Мика Монгол Мика Монгол

Эгэм хугарсаны дараах арчилгаа

Эгэмний яс нь өвчүү, мөрний хооронд байрладаг урт, нарийн яс юм. Өвчүүний 2 талд байрласан 2 эгэмний яс байдаг. Эгэмний яс нь мөрийг нэг шулуунд барьж байдаг.

Эгэмний ясны хугарал гэж оношлогдсон бол дараах заавар, зөвлөмжийг дагах шаардлагатай болно.

Ямар тохиолдолд эгэмний яс хугардаг вэ?

Дараах тохиолдлуудад эгэмний яс хугардаг:

  • Мөрөөрөө унах
  • Гараа тэнийлгэн, тулж унах
  • Машин, дугуй, мотоциклийн осол

Гэмтлийн шинж тэмдэг

Эгэмний гэмтэлээр өсвөр насны хүүхдүүд их өртдөг. Насанд хүртэл эгэмний яс нь бүрэн бэхжээгүй байдагтай холбоотой юм.

Эгэмний ясны хөнгөн хугарлын шинж тэмдгүүд:

  • Хугарсан ясан дээр өвдөх
  • Мөр, гараа хөдөлгөж чадахгүй байх, хөдөлгөөн хийхэд өвдөх
  • Мөр унжсан юм шиг санагдах
  • Гараа өргөхөд хавиралдах, үрэгдэх чимээ гарах
  • Эгэм яс хөхрөх, хавдах, овойх

Ноцтой хугарлын шинж тэмдгүүд:

  • Гар, хуруу мэдээгүй болох, ирвэгнэх
  • Яс товойх, арьс нэвт гарах

Авах арга хэмжээ

Хугарлын хэлбэрээс хамааран эмчилгээ хийгдэнэ.

  • Зөрүүгүй хугарал байвал татлага, сойлт зүүж, шинж тэмдгийг дарах эмчилгээ хийнэ. Эгэм ясны хугарлын үед гөлтгөнөн боолт хийдэггүй.
  • Зөрүүтэй хугарал байвал мэс засал эмчилгээ шаардлагатай.
  • Бага зэрэг богиноссон, байрлал өөрчлөгдсөн, зөрүүтэй хугарлын үед мэс засал хийгдэх магадлал ихэснэ.

Эгэм яс хугарсан үед гэмтлийн эмчийн хяналтанд орно.

Эгэм ясны эдгэрэл нь дараах зүйлсээс хамаарна:

  • Хугарал эгэм ясны аль хэсэгт байрласанаас хамаарна (ясны төгсгөл хэсэг, дунд хэсэг)
  • Ясны хугарал зөрүүгүй байх
  • Нас. Хүүхдүүд 3-6 долоо хоногийн дотор эдгэдэг. Насанд хүрэгчид 12 долоо хоног хүртлэх хугацаанд эдгэдэг.

Зовиур намдаах

Хүйтэн, мөстэй жин тавьж өвдөлтийг намдаана. Мөстэй жинг тавихдаа алчууранд ороож тавина. Мөсийг арьсан дээр шууд тавьж болохгүй. Арьсыг гэмтээх аюултай.

Гэмтэл авсан эхний өдөр, цаг тутамд 20 минутаар хүйтэн жин тавина. Дараах өдрөөс нь эхлэн 3-4 цаг тутамд 20 минутаар тавина. 2 ба түүнээс олон өдрөөр хийнэ.

Өвчин намдаахын тулд ибупрофен, напроксен, ацетаминофен хэрэглэнэ. Эдгээр эмийг жоргүйгээр авч хэрэглэж болдог.

  • Зүрхний өвчин, цусны даралт ихсэлт, бөөрний өвчин, ходоодны шарх, дотуур цус алдалттай бол эмчийн заавраар хэрэглэнэ.
  • Эмийг зааврын дагуу, хэтрүүлэхгүй хэрэглэнэ.
  • Эдгээр эмийг гэмтэл авсан эхний 24 цагт хэрэглэж болохгүй. Цус алдалтыг бий болгодог.
  • Хүүхдэд аспирин өгч болохгүй.

Шаардлагатай бол эмч илүү хүчтэй эмийн жор бичиж өгнө.

Биеийн идэвхитэй байдал

Ясны эдгэрэлтийг дэмжиж сойлт, бэхлэгч зүүнэ. Сойлт зүүснээр:

  • Эгэм яс зөв байрлалд орж эдгэнэ.
  • Хөдөлгөөнөөс болж өвдөлт үүсэхгүй

Хөдөлгөөн хийхэд өвдөхгүй болсон үед зөөлөн дасгал хийж эхлэнэ. Дасгал хийснээр гарын хүч, хөдөлгөөн сайжирна. Ингэсэн үед сойлт зүүх шаардлага багасна.

Эгэм ясны хугарлын дараа хөдөлгөөний идэвхээ сэргээж эхлэхдээ аажим эхэлнэ. Гар, мөр, эгэм өвдөж эхлэвэл үйлдлээ зогсоож, амарна.

Эгэм яс эдгэртэл 3-4 сар зарим спортоор хичээллэж болохгүй.

Хуруундаа бөгж зүүж болохгүй.

Ямар үед эмчид хандах вэ?

Дараах тохиолдлуудад эмчид яаралтай хандана:

  • Гар бадайрах, мэдээгүй болох, жирвэгнэх
  • Өвчин намдаах эмэнд өвдөлт намдахгүй байх
  • Хуруу цайвар, хөх, хар, цагаан өнгөтэй болох
  • Гэмтсэн талын гараа хөдөлгөж чадахгүй байх
  • Мөрний хэлбэр алдагдаж, яс арьснаас ил гарах