Хүзүүний остеоартрит буюу хүзүүний спондилоз гэдэг нь хүзүүний яс, жийргэвч мөгөөрс, үений өөрчлөлтийг бий болгодог өвчин юм. Эдгээр өөрчлөлтүүд нь насжилтаас үүдсэн элэгдэлээс үүсдэг. Нас ахих тусам хүзүүний нугаламын жийргэвч мөгөөрс аажмаар элэгдэж шингэнээ алдан хатуурдаг. Хүзүүний спондилоз нь дунд болон ахмад насныханд ихэвчлэн тохиолдоно.
Жийргэвч мөгөөрс болон бусад холбоосуудын бүтэцийн өөрчлөлт нь остеофит хэмээх яс ургалт үүсэхэд нөлөөлнө. Ясны энэ эмгэг ургалт нь нугасны хөндий юм уу нурууны мэдрэл гарах замыг нарийсгаснаар хүзүүний мэдрэлийн сувгийн нарийсал гэх өөрчлөлт үүснэ.
Хүзүүний спондилозын үед хүзүүгээр өвдөх, хөших зовиур ихэвчлэн илэрнэ. Тус өвчин ховор тохиолдолд ахих явцтай байдаг. Хүнд тохиолдолд мэс засал эмчилгээ хийгддэг.
Хүзүүний спондилозын эрсдэлт хүчин зүйлүүд юу вэ?
Хүзүүний остеоартрит үүсэх гол хүчин зүйл бол насжилт юм. 50-иас дээш насны ихэнх хүмүүст нурууны нугаламын мөгөөрсөн жиргэвч нь зөөллөх чанараа алдсан байдаг. Яс, холбоосууд нимгэрч нугасны сувгийн зайг дардаг.
Өөр нэг хүчин зүйл нь өмнө нь авч байсан хүзүүний гэмтэл. Гимнастик, биеийн тамираар хичээллэдэг зарим нэг тодорхой төрлийн ажил, тусгай мэргэжлийн хүмүүст хүзүүний ачаалал илүү байдаг.
Нурууны буруу байрлал нь хүзүүний спондилозыг үүсгэж нуруу, нугасанд нөлөөлдөг.
Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Дараах шинж тэмдгүүд илэрнэ:
- Хүзүү хөших, өвдөх
- Хүзүүнээс шалтгаалсан толгойны өвдөлт
- Мөр, гар өвдөх
- Толгойгоо бүтэн эргүүлэх, хүзүүгээ хөдөлгөх, жолоо барихад хэцүү болох
- Хүзүүгээ хөдөлгөхөд шажигнаж дуугарах
Хүзүүний спондилозын өвдөлт нь ачаалалгүй байх, амрах үед намддаг. Өглөө, орой хоёрт өвдөлт хамгийн их байдаг.
Хүзүүний спондилозын үед нугасны хөндий нарийсч нугасны мэдрэлийг дарахыг хүзүүний миелопати гэнэ. Хүзүүний спондилозын үеийн миелопатийн шинж тэмдэгүүдэд:
- Ирвэгнэх, бадайрах, гар, сарвуу, хөл, тавхай сулрах
- Орон зайн баримжаа алдагдах, алхаж явахад төвөгтэй болох
- Эмгэг рефлекс үүсэх
- Булчин чангарах
- Давсаг, гэдэсний хөдөлгөөн алдагдах шинж тэмдэгүүд орно.
Хэрхэн оношлох вэ?
Өвчний талаарх асуумж болон өвчний түүхийн талаар асууж мэдэх шаардлагатай болно. Дараа нь биеийн ерөнхий үзлэгээр хүзүү, нуруу, мөрийг үзнэ. Гар сарвууны рефлексийг шалгах хүчийг нь үнэлэх, мэдрэлийг шалгах, алхаж явахыг ажиглах сорил хийгдэнэ.
Рентген, КТ, MRI шинжилгээ хийгдэнэ.
Ямар эмчилгээ хийгддэг вэ?
Эмийн бус эмчилгээний аргууд голлон хийгддэг:
- Амралт
- Өвдөлт намдаахаар стеройд бус үрэвслийн эсрэг эм болон бусад үрэвслээс шалтгаалсан өвдөлт намдаах эм хэрэглэх
- Бариа засал эмчилгээ хийх
- Хүзүүний хөдөлгөөний хязгаарлаж тулгуур болгох үүднээс хүзүүний чиг боолт зүүх
- Халуун, хүйтэн эмчилгээ, хүзүүний татлага, дасгал хөдөлгөөн зэрэг физик эмчилгээ хийх
- Эпидурал стеройд тарилга, хүзүүний фасет үений тарилга гэсэн нурууны үений орчимд тариа хийх (кортикостеройд, хэсгийн мэдээ алдуулалт)
Ямар үед мэс засал эмчилгээ хийгдэх вэ?
Хүзүүний спондилоз нь архаг, удаан явцтай өвчин боловч ахих явцтай байдаггүй бөгөөд цөөн тохиолдолд мэс засал эмчилгээ хийх хэрэгтэй байдаг. Мэс засал хийхдээ нугас болон нурууны мэдрэлийг дарж байгаа эх үүсвэрийг авах зорилготой байдаг. Мөн мэс заслаар нугаламын бэхэлгээ, имплант суулгадаг бөгөөд эдгээр бүх мэс заслыг хүзүүний үйл ажиллагаа хүндээр алдагдсан үед л хийдэг. Жишээ нь хөл, гар, тавхай, хурууны үйл ажиллагаа, мэдрэмж ахицтайгаар муудаж байвал мэс засал хийнэ. Нурууны нугас дарагдах нь үйл ажиллагааны бүр мөсөн алдагдалд хүргэдэг.
Хүзүүний мэс заслыг өмнөөс нь болон урдаас нь хийнэ. Өмнө талаас хийхдээ мэдрэлийг дарж байгаа мөгөөрсөн жийргэвч, ясны ургалтыг авах, мөгөөрсөн жийргэвчийг орлуулж имплант суулгах мэс засал хийгдэнэ. Мөгөөрсөн жийргэвч болон нугаламын хэсгээс авч оронд нь имплант, яс нөхөж суулгадаг өргөн цар хүрээтэй мэс засал хийгддэг.
Харин хүзүүний ар талаас ламиноэктоми, ламинопласти мэс заслыг хийдэг. Ламинаэктоми мэс заслаар нугаламын хажуу хэсэг болон сэртэнг авна. Ламинопласти ажилбараар нугаламын ясны нэг талыг нь зүсдэг. Энэ хоёр ажилбар хоёулаа дарагдсан нугас, мэдрэлийг чөлөөлөх зорилготой.