Мика Монгол Мика Монгол

Зүрхний хавхлагын мэс засал хийлгэсний дараах арчилгаа

Эмнэлэгт байх хугацаа

Зүрхний аль нэг хавхлагыг солих, сэргээх мэс засал хийгдэнэ. Цээжний голд том зүсэлт хийх, хавирга завсраар жижиг зүсэлт хийх, 2-4 жижиг зүсэлт хийх замаар тус тус мэс засал хийгддэг.

3-7 хоног эмнэлэгт хэвтдэг. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэх тохиолдол гарч болно. Хурдан эдгэхийн тулд дасгал хөдөлгөөн хийж сурна.

Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс

Мэс заслаас хойш бүрэн эдгэрэхэд 4-6 долоо хоног шаардагдана. Энэ хугацаанд дараах шинж тэмдэг илрэх нь хэвийн зүйл юм:

  • Цээжин дээрх мэс заслын зүсэлтийг тойроод өвдөх
  • 2-4 долоо хоног хоолны дуршил муу байх
  • Сэтгэл санаа тогтворгүй байх, сэтгэл гутралд орох
  • Зүсэлт хийсэн шархыг тойроод ирвэгнэх, бадайрах, загатнах. Энэ мэдрэмжүүд 6 сар ба түүнээс дээш хугацаанд үргэлжилдэг.
  • Өвчин намдаах эмнээс шалтгаалан өтгөн хатах
  • Богино хугацааны хөнгөн ой тогтоолт муудах, мартах
  • Ядрах, эрч хүчгүй болох
  • Нойр хүрэхгүй байх. 2-3 сард хэвийн унтдаг болно.
  • Амьсгал давчдах
  • Эхний нэг сар гар суларна.

Биеийн идэвхитэй байдал

Ерөнхий зааврын дагуу дэглэм барина. Мэс заслын эмч зарим нэг тусгай заавар өгч болно. Эмчийн зааврыг чанд дагах хэрэгтэй.

Эхний 1-2 долоо хоног гэртээ байхдаа бусдаар туслуулах хэрэгтэй.

Аль болох биеийн идэвхитэй байх хэрэгтэй. Биеийн идэвхийг бага багаар, аажмаар ихэсгэнэ.

  • Нэг байрлалдаа удаа сууж, зогсож БОЛОХГҮЙ. Бага зэрэг алхаж явна.
  • Алхах нь уушиг, зүрхэнд сайн дасгал болно. Аажим эхэлнэ.
  • Шатаар тэнцвэр алдахгүй гарч явна. Бариулнаас барьж явна. Дунд нь амарч болно. Хүнтэй хамт алхаж эхлэнэ.
  • Гэрийн хөнгөн ажил хийж болно.
  • Амьсгал давчдах, толгой эргэх , цээжээр өвдөх гэсэн зовиурууд илэрвэл хийж буй үйлдлээ зогсооно.
  • Цээж хөдлөх, цээжээр өвдөхөд хүргэх үйлдэл, дасгал хөдөлгөөн (мушгирах, татах, хүндийг өргөх) хийж БОЛОХГҮЙ.

Мэс заслын дараах 4-6 долоо хоногт жолоо барьж болохгүй. Жолооны хүрдийг эргүүлэхэд мушгих үйлдэл хийх нь мэс заслын шархыг татаж хөндөнө.

6-8 долоо хоног ажилдаа явахгүй. Эмчлэгч эмчээсээ хэзээ ажилдаа явж болохыг асууна.

Багадаа 2-4 долоо хоног аялалд явж БОЛОХГҮЙ. Хэзээ аялалаар явж болохыг эмчлэгч эмчээсээ асууна.

Бэлгийн идэвхитэй амьдралдаа аажмаар орно. Хамтрагчтайгаа нээлттэй ярих хэрэгтэй.

  • 4 долоо хоногийн дараа, 2 давхарын шатруу хөнгөн гардаг болох, 800 метр алхдаг болсон үедээ бэлгийн идэвхитэй амьдралдаа орж болно.
  • Сэтгэл зовинол, эмийн нөлөө зэргээс болж эрэгтэй, эмэгтэй, аль ч хүйсний хүнд бэлгийн хариу үйлдэл буурдаг гэдгийг санах хэрэгтэй.
  • Эмч зөвшөөртөл бэлгийн сулралд уудаг эм (Виагра) хэрэглэж болохгүй.

Шарх арчлах

Мэс заслын дараах эхний 6 сард гар, цээжний хөдөлгөөнийг анхаарч байх хэрэгтэй.

Дараах үйлдлийг хийж БОЛОХГҮЙ:

  • Гэдийх
  • Гараасаа татуулах (орноос босохдоо гарнаасаа татуулах гэх мэт)
  • 3 сарын турш 2-3 кг-аас хүнд юм өргөх
  • Гараа мөрний түвшнээс дээшлүүлэх ямар ч төрлийн үйлдэл, дасгал хийх

Дараах зүйлсийг болгоомжтой хийнэ:

  • Шүдээ угаах
  • Ор, сандалнаас босох. Гараа биетэйгээ ойр тулж босно.
  • Гутлаа өмсөх гэж бөхийх

Өвчүү, мэс заслын шархыг татах ямар ч төрлийн үйлдлийг тэр даруйд нь зогсооно. Өвчүүний яс хөдлөх, шилжих, дуугарах тохиолдлуудын алинд нь ч хөдөлгөөнийг даруй зогсоож, мэс заслын эмчдээ мэдэгдэнэ.

Мэс заслын шарх орчмыг зөөлөн савантай усаар угаана.

  • Гараа савандаж угаана.
  • Арьсаа дээш доош нь зөөлөн үрж угаана.
  • Арьс эдгэрч, тав унасан хойно бие угаагчаар угааж болно.

Шүршүүрт 10 минутаас илүүгүй хугацаагаар орно. Ус бүлээн байх ёстой. Тос, крем, анхилам үнэртэй бие угаах шингэн хэрэглэж БОЛОХГҮЙ. Эмчлэгч эмчийн зааж өгснөөр боолтыг хийнэ.

Шарх бүрэн эдгэртэл ваннд орж, усанд сэлж БОЛОХГҮЙ. Шархыг хуурай байлгана.

Өөрийгөө арчлах бусад аргууд

Зүрхнийхээ цохилтыг өдөр бүр шалгана. 4-6 долоо хоногийн турш амьсгалын дасгал хийнэ.

Зүрхэнд эрүүл хоолны дэглэм баримтлана.

Сэтгэл санаагаар унавал найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцана. Сэтгэл зүйн зөвлөгөө авна.

Зүрх, чихрийн шижин, цусны даралт ихсэлт зэрэг өвчинд ууж байгаа эмээ үргэлжлүүлэн ууна. Эмчийн зөвшөөрөлгүйгээр эмээ зогсоож БОЛОХГҮЙ.

Ямар нэг мэс ажилбар хийлгэх, шүдээ эмчлүүлэхээс өмнө антибиотик хэрэглэнэ. Эмчилгээ хийх эмч нартаа (шүдний эмч, бусад эмч нар, сувилагч, асрагч) зүрхний өвчнийхөө талаар хэлнэ. Эмнэлгийн таних тэмдэг бүхий бугуйвч зүүнэ.

Цусны бүлэн үүсэхээс сэргийлж цус шингэлэх эм ууна. Дараах эмүүдийг хэрэглэдэг:

  • Аспирин, клопидогрел болон тикагрелор,прасугрел, апиксабан, дабигатран, ривароксабан, эдоксабан зэрэг цус шингэлэх эмүүд
  • Варфарин. Варфарин ууж байгаа үед цусны шинжилгээ хэвийн байх ёстой. Гэрийн нөхцөлд цусаа шинжлэх төхөөрөмжтой байх хэрэгтэй болно.

Ямар үед эмчид хандах вэ?

  • Цээжээр өвдөх, тайван үед амьсгал давчдаж, намдахгүй байх
  • Мэс заслын шарх орчим өвдөж, намдахгүй байх
  • Зүрхний хэм хэт удаашрах (1 минутанд 60 цохилтоос цөөн болох), хэт түргэсэх (1 минутанд 100-120 цохилтоос их болох)
  • Толгой эргэх, манарах, ихээр ядрах
  • Ханиалга намдахгүй байх
  • Шилбэ өвдөх, улайх, хавдах
  • Цустай, шар, ногоон өнгийн цэртэй ханиах
  • Зүрхний эм уухад муу нөлөө илрэх
  • Биеийн жин 2 өдрийн турш өдөрт 1 кг-аар ихсэх
  • Шарх улайж, хавдах, ангайх, шүүс гарах
  • 38.3 хэмээс дээш халуурах

Цус шингэлэх эм ууж байх үед дараах өөрчлөлт илэрвэл эмчидээ хандана:

  • Хүчтэй унах, толгойгоо цохих
  • Тарилга хийсэн, гэмтсэн газар өвдөх, хавдах
  • Арьсан дээр их хэмжээний хөхрөлт үүсэх
  • Хамар, буйл зэрэг газраас ихээр цус гарах
  • Шээс, өтгөн хар бараан өнгөтэй, цустай гарах
  • Толгой өвдөх, толгой эргэх, бие сулрах
  • Халуурах, өвчний улмаас бөөлжиж, суулгах
  • Жирэмсэн, жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол