Артрит гэдэг нь үений үрэвслийн ерөнхий нэр томъёо юм. Элэгдлийн артрит гэж мөн нэрлэгддэг үений үрэвслийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Үений мөгөөрсний өөрчлөлт хавсарч явагдах бөгөөд энэхүү өөрчлөлт биеийн аль ч үенд явагдаж болно. Биеийн жингийн ачааллыг авч байдаг ташаан толгой, өвдөг, нурууны үенд ихэвчлэн тохиолдоно. Мөн хурууны үе, эрхий хуруу, хүзүүнд тохиолдоно.
Өмнө нь гэмтэж байгаагүй, хэт ачаалалд ороогүй, мөгөөрсний суурь өөрчлөлтгүй үенд остеоартрит үүсдэггүй.
Мөгөөрс гэдэг бол ясны төгсгөлийг хучиж байдаг бат бөх, уян чанартай эд юм. Үений үрэлт, биеийн ачаалал, хөдөлгөөнийг зөөллөдөг. Энэ чанар нь даралт ирэхэд мөгөөрс хэлбэрээ өөрчилж чаддагт оршдог.
Остеоартритын үед үений мөгөөрс хатуу болж уян хатан чанараа алдан гэмтэх нь амархан болдог. Удаан хугацаанд мөгөөрс нь зарим газраараа элэгдэж хөдөлгөөнийг зөөллөх чанараа алдана. Ингэж мөгөөрс муудсанаар шөрмөс, холбоосуудад ачаалал ирж өвдөлт үүснэ. Цаашлаад яс хооронд үрэлт үүсч байдал дорддог.
Ямар хүнд остеоартрит тохиолдох вэ?
Нас ахих тусам энэхүү өвчнөөр өвдөх магадлал ихэснэ. 60-аас дээш насны ихэнх хүмүүст остеоартрит ямар нэг хэмжээгээр үүссэн байдаг. Үений гэмтэл, хэт ачааллаас болсон үений байнгын хэт ачаалал зэрэг урьдал нөхцөл байдлаас шалтгаалан 20, 30 насны хүмүүст ч тохиолдоно. 50-аас дээш насанд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү их тохиолдоно.
Остеоартритын шалтгаан
Анхдагч остеоартрит нь голлон насжилтаас шалтгаалдаг. Олон жилийн хугацааны явцад мөгөөрсөн эд гэмтэж үений өвдөлт үүсдэг. Мөгөөрсний бүтэц алдагдан жижиг хагарал, цуурал үүсдэг. Өөрөөр хэлбэл мөгөөрсөн зөөлөвч багасч ясны хооронд үрэлт үүссэнээр үений хөдөлгөөн муудах, өвдөлт үүсэх шинж илэрнэ. Ингэж мөгөөрс өөрчлөгдсөнөөр үеийг тойроод яс ургахад хүргэдэг.
Удамшлын шалтгаанаар нэг гэр бүлийн хүмүүс адилхан остеоартритаар өвдөх тохиолдол байдаг. Удамшлын шалтгаантай мөгөөрсний гол найрлага болох коллагений гаж өөрчлөлтөөр остеоартрит өвчин үүсэх ховор тохиолдол мөн байдаг.
Хоёрдогч остеоартрит нь таргалалт, үений давтан гэмтэл авах, мэс засал хийлгэх, төрөлхийн үений өөрчлөлт, тулай, ревматойд артрит, чихрийн шижин, дааврын өөрчлөлт зэргээс шалтгаалан үүсдэг.
Таргалалт нь мөгөөрсөнд механик ачаалал үүсгэдэг. Таргалалт нь насжилтаас илүү өвдөгний остеоартрит үүсэх гол хүчин зүйл болдог. Хүндийг өргөгчидөд остеоартритын эрт үеийн өөрчлөлт явагдаж байдаг. Үений эдийн (холбоос, яс, мөгөөрс) давтан гэмтлээс шалтгаалсан эрт үеийн остеоартрит өөрчлөлт нь хөлбөмбөгчидөд тохиолддог. Сонирхолтой нь холын зайд гүйдэг тамирчидад остеоартрит үүсэх эрсдэл байгаагүй.
Мөгөөрсөнд талст үүсэх нь мөгөөрсний өөрчлөлт, остеоартритыг үүсгэдэг. Шээсний хүчлийн талст нь артрит, тулай өвчнийг, кальцийн пирофосфатын талст нь кальцийн хуримтлалт үений үрэвслийг тус тус үүсгэдэг.
Үе гэмтэж эрт үеийн бүтцийн өөрчлөлт, үений мөгөөрс элэгдэхэд хүргэдэг үений төрөлхийн гаж өөрчлөлтүүд байдаг. Ташааны үений остеоартрит өвчин нь хүүхдийг төрөх үеэс нь эхлэдэг гаж өөрчлөлтийн жишээ юм.
Чихрийн шижин, өсөлтийн дааврын өөрчлөлт зэрэг дааврын алдагдал нь эрт үеийн мөгөөрсний гэмтэл, хоёрдогч остеоартриттай хавсарч явагддаг.
Остеоартритын шинж тэмдэг
Остеоартрит бол үений өвчин юм. Ревматойд артрит, түгмэл чонон яр зэрэг бусад хэлбэрийн артритаас ялгаатай нь остеоартрит өвчин нь бусад эрхтэнд нөлөөлдөггүй.
Остеоартритын гол шинж тэмдэг нь өөрчлөлт өгсөн үе ачаалал авсны дараа өвдөх шинж тэмдэг юм. Тиймээс үений өвдөлт нь оройн цагаар ихэвчлэн ихэсдэг. Хавдах, халуу оргих, шажигнаж дуугарах зовиур илэрнэ. Үений өвдөлт, хөшилт нь театрт удаан суух зэргээр хөдөлгөөнгүй байсны дараа илэрдэг. Хурц остеоартритын үед мөгөөрс бүрэн устаж ясны хооронд үрэлт үүссэнээр байнгын болон хөдөлгөөн хязгаарласан өвдөлт үүсдэг.
Остеоартритын шинж тэмдэг хүн бүрт өөр өөр байдаг. Зарим хүний зовиур биеийн байдлыг нь дордуулж байхад нөгөө нэг хүнд рентгенд үений бүтцийн өөрчлөлт их илэрсэн ч зовиур бага илрэх тохиолдол байдаг. Мөн зовиур нь давтамжтай байх тохиолдол байна. Өвдөг, гарын остеоартритын үед өвдөлт илрэхгүй хэдэн жилээр завсарлах тохиолдол элбэг байдаг.
Таргалалт, үе давтан гэмтэж байсан, үений мэс засалд орж байсан тохиолдолд өвдөгний остеоартрит даган явж байдаг. Өвдөгний үений ахих явцтай мөгөөрсний бүтцийн өөрчлөлтөөр өвдөг тахийж муруйн майга болдог. Өвдөг зэрэг биеийн жингийн ачааллыг авч явдаг үе остеоартрит болвол доголох шинж илэрнэ. Мөгөөрсний бүтцийн өөрчлөлт ихсэх тусам доголох шинж тод илэрнэ. Өвдөлт, доголох зовиур,үений үйл ажиллагаа алдагдах нь эмийн болон эмийн бус эмчилгээний аль алинд намдахгүй байх нь бий. Тиймээс өвдөгний үе солих мэс засал хамгийн их хийгддэг.
Нурууны остеоартритаас болж хүзүү, бүсэлхий нуруугаар өвдөх зовиур илэрнэ. Үрэвссэн нурууны үе дагуу яс ургаж нурууны мэдрэлийг цочроон хурц өвдөлт, бадайрах, хатгах зовиур илэрнэ.
Хурууны жижиг үен дээр хатуу ясан томролын өөрчлөлт үүсдэг. Хурууны үзүүрийн жижиг үеийн сонгодог ясан томролыг Англи эмчийн нэрээр Хебердений зангилаа гэж нэрлэсэн.
Хурууны дунд үенд үүссэн ясан товрууг Бойчардын зангилаа гэдэг. Энэ 2 төрлийн зангилаа нь өвдөлтгүй байж болох бөгөөд хөдөлгөөн хязгаарладаг. Хурууны зангилааны өвөрмөц байдлаар нь остеоартритыг оношлодог. Хөлийн эрхий хурууны суурийн үеийн остеоартритын үед тус үе хавдаж томордог. Хөл, гарын хурууны үений остеоартрит нь удамшлын урьдал шалтгаантай байж болох бөгөөд эмэгтэй хүмүүст илүү тохиолддог.
Остеоартритыг хэрхэн оношлох вэ?
Остеоартритын үед цусны шинжилгээ хийгддэггүй. Остеоартриттай төстэй бусад үений үрэвслүүдээс ялган оношлохын тулд цусны шинжилгээг хийдэг.
Рентген оношлогоо бол остеоартритыг оношлох гол арга юм. Рентгенээр остеоартритын үеийн үений мөгөөрсний өөрчлөлт, үе хоорондын зай нарийсалт, яс ургалт зэргийг үзэж шинжилнэ. Энгийн рентген оношлогоогоор остеоартритыг бусад өвчнөөс ялган оношлож мэс засал эмчилгээ хийх эсэхийг шийдэхэд ашиглана.
Үений хатгалт хийж үений шингэнээс авч шинжилдэг. Үений шингэнийг шинжлэх нь тулай өвчин, халдвар зэрэг үений үрэвслээс ялган оношлоход тустай. Үений хатгалтаар үений шингэнийг авах, үрэвслийн эсрэг эм тарих нь өвдөлт, хавдалт, үрэвслийг намдаадаг.
Үений дуран гэдэг нь дуран хоолойг үений зайруу оруулж мөгөөрс, холбоосны өөрчлөлтийг харж илрүүлж дурангаар дамжуулан эмчилгээ хийдэг. Дурангийн мэс засал нь нээлттэй мэс заслаас хөнгөн эдгэдэг.