
Эмийн худалдааны нэр: Аспирин 75, Аспирин81, Аспирин 100 , Тромбопол, Ацекардол, Цитромон-П, Кардиомагнил, Алка-Зельтцер, Экосприн 75, Цитромакс, Аспелитс, Аспирин С
Олон улсын нэршил: Ацетилсалицилийн Хүчил
Эмийн хэлбэр: Шахмал, зажилдаг шахмал
Эмийн эмчилгээний бүлэг: Антиагрегант бэлдмэл.

Эм судлалын үйлдэл: Тромбоцитын агрегацыг багасгаж, цус шингэлэн цусны урсгалыг сайжруулах үйлдэлтэй. Энэ үйлдэл нь циклооксигеназа ферментийг дарангуйлж тромбаксон А2 нийлэгжилтийг багасгах замаар тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгаснаар илрэнэ.
Хэрэглэх заалт:
Тогтворгүй зүрхний бах
Эрсдэлт хүчин зүйл бүхий (чихрийн шижин, цусан дах липидийн хэмжээ ихсэх, артерийн гипертони, таргалалт, тамхи, өндөр настан) зүрхний булчингийн цочмог шигдээс болон түүний дахилтаас сэргийлэх
Тархины цусан хангамжийн өөрчлөлт болон цус харвалтын өмнөх үед урьдчилан сэргийлэх
Титэм судсанд тромбо үүсэхээс урьдчилан сэргийлэх
Мигрень өвчнөөс удаан хугацаагаар урьдчилан сэргийлэх
Гүнийн вений судасны тромбоз, уушгний артери, түүний салааны тромбоэмболигаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ (хагалгааны дараа удаан хугацаагаар хэвтрийн дэглэмд байх)
Хэрэглэх арга, тун: Бэлдмэлийг 1ширхэг шахмал (100 мг)-аар өдөрт 1 удаа хоолны дараа хангалттай хэмжээний усаар даруулж ууна.

Гаж нөлөө: Дотор муухайрах, цээж хорсох, бөөлжих, хэвлий орчмоор өвдөх, ходоод 12 хуруу гэдэсний шархлаа цоорох, хоол боловсруулах замаас цус алдах, элэгний ферментийн идэвхжилт ихсэх, ходоод болон дээрх гэдэсний шархлаа, хоол боловсруулах замаас цус алдах, цус гоожимтгой болох, хамрын салстын хаван, гуурсан хоолой агчих, толгой эргэх чих шуугих зэрэг гаж нөлөө мөн чонон хөрвөс, квинкийн хаван зэрэг харшлын урвал илэрч болзошгүй.
Хориглох заалт:
Ацетилсалицилийн хүчил, стеройд бус үрэвслийн эсрэг эм болон бэлдмэлийн найрлага дахь бодисуудад мэдрэг хүмүүс, Хоол боловсруулах замын улайлтат, шархлаат эмгэг, Хоол боловсруулах замын цус алдалт, цусархаг шүүдэст эмзэгшил, Салицилат болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэснээс шалтгаалсан гуурсан хоолойн багтраа, Жирэмсний эхний 3 сар, хөхүүл үе, 12-оос доош насны хүүхэд хэрэглэхгүй.
Эмийн харилцан үйлчлэл:
Метотрексат: Метотрексатын бөөрний клиренсийг нь багасгаж цусны уургаас түрж гаргаснаар метотрексатын үйлдэл нэмэгдэнэ.
Цусны бүлэгнэлтийг саатуулах бэлдмэл: Цусны бүлэгнэлтийг саатуулах бэлдмэлийг цусны уургаас түрж гаргах ба тромбоцитын үйл ажиллагааг өөрчилнө.
Тиклопидин: Үйлдлийг нэмэгдүүлнэ.
Дигоксин: Бөөрөөр ялгарах дигоксины ялгаралтыг багасгана
Инсулин ба чихрийн шижинг эмчлэх сульфонилмочевины уламжлалын эм: Эдгээр эмийг цусны уургаас түрж гаргаснаар бэлдмэлийн үйлдэл хүчжинэ.
Глюкокортикоид: Системийн глюкокортикоид нь салицилатын ялгаралтыг идэвхжүүлснээр үйлдлийг нь сулруулдаг.
Магни ба хөнгөн цагааны гидроксид агуулсан ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл: Хамт хэрэглэх үед ацетилсалицилийн хүчлийн шимэгдэлт багасна.
Кальцийн сувагт хориг үүсгэдэг эм: Хамт хэрэглэхэд цус алдалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
Шээс хөөх эм: /фуросемид, спиронолактон/ Тус эмийн үйлдэл ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэх үед суларна.
Дипиридамол: Хамт хэрэглэх үед салицилатын цусан дах концентраци нь нэмэгдэнэ.
Кофейн: Ацетилсалицилийн хүчлийн шимэгдэлтийн хурд, цусан дах концентраци, биохүртэхүй зэргийг ихэсгэнэ.
Жирэмсэн үеийн хэрэглээ: Жирэмсний эхний 3 сард бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд ургийн гажиг /сэтэрхий тагнай, зүрхний гажиг/ үүсэх эрсдэл нэмэгддэг. Жирэмсний 2 дахь 3 сард зөвхөн түүний эмчилгээний үр нөлөө ба эрсдлийг сайтар харьцуулсны дараа хэрэглэж болно. Жирэмсний сүүлийн 3 сард хоногт 300 мг ба түүнээс их тунгаар хэрэглэвэл төрөх үед эх болон ургаас цус алдах эрсдэл нэмэгдэх учир жирэмсний сүүлийн 3 сард салицилат хэрэглэхийг хориглоно.
Хөхүүл үеийн хэрэглээ: Салицилат түүний метаболит нь хөхний сүүгээр бага хэмжээгээр гадагшилдаг. Санамсаргүй хэрэглэсэн тохиолдолд хүүхдэд гаж нөлөө үзүүлэхгүй ба хөхөөр хооллолтыг зогсоох шаардлагагүй. Харин удаан хугацаагаар хэрэглэх үед хөхөөр хооллохоо зогсоох шаардлагатай.
Онцгой анхааруулга:
Бэлдмэл гуурсан хоолойг агшаах ба гуурсан хоолойн өвчний хөдлөл болон харшлын бусад урвал үүснэ. Асуумжинд гуурсан хоолойн багтраатай, өвчний халууралт, хамрын уйланхай, амьсгалын замын архаг өвчин, бусад бэлдмэлд харшилтай байх нь эрсдэлт хүчин зүйл болно.
Бэлдмэлийг цус шингэлэх үйлдэлтэй бусад эмтэй хамт хэрэглэвэл цус алдах эрсдэл нэмэгдэнэ.
Их тунгаар буюу хэт удаан хугацаагаар хэрэглэвэл өртөмтгий бүлэг өвчтөний тулай өвчинг сэдрээх аюултай.
Тун хэтрэх нь өндөр настангуудад онцгой аюултай.
Согтууруулах ундаатай хамт хэрэглэхэд хоол боловсруулах замын салстыг гэмтээх ба цус алдах эрсдэл нэмэгдэнэ.
Эмийн хэлбэр, савлалт: Аспирин 100 мг шахмал эмийг 100, 120, 240, 360 ширхэгээр флаконд савласан.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.