүү хэмнэлтэй, тогтвортой байдаг. мөн гэнэтийн эхлэл төгсгөлөөр явагдана. Амь насанд аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Энэ төрлийн зүрхний хэм алдагдал нь зүрхний өвчтэй хүмүүст голлон тохиолдоно. Мөн зүрхний мэс заслын дараах эхний долоо хоногт илэрдэг.
  • Ховдлын тахикарди: зүрхний ховдлоос эхэлдэг хэм алдагдал юм. Ховдлын тахикарди нь титэмс судасны өвчин, зүрхний шигдээс зэрэг зүрхний өвчин болон зүрхтэй хамааралтай өвчтэй хүмүүст голлон тохиолддог. Зүрхний булчингийн соривжсон хэсгээр цахилгаан импульс дамжисанаас ховдлын тахикарди үүсдэг. Ингэснээр ховдол 1 минутанд 200-аас олон удаа агшихад хүрдэг. Ховдлын тахикарди хүндэрвэл ховдлын фибрилляци зэрэг ховдлын ноцтой хэм алдагдлыг бий болгодог.
  • Ховдлын фибрилляци: тосгуурын гэнэтийн, хурдан, жигд биш, замбараагүй зүрхний цохилтын шинж тэмдгээр явагдана. Зүрхний шигдээсийн үед зүрхний ховдлын чичэргээ үүссэнээр эдгээр замбараагүй цахилгаан импульсууд үүсдэг. ховдлын фибрилляцийн үед ховдол цус шахаж чадахгүй болж зүрхний хэмнэл алдагдана. Ингэснээр цусны даралт унаж биеийн эд эрхтэний цусан хангамж буурна. Ховдлын фибрилляци бол зүрх гэнэт зогсох гол шалтгаан болдог.

Зүрхний ээлжийн бус агшилт

Зүрхний цохилт алгасч байгаа юм шиг мэдрэмж төрнө. Бодит байдал дээр энгийн хоёр зүрхний цохилтын хооронд цагаасаа эрт агшиж байгаа илүү цохилт орж ирэн зүрхний хэмийг алдагуулдаг.