Олон улсын нэршил: цефазолин
Худалдааны нэршил: Цефазолин, Цефазолин-акос, Зепилен, Золинфин, Цефозол, Цефамизин, Сонозолин
Эмийн найрлага: Нэг бортогонд 1г цефазолины натрийн давс агуулагдана.
Эмийн хэлбэр: тарилгын уусмал бэлтгэх нунтаг.
Эмийн үйлчилгээний бүлэг: Цефазолин нь бета лактамын цагирагт бүтэцтэй цефалоспорины бүлгийн 1-р үеийн антибиотик.
Фармакологийн үйлдэл:
Бактерийн эсийн ханын нийлэгжилтийг саатуулж бактерийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Цефазолин нь ихэнх грам эерэг ба зарим грам сөрөг бактерийн эсрэг өргөн хүрээгээр идэвхтэй үйлчилнэ. Escherichia coli, Klebsiella pneumonia, Enterobacteriaceae, Proteus mirabilis, Salmonella spp., Shigella spp, зэрэг зарим грам сөрөг бактерит идэвхтэй үйлчилнэ. Түүнчлэн Haemophilus influenza, Neisseria spp-ын эсрэг нөлөөлнө.
Цефазолин яс, хэвлий ба плеврийн хөндий, синоваль шингэнд нэвтрэх ба харин тархи нугасны шингэнд илэрхий нэвтэрдэггүй. Түүнчлэн ихсийг нэвтрэн ургийн цусны эргэлтэнд орох бөгөөд хөхний сүүтэй бага хэмжээгээр ялгарна.
Цефазолины ихэнх хэсэг нь түүдгэнцрийн нэвчилт, зарим хэсэг нь сувганцрын шүүрлээр тус тус өөрчлөгдөөгүй хэлбэрээр шээстэй ялгарах бөгөөд түүнийг булчинд тарьж хэрэглэсэн тунгийн дор хаяж 80% нь 24 цагийн дотор гадагшилна. Бэлдмэлийг 1г тунгаар булчинд тарихад шээсэн дэх түүний дээд концентраци 4мг/мл байдаг.
Хэрэглэх заалт:
Цефазолиныг бэлдмэлд мэдрэг бактериар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эд, үе, амьсгал ба шээсний замын халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун: Эмчийн заавраар хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд: булчин ба судсанд тарьж хэрэглэнэ.
Хагалгааны өмнөх урьдчилан сэргийлэлтэнд: мэс заслаас 0.5-1 цагийн өмнө 1г тунгаар, хагалгааны үед 500мг-1г-р, мэс заслын дараа 24 цагийн хугацаанд 0.5-1г тунгаар 6-8 цагийн зайтай тарина.
Пневмококкоор үүсгэгдсэн уушгины үрэвсэл: 500мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэ.
Шээсний замын халдвар (цочмог хүндрэлтэй): 1г-р 24 цагийн зайтай хэрэглэнэ.
Хүүхдэд: булчин болон судсанд тарьж хэрэглэнэ.
Нярай ба 1сараас дээш насны хүүхдэд: 6.25-25мг/кг тунгаар 6 цагийн зайтай буюу 8.3-33.3мг/кг тунгаар 8 цагийн зайтай хэрэглэнэ.
Бэлдмэлийн тугналтын хэлбэр:
1г флакон дээр 2.5мл тарианы ариутгасан уусмал, 0.9% натрийн хлоридын уусмал нэмж булчинд тарих уусмалыг бэлтгэнэ.
1г флакон дээр 5мл тарианы ариутгасан уусмал USP нэмж судсанд тарих уусмалыг бэлтгэнэ.
Судсанд шууд тарихдаа уусмалыг 3-5 минутаас удаан хийнэ. Судсанд дуслаар хийхдээ уусмал дээр 50-100мл тохиромжтой уусгагч нэмж болно.
Уусмалыг бэлтгэсэний дараа шууд хэрэглэнэ. Бэлдмэлийн хэрэглээгүй үлдсэн хэсгийг хаяна.
Хориглох заалт:
Цефалоспорины бүлгийн антибиотикт хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Пенициллинд харшилтай өвчтөнд цефалоспориныг маш болгоомжтой хэрэглэнэ. Учир нь солбицсон дасал үүсэж болзошгүй.
Гаж нөлөө:
Арьсны тууралт, чонон хөрвөс, эозинофилийн тоо олшрох, халуурах, цусны эмгэгтэй төстэй шинж илрэх, анафилаксын урвал зэрэг харшлын урвал ажиглагдана. Зарим үед нейтрофиль, лейкоцит, тромбоцитын тоо цөөрөх ба цус задралын цус багадалт илэрнэ.
Хадгалалт:
30°С-аас доош хэмд гэрлээс хамгаалж хадгална.
Эмийн олгох нөхцөл: Зөвхөн жороор олгоно.