Мика Монгол Мика Монгол

Зүрхний төрөлхийн гажиг

Зүрхний төрөлхийн өвчин буюу зүрхний төрөлхийн гажиг нь төрсөнөөс хойш хүүхэд наснаас илэрдэг зүрхний өвчин юм. Зүрхний гажиг нь:

  • Зүрхний хана
  • Зүрхний хавхлага
  • Цусны судасны өөрчлөлтөөр илэрнэ.

Зүрхний гажгийн олон төрөл бий. Шинж тэмдэггүй явагддаг энгийн гажигаас авахуулаад амь насанд аюултай байдалд хүргэдэг ноцтой гажиг хүртэл төрөл бүрийн зүрхний гажиг бий.

Зүрхний гажгийн эмчилгээ, асаргаа сүүлийн үед хурдацтай хөгжин сайжирч зүрхний гажигтай бараг бүх хүүхдүүд нас биенд хүртлээ эрүүл саруул амьдрах болсон. Зарим зүрхний гажгийн үед насан туршдаа асаргаа шаардлагатай байдаг. Хэдий тийм ч өвчнөөс шалтгаалалгүй амьдралын идэвхитэй амьдарч чаддаг.

Зүрхний гажгийн төрлүүд

Хэдий зүрхний гажиг маш олон төрөл байдаг ч үндсэн гурван бүлэгт хуваадаг:

  • Зүрхний хавхлагын гажиг. Цусны урсгалыг чиглүүлж байдаг зүрхэн доторх хавхлагат гажиг үүсвэл цусны урсгалд саад үүсэх юм уу тогтоож чадахгүйд хүрч зүрхний агшилтаар цус шахагдах үйл ажиллагаа алдагдана.
  • Зүрхний ханын гажиг. Зүрхний баруун зүүн болон дээд доод талыг хувааж байдаг ханануудын хөгжил буруу явагдвал цус зүрхрүү буцаж урсах зэргээр урсгал нь өөрчлөгдөнө. Мөн зүрхэнд ачаалал, даралт үүсгэж цусны даралтыг ихсэхэд хүргэж болно.
  • Цусны судасны гажиг. Зүрхрүү болон зүрхнээс эд эрхтэнрүү цус хүргэж байгаа артери, венийн судсанд гажиг үүсдэг. ингэснээр цусны урсгал бөглөрч төрөл бүрийн өвчний шалтгаан болно.

Зүрхний төрөлхийн гажгийг мөн цианоз болон ацианоз гэж ангилдаг. Хоёул адилхан зүрхний цус шахалтын алдагдлаас шалтгаалдаг. Гол ялгаа нь цианозын зүрхний төрөлхийн гажгийн үед цусан дахь хүчилтөрөгч буурсан харин ацианозын зүрхний төрөлхийн гажгийн үед эсрэгээрээ байдаг явдал юм. Цусанд хүчилтөрөгч багассан хүүхэд амьсгаадсан, арьс нь хөхөрсөн байдаг. Харин цусанд хүчилтөрөгч хангалттай хүүхдэд энэ шинж тэмдэг илрэхгүй боловч хожим даралт ихсэх зэрэг хүндрэлүүд үүсдэг.

Зүрхний төрөлхийн гажгийн үед илрэх шинж тэмдэг

Зүрхний төрөлхийн гажиг нь жирэмсний хэт авиан оношлогооны үед оношлогддог. Оношлогоогоор зүрхний хэвийн биш цохилт илэрвэл дараачийн шатны шинжилгээ, оношлогоог хийнэ. Үүнд зүрхний хэт авиан шинжилгээ, цээжний рентген зураг, MRI шинжилгээ орно. Ингээд онош тогтоогдвол хүүхэд төрөх үед шаардлагатай нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг төлөвлөнө.

Дөнгөж төрсөн нярайд зүрхний гажгийн дараах шинж илэрнэ:

  • Уруул, арьс, хөл гарын хуруу хөхрөх
  • Амьсгаадах, амьсгал авахад саадтай байх
  • Хөхөх үед зовиур илрэх
  • Жин багатай төрөх
  • Цээжээр өвдөх
  • Өсөлт удаан байх

Мөн төрсөн цагаас хойш олон жилийн дараа зүрхний гажгийн шинж илрэх тохиолдол байдаг. Энэ үед илрэх шинж тэмдэг:

  • Зүрхний хэм алдагдал
  • Толгой эргэх
  • Амьсгалахад зовиурлах
  • Ухаан балартах
  • Хавагнах
  • Ядрах

Зүрхний төрөлхийн гажгийн шалтгаан

Зүрхний төрөлхийн гажиг нь зүрхний хөгжлийн эрт үед явагддаг. Зүрхний гажиг нь зүрхний хэвийн цусны урсгалд саад болж амьсгалах үйл ажиллагаанд нөлөөлнө. Зүрхний гажиг үүсдэг шалтгааныг бүрэн тогтоогоогүй ч дараах шалтгаануудыг таамагладаг:

  • Удамшлын хүчин зүйл байж болно.
  • Жирэмсний үед уусан тодорхой нэр төрлийн эм хүүхдэд зүрхний гажиг үүсгэх эрсдэл ихтэй байдаг.
  • Жирэмсний хугацаанд архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх нь хүүхэд зүрхний гажигтай төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
  • Жирэмсний эхний 3 сард ээж вирусын халдвараар өвчлөвөл зүрхний гажигтай хүүхэд төрөх магадлалтай.
  • Чихрийн шижин өвчин зэргээс шалтгаалан цусанд сахар ихэсвэл мөн хүүхдийн өсөлт хөгжилтөнд нөлөөлнө.

Зүрхний төрөлхийн гажгийн эмчилгээ

Зүрхний гажгийн эмчилгээ нь зүрхний гажгийн хүнд хөнгөнөөс хамаарна. Тодорхой цаг хугацааны дараа аяндаа эдгэдэг хөнгөн хэлбэрийн зүрхний гажигтай хүүхэд байхад өөр бас өргөн цар хүрээний эмчилгээ шаардлагатай хүнд гажигтай хүүхдүүд байдаг.

            Эмийн эмчилгээ

Зүрхний үйл ажиллагааг сайжруулах төрөл бүрийн эмүүд байдаг. Мөн цусны бүлэгнэлтээс сэргийлэх, зүрхний хэм алдалтын эсрэг зэрэг эм байдаг. 

            Зүрхний төхөөрөмж суулгах

Пейсмейкер, өрссөн кардиоверци өгөгч дефибриллятор зэрэг суулгац, төхөөрөмжүүдийг ашиглан зүрхний төрөлхийн гажигтай хавсарч илэрдэг хүндрэлүүдээс сэргийлдэг. Пейсмейкер нь зүрхний хэм алдагдлыг засдаг, өрссөн кардиоверци өгөгч дефибриллятор нь амь насанд аюултай зүрхний хэвийн биш цохилтыг засдаг.

            Сэтгүүр ажилбар

Зүрх, цээжийг нээх мэс засал хийлгүйгээр зүрхний төрөлхийн гажгийг эмчлэх арга юм. Энэ ажилбараар нарийн хоолойг хөлийн венээр оруулан зүрхэнд хүргэж дотуур нь гажгийг эмчлэх жижиг багажийг оруулдаг.

Зүрхний нээлтэй мэс засал

Сэтгүүрээр эмчлэгдэх боломжгүй үед энэхүү мэс заслыг хийнэ. Зүрхний цоорхой, хавхлагын мэс засал, судас өргөсгөх мэс засал үүгээр хийгдэнэ.

Зүрх шилжүүлэн суулгах

Эмчлэгдэх боломжгүй зүрхнийг гажгийн үед донор эрхтэнийг шилжүүлэн суулгана.

Насанд хүрэгчдийн зүрхний төрөлхийн гажиг

Зүрхний гажгийн төрлөөс хамаарч төрсөн даруйгаас болон хүүхэд насанд, насанд хүрсэн үеэс оношлогоо эмчилгээ нь ялгаатай эхэлдэг. Хүүхэд насанд шинж тэмдэг илрээгүй зүрхний гажиг насанд хүрсэн хойно оношлогдож эмчлэгдэж болно. Ийм үед илрэх шинж тэмдэг нь:

  • Амьсгал давчдах
  • Цээжээр өвдөх
  • Дасгал хөдөлгөөн хийх чадвар буурах
  • Амархан ядрах

Насанд хүрэгчдийн зүрхний төрөлхийн гажгийн эмчилгээ нь мөн адил гажгийн төрлөөс хамаарна. Заримд нь өвчний байдлыг хянахад хангалттай байхад өөр заримд нь эм болон мэс заслын эмчилгээ шаардлагатай байдаг.

Хүүхэд насандаа эмчилгээ хийлгэж байсан хүмүүс насанд хүрсэн хойно өвчин дахих тохиолдол байна. Энэ нь эхэлж хийсэн эмчилгээ нь удаан хугацаандаа үр дүн муутай байсан юм уу гажгийн байдал эхнээсээ аажимдаа хүндрэх явцтай байснаас болдог. Эхэлж үүссэн зүрхний гажиг соривжиж эдгэснээс хожим зүрхний хэм алдах зэрэг хүндрэл үүсгэдэг.

Биеийн байдал ямар байгаагаас үл харгалзан эмчийн хяналт, урьдачилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь чухал юм. Эмчилгээ нь өвчнийг бүрэн эмчлэхгүй ч бүтээлч амьдралаар идэвхитэй амьдрахад туслана. Мөн эмчилгээ нь зүрхний үрэвсэл, зүрхний дутагдал, шигдээс зэрэг өвчний ноцтой хүндрэлүүдийн эрсдлийг бууруулна.

Зүрхний төрөлхийн гажгаас хэрхэн сэргийлэх вэ?

Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөсөн эхчүүд зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрөх эрсдлийг бууруулах тодорхой урьдачилан сэргийлэх аргуудыг мэдэж хэрэгжүүлэх хэрэгтэй.

  • Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүд ууж байгаа эмнийхээ талаар эмчээс зөвлөгөө авах
  • Чихрийн шижинтэй эмэгтэйчүүд жирэмсэн болохоосоо өмнө сахрын түвшингээ хянадаг байх. Энэ нь мөн жирэмсний үед чихрийн шижин өвчнөөс шалтгаалах нөхцөл байдлыг хянахад хэрэг болно.
  • Улаан эсэргэнэ, улаан бурханы вакцин хийлгээгүй бол энэхүү халдвараас сэргийлэх
  • Жирэмсэн үед архи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх