Мика Монгол Мика Монгол

Дэлүү тайрах нээлттэй мэс заслын дараах арчилгаа

Дэлүү тайрах мэс засал хийгдэнэ. Гэртээ гарсаны дараагаар эмчлэгч эмчийн зааврын дагуу өөрийгөө арчилна.

Эмнэлэгт байх хугацаа

Хэвлийн дунд хэсэг юм уу хэвлийн зүүн талд хавирганы доогуур зүсэлт хийнэ. Хавдрын эмчилгээ хийгдэж байгаа бол тунгалгийн булчирхайнуудыг бас авна.

Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс

Мэс заслын эдгэрэлт нь 4-8 долоо хоногийн хугацаа шаардана. Дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • 2-3 долоо хоног шарх орчмоор өвдөнө. Цаг хугацаа өнгөрөх тусам өвдөлт багасна.
  • Мэс заслын үед амьсгалын гуурс хэрэглэсний улмаас хоолой өвдөнө. Гаа хүлхэж, хоолойгоо зайлна.
  • Дотор муухай оргиж, бөөлжинө. Эмч дотор муухай оргилтын эм бичиж өгнө.
  • Шарх тойроод улайж, хөхөрнө. Өөрөө аяндаа арилна.
  • Гүнзгий амьсгал авахад хэцүү болно.
  • Цусны өөрчлөлт, лимфома өвчнөөс шалтгаалан дэлүүг тайрсан бол нэмэлт эмчилгээ шаардагдана.

Биеийн идэвхитэй байдал

Гэртээ аюулгүй байдлыг бий болгоно. Унаж, хальтрахаас сэргийлж хивсээ авна. Шүршүүр, ваннд орохдоо аюулгүй байдлыг хангана. 2-3 хоног бусдын тусламжийг авна.

4-8 долоо хоногт энгийн хийдэг үйлдлүүдээ хийх чадвартай болно. Үүнээс өмнө дараах зүйлсийг анхаарна.

  • Хүнд зүйл өргөж БОЛОХГҮЙ.
  • Хүнд дасгал хийх, хүндийг өргөх зэрэг амьсгаадах, хэт ачааллах, өвдөлт үүсгэж байгаа биеийн хүчилсэн үйлдэл хийхгүй.
  • Богино зайнд алхаж, шатаар явж болно.
  • Гэрийн хөнгөн ажлууд хийж болно.
  • Өөрийгөө хүчилж, шахаж БОЛОХГҮЙ. Хийж чадах хэмжээгээрээ аажим ихэсгэнэ.

Өвдөлт намдаах

Эмчлэгч эмч гэртээ хэрэглэх өвчин намдаах эмийн жорийг бичиж өгнө. Өдөрт 3-4 удаа өвчин намдаах эм уудаг бол 3-4 хоногийн турш нэг цагтаа уух хэрэгтэй. Ингэвэл өвдөлт сайн намдана.

Сэтгэц нөлөөт эмийн оронд ацетаминофен, ибупрофен гэсэн эмийг хэрэглэж болох эсэхийг мэс заслын эмчээсээ асууна.

Хэвлийгээр өвдвөл босож, алхаж явбал өвчин намдана.

Ханиаж, найтаах үедээ шархаа дэрээр дарж өвдөлт намдааж, шархыг хамгаална.

Шарх арчлах

Зааврын дагуу шархыг арчилна. Шархыг арьсны цавуугаар халхалсан бол мэс засал хийлгэсэн өдрийн дараагаас шүршүүрт орж болно. Хөнгөн дарж арчин хатаана. Шархны боолттой бол өдөр бүр сольж, мэс заслын эмчийн зөвлөсөн хугацаанд шүршүүрт орно.

Шархны туузаар шархыг хаасан бол дараах зүйлсийг анхаарна:

  • Эхний долоо хоногт шүршүүрт орохдоо нийлэг уутаар шархыг халхална.
  • Шархны тууз, цавууг угааж БОЛОХГҮЙ. 7 хоногийн дотор өөрөө унах болно.

Ваннд орж, усан сэлж БОЛОХГҮЙ.

Халдвараас сэргийлэх

Дэлүүгүйгээр идэвхитэй энгийн амьдрал үргэлжилдэг. Гэхдээ халдвар авах эрсдэл байнга дагаж байдаг. Учир нь дэлүү бол халдвартай тэмцдэг хүний биеийн дархлаа тогтолцооны нэг хэсэг юм.

Дэлүү тайруулсны дараа халдвар авах магадлал ихэснэ.

  • Мэс заслын дараах эхний 7 хоногт биеийн халуунаа өдөр бүр үзнэ.
  • Халуурах, хоолой өвдөх, толгой өвдөх, хэвлийгээр өвдөх, суулгах, арьсаа гэмтээх тохиолдлуудад мэс заслын эмчдээ даруй хандана.

Дархлаажуулалтанд хамрагдах нь маш чухал юм. Дараах вакцинуудыг хийлгэж болох эсэхийг эмчээсээ асууна:

  • Уушгины хатгаа
  • Менингоккын халдвар
  • Хемофил
  • Томуу (жил бүрийн)

Халдвараас хамгаалах аргууд:

  • Дархлаа тогтолцоогоо сайжруулахын тулд эрүүл хоол хүнс хэрэглэх
  • Гэртээ гарсанаас хойшхи 2 долоо хоногт олон цугласан газраас хол байх
  • Гараа савантай усаар тогтмол угаана. Гэр бүлийн гишүүдэд ч гэсэн энэ хамаатай.
  • Амьтанд хазуулвал даруй эмчлүүлнэ.
  • Аялаж, зугаалахдаа арьсаа хамгаална. Урт ханцуйтай цамц, өмд өмсөнө.
  • Хол аялах гэж байгаа бол эмчдээ мэдэгдэнэ.
  • Эмчилгээ хийх эмч нартаа (шүдний эмч, бусад эмч нар, сувилагч, асрагч) дэлүү тайруулах мэс засал хийлгэсэн гэдгээ хэлнэ.
  • Дэлүү авахуулсан гэдэг таних тэмдэг бүхий бугуйвч зүүнэ.

Ямар үед эмчид хандах вэ?

  • 38.3 хэмээс дээш халуурах
  • Шархнаас цус гарах, улайх, хүрэхэд халуун байх, хатуурах, шар, ногоон өнгөтэй, идээрхэг шүүс гарах
  • Өвчин намдаах эм үйлчлэхгүй байх
  • Амьсгалахад хэцүү байх
  • Ханиалга намдахгүй байх
  • Ууж, идэж чадахгүй байх
  • Арьсны тууралт гарах