Ерөнхий ойлголт
Тойг хажуу талаасаа цохигдоход байрлалаасаа мултарч гардаг. Мөн энгийн хөдөлгөөн хийх, мушгирсан хөдөлгөөн хийх, гэнэт эргэх зэрэгт тойг гулсаж гардаг.
Тойг мултрах, хагас мултрах нь давтан тохиолддог. Эхний удаадаа өвдөлттэй байх бөгөөд явж чадахгүй болдог. Хагас мултрал нь өвдөлтгүй байдаг.
Авах арга хэмжээ
Өвдөгний мөгөөрс, шөрмөс гэмтэж, яс хугараагүйг бататгаж рентген, MRI хийдэг.
Оношлогоогоор гэмтэл гараагүй бол дараах арга хэмжээг авна:
- 3-4 долоо хоног өвдгөнд чиг, гөлтгөнөн боолт, бэхлэгч хийнэ.
- Эхэндээ өвдгөн дээрээ ачаалал авахгүйн тулд суга таяг хэрэглэнэ.
- Гэмтлийн, эмчлэгч эмчийн хяналтанд байна.
- Сэргээн засах эмчилгээ хийлгэнэ.
- 6-8 долоо хоногт бүрэн эдгэрдэг.
Тойг гэмтэж, тогтворгүй болсон бол мэс засал эмчилгээ хийнэ.
Шинж тэмдгийг намдаах
Өдөрт багадаа 4 удаа өвдгөө өргөж сууна. Ингэснээр хавдрыг бууруулна.
Өвдгөн дээрээ хүйтэн жин тавина.
- Гэмтэл авсан эхний өдөр, цаг тутмын 10-15 минутанд хүйтэн жин тавина.
- Дараа өдрөөс эхлэн 2-3 өдрийн турш, 3-4 цаг тутамд, өвдөлт намдтал хүйтэн жин тавина.
Ацетаминофен, ибупрофен, напроксен зэрэг өвчин намдаах эмийг өвдөлт, хавдар бууруулахаар хэрэглэж болно.
- Эмийг зааврын дагуу, хэтрүүлэхгүй хэрэглэнэ. Эмийн заавар дээрх анхааруулгыг анхааралтай уншина.
- Зүрхний өвчин, элэгний өвчин, цусны даралт ихсэлт, бөөрний өвчин, ходоодны шарх өвчтэй, цус алдалт болж байсан түүхтэй бол эмчлэгч эмчдээ хэлэх хэрэгтэй.
Биеийн идэвхитэй байдал
Чиг, бэхлэгч зүүх үеийн биеийн идэвхи өөрчлөгдөнө. Эмчлэгч эмчээс дараах зөвлөгөөг авна:
- Өвдгөн дээрээ хэр их ачаалал авах
- Чиг, бэхлэгчийг хэзээ авч болох
- Дугуй унах, гүйх
Өвдөг, түнх, гуяны булчинг сайжруулах олон төрлийн дасгал бий. Эмчлэгч эмч, сэргээх засах эмч энэ бүгдийг зааж өгнө.
Спорт, биеийн хүчний үйлдэл эргээд хийдэг болох үед гэмтсэн хөл эрүүл хөлтэйгээ адил хүчтэй байх ёстой. Мөн дараах үйлдлүүдийг хийх чадавхитай байх ёстой:
- Гүйх, үсрэх үед гэмтсэн хөл өвдөхгүй байх
- Бүрэн тэнхийлгэх, нугалах үед гэмтсэн хөл өвдөхгүй байх
- Гүйхэд доголж, өвдөхгүй байх
- Гүйхдээ 45-90 хэмийн хазайлт хийж чаддаг байх
Ямар үед эмчид хандах вэ?
- Өвдөг тогтворгүй болох
- Эргэн хавдаж, өвдөх
- Гэмтэл сайжрахгүй байх
- Гишгэж, алхаж явахад өвдөгний үеэр өвдөх, гацах