Ерөнхий ойлголт
Шагайн холбоос сунах 3 зэрэг байдаг:
- 1-р зэрэг. Холбоос сунана. Хөнгөн гэмтэл бөгөөд амархан сайжирдаг.
- 2-р зэрэг. Холбоос хэсэг газраараа тасарна. Чиг, гөлтгөнөн боолт хийнэ.
- 3-р зэрэг. Холбоос бүхэлдээ тасарна. Энэхүү хүнд гэмтлийн үед мэс засал хийнэ.
Холбоос сунах сүүлийн 2 зэргийн үед цусны жижиг судас хамт гэмтдэг. Ингэснээр цус эдрүү нэвчиж, тухайн газар хар, хөх өнгөтэй болдог. 2 долоо хоногийн дотор шимэгдэж алга болно.
Хүнд хэлбэрээр холбоос сунах үед:
- Хүчтэй өвдөж, ихээр хавдана.
- Явж чадахгүй байх бөгөөд явах үед өвдөнө.
Шагайны холбоос сунах нь архагшиж үлдэх нь бий. Ингэсэн тохиолдолд шагай өвдөлт, хавдартай, суларсан байдалтайгаар архагшдаг.
Авах арга хэмжээ
Ясны хугарлыг шалгахын тулд рентген оношлогоо, холбоосын гэмтлийг оношлохын тулд MRI оношлогоо хийнэ.
Шагайны гэмтлийг шагайны хамгаалагч, гөлтгөнөн боолт, чигээр эмчилж, суга таяг хэрэглэнэ. Гэмтсэн шагайн дээрээ ачаалал авахгүй. Сэргээн засах эмчилгээ хийлгэж, дасгал хөдөлгөөн хийнэ.
Өөртөө анхаарал тавих
Хавдрыг буулгахдаа:
- Амарна. Хөлөн дээрээ ачаалал авахгүй.
- Хэвтэхдээ хөлөө зүрхний түвшнээс дээш байрлуулж дэрээр ивнэ.
Гэмтэл авсаны дараах 24 цагт, цаг тутамд 20 минутаар хүйтэн жин тавина. Түүний дараагаас өдөрт 3-4 удаа 20 минутаар хүйтэн жин тавина. Хүйтэн жин тавих зай багадаа 30 минутын зайтай байна.
Ибупрофен, напроксен зэрэг өвчин намдаах эм хэрэглэвэл өвдөлт, хавдар бууна. Эдгээр эмүүд жоргүйгээр олгогддог.
- Эдгээр эмийг гэмтэл авсанаас хойшхи 24 цагт хэрэглэж БОЛОХГҮЙ. Цус алдах эрсдлийг нэмэгдүүлнэ.
- Зүрхний өвчин, цусны даралт ихсэлт, бөөрний өвчин, элэгний өвчин, ходоод шарх өвчтэй, урьд нь дотуур цус алдаж байсан түүхтэй бол эдгээр эмийг хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөө авна.
- Эмийг зааврын дагуу, хэтрүүлэхгүй хэрэглэнэ. Эмийн заавар дээрх анхааруулгыг анхааралтай уншина.
Ацетаминофеныг хэрэглэхэд ихэнхдээ аюулгүй байдаг. Элэгний өвчний үед эмчийн заавраар хэрэглэнэ.
Биеийн идэвхитэй байдал
Шагайн холбоос сунахад 48 цагийн дотор өвдөлт, хавдар нь намддаг. Үүний дараагаас гэмтсэн хөлөн дээрээ ачаалал авч эхэлнэ.
- Аль чадах хэмжээгээрээ ачаалал өгч эхэлнэ. Бүтэн жингээрээ ачаалал өгтлөө аажмаар дасгана.
- Шагай өвдөж эхлэвэл үйлдлийг зогсоож, амарна.
Эмчлэгч эмчийн заасан тавхай, шагайг чангаруулах дасгал хөдөлгөөнийг хийнэ. Эдгээр дасгалыг хийснээр дахиж шөрмөс сунах, архаг шагайны өвдөлттэй болохоос сэргийлнэ.
Хөнгөн хэлбэрээр шагайн холбоос сунах үед 3-4 өдрийн дараагаас энгийн амьдралын хэмнэлдээ орж болно. Хэзээнээс спортоор хичээллэж, ажлаа хийж болохыг эмчлэгч эмч шийднэ.
Ямар үед эмчид хандах вэ?
- Явж чадахгүй байх, явахад их өвдөх
- Хүйтэн жин тавих, амрах, өвчин намдаах эм уусан ч өвдөлт намдахгүй байх
- 5-7 өдрийн дараа сайжраагүй байх
- Шагай үеэрээ сул байх
- Шагайны арьсны өнгө өөрчлөгдөх (улаан, хар, хөх өнгөтэй болох), мэдээгүй болох, ирвэгнэх