Ревматойд артрит өвчний талаар ярих болвол аутоиммуны өвчин гэдэг ойлголт хамт явж байдаг. Бие эрхтнийг хамгаалж байх ёстой дархлалын тогтолцоо гажиж өөрийн эд эсрүү довтолсоноор энэхүү аутоиммуны өөрчлөлт явагддаг. Энэ байдлаас шалтгаалан үен дотор үрэвсэл үүсч үе улайх, халуу оргих, хавдах, өвдөх зовиур илэрнэ.
Ревматойд артритын үед өвдөг, бугуй, гарын үенүүд хосоороо үрэвсдэг. Ингэж үе тус бүр хосоороо үрэвсдэгээр нь бусад үений үрэвслүүдээс ялгаж танидаг. Ревматойд артрит удах тусмаа нүднээс авахуулаад зүрх, уушиг, арьс, цусны судас гэх мэт биеийн эрхтэн, тогтолцоог гэмтээдэг.
Ревматойд артритын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс
Ревматойд артритын үед хүний дархлалын тогтолцоо нь үений дотор талыг бүрхэж байдаг салст бүрхүүлэн давхрагаруу довтолж үрэвсүүлдэг. Ингэж үенүүд хамгийн ихээр нэрвэгдэхээс гадна үрэвсэл цааш бусад эрхтэн тогтолцооруу тархдаг.
Энэ бүх үйл явц нь юунаас шалтгаалж үүсэж байгааг бүрэн тайлбарлагдаагүй бөгөөд дараах хүчин зүйлүүдээс шалтгаалж байгааг тогтоосон байдаг:
- Нас. Ямар ч насны хүмүүст тохиолдох боловч 40-60 насны хүмүүст хамгийн их тохиолддог.
- Гэр бүлийн түүх. Гэр бүлийн аль нэг гишүүн энэхүү өвчнөөр өвчилсөн бол тухайн хүний өвчлөх магадлал ихэснэ.
- Орчин ахуй. Хортой химийн бодис, халдвар нөлөөлнө.
- Хүйс. Эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү тохиолдоно. Жирэмсэлж байгаагүй, төрөөд удаагүй байгаа эмэгтэйчүүдэд илүү тохиолдоно.
- Таргалалт. 55-аас доош насны хэт таргалалттай хүмүүс
- Тамхидалт. Ревматойд артрит өвчинд өртөх удамшлын урьдал хүчин зүйл байвал тамхидалт тус өвчинд өртөх эрсдлийг ихэсгэдэг. Өвчилсөн үед тамхидалт нь өвчний явцыг дордуулдаг.
Ревматойд артритаас урьдачилан сэргийлэх боломжтой юу?
Бүрэн сэргийлэх боломжгүй ч эрсдлийг бууруулах боломжтой:
- Тамхинаас гарах. Тамхидалтаас шалтгаалан 55-аас доош насны хүмүүст ихэвчлэн өвчин хүндэрч улмаар үе гэмтдэг. Жингийн илүүдэлтэй, тамхи татдаг байх юм бол эрсдэл нэмэгдэнэ.
- Шүд, буйлны өвчин, ревматойд артрит өвчин хоёр хоорондоо хамааралтай байдаг.
Өвчний эрт үед нь эмчилгээг эхлэх нь зовиурыг багасгаж, үеийг гэмтэхээс сэргийлж чадна. Эхний шинж тэмдэг илэрсэнээс хойш 3-6 сарын дотор эмчилгээг эхлэх хэрэгтэй.
Ревматойд артритын шинж тэмдэг, хүндрэл
Архаг удаан явцтай энэхүү өвчний шинж тэмдэг хүн бүрт өөр өөр байдаг. Удаан хугацаанд шинж тэмдэг илрэхгүй юм уу бага илрэх тохиолдол байхад хэдхэн сарын дотор өвчин сэдэрч явагдах нь ч байдаг. Ихэнхдээ өвчин ахих үе шаттайгаар дордох явцтай байдаг. Өмнөх эмчилгээний зарчим шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа бөгөөд өвчний идэвхитэй байдал багасч намжмал байдалд орж байгаа хүмүүсийн тоо ихэсч байгаа.
Ревматойд артритын үед үе заавал үрэвсдэг. Шинж тэмдэг илэртэл хэдэн долоо хоногоос хэдэн сар болдог. Энэхүү үрэвслээс шалтгаалж дараах сонгодог шинж тэмдэгүүд илэрнэ:
- Хөших. Үе хөшингө болж хөдөлгөөн хийхэд хэцүү болно. Өглөө ихэвчлэн тохиолдоно. Бусад хэлбэрийн үений үрэвслийн үед өглөө үе хөшинө. Харин ревматойд артритын үед 1 цагаас илүү хугацаагаар хөшдөг.
- Хавдах. Үе хавдаж овойдог.
- Өвдөх. Үен дотор явагдаж байгаа үрэвслээс шалтгаалж хөдөлгөөн хийсэн эсэхээс үл хамааран өвдөлт илэрнэ.
- Улайх, халуу оргих. Үе халуун болж үрэвслийн шинжтэй улайж өөрчлөгдөнө.
Ревматойд артритын үед дараах үеүүд үрэвсэнэ:
- Тохой
- Тавхай
- Ташаа
- Эрүү
- Өвдөг
- Хүзүү
- Мөр
- Бугуй
Биед илрэх ерөнхий шинж тэмдэг
- Ядрах
- Булчин махаар өвдөх
- Хоолны дуршил муудах
- Сэтгэл санаа хямрах
Ихээр ядарч сульдах нь цус багадалт, эрүүл улаан эсийн тоо буурсаны шинж тэмдэг байдаг. Ревматойд артрит шиг архаг өвчнүүд нь хүнийг сэтгэл санаагаар унахаар байдалд оруулдаг.
Арьсанд илрэх шинж тэмдэг
Ревматойд зангилаа үүсдэг. Арьсан доор өвдөлтгүй, хөдөлгөөнтэй товгор зангилаа үүснэ. Тохойнд ихэвчлэн үүсэх боловч:
- Шууны дотор тал
- Толгойны ар тал
- Олон уулзах орчмоор
- Шандас шөрмөс
- Гарын шөрмөс орчмоор гардаг.
Уушиг, зүрхэнд ямар өөрчлөлт илрэх вэ?
Ревматойд артритын үед уушиг, уушигны гялтан хальс үрэвсдэг. Гялтан хальсны үрэвслийн үед амьсгал богиносох шинж илэрнэ.
Мөн адилханаар зүрхний булчин, үнхэлцэг хальсыг үрэвсүүлнэ. Амьсгал давчдах, цээжээр өвдөх зовиураас өөр их зовиур илрэхгүй. Зүрхний дутагдал, тосгуурын чичиргээ, шигдээс үүсгэдэг.
Ревматойд артрит ба нүд
Хамгийн их тохиолддог өөрчлөлтүүд:
- Нүдний болор цайх: нүдний болор цайж хараа алдагдана.
- Нүд хуурайших хам шинж: нулимсны булчирхай гэмтэж нулимс ялгарах үйл ажиллагаа алдагана.
Ревматойд артритаас үүсэх биеийн бусад хэсгийн өөрчлөлт
Яс: үрэвслийн үйл явц нь ясанд нөлөөлдөг. Бүсэлхий, нурууны яс үүнд өртдөг. Ревматойд артритыг дааврын эмээр удаан хугацаанд эмчлэх явцад мөн үүсдэг.
Элэг, бөөр: ревматойд артритын үед элэг, бөөр өөрчлөлтөнд орох нь ховор. Харин энэхүү өвчний эмчилгээнд хэрэглэгддэг стеройдын бус үрэвслийн эсрэг эм нь элэг, бөөрөнд муугаар нөлөөлдөг. Метотрексат эм нь элгийг гэмтээдэг.
Дархлааны тогтолцоо: эмчилгээнд хэрэглэж байгаа эмүүд нь дархлалын тогтолцоог сулруулж халдварт өртөмхий болгодог.
Салст бүрхүүл: нүд, ам, хамар зэрэг чийглэг эрхтэнүүд хатаж хуурайшин Шегрейны хам шинж гэх өөрчлөлт бий болдог.
Булчин: үе үрэвсэж хөдөлгөөн нь хязгаарлагдсанаар үе мөчинд холбоотой булчин сулардаг. Өөрөөр мөн булчин үрэвсдэг. Ревматойд артритын үед хэрэглэдэг эмүүд мөн булчинд сөргөөр нөлөөлдөг.
Мэдрэл: бадайрах, ирвэгнэх, саажих, гэнэтийн үхэлд хүргэх хүртэл өөрчлөлтүүд үүснэ. Үений өөрчлөлт, өвчний явцын байдал, эмийн эмчилгээнээс шалтгаалдаг.
Цусны судас: цусны судсыг үрэвсүүлдэг. Арьсан дээр шархтай төстэй толбо үүсдэг.
Ревматойд артритын оношлогоо
Ревматойд артрит нь дархлалын тогтолцооны өөрчлөлтөөс үүсдэг өвчин. Ихэнх тохиолдолд эхний 2 жилийн дотор үений үрэвсэл явагддаг. Тиймээс цус, рентген шинжилгээ эхэлж хийгдэн энэхүү өвчнөөр мэрэгшсэн ревматологи эмчид үзүүлнэ.
Шинж тэмдгээр оношлох
Ревматойд артритыг ялган оношлоход хэцүү байх тохиолдол байдаг. Шинж тэмдэг нэг илэрч, нэг алга болох байдлаар хүн хүнд өөрөөр илэрнэ. Дараах онцгой шинж тэмдгүүдээр танина:
- Бугуй, сарвуу, тавхайн жижиг үенүүд өвдөх, хавдах, хөших шинж тэмдэг
- 6 долоо хоногоос дээш хугацаагаар зовиурлах
- Өглөөний хөшингө 30 минутаас дээш хугацаагаар үргэлжлэх
- Ядарч сульдах
- Хоолны дуршил муудах
Зөвхөн нэг шинжилгээгээр оношийг тавих боломжгүй. Ревматойд артритын эхэн үеийн шинж тэмдэг нь дараах өвчнүүдтэй адилхан байдаг:
- Түгмэл чонон яр
- Шегрений хам шинж
- Псориазын шалтгаант үений үрэвсэл
- Лаймын артри
- Остеоартрит
Ийм олон төрлийн өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай болдог учир төрөл бүрийн шинжилгээ хийх шаардлагатай болдог.
Цусны шинжилгээ
- Эмчийн үзлэгээр дараах зүйлсийг үздэг:
- Өвчний болон гэр бүлийн түүх. Гэр бүлийн аль нэг хүн ревматойдны артрит өвчнөөр өвчилж байсан бол тухайн хүн ревматойдны артрит өвчнөөр өвдөх магадлалтай.
- Биеийн ерөнхий үзлэг. Үений хөдөлгөөн, хавдалт, эмзэглэлийг үзнэ. Ревматойд артритын үед нэг дор хэд хэдэн үе өвддөг.
- Цусанд эсрэг бие үзэх. Цусанд хэд хэдэн төрлийн уургийг үзэж тодорхойлно. Эдгээр уургууд нь эрүүл эсрүү довтолж үрэвслийн явцыг өдөөдөг. Тэгэхээр шинжилгээ эерэг юм уу их гарах юм бол үрэвсэл явагдаж байна гэсэн үг болно.
- Ревматойд фактор (РФ): ихсэнэ (20 u/ml)
- ССP (anti-cyclic citrullinated peptide) эсрэгбие: ихсэнэ (20 u/ml)
- ANA (Бөөмийн эсрэг эсрэгбие)
Ревматойд артритын тохиолдол бүрт эдгээр уураг илрэхгүй.
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ. Ревматойд артритын үед илэрдэг цус багадалтыг оношлоно:
- Цусны цагаан эс 4.8 – 10.8
- Цусны улаан эс 4.7 – 6.1
- Гемоглобин 14.0 – 18.0
- Гематокрит 42 – 52
- Тромбоцит 150 – 450
- Цусны улаан эсийн тунах хурд үзэх. Цусны улаан эс шилэн хоолойд 1 цагийн дотор хэр хурдан доошоо тунаж байна вэ гэдгийг үздэг. Хэвийн хэмжээ нь:
- 50-иас доош насны эрэгтэйчүүдэд: 0-15 мм/цаг
- 50-иас дээш насны эрэгтэйчүүдэд: 0-20 мм/цаг
- 50-иас доош насны эмэгтэйчүүдэд: 0-20 мм/цаг
- 50-иас дээш насны эмэгтэйчүүдэд: 0-30 мм/цаг
- С-урвалж уураг. Үрэвслийн үед элэгнээс ялгардаг энэнхүү уургийн хэмжээг үзнэ.
- Дүрс оношлогоо. Өвчний байдал, явцыг үзнэ.
- Рентген шинжилгээ. Үений өөрчлөлтийг үзнэ.
- MRI, хэт авиан оношлогоо. Үений илүү нарийвчилсан дүрслэлийг харуулна. Ревматойд артритын эрт үеийн оношлогоонд голлон хэрэглэгдэнэ.
Эмчилгээ
Ревматойд артрит оношлогдсон үед бүрэн эмчилгээ байдаггүй ч өвчний шинж тэмдгийг дарах болон бусад эмчилгээний аргуудын ачаар урьдын адилаар хэвийн амьдралаар амьдарч болно.
- Эмийн эмчилгээ. Стеройд бус үрэвслийн эсрэг эм, кортикостеройд, хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах гэсэн эмийн төрлүүд байдаг.
- Үений ачааллыг багасгах. Биеийн жингээ багасгаж хэвийн жинтэй болох хэрэгтэй. Хэт их ачаалал өгөхгүйгээр, амрах зайтайгаар хөдөлгөөн хийх хэрэгтэй. Доод биенд ачаалал өгөхгүйн тулд таяг, тулгуур ашиглана.
- Мэс засал. Том үе удаан хугацаагаар өвдсөн үед мэс засал эмчилгээ яригддаг. Үеийг бүхлээр нь солих мэс заслыг өвдөг, ташаан толгой, бугуй, тохойн үенд хийдэг.