Хайрст үлдний гаралтай артрит нь хайрст үлд өвчнөөр зовиурлаж байгаа олон хүмүүст тохиолддог үений үрэвсэлт өвчний хэлбэр юм. Хайрст үлд өвчин нь өвдөг, тохой, шагай, тавхай, гар зэрэг биеийн хэсгээр улайх, хайрст тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг арьсны өвчин.
Хайрст үлдний гаралтай артрит нь аутоиммуны өвчин мөн үү?
Мөн. Хүний дархлалын тогтолцоо эмгэгээр эрүүл эдрүү довтолсоноор үүсдэг аутоиммуны өвчин юм. Хайрст үлдний гаралтай артритын үед арьс, үенд өөрчлөлт илэрч хавдах, хөших, өвдөх шинж илэрнэ. Эмчилгээ хийлгүй цаашид удаавал үеийг гэмтээнэ.
Хайрст үлдний гаралтай артритын ямар төрлүүд байдаг вэ?
Бусад артритуудын адил хөнгөн, хүнд явцтай байдаг. Хэдэн үе энэхүү өвчинд хамрагдаж, явц нь аль хэр хүнд байгаагаас хамаарч эмчилгээ хийгддэг. Хайрст үлдний гаралтай артрит нь дараах хэлбэртэй байдаг:
- Олигоартикулар: 4 болон түүнээс цөөн тооны үеийг хамарсан, ихэнхдээ хөнгөн явцтай
- Полиартикулар: 4 болон түүнээс дээш тооны үеийг хамарсан, хүнд явцтай
Биеийн аль хэсэгт хайрст үлдний гаралтай артрит тохиолдох вэ?
Дараах биеийн хэсгүүдэд тохиолдоно:
- Спондилит. Багана нурууг үрэвсүүлж хүзүү, ууц, олон уулзах нурууны хэсгээр хөшиж хөдлөхөд хэцүү болно. Мөн холбогч эдийг үрэвсүүлж гар, ташаан толгой, хөл, тавхайн үений өөрчлөлтийг бий болгоно.
- Энтезит. Ясны шөрмөс, холбоосуудтай холбогдох хэсэг үрэвсэнэ. Тавхайн шандас шөрмөсөөс эхлээд хавирга, нуруу, аарцагтай холбогдсон холбоосууд үрэвсдэг. Энэ хэлбэр нь зөвхөн хайрст үлдний гаралтай артритын үед тохиолдоно. Удаан хугацааны дараа үрэвссэн шөрмөс соривжих юм уу шохойжиж хатуурдаг.
- Дактилит. Хурууг хамарсан үрэвслийг хэлнэ. Жижиг үе болон шөрмөс, холбоосууд үрэвсэнэ. Дактилит нь хайрст үлдний гаралтай артритын бас нэгэн таних гол шинж тэмдэг юм. Хөл гарын хуруу, биеийн өөр өөр хэсэгт тохиолддог.
Хайрст үлдний гаралтай артритын шинж тэмдэг
- Хөл гарын хуруу хавдах. Хуруу өвчтэй болж зайдас-төстэй хавддаг. Дактилит гэсэн онош тавигддаг. Том үе зовиурлаж эхлэхийн өмнө гар хөлийн хуруу хавдаж хэлбэр нь өөрчлөгдөж эхэлдэг.
- Хөлний өвдөлт. Ястай холбогдсон шөрмөс, холбоосны хэсэгт өвдөлт үүсэж энтезит гэсэн онош тавигдана. Ихэвчлэн өсгийн ар, хөлийн уланд тохиолдоно.
- Ууцаар өвдөх. Хайрст үлдний гаралтай артритын үр дүнд нурууны нугалам хооронд болон олон уулзахын үенд үрэвсэл явагддаг.
Хайрст үлдний гаралтай артрит ямар шалтгаанаар үүсдэг вэ?
Шалтгаан бүрэн тодорхойгүй ч дараах зүйлс гол шалтгаан болдог гэж үздэг:
- Удамшил. Ямар хүн энэ өвчнөөр өвдөх вэ гэдэг нь удамшлын тогтолцооны генийн байдлаар хамгийн их хамаарна. Эцэг эх нь хайрст үлд өвчинтэй бол хайрст үлд өвчнөөр өвдөх магадлал 3 дахин ихсэж хайрст үлдний гаралтай артритын эрсдэл нэмэгдэнэ.
- Халдвар. Халдвар нь дархлалын тогтолцоог алдагдуулдаг. Жишээ нь хоолойны үрэвсэл нь хайрст үлдийн шалтгаан болдог.
Хайрст үлдийн гаралтай артритын эрсдэлт хүчин зүйл
- Хайрст үлд өвчтэй байх. Хайрст үлд өвчтэй хүмүүсийн 10-30% нь хайрст үлдийн гаралтай артритаар өвддөг. Эрэгтэй эмэгтэй хүмүүст адилхан тохиолддог.
- Нас. Ямар насны хүмүүст тохиолдож болох боловч 30-50 насны хүмүүст ихэвчлэн тохиолддог.
- Гэр бүлийн түүх. Хайрст үлдийн гаралтай артритын 40%-д нь арьс, үе мөчний өвчтэй гэр бүлийн хүмүүс байсан байдаг.
Хайрст үлдийн артритыг юу сэдээдэг вэ?
Дараах нөхцлүүд хайрст үлдийг сэдрээдэг:
- Эмээ уухгүй байх
- Арьсаа шалбалах, наранд түлэгдэх зэрэг арьсны гэмтэл
- Халдвар
- Нойр дутуу байх
- Стресс
- Биеийн жин нэмэгдэх
Хайрст үлдийн гаралтай артритын эмчилгээ
Хайрст үлдийн артритын эмчилгээний гол зорилго нь үеийг хавдаж өвдөхөд хүргэж байгаа үрэвслийг дарахад чиглэдэг. Ингэж эмчилгээ хийснээр өвдөлтийг намдааж цаашид гарах өөрчлөлтөөс сэргийлнэ.
Үений хөшилт, өвдөлт, арьсны загатнаа зэргийг эмчлэх эмчилгээний аргууд байх бөгөөд өвчний явцаас хамаарч цаашид мэс засал эмчилгээ яригдана. Мөн эмчилгээний аргуудад амьдралын хэвшлийг өөрчлөх, эмийн бус эмчилгээний аргууд мөн багтана.
- Стеройдын бус үрэвслийн эсрэг эм. Үүнд ибупрофен, напроксен зэрэг жоргүй олгогддог эмүүд орно. Хэдий үе мөчинд сайн ч зүрхний шигдээс болох, тархины цус харвалт, ходоодны өвдөлт, шархлаа, цус алдалт зэрэг гаж нөлөө өгдөг. Их тунгаар, удаан хугацаанд хэрэглэх тусам гаж нөлөө ихсэнэ. Энэ гаж нөлөөг багасгахын тулд ходоодны ханыг хамгаалах мизопростол, ходоодны хүчиллэгийг бууруулж шархлаанаас сэргийлэх омепразол эмийг хамт хэрэглэдэг.
- Өвчнийг сайжруулах хэрлэгийн эсрэг эм. Үе, зөөлөн эдийн өвдөлт, хавдалт, намдаах, зогсоодог. Стеройдын бус үрэвслийн эсрэг эм хэрэглээд үр дүнгээ өгөөгүй бол энэ төрлийн эмийг сонгодог.
- Дархлаа дарангуйлах эм. Өвчнийг сайжруулах хэрлэгийн эсрэг эм хэрэглэх боломжгүй үед энэ төрлийн эмийг хэрэглэнэ. Энэ Төрлийн эмийн нэрээр л аутоиммуны гаралтай хайрст үлдийн артрит зэрэг өвчний шалтгаан болох дархлалын тогтолцоог дарангуйлдаг нь харагдаж байна.
- Биологийн гаралтай эм. Дархлаа дарангуйлах эмэнд өвчин дарагдахгүй бол биологийн гаралтай эмийг хэрэглэнэ. Энэ эм нь өвчнийг сайжруулах хэрлэгийн эсрэг эмийн шинэ төрөл юм. дархлааны тогтолцоог тэр чигт нь дарангуйлахгүйгээр үрэвслийг үүсгэдэг уургийг хориглодог.
- Фермент хориглогч. PDE-4 гэх уургийн төрлийн ферментийг хориглодог. Ингэснээр үрэвслийн явцыг удаашруулдаг.
- Стеройд. Энэ төрлийн эм нь үрэвслийг бүрэн дардаг боловч хайрст үлдийн артритын арьсны хуурайшлыг улам дордуулдаг учир эмч болгон сонгож хэрэглэдэггүй. Зайлшгүй шаардлагатай үед л сонгон хэрэглэдэг. Энэ төрлийн эмийг удаан хугацаанд хэрэглэвэл яс хэврэгших, биеийн жин буурах, даралт ихсэх, чихрийн шижин тусах зэрэг гаж нөлөө ихтэй байдаг.
- Мэс засал. Ихээр өөрчлөгдсөн үеийг метал, хуванцараар хийсэн хиймэл үеэр солидог.