Хамар нь хянга ясны 2 яс, хамрын шонтгор болгодог урт мөгөөрс гэсэн хоёр хэсгээс тогтоно.
Хамрын ясан хэсэг хугарахыг хамрын ясны хугарал гэнэ. Хамрын ясны хугарал нь голлон спортын гэмтэл, авто осол, цохион зодооноос шалтгаалдаг.

Хамрын ясны хугарлын дараах арчилгаа
Ерөнхий ойлголт
Гэмтлээс шалтгаалан хамар муруйвал хамрын ясыг байранд нь буцаан оруулж засна. Хугарал хөнгөн байвал хялбар засагдана. Хүнд хэлбэрийн хугарлын үед мэс засал хийнэ.
Хамрын ясны байрлал өөрчлөгдөж, хавдсанаас болж хамраараа амьсгал авахад хэцүү болно.
Авах арга хэмжээ
Хамрын яс хугарсаны дараах шинж тэмдгүүд илэрдэг:
- Хамрын хянга ясны гадна тал хавдах
- Өвдөх
- Хамар муруйх
- Хамрын гадна, дотно талаас цус гарах
- Хамраараа амьсгалахад хэцүү байх
- Нүд хөхрөх
Хамрын хугарал байгаа эсэхийг рентгенээр харж оношлоно. Ноцтой гэмтлийн үед КТ зэрэг бусад оношлогоог хийнэ.
Хамарнаас цус гараад тогтохгүй бол хамарт самбайгаар чихээс хийнэ.
Хамрын таславчинд цус хурж болдог. Гэмтлээс үүдэн цусны судас гэмтэж, цус, шингэн хуримтлагддаг. Жижиг зүсэлт юм уу зүүгээр энэхүү цусыг гадагшлуулдаг.
Нээлттэй хугарал байх юм бол шарханд оёдол тавьж, антибиотик хэрэглэдэг.
Хавдрыг бүрэн буулгасны дараа мэс засал хийдэг. Гэмтлээс хойш 7-14 хоногийн дараа мэс засал хийдэг. Гоо сайхны мэс заслын эмчид хандах хэрэгтэй болно. Гэмтэл хүнд байвал чих, хамар, хоолойн эмчийн тусламж хэрэгтэй.
Шинж тэмдгийг намдаах
Хамар муруйгаагүй, энгийн хугарлын үед өвчин намдаах эм, хамрын дусаалга, хүйтэн жин хэрэглэнэ.
Өвдөлт, хавдарыг бууруулах арга:
- Амрах. Хамраа хөндөж болох үйлдлээс хол байх
- 1-2 цаг тутамд 20 минутаар хамрандаа хүйтэн жин тавина.
- Шаардлагатай бол өвчин намдаах эм ууна.
- Хавдрыг бууруулж, амьсгалыг сайжруулахын тулд толгойг өндийлгөж хэвтэнэ.
Өвдөлт намдаахын тулд ибупрофен, напроксен, аспирин, ацетаинофен ууж болно. Эдгээр эмүүд жоргүйгээр олгогддог. Хамрын хугарлаас шалтгаалан цус ихээр гарч байвал 24 цаг өвчин намдаах эм уухгүй, хүлээх хэрэгтэй.
- Зүрхний өвчин, элэгний өвчин, цусны даралт ихсэлт, бөөрний өвчин, ходоодны шарх өвчтэй, цус алдалт болж байсан түүхтэй бол эмчлэгч эмчдээ хэлэх хэрэгтэй.
- Эмийг зааврын дагуу, хэтрүүлэхгүй хэрэглэнэ.
Биеийн идэвхитэй байдал
Өдөр тутмын бүхий л үйлдлээ хийх боломжтой бөгөөд илүү арчилгаа хэрэгтэй. Хүчилсэн дасгал хөдөлгөөн хийх үед амьсгал ихэссэнээс болж хамрын хавдар ихсэнэ. Хүнд зүйл өргөж болохгүй. Чиг, гөлтгөнөн боолттой бол эмчийн заасан хугацааг хүртэл хэрэглэнэ.
Спортоос хэсэгтээ хөндийрнө. Эргээд тоглох цаг болоход нүүр, хамар хамгаалах баг зүүж тоглоно.
Өөртөө анхаарал тавих
Чиг, боолтоо авч болохгүй.
Уурыг нь амьсгалахаар халуун шүршүүрт орно. Мэс заслын дараа үүссэн хатсан цус, нус цэрийг гадагшлуулдаг.
Хамрын хатсан цус, нусыг цэвэрлэнэ. Савантай усанд хөвөн савхаа норгож, хамрын нүх бүрийг болгоомжтойгоор арчина.
Хамрын дусаалгыг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Хяналт
Гэмтлээс хойш 1-2 долоо хоногийн дараа эмчидээ хянуулна. Гэмтлээс хамааран дахин хянах шаардлага гарч болно.
Өвчний явц
Зөрүүгүй хамрын хугарал нь ямар нэг хэлбэр дүрсийн өөрчлөлтгүй эдгэдэг. Хүнд хэлбэрийн үед мэс засал хийх шаардлагатай болно. Толгой, нүүр, нүдээ бас гэмтээсэн бол цус гарах, халдвар авах болон бусад үр дагавраас сэргийлэх нэмэлт арчилгаа шаардагдана.
Ямар үед эмчид хандах вэ?
- Шарх ангайх, цус гарах
- Халуурах
- Эвгүй үнэр үнэртэх, хамарнаас шар, ногоон, улаан өнгөтэй ялгадас гарах
- Дотор муухай оргих, бөөлжих
- Гэнэт бадайрах, жирвэгнэх
- Өвдөлт гэнэт ихсэх, хавдах
- Гэмтэл санасан хэмжээнд хүртэл эдгэхгүй байх
- Амьсгалж чадахгүй байх
- Хараанд өөрчлөгдөх, хоёрлож харах
- Толгойны өвдөлт ихсэх