АРЬС ХАМГААЛАГЧ БУЮУ НАРНЫ ТОСНЫ ТУХАЙ ТАНЫ МЭДЭХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС

Яагаад заавал нарны тос хэрэглэх хэрэгтэй вэ?
Нарнаас ялгарч байгаа хэт ягаан туяа нь бидний арьсны гүнд нэвтэрч арьсыг гэмтээдэг. Үүнээс үүдэн арьсанд сэвх, нөсөө толбо, харлалт, түлэгдэлт үүсгэхээс гадна хөгшрөлт хурдан явагдах үндсэн шалтгаануудын нэг болдог. Үүний тод жишээ бол жилийн 4 улиралд нар, салхинд ажилладаг малчид маань өөрийн үеийн хотод ажиллаж, амьдардаг хүмүүсээс илүү эрт хөгширдгөөс бид мэднэ. Учир нь тэд байнгийн хөдөлгөөнтэй харьцангуй амьдралын зөв хэв маягтай ч илүү олон цагаар нар салхинд ажилладаг боловч арьс арчилгаа муу хийдгээс гадна нарны тосны хэрэглээ маш бага байдагтай холбож болох юм. Мөн үүн дээр зун хөдөө амарч ирээд гар, хөл дээрээ бор бор нөсөөтэй болох ойр орчныхон, гадаа өдөржин тоглоод сэвхтэх хүүхдүүдийн жишээг нэмж болох юм. Иймээс бид энэ удаад зуны улирал эхэлж байгаатай холбогдуулан нарны тосны талаар мэдээллийг бэлтгэлээ.
Нар амьд бүхэнд гэрэл гэгээ авчирч сайн олон зүйл өгдөг боловч үүний хажуугаар бие организмд хортой хэт ягаан туяаг ялгаруулдаг. Хэт ягаан туяаг долгионы уртаар 3 хэсэгт хуваадаг.
- А туяа: (UV-A) нь 315-400 нм долгионы урттай, арьсны гүнд нэвчин ордог боловч озоны задралын нөлөөгөөр өөрчлөлт бага тул харьцангуй аюул багатай.
- B туяа: (UV-В) нь 280-315 нм долгионы урттай бөгөөд амьд организмд хортой нөлөө үзүүлж, арьсны өнгөн давхаргыг гэмтээдэг.
- С туяа: (UV-С) нь 180-280 нм долгионы урттай бөгөөд амьд организмд хамгийн аюултай цацраг юм.

Урд цагт эмээ, өвөө нар маань нарны тос хэрэглэхгүй байгаад болоод л байсан?
Өнгөрөгч зуунаас эхлэн хүн төрөлхтөний буруутай үйл ажиллагаанаас үүдэн озоны давхарга нимгэрч, хэт ягаан туяаг шаардлагатай хэмжээнд бүрэн шүүж чадахгүй болсон. Эрдэмтэд агаар мандлын дээд давхаргад байх озоны хийн хэмжээ 1 хувиар буурахад дэлхийн гадаргад хүрэх хэт ягаан цацрагийн хэмжээ 2 хувиар нэмэгддэг болохыг тогтоосон байна.
Тэгвэл бид ямар нарны тосыг хэрхэн хэрэглэх вэ?
Юуны өмнө өөрт тохирох нарны тосны төрлийг сонгох хэрэгтэй. Нарны тосыг хэрэглээ болон зориулалтаар нь:
- Усны хамгаалалттай: Зуны улиралд хэрэглэхэд тохиромжтой. Ялангуяа спортоор хичээллэж байгаа хүмүүст илүү тохиромжтой учир нь хөлрөлт бага үүсгэдэг.
- Шүршдэг – тосыг ихэвчлэн гадуур ажлаар өдөржин явдаг нүүрээ буддаг бүсгүйчүүд болон нарны жигд хурдан түрхэх сонирхолтой хүмүүст илүү хялбар түрхэгдэхэд тусална. Энэ тосыг нүүр-лүүгээ шүршихдээ маш болгоомжтой хандах хэрэгтэй ба амьсгалын эрхтэн болох ам , хамар-луугаа оруулахаас сэргийлэх хэрэгтэй. Нүүрэндээ түрхэхдээ алгаруугаа шүршээд алган дээрх тосоо түрхээрэй.
- Board-spectrum буюу 2 хамгаалалт агуулсан. Энэ нь түгээмэл хэрэглэгддэг нарны тос бөгөөд нарны урт болон богино хэт ягаан туяаны хамгаалалт агуулдаг тосон хэлбэртэй.
- Нарны хэт ягаан туяаны хамгаалах хугацаанаасаа хамааран SPF хэмжээ +6-c (50+) хооронд ялгаатай тэмдэглэгээтэй байдаг.
Найрлагын хувьд органик болон химийн найрлагатай
- Органик найрлагатай ихэвчлэн жирэмсэн, бага насны хүүхдүүд, эмзэг арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Сайн тал нь тосны найрлаган дахь бодис нь арьсны гүн рүү шингэж орохгүй арьсны гадаргууд жижиг бичил хамгаалалт үүсгэдэг. Гэхдээ тосны шингэц муу учраас биед бага зэрэг тааламжгүй, эвгүй сэтгэгдэл төрүүлдэг.
- Химийн найрлагатай нь арьсанд сайн шингэдэг учраас хамгийн түгээмэл хэрэглэгддэг.
Хэд гэсэн тэмдэглэгээтэйг хэрэглэх вэ?
Нарны тос нь ихэвчлэн 15-аас 50+ хүртэл гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Хүний арьсны онцлогоос хамаарч өөр өөр боловч дунджаар 10 минут орчим нарны тос хэрэглэхгүйгээр арьсаа гэмтэхгүй байж чадна гэж үздэг. Харин тосон дээрхи тус тоо нь өндөр тусмаа сайн гэхээс илүүтэй хэдий удаан хугацаанд хамгаалах вэ гэсэн тайлбар юм. Жишээ нь: SPF 15 гэсэн бол нарны туяанаас 15 дахин хамгаалах бөгөөд 10 минут х 15 дахин хамгаална гэж тооцвол = нийт 150 минут орчим буюу 3 цаг орчим хамгаална гэсэн үг. Арьсны эмч нар ихэвчлэн SPF 30-тайг хэрэглэхийг зөвлөдөг ч өөрийн ажлын онцлог болон орчин нөхцлөөс шалтгаалж сонгох нь тохиромжтой. Мөн их хөлөрдөг болон усанд сэлэхээр явж байгаа бол 2 цагийн зайтай тосоо сэргээж түрхэх хэрэгтэй.
Нарны тосыг заавал тусад нь хэрэглэх ёстой юу?
Ихэнх бүсгүйчүүд нарны хамгаалалттай пудр, крем түрхсэнээр нарнаас хамгаална гэж боддог. Харин арьсны 1куб метрт 2мл нарны тос түрхэж байж бүрэн хамгаална гэж үздэг. Энэ тооцооллоор дундаж насанд хүрсэн хүний нарны тос нүүр, хүзүүндээ түрхэх хэмжээ нь 1 жижиг цайны халбага харин бүх биендээ түрхэхэд 1-2 амны халбага шаардлагатай гэж үздэг. Харин нүүрний будагны суурь болгон хэрэглэж байгаа тохиолдолд чигчий хурууны хумсны толионы хэмжээтэй тос түрхэж байж нарнаас хамгаална гэж мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Эдгээрээс үзвэл таны нарны хамгаалалттай пудрт нэг удаад нүүрэндээ түрхэхэд хумсны толионы хэмжээтэй нарны тос багтана гэдэг боломж бага юм.
Нарны тосыг хэдэн наснаас хэрэглэх вэ?
6 сартайгаас хүүхдэд нарны тос хэрэглэхийг зөвшөөрдөг. Бага насны хүүхдийн арьс нимгэн учир нарнаас хамгаалах чадвар муутай тул олон цагаар гадаа наранд байлгах тохиолдолд аль болох органик найрлагатай нарны тос хэрэглэж хэвшвэл тохиромжтой. Түүнчлэн нарны тос тогтмол хэрэглэдэг хүүхдүүд насанд хүрээд арьсны хавдараар өвчлөх эрсдэл 70 хувь буурдаг болохыг арьсны судлаачид тогтоосон байна. Харин бага насны хүүхдэд түрхэхдээ аль болох нүдрүү орохоос сэргийлж шүршдэг хэлбэртэйгээс татгалзах буюу тосыг заавал эхэлж өөрийн гар дээрээ цацсаны дараа түрхэнэ.
Нарны тосыг зөвхөн зуны улиралд түрхдэг үү?
Үгүй. Нарны тосыг жилийн 4 улиралд хэрэглэдэг. Учир нь нарны туяа өвсөн дээр хамгийн сайн шингэдэг буюу зөвхөн 1-4% нь буцаж ойдог. Харин цаснаас 40-90%, элснээс 5-25% , уснаас 10-30% гэх мэтээр буцаж ойдог. Тиймээс та сүүдэрт зогсож байсан ч нарны хэт ягаан туяа таны биенд хүрнэ гэсэн үг юм.
Ашигласан эх сурвалжууд: www.consumerreports.org www.coolasuncare.com www.skincancer.org www.healthline.com, www.gesundheit.de