Мика Монгол Мика Монгол

Сарвууны остеоартрит

Савны таг онгойлгоход хуруу тань өвдөж байна уу? Тэгвэл сарвууны остеоартритыг сэжиглэж болох юм. Хэрвээ тийм бол үений өвдөлт, хөшилтөөс болж амьдралын энгийн үйлдлүүдийг хийхэд төвөгтэй болно. Эмчлэх арга байхгүй боловч үеэ хамгаалах, өвдөлтийг намдаах олон арга бий.

Ямар шалтгаантай вэ?

Остеоартрит өвчин бол үений элэгдлээс үүсдэг өвчин. Ясны төгсгөлд мөгөөрс хэмээх зөөллөх эд оршиж үений хөдөлгөөнийг зөөллөж чөлөөтэй хөдлөхөд тусалдаг. Харин он цаг хугацаа өнгөрөх тусам мөгөөрс муудсанаар яс хөөрөндөө үрэлдсэнээр сарвууны остеоартритын шинж тэмдэг илрэхэд хүрдэг.

Мөн доорх шалтгаанууд сарвууны остеоартритыг үүсгэдэг:

  • Насжилт. Нас ахих тусам магадлал ихэснэ.
  • Эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг.
  • Цагаан арьстай. Хар арьстай хүмүүст бага тохиолддог.
  • Илүүдэл жин. Туранхай хүмүүст тарган хүмүүсээс бага тохиолдоно.

Гэмтэл, ясны хугарал, мултарал нь эмчилгээ хийлгэсэн ч гэсэн остеоартритаар өвдөх магадлалыг ихэсгэдэг. Үений халдвар болон удамшлын байдал мөн нөлөөтэй.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Хамгийн түгээмэл шинж тэмдэг бол өглөөгүүр өвдөх, хөших шинж тэмдэг байдаг. Мөн тухайн үе ачаалал их авсан үед өвдөж амрах үед намддаг.

Удах тусам шинж тэмдэг ихэсдэг. Өвдөлт ихсэж байнгын болох, хуруугаа нугалж чадахааргүй болтолоо хөшиж өвддөг. Сарвууны остеоартритын үед мөн дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Товруу. Хурууны үеэр 2 төрлийн ясан товруу илэрдэг. Боучардын зангилаа хурууны дунд үенд илэрнэ. Хебердений зангилаа хурууны үзүүрийн үенд илэрнэ. Мөн хурууны үений ойролцоо уйланхай гардаг.
  • Шаржигнаж дуугарах. Энэ бол үений гадаргуу хоорондоо үрэлдэж мөгөөрс гэмтэж байгаагийн чимээ юм.
  • Хавдах, улайх. Үе орчимд үрэвсэл явагдаж байгаагийн шинж.
  • Сулрах. Өвдөлт, үений өөрчлөлтөөс болж хаалганы бариул эргүүлэх, хүнд юм өргөхөд хэцүү болдог.
  • Бусад харагдах өөрчлөлтүүд. Хавдалт, мөгөөрсний элэгдэл удаан явагдсаны эцэс үений хэлбэр томорч өөрчлөгддөг.

Сарвуун остеоартрит нь дараах үеүүдэд голлон тохиолдоно:

  • Эр хурууны суурийн үе
  • Долоовор хурууны нэгдүгээр үе
  • Хурууны дунд үе

Хэрхэн оношлох вэ?

Гарыг үзэж шинж тэмдэг, гэр бүл, өвчний түүхийг асууж шинжилнэ. Рентген оношлогоо мөн хийнэ.

Эмчилгээ

Гэрээр эмчлэх аргууд

Дасгал хөдөлгөө хийх, үеэ хамгаалах. Өдөр бүр хийдэг зүйлсийнхээ арга барилыг өөрчлөх хэрэгтэй. Жишээ нь дэлгүүрээс авсан зүйлсээ уутанд хийж хуруугаараа барихын оронд гараараа тэвэрч өргөх хэрэгтэй.

Туслах хэрэгсэл. Чиг, боолт гарыг тогтвортой болгож өвдөлтийг намдаана. Тусгай үзэг, гал тогооны хэрэгсэл, том бариултай хэрэгсэлүүд хэрэглэхэд амар байдаг.

Мөс, халуун жин. Өвдөлт, хавдалтыг мөс намдаадаг. Халуун жин, парафин тавих нь үений хөдөлгөөнийг сэргээдэг.

Эмийн эмчилгээ

Арьсаар дамжуулах эмчилгээ. Өвчин намдаах эмтэй тосыг өвдөлттэй үен дээрээ түрхвэл өвдөлтийг намдаана. Стеройд бус үрэвслийн эсрэг эмтэй гель мөн байдаг.

Өвчин намдаах эмүүд. Ацитаминофен, ибупрофен зэрэг стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд өвдөлтийг намдаана.

Кортизоны тариа. Үенд таридаг. Үр дүн нь удаан үргэлжилдэггүй.

Нэмэлт бүтээгдэхүүн. глюкозамин, хондройтиныг хүмүүс ихээр хэрэглэдэг боловч үнэхээр ашиг тустай эсэх нь тодорхойгүй байдаг.

Эмчилгээнд өвчний шинж тэмдэг дарагдахгүй, гараа хөдөлгөж чадахгүйд хүрч байвал мэс засал эмчилгээ яригдаж эхэлнэ. Мэс засал эмчилгээний нэг арга нь ясыг холбож үений бэхэлгээ хийх явдал байдаг. Ингэхэд хэдийгээр өвдөлт намддаг ч хуруугаа үеэр нь нугалж хөдөлгөж, ашиглаж чадахгүй болдог.

Үе солих, авах мэс засал мөн байдаг.