Ямар төрлийн зүрхний өвчнүүд байдаг вэ?
Зүрхний өвчинд зүрх судасны олон төрлийн өөрчлөлтүүд багтдаг. Үүнээс гол өвчний төрлүүдийг дурдвал:
- Арритми. Зүрхний хэм алдагдал.
- Атеросклероз. Судасны хатуурал.
- Кардиомиопати. Зүрхний булчин тэлэгдэх, зузаарах эмгэг.
- Төрөлхийн зүрхний гажиг.
- Зүрхний титэм судасны өвчин. Зүрхний артерийн судсанд өөхөн товруу үүссэнээс шалтгаалдаг өвчин. Мөн зүрхний цус хомсролын өвчин ч гэж нэрлэдэг.
Зүрхний өвчин ямар шинж тэмдгээр илрэх вэ?
Төрөл бүрийн зүрхний өвчнүүд өөр өөр шинжт тэмдэгтэй байдаг.
Зүрхний хэм алдагдал
Зүрхний хэм алдагдалын төрлөөсөө хамаараад зүрхний цохилт хэт хурдан болон хэт удаан болно.
- Толгой эргэх
- Зүрх дэлсэх, түргэн цохилох
- Зүрхний цохилт удаашрах
- Ухаан алдах, давчдах
- Цээжээр өвдөх
Судасны хатуурал
Судас хатуурсанаар захын эрхтэнд очих цусан хангамж буурна.
- Цээжээр өвдөх
- Амьсгал давчдах
- Хөл гар хөрөх, даарах
- Хөл гар бадайрах
- Хөл гар сулрах
Төрөлхийн зүрхний гажигууд
Эхийн хэвлий дэх ураг өсөх явцад үүсдэг зүрхний өвчин юм. Зарим зүрхний гажиг оношлогдохгүй явах нь бий. Бусад нь харин шинж тэмдэг өгсөнөөр оношлогддог:
- Арьс хөхрөх
- Хөл гарын үзүүр хавдах
- Амьсгалахад саадтай болох
- Ядрах, сульдах
- Зүрхний хэм алдагдах
Титэм судасны өвчин
Зүрх, уушгаар явдаг хүчил төрөгчөөр баялаг артерийн судсанд өөхөн товруу үүссэнээс үүддэг өвчин юм.
- Цээжээр өвдөх, эвгүй оргих
- Цээж давчдах, дараад байгаа юм шиг мэдрэгдэх
- Амьсгал давчдах
- Дотор муухай оргих
- Хэвлий дүүрэх, хоол шингээлт муудах
Кардиомиопати
Зүрхний булчин томорч зузаарах юм уу нимгэрсэнээс шалтгаалан хөдөлгөөн нь муу болох өвчин юм.
- Ядрах
- Хавагнах
- Шагай, шилбээр хавагнах
- Амьсгал давчдах
- Зүрх чичрэх, дэлсэх
Эмэгтэйчүүдийн зүрхний өвчний шинж тэмдэгүүд ямар байдаг вэ?
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү зүрхний өвчний шинж тэмдэг, тэр тусмаа титэм судасны өвчин болон зүрх судасны өвчний төрөл бүрийн шинж тэмдэг илрэх нь их байдаг. Зүрхний шигдээс болсон эмэгтэйчүүдэд ядрах, нойр хямрах зэрэг ерөнхий шинж тэмдэгээр зовиур илрэх нь их байдаг бөгөөд зүрхний шигдээс туссан эмэгтэйчүүдийн 80 хувьд нь эдгээр шинж тэмдэг багадаа 1 сар хүртэл хугацаагаар үргэлжилсэн байдаг. Энэ жишээгээр эмэгтэйчүүдийн зүрхний өвчний шинж тэмдэгүүд нь сэтгэл гутрал, цэвэршилт, ядаргаа зэрэг бусад өвчнүүдтэй адил шинж тэмдэгээр илэрдэг.
Эмэгтэйчүүдэд илэрдэг зүрхний өвчний шинж тэмдэгүүд
- Толгой эргэх
- Арьс цонхийх
- Амьсгал давчдах
- Ухаан алдах
- Ядрах
- Дотор муухай оргих
- Бөөлжих
- Эрүүгээр өвдөх
- Хүзүү өвдөх
- Нуруу өвдөх
- Хэвлий цанхайх, хоолны шингээлт хямрах
- Хүйтэн хөлс гарах
Зүрхний өвчний шалтгаан юу вэ?
Зүрхний өвчин гэдэг бол зүрх судасны тогтолцооны өөрчлөлтөөс үүссэн өвчнүүдийн нэгдэл юм. Зүрхний өвчний төрөл тус бүр нь өөрийн гэсэн шалтгаантай. Судас хатуурал болон титэм судасны өвчин гэхэд артерийн судсанд өөхөн товруу үүссэнээс шалтгаалдаг гэх мэт.
Зүрхний хэм алдалтын шалтгаан
- Чихрийн шижин
- Титэм судасны өвчин
- Зүрхний гажиг
- Эм, бэлдмэл, ургамлын гаралтай бүтээгдэхүүн
- Цусны даралт ихсэх
- Архи, каффейн хэтрүүлэн хэрэглэх
- Эмийн замбараагүй хэрэглээ
- Ядаргаа, стресс
- Зүрхний бусад өвчин
Төрөлхийн зүрхний гажгийн шалтгаан
Ураг эхийн хэвлийд өсөж бойжиж байхад энэхүү зүрхний өвчин үүсдэг. Зүрхний гажиг нь хүнд, хөнгөн, эрт үедээ эмчлэгддэг, оношлогддог, олон жил оношлогдохгүй явдаг зэрэг олон хэлбэртэй. Зүрхний бүтэц нас ахихыг дагаад өөрчлөгддөг. Энэ нь мөн зүрхний гажгийг үүсгэж болно.
Кардиомиопатийн шалтгаан
Кардиомиопатийн шалтгаанууд нь тус бүрдээ өөр өөр өвчин үүсгэдэг.
- Тэлэгдлийн кардиомиопати. Зүрхний агшилтыг сулруулдаг энэхүү элбэг тохиолддог кардиомиопатийн төрөл нь шалтгаан тодорхойгүй. Гэхдээ зүрхний шигдээс, халдвар зэрэг өвчин тусч байсан, өмнө нь хэрэглэж байсан эмнээс шалтгаалсан зүрхний гэмтэл зэргээс шалтгаалдаг байж болно гэж үздэг. Мөн цусны даралт ихсэлт болон удамшлын шалтгаантай байдаг.
- Томролын кардиомиопати. Зүрхний булчин зузаардаг. Ихэнхдээ удамшлын шалтгаантай байдаг.
- Хязгаарлагдсан кардиомиопати. Зүрхний хананы уян хатан чанар алдагддаг, шалтгаан тодорхойгүй кардиомиопатийн төрөл юм. Зүрхний хананд соривжилтын эд, амилойдоз гэх эмгэг уураг үүссэнээс шалтгаалдаг гэж үздэг.
Зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйлүүд юу вэ?
Зүрхний өвчинд хянаж болдог, болдоггүй олон эрсдэлт хүчин зүйл бий.
- Цусны даралт ихсэх
- Цусанд холестрин ихсэх, ӨНЛ (өндөр нягтралтай липопротейн) багасах
- Тамхидалт
- Таргалалт
- Хөдөлгөөн дутмаг байдал
Жишээлбэл тамхидалт нь сэргийлж болох эрсдэлт хүчин зүйл бөгөөд тамхидалт нь зүрхний өвчин үүсэх эрсдлийг 2 дахин нэмэгдүүлдэг.
Чихрийн шижингийн үед цусан дахь глюкоз ихэсдэг учир зүрхний өвчин үүсэх эрсдэл маш их:
- Цээжний бах
- Зүрхний шигдээс
- Тархины цус харвалт
- Титэм судасны өвчин
Чихрийн шижин өвчтэй хүмүүс цусан дахь глюкозын хэмжээгээ хянах нь зүрхний өвчин үүсэх эрсдлээс сэргийлэх чухал нөлөөлтэй.
Хянах боломжгүй эрсдэлт хүчин зүйл
- Гэр бүлийн түүх
- Яс үндэс
- Хүйс
- Нас
Хэдий эдгээр хүчин зүйлийг хянаж болохгүй ч гэсэн гарах өөрчлөлтийг хянаж болно. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү их зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Нас ахих тусам зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл ихэснэ. Наснаас хамаарч зүрхний өвчнөөр өвдөх хамаарал 60 наснаас хойш эрэгтэйчүүдэд 19,9-32,2 хувь байхад эмэгтэйчүүдэд энэ үзүүлэлт 9,7-18,8 хувь байдаг.
Зүрхний өвчнийг хэрхэн оношлох вэ?
Зүрхний өвчний үед хийх шинжилгээнүүд нь өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө хийдэг, өвчний шинж тэмдэг илэрсэний дараа хийдэг шинжилгээнүүд байдаг.
Биеийн үзлэг ба цусны шинжилгээ
Өвчтөнд илэрч байгаа зовиурыг эмч биеийн үзлэгээр үзэж шинжилнэ. Дараа нь өвчтөний гэр бүлийн болон хувийн түүхийг асууна. Зүрхний өвчинд удамшлын нөлөө байдаг. Хэрвээ гэр бүлийн ойрын гишүүн зүрхний өвчтэй бол эмчид үүнийг хэлэх хэрэгтэй.
Цусны шинжилгээнд холестрины түвшин, үрэвслийн шинж байгаа эсэхийг үзэж шинжлэх шаардлагатай байдаг.
Оношлогооны инвазив бус арга
- Зүрхний цахилгаан бичлэг. Зүрхний цахилгаан идэвжлийг шинжилж зүрхний эмгэг байдлыг илэрүүлнэ.
- Зүрхний хэт авиан шинжилгээ. Зүрхний бүтцийг харж шинжилнэ.
- Ачааллын сорил. Алхах, гүйх, дугуй унах зэрэг идэвхитэй хөдөлгөөн гүйцэтгэж байх үед явуулдаг сорил. Энэ сорилоор биеийн хүчний өөрчлөлтийн үе дэх зүрхний үйл ажиллагааг шинжилнэ.
- Каротидын хэт авиан шинжилгээ. Гүрээний артерийн дэлгэрэнгүй оношлогоо шаардлагатай үед хийдэг.
- Холтерын шинжилгээ. Зүрхний цохилтыг 24-48 цагийн турш хянана. Зүрхний үйл ажиллагааны урт хугацаан дахь мэдээллийг өгдөг шинжилгээ.
- Хазайлгадаг орны сорил. Суух, босох үед толгой эргэх, ухаан балартах зовиуртай үед энэ сорилыг хийнэ. Өвчтөнийг оронд хүлж дээшлүүлэх болох доошлуулах үед зүрхний цохилт, цусны даралт, цусан дахь хүчилтөрөгчийн түвшин яаж өөрчлөгдөж байгааг шинжилнэ.
- Компьютер томографи. Зүрхний өндөр түвшинд нарийвчлан харуулсан рентген зургаар оношлох боломж олгоно.
- Зүрхний MRI. Компьютер томографитай адил зүрх, цусны судасны илүү нарийвчилсан оношлогоо хийх боломж олгоно.
Инвазив оношлогооны арга
Биеийн ерөнхий үзлэг, цусны шинжилгээ, инвазив бус оношлогооны аргууд тус болохгүй бол шалтгааныг олохын тулд хүний биеийн доторхыг харж шинжлэх шаардлагатай болно. –
- Зүрх сэтгүүрдэх, титэм судасны ангиографи. Цавины артериар дамжуулан зүрхэнд сэтгүүр оруулна. Ингэснээр зүрх, цусны судастай холбоотой шинжилгээ хийх боломжтой болно. Зүрхэнд ингэж сэтгүүр оруулсан үед титэм судасны ангиографи мөн хийх боломжтой болно. Титэм судасны ангиграфийн үед зүрхний эргэн тойрны артерийн нарийн судасуудруу будагч бодис шахдаг. Энэ будагч бодис нь өндөр нарийвчлалтай рентген зураг авах боломжийг олгоно.
- Электрофизиологийн судалгаа. Зүрхэнд оруулсан сэтгүүрээр электрод оруулж энэхүү шинжилгээг хийдэг. Электродыг оруулсанаар цахилгаан давтамж өгч зүрхнээс ирэх долгионыг бүртгэж авдаг.
Зүрхний өвчний ямар эмчилгээнүүд байдаг вэ?
Зүрхний өвчний явц, хүнд хөнгөний байдлаас эмчилгээ хэрхэн хийгдэх нь их хамааралтай байдаг. Жишээ нь судсанд өөхөн товруу үүссэн бол дахин өөхөн товруу үүсэх эрсдлээс сэргийлэх эмийн эмчилгээ болон эрүүл амьдралын хэвшилд дадуулах эмчилгээ хийдэг.
Зүрхний өвчний эмчилгээ нь үндсэн 3 хэсэгт хуваагдана:
- Амьдралын хэвшлээ өөрчлөх
Эрүүл амьдралын хэвшил сонгох нь зүрхний өвчнөөс сэргийлэх ач тустай. Мөн өвчнийг эмчлэх болон дордож муудахаас сэргийлдэг. Хоолны дэглэм бол энэ хэсгийн хамгийн түрүүнд өөрчлөх хэсэг юм. Натри, өөх тос багатай, жимс ногоогоор баялаг хоолны дэглэм нь зүрхний өвчний хүндрэлийн эрсдлийг бууруулна. Үүнтэй адил тогтмол дасгал хийх, тамхинаас гарах нь зүрхний өвчнийг эмнэнэ. Архи, согтууруулах ундааны хэрэглээг мөн бууруулах шаардлагатай.
2. Эмийн эмчилгээ
Эмийн эмчилгээг зүрхний өвчнийг эмчлэх болон хянах зорилгоор хэрэглэдэг. Мөн өвчний хүндрэлийг зогсоох болон удаашруулахад хэрэглэнэ.
3. Мэс засал болон инвазив эмчилгээ
Зарим зүрхний өвчнийг эмчлэх болон хүндрэлийг лавшруулахгүйн тулд мэс засал болон эмнэлгийн ажилбар хэрэгтэй болно.
Жишээ нь, өөхөн товруу үүссэнээс артерийн судас хаагдсан тохиолдолд цусны урсгалыг сэргээхийн тулд судсанд судас тэлэгч тавина. Энэхүү ажилбарыг зүрхний өвчний төрөл болон хор нөлөөний байдлаас хамаарч хийдэг.
Зүрхний өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Удамшлын байдал зэрэг зарим хүчин зүйлийг хянах боломжгүй юм. Харин хянаж болох эрсдэлт хүчин зүйлүүдийг бууруулснаар зүрхний өвчнийг бууруулах боломж бий гэдгийг санах хэрэгтэй.
Цусны даралт, холестрины түвшинг хэвийн байлгах
Зүрхний эрүүл байдлыг хангах эхний алхам бол цусны даралт, холестрины түвшин эрүүл хэмжээнд байх явдал юм. Цусны даралт мөнгөн усны миллиметрээр хэмжигдэнэ. Цусны даралтын эрүүл хэмжээ бол систолын 120, диастолын 80 буюу 120/80 мммуб юм. Систол бол зүрх агшиж байх үеийн хэмжээ юм. Диастол бол зүрх суларч байх үеийн хэмжээ. Даралт ихсэх нь зүрх цусыг шахахын тулд хэт их ажиллаж байна гэсэн үг.
Холестрины түвшин ямар байх нь тухайн хүнд тулгамждаж буй эрсдэлт хүчин зүйл, зүрхний эрүүл байдлын түүхээс хамаарна. Хэрвээ зүрх судасны өвчин тусах өндөр эрсдэлд байгаа, чихрийн шижин өвчтэй, зүрхний шигдээс болж байсан бол бусад энгийн буюу бага эрсдэлтэй хүмүүсээс холестрины түвшин доогуур байх шаардлагатай болно.
Стресс менежмент
Стресс менежмент нь мөн зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулна. Зүрх судасны өвчнийг үүсгэдэг архаг стрессыг дутуу үнэлж болохгүй. Хэт ядрах, сульдах, амьдарч буй орчноо солих, ажлаа өөрчлөх, салалт зэрэг амьдралын үйл явдалтай учирч яваа бол эмчтэй ярилцан, зөвлөгөө авах хэрэгтэй.
Амьдралын эрүүл хэвшлийг сонгох
Эрүүл хоол хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг байх нь чухал юм. Ханасан өөх тос, давс ихтэй хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй. Долоо хоногийн ихэнх өдөрт нь 30-60 минут буюу долоо хоногийн нийт 2 цаг 30 минутын дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Үүний дагуу дасгал хөдөлгөөн хийж эхлэхийн өмнө эмчтэй зөвлөж хянуулан биеийн байдалдаа таарсан дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Тамхи татдаг хүмүүс тамхи татахаа болих хэрэгтэй. Тамхинд байдаг никотин нь цусны судсыг агшааж цусаар хүчилтөрөгч эргэлдэхийг удаашруулна. Ингэснээр судас хатуурал бий болно.
Зүрх судасны өвчний үед ямар амьдралын хэвшлийн өөрчлөлт хэрэгтэй вэ?
Хэрвээ зүрхний өвчнөөр оношлогдоод удаагүй байгаа бол эрүүл болохын тулд хийх алхамуудын талаар эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэхдээ өдөр тутмын дадаж зурших ёстой зүйлсийн талаар дараах дэлгэрэнгүй жагсаалтыг хийнэ:
- Уух ёстой эмнүүд
- Өдөр тутам хийх дасгал хөдөлгөөний журам
- Өөрийн хоолны дэглэм
- Зүрхний өвчин, тархины цус харвалтаар өвдөж байсан төрөл төрөгсдийн түүх
- Өөрийн даралт ихсэлт, чихрийн шижин өвчний талаарх түүх
- Зүрх дэлсэх, толгой эргэх, сульдах зэрэг илэрсэн шинж тэмдгүүд
Эмчид тогтсон үед үзүүлэх нь эрүүл амьдралын дадал хэвшлийн нэг юм. Хэрвээ ингэж чадвал тулгарч болох эрсдлийг аль болох эрт үед нь шийдэх боломж бүрдэнэ. Зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулахын тулд цусны даралт ихсэх зэрэг тодорхой эрсдэлт хүчин зүйлүүдийг эмийн эмчилгээгээр шийднэ.
Мөн доорх зөвлөмжүүдийг мөрдөх хэрэгтэй:
- Тамхинаас гарах
- Цусны даралтаа хянах
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Эрүүл холестрины түвшинг барих
- Илүүдэл жинтэй бол жингээ бууруулах
- Эрүүл хооллох
Эдгээр бүх өөрчлөлтүүдийг нэг дор хийх нь боломжгүй. Тиймээс эрүүл мэндэд хамгийн их нөлөөлж байгаа өөрчлөх ёстой амьдралын тэр хэвшлээс эхлэх хэрэгтэй.