Хөхийг бүхэлд нь тайрах мэс засал хийгдэнэ. Хөхний хавдраас сэргийлэх, эмчлэх зорилгоор хийгддэг.
Эмнэлэгт байх хугацаа
Дараах төрлийн мэс засал хийгдэнэ:
- Хөхний толгой, нөсөөг үлдээж хөхийг бүхэлд нь авах мэс засал байдаг. Хавдрын тархалтыг үзэхийн тулд ойр орчмын лимфийн булчирхайнаас эдийн шинжилгээ авдаг.
- Хөхийг бүхэлд нь хөхний толгой, нөсөөтэй хамт авч, бага хэмжээний арьс үлдээдэг. Хавдрын тархалтыг үзэхийн тулд ойр орчмын лимфийн булчирхайнаас эдийн шинжилгээ авдаг.
- Хөхийг хөхний толгой, нөсөөтэй нь хамт бүхэлд нь авдаг энгийн мэс заслын арга байдаг. Хавдрын тархалтыг үзэхийн тулд ойр орчмын лимфийн булчирхайнаас эдийн шинжилгээ авдаг.
- Хөхийг бүхэлд нь суганы булчирхайнуудтай хамт авах мэс заслын арга байдаг.
Хиймэл хөх хийх, хүний эдээр нөхөх мэс засал мөн хийгддэг.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
4-8 долоо хоногийн дараа бүрэн эдгэнэ. Гар, мөр, цээж хөшнө. Энэ хөшилт аажимдаа арилах бөгөөд нөхөн сэргээх эмчийн тусламж шаардагдана.
Мэс засал хийлгэсэн талын гар хавдаж, тунгалгийн хаван үүснэ. Энэ хаван ихэнхдээ хожуу үүсдэг бөгөөд ужгирч үлддэг. Мөн сэргээн засах эмчилгээгээр эмчлэгдэнэ.
Илүүдэл шингэнийг гадагшлуулахаар цээжиндээ гуурстайгаар гэртээ гардаг. Энэхүү гуурсыг хэзээ авахыг мэс заслын эмч шийдэх бөгөөд ихэнхдээ 1-2 долоо хоног болдог.
Хөх тайруулсны дараах байдалд дасахад хугацаа орно. Хөхөө тайруулсан бусад эмэгтэйчүүдээс зөвлөгөө авах хэрэгтэй. Зөвлөгөө, дэмжлэг чухал байдаг.
Биеийн идэвхитэй байдал
Тавгүй байдал, өвдөлт үүсгэхгүй ямар ч үйлдэл хийж болно. Өдөр тутмын хэвийн амьдралдаа 2-3 долоо хоногийн дараа орох боломжтой.
Мэс засал хийлгэсэн талын гараа чөлөөтэй ашиглаж болно.
- Гарын хөшилтийг арилгах энгийн дасгал, хөдөлгөөнийг эмч, сэргээн засахын эмч зааж өгнө. Заасных нь дагуу хийнэ.
- Өвчин намдаах эм ууснаас бусад үед жолоо барьж болно. Өвчин хөндүүргүйгээр жолоо мушгиж чадахаар байх болно.
Хэзээ ажилдаа орж болохыг мэс заслын эмчээс асууна. Хэзээ, юу хийж чадах нь ямар төрлийн ажил хийдэг, тунгалгийн булчирхайн эдийн шинжилгээ өгсөн эсэхээс хамаарна.
Хөх тайруулсны дараа зүүдэг төрөл бүрийн хөхний даруулга зэрэг ямар бүтээгдэхүүн хэрэглэж болох талаар мэс заслын эмч, сувилагч нараас асууна. Ийм төрлийн бүтээгдэхүүнийг тусгай хэрэглэлийн дэлгүүр, томоохон худалдааны төвийн дотуур хувцасны тасаг, интернетээс авах боломжтой.
Шархны арчилгаа
Эмнэлгээс гэртээ гарахдаа цээжний гуурстай гарах тохиолдол бий. Шүүсний уутыг суллаж, гарч байгаа шингэнийг хэмжихдээ зааврын дагуу хийнэ.
Оёдол ихэнхдээ арьсан дор тавигдаж, өөрөө аяндаа уусаж алга болдог. Үдээсээр оёсон бол эмчид үзүүлж авахуулна. Мэс засал хийснээс 7-10 хоногийн дараа авахуулдаг.
Дараах зааврын дагуу шархыг арчлана:
- Шархны боолттой бол эмчийн заасан хугацаа хүртэл өдөр бүр солино.
- Шарх орчмыг зөөлөн савантай усаар угаана.
- Шүршүүрт орж болох ч мэс заслын наалт, цавууг үрж БОЛОХГҮЙ. Өөрөө унахыг хүлээнэ.
- Эмчийг зөвшөөрөх хүртэл ванн, бассейнд орж БОЛОХГҮЙ.
Өвдөлт намдаах
Эмчлэгч эмч өвчин намдаах эмийн жор бичиж өгнө. Гэртээ гарах үед уг эм бэлэн байж байхаар бэлдэж авна. Өвдөлт эхэлсэн үед өвчин намдаах эм ууна. Өвчин намдаах эм уухгүй удах нь өвдөлтөнд сөрөг нөлөөтэй. Өвдөлт ихсэхээс өмнө өвчин намдаах эмийг хэрэглэнэ. Сэтгэц нөлөөт эмийн оронд ацетаминофен, ибупрофен ууж болох талаар мэс заслын эмчээс асууна.
Өвдөлт, хавантай байвал цээж, сугандаа хүйтэн жин тавина. Эмч зөвшөөрсөн үед л ингэж хүйтэн жин тавина. Мөстэй хүйтэн жин тавихдаа гадуур нь алчуураар ороож арьс гэмтэхээс сэргийлнэ. Мөстэй хүйтэн жинг 15 минутаас илүү тавьж БОЛОХГҮЙ.
Хяналт
Дараачийн үзлэгийн хуваарийг мэс заслын эмч хэлж өгнө. Хими, туяа эмчилгээ, дааврын эмчилгээ зэрэг эмчилгээ хийлгэх шаардлага үүсч болдог.
Ямар үед мэс заслын эмчид хандах вэ?
- 38.6 хэмээс дээш халуурах
- Мэс засал хийсэн талын гар хавагнах
- Мэс заслын шархнаас цус гарах, улайх, хүрэхэд халуун байх, хатуурах, шар, ногоон өнгөтэй идээрхэг шүүс гарах
- Өвчин намдаах эмэнд өвдөлт намдахгүй байх
- Амьсгалахад хэцүү байх
- Ханиалга намдахгүй байх
- Ууж, идэж чадахгүй байх