Зүрхний булчингийн даамжрах явцтай өвчин юм. Кардиомипатийн үед зүрхний булчин суларч зүрхний үйл ажиллагаа алдагдан цус шахах чадваргүй болно. Зүрхний титэм судасны өвчнөөс авахуулаад тодорхой төрлийн эмээс шалтгаалсан төрөл бүрийн кардиомиопати байдаг. Цаашлаад энэ өвчнөөс шалтгаалсан зүрхний хэм алдалт, зүрхний дутагдал, зүрхний хавхлагын өвчин зэрэг хүндрэлүүд үүсдэг.
Кардиомиопатийн төрлүүд
Ерөнхий 4 төрөлд хуваагддаг.
Тэлэгдлийн кардиомиопати
Хамгийн түгээмэл тохиолддог тэлэгдлийн кардиомиопатийн үед зүрхний булчингийн үр дүнтэй цус шахалт буурдаг. Зүрхний булчин сунаж, нимгэн болдог. Ингэснээр зүрхний ховдол тосгуурууд тэлэгдэхэд хүрнэ. Тэлэгдлийн кардиомиопатийг өөрөөр зүрхний томрол гэж мөн нэрлэдэг. Зүрхний титэм судас болон удамшлын шалтгаантай байдаг.
Томорлын кардиомипати
Томорлын кардиомиопати нь генетикийн шалтгаантай гэж үзэгддэг. Энэ өвчний үед зүрхний хана зузаарч зүрхэнд цусны урсгал хүрэхэд хэцүү болдог түгээмэл тохиолддог кардиомиопатийн төрөл юм. Мөн удаан хугацаанд цусны даралт ихсэж явах болох наслалтаас шалтгаалж үүсдэг. чихрийн шижин, бамбайн өвчтэй хүмүүст бас тохиолдоно. Өөр бусад тохиолдлуудад шалтгаан нь тодорхойгүй байдаг.
Хэм алдагдалтай баруун ховдлын дисплази
Хэм алдагдалтай баруун ховдлын дисплази нь кардиомиопатийн ховор тохиолддог төрөл боловч залуу тамирчидийн гэнэтийн үхлийн хамгийн гол шалтгаан болдог. Генетикийн шалтгаантай энэ төрлийн өвчний үед баруун ховдлын булчин өөх, фиброз эдээр солигддог. Ингэснээр зүрхний хэм алдагддаг.
Хязгаарлагдсан кардиомиопати
Ховдол суларч цусаар хангалттай дүүрч чадахгүй болдог. Зүрх шилжүүлэн суулгасны дараа зүрх соривжсоноос шалтгаалсан тохиолдол байдаг. Мөн зүрхний бусад өвчний үед үүсдэг.
Бусад төрлүүд
Бусад төрлийн кардиомиопати нь өмнөх дөрвөн ангилалд ордог боловч өөрийн гэсэн өвөрмөц үүсгэгч шалгаан, хүндрэлээрээ ялгагддаг.
Перипартум кардиомиопати нь жирэмсний үед юм уу жирэмсний дараа тохиолддог. Төрсөний дараах 5 сар болон жирэмсний сүүлийн сард зүрхний дутагдал үүсдэг ховор тохиолдох төрөл юм. Төрсөний дараа энэ өвчин үүсвэл постпартум кардиомиопати гэж мөн нэрлэдэг. Энэ өвчин нь тэлэгдлийн кардиомиопатийн төрөл бөгөөд амь насанд аюултай өвчин юм. Шалтгаан тодорхойгүй.
Архины кардиомиопати нь удаан хугацаанд архи их хэмжээгээр ууснаас зүрхний дутагдал үүсч цус шахалт буурч зүрх томорно. Энэ өвчин нь тэлэгдлийн кардиомиопатийн төрөл юм.
Цус хомсролын кардиомиопати нь артерийн титэм судасны өвчнөөс шалтгаалж үүссэн зүрхний дутагдал юм. Зүрхний булчинд хүрдэг судас нарийсч улмаар бөглөрч зүрхний булчин хүчилтөрөгчөөр дутагдана. Цус хомсролын кардиомиопати нь зүрхний дутагдлын түгээмэл тохиолддог шалтгаан болдог. Өөр утгаараа цус хомсролын бус кардиомиопатийн ямар ч төрөл зүрхний титэм судасны өвчинд хамаарахгүй гэсэн үг.
Noncompaction кардиомиопати дөнгөж төрсөн хүүхдэд тохиолддог ховор өвчин юм. Хэвлий дэх ургийн хөгжлийн үед зүрхний булчинд үүсдэг гаж хөгжил бөгөөд амьдралын аль ч үед оношлогдож болдог.
Ямар хүн кардиомиопатид өртөх эрсдэлтэй вэ?
Ямар ч насны хүмүүс кардиомиопатид өртөж болно:
- Кардиомиопати, зүрх гэнэт зогсох, зүрхний дутагдлын гэр бүлийн түүхтэй
- Титэм судасны өвчин
- Чихрийн шижин
- Таргалалт
- Саркойдоз
- Гемохроматоз
- Амилойдоз
- Зүрхний шигдээс
- Цусны даралт удаан хугацаанд ихэссэн
- Архидалт
ХДХВ, ХДХВ-ын эмчилгээ, хоолны дэглэм, амьдралын хэвшлийн хүчин зүйлүүд кардиомиопати өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. ХДХВ нь зүрхний дутагдал, тэлэгдлийн кардиомиопати өвчний эрсдлийг өвөрмөцөөр ихэсгэдэг.
Кардиомиопатийн шинж тэмдэг
Кардиомиопатийн бүх төрлүүд адил шинж тэмдэгтэй байдаг. Кардиомиопатийн бүхий л тохиолдолд зүрх эд эрхтэнрүү цусыг шахаж чадахгүй болдог.
- Ядрах, сульдах
- Амьсгал давчдах, тэр тусмаа биеийн ачаалал авах, хөдөлгөөн хийх үед амьсгал давчдах
- Толгой эргэх
- Цээжээр өвдөх
- Зүрх дэлсэх
- Ухаан алдах
- Цусны даралт ихсэх
- Хөл, шалгай, тавхайгаар хавагнах
Кардиомиопатийн эмчилгээ юу вэ?
Эмчилгээний төрөл нь энэхүү өвчин зүрхийг аль хэр өөрчлөлтөнд оруулсан болон ямар шинж тэмдэг илэрч байгаагаас шалтгаалан өөр өөр байна.
Зарим хүнд шинж тэмдэг илэртэл эмчилгээ шаардлагагүй байхад нөгөө талд амьсгаадах юм уу цээжээр өвдөх шинж илэрч эхлэхэд амьдралын хэвшлээ өөрчлөх, эмийн эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Кардиомиопати нь эргэшгүй өөрчлөлтөнд хүргэдэг бөгөөд дараах нөхцлүүдийг хангаснаар өвчнийг хяналтанд байлгаж чадна:
- Зүрхэнд эрүүл амьдралын хэвшлийг бий болгох
- Эмийн эмчилгээ. Цусны даралт ихсэхийг бууруулах, хаван арилгах, зүрхний хэм алдалтыг засах, цус бүлэгнэлтийг арилгах, үрэвслийг намдаах эм
- Пэйсмейкэр, дефибриллатор зэрэг суулгац мэс ажилбараар суулгах
- Мэс засал эмчилгээ
- Зүрх шилжүүлэн суулгах
Кардиомиопати нь амь насанд эрсдэлтэй байдал хүргэх болон наслалтыг багасгадаг. Өвчин цаг хугацаа өнгөрөх тусам даамжрах чиг хандлагатай байдаг. Зүрхний энэ өвчний явцыг удаашруулах, технологийн тусламжтайгаар зүрхний үйл ажиллагааг дэмжих зэрэг эмчилгээнүүдээр өвчтөний амь насыг уртасгадаг.
Кардиомиопатийн үед зүрхний эрүүл байдлыг хангахын тулд хэд хэдэн амьдралын зөв хэвшлийг бий болгох хэрэгтэй:
- Биеийн эрүүл жин барих
- Зажилахад хялбар, бэлтгэсэн хоол идэх
- Каффейны хэрэглээг хязгаарлах
- Сайн унтаж амрах
- Стресс тайлах
- Тамхинаас гарах
- Архины хэрэглээг хязгаарлах
- Эмч, найз нөхөд, гэр бүлийнхнийхээ туслалцааг авах
Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь том сорилт болдог. Зүрхний өөрчлөлт их үед дасгал хөдөлгөөн хийхэд их ядардаг. Тийм ч гэсэн зүрхийг эрүүл байлгах, урт хугацаанд зүрхний үйл ажиллагааг хэвийн байлгахад дасгал хөдөлгөөн маш чухал юм. Дасгал хөдөлгөөнийг хэт их хүч шаардахааргүй, өдөр болгон хөдөлж байх хэмжээнд зохицуулж хийх шаардлагатай. Ямар төрлийн дасгал хөдөлгөөн хийх вэ гэдэг нь кардиомиопатийн төрлөөс хамаарна.