Мика Монгол Мика Монгол

Шандас шөрмөс тасарсаны дараах арчилгаа

Шандас шөрмөс, шилбэний булчин 2 нь хамтдаа өсгий, хуруу өргөх үүрэгтэй. Шилбэний булчин, шандас шөрмөсөө ашиглан алхах, гүйх, үсрэх үйлдэл хийдэг.

Шандас шөрмөс хэтэрхий их сунгагдвал урагдаж, тасардаг. Энэ үед дараах шинж тэмдэг илэрнэ:

  • Пүд хий чимээ гарах, шагай, хөлний ард хурц өвдөлт мэдрэгдэх
  • Алхах, шатаар гарах үед тавхайгаа хөдөлгөж чадахгүй байх
  • Хуруун дээрээ зогсож чадахгүй байх
  • Хөл, тавхай хавдах, хөхрөх
  • Шагайны ар талруу цохиулсан юм шиг болох

Ерөнхий ойлголт

Дараах тохиолдолд энэхүү гэмтэл үүсдэг:

  • Алхалт, гүйлт дундаасаа хөлөө газарлуу огцом жийх, өөд газар гүйх үед
  • Бүдэрч унах, бусад осол, гэмтэл
  • Теннис, сагсан бөмбөг зэрэг зогсолт, огцом эргэлт ихтэй спортоор тоглох, хичээллэх

Биеийн бодит үзлэгээр гэмтэл ихэнхдээ оношлогддог. Ямар хэлбэрээр шандас шөрмөсний тасарсаныг MRI оношлогоогоор оношлоно.

  • Шандас шөрмөс зарим хэсгээрээ урагдсан байдаг.
  • Шандас шөрмөс бүрэн тасарч, эргэж холбогдохгүй болсон байдаг.

Авах арга хэмжээ

Шандас шөрмөс бүрэн тасарсан бол шөрмөсийг холбох мэс засал хийнэ. Мэс заслын сул болон давуу талыг мэс заслын эмч хэлж өгнө. Мэс заслын өмнө шагай, тавхайны хөдөлгөөнийг хязгаарлах тусгай гутал өмсөнө.

Хэсэг газрын урагдлын үед:

  • Мэс засал эмчилгээ хийгдэж болно.
  • Мэс заслын оронд 6 долоо хоногийн турш чиг, гутал өмсдөг. Энэ хугацаанд шөрмөс эргэж ургадаг.

Хөлний бэхлэгч, чиг, гутал өмсөж, зүүсэн үед тавхайн хөдөлгөөнийг хязгаарладаг. Ингэснээр цаашдын гэмтлээс сэргийлнэ. Эмчийн зөвшөөрсөн хугацаанд алхаж явж болно.

Шинж тэмдгийг намдаах

Хавдрыг бууруулахын тулд:

  • Гэмтсэн хэсэгт тэр даруй нь хүйтэн жин тавина.
  • Унтахдаа хөлөө зүрхний түвшингээс дээшлүүлж өргөн дэрээр ивнэ.
  • Суухдаа хөлөө өргөж сууна.

Өвчин намдаахаар ибупрофен, напроксен, ацетаминофен ууна.

Дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

  • Зүрхний өвчин, элэгний өвчин, цусны даралт ихсэлт, бөөрний өвчин, ходоодны шарх, цус алдалт байгаа бол эмчлэгч эмчдээ хэлэх хэрэгтэй.
  • Тамхинаас гарах хэрэгтэй (мэс заслын дараах эдгэрэлтэнд муугаар нөлөөлнө)
  • 12-оос доош насны хүүхдэд аспирин өгч болохгүй.
  • Эмийг зааврын дагуу, хэтрүүлэхгүй хэрэглэнэ.

Нөхөн сэргээх эмчилгээ ба биеийн идэвхитэй байдал

Эдгэсэн хойно өсгийгөө хөдөлгөж эхэлнэ. Гэмтлээс хойшхи 2-6 долоо хоногийн дараа эхэлнэ.

4-6 сарын сэргээн засах эмчилгээний дараа хэвийн амьдралдаа ордог. Сэргээн засах эмчилгээгээр шилбэний булчингаа хүчтэй болгох дасгал сурч, шандас шөрмөс илүү уян болно.

Шилбэний булчингаа сунгахдаа аажим сунгана. Хөлөн дээрээ их хүч авч, үсэрч болохгүй.

Эдгэрсэний дараа шандас шөрмөс дахин гэмтэх эрсдэл их байдаг. Дараах зүйлсийг анхаарна:

  • Биеэ хөгжүүлж, дасгал хөдөлгөөн хийхийн өмнө сунгалт хийнэ.
  • Өндөр өсгийтэй гутал өмсөхгүй байх
  • Теннис, сагсанбөмбөг зэрэг спортоор хэзээ хичээллэж болохыг эмчлэгч эмчээсээ асууна.
  • Халаалт, сунгалтыг тохирсон хэмжээгээр хийдэг байх

Ямар үед эмчид хандах вэ?

Дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл эмчид хандана:

  • Хөл, шагай, тавхайн хавдар, өвдөлт ихсэх
  • Хөл, тавхай хөх өнгөтэй болох
  • Халуурах
  • Шилбэ, тавхай хавдах
  • Амьсгал давчдах, амьсгалахад хэцүү байх