Эмнэлэгт байх хугацаа
Өвдөгний үеийг тэр чигт нь юм уу нэг хэсгийг нь солих мэс засал хийгддэг. Гэмтэж өөрчлөгдсөн ясыг авч, засаад хиймэл шинэ үе байрлуулдаг. Өвчин намдаах эм хэрэглэж, өвдөгний шинэ үеийг хэрхэн арчлах талаар заалгаж авах болно.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Гэртээ гарахдаа бусдын тусламжгүйгээр, тулгуур, суга таяг хэрэглэх чадвартай байх хэрэгтэй. Эдгээр хэрэгслийг 3 сар хэрэглэнэ. Хувцасаа өмсөхдөө бусдын тусламжийг бага зэрэг авах, өөрөө орондоо орох, босох, өөрөө сандал дээр сууж, босох чадвартай байх ёстой. Бие засахдаа ч гэсэн бусдын тусламжийг авахгүй байх чадвартай байх ёстой.
Үүний дараа хуучин амьдралын хэмнэлдээ орох чадвар сууна. Цанаар гулгах, хөлбөмбөг зэрэг түлхэлцдэг спортоор хичээллэхгүй. Ууланд алхах, цэцэрлэг, талбайд ажиллах, усанд сэлэх, теннис, гольф тоглох зэрэг үйл хөдөлгөөн хийж болно.
Сэргээн засах эмч гэрээр тань зочилон гэрийн зохион байгуулалтыг шалгана.
Гэрийнхээ зохион байгуулалтыг өөрчлөх
Орны зах дээр суухад хөл шаланд хүрч байхаар орны өндрийг тааруулна.
Бүдэрч унахаас сэргийлнэ.
- Унахаас сэргийлнэ. Өрөө хооронд явахад саад болох утас, уяаг авч зайлуулна. Гүйж гулсахаар ширдэг, хивсийг авч зайлуулна. Гэрийн жижиг тэжээвэр амьтан байлгаж БОЛОХГҮЙ. Үүдний өрөөний шалыг тэгш байлгана. Гэрэлтүүлгийг сайжруулна.
- Угаалгын өрөөний аюулгүй байдлыг хангана. Ванн, шүршүүр, суултуурын хажууд бариул зооно. Угаалгын өрөөнд хальтардаггүй дэвсгэр дэвсэнэ.
- Юм өргөж явж БОЛОХГҮЙ. Гараараа тэнцвэрээ олж явна.
Хэрэглэх зүйлсээ гарт ойрхон байрлуулна.
Шатаар гарах нөхцлийг бий болголгүйгээр гэрээ зохион байгуулна. Дараах аргууд байдаг:
- Унтлагын ор, өрөө 1-р давхарт байх
- Байнга байдаг өрөөгөө угаалгын өрөө, зөөврийн суултууртай нэг давхарт, ойр байлгана.
Усанд орох, бие засах, хоол хийх, дэлгүүр хэсэх, эмнэлэгт үзүүлэх, дасгал хөдөлгөөн хийхдээ бусдын тусламжийг авна. Гэртээ гарсаны дараах эхний 1-2 долоо хоногт асрах хүн байхгүй бол мэргэжлийн асрагчийн тусламж авна.
Биеийн үйл хөдөлгөөн
Эмчлэгч эмчийн зааварласны дагуу тулгуур, суга таягийг хэрэглэнэ. Ойрхон зайнд тогтмол алхана. Хөлд эвтэйхэн, таарсан гутал, халтирдаггүй улавч өмсөнө. Өндөр өсгийтэй гутал, шаахай өмсөж БОЛОХГҮЙ.
Сэргээн засах эмчийн заасан дасгалыг хийнэ. Эмчлэгч эмч, сэргээн засах эмч нар хэзээ таяг хэрэглэхгүй байж болохыг шийднэ.
Булчин, ясны нэмэлт дасгал болгож дугуй жийлт, усанд сэлэлтээр хэзээ хичээллэж эхлэхийг эмчлэгч эмч, сэргээн засах эмчээс асууна.
Босож, өндийхгүйгээр 45 минут суухгүй байх хэрэгтэй. 45 минут болон түүнээс дээш хугацаанд суусан бол босож, алхаж явах хэрэгтэй.
Урьдачилан сэргийлэлт
Шинэ өвдөгөө гэмтээхгүйн тулд дараах зүйлсийг анхаарна:
- Тулгуур хэрэглэж байгаа үедээ биеэрээ мушгирч, эргэж БОЛОХГҮЙ
- Эвхдэг, явган шатаар гарч БОЛОХГҮЙ
- Өвдөглөж БОЛОХГҮЙ
- Унтахдаа өсгий, шагайн доороо дэр тавина. Өвдөгөндөө тавьж БОЛОХГҮЙ. Өвдөгөө шулуун байлгах нь чухал юм. Өвдөгөө нугалахгүй байхаар биеийн байрлалаа авна.
Хэзээ хөлөн дээрээ ачаалал авч болохыг эмчлэгч эмч, сэргээн засах эмч нар хэлж өгнө. Хэзээ хөлөн дээрээ ачаалал авч болох нь ямар төрлийн өвдөгний үе суулгаснаас хамаарна. Эмчийн зөвшөөрөх хүртэл хөлөн дээрээ ачаалал авахгүй байх нь чухал юм.
2.25-4.5 кг-аас дээш зүйл өргөж БОЛОХГҮЙ.
Хөдөлгөөн, дасгал хийсний дараа болон өмнөх 30 минутанд өвдгөн дээрээ хүйтэн жин тавина. Ингэснээр хавдрыг бууруулна.
Шарх арчлах
Шархны боолтоо цэвэр, хуурай байлгана. Эмчийн заасан хугацаанд шархны боолтыг солино. Шархны боолтыг солихдоо дараах дарааллыг барина:
- Гараа устай савандаж угаана.
- Боолтыг болгоомжтой авна. Хүчтэй татаж БОЛОХГҮЙ. Шаардлагатай бол боолтыг ариутгасан ус, уусмалаар дэвтээж болно.
- Цэвэр самбайг давсны уусмалд норгож, зүсэлт хийсэн газрын нэг төгсгөлөөс нөгөө төгсгөл хүртэл арчина. Нэг арчсан газраараа буцаж дахин арчиж БОЛОХГҮЙ.
- Мөн адил үйлдлээр хуурай самбайгаар зүсэлт хийсэн газрыг арчина. Зөвхөн нэг чиглэлрүү арчина.
- Хавдах, улайх, эвгүй үнэртэй шүүс гарах зэрэг үрэвсэл, халдварын шинж илэрсэн эсэхийг шалгана.
- Эмч, сувилагчийн зааж өгснөөр шинэ боолтоо хийнэ.
Оёдлыг мэс засал хийснээс 10-14 хоногийн дараа авна. Мэс засал хийлгэснээс 5-6 хоногийн дараа шүршүүрт орж болно. Шүршүүрт орохдоо зүсэлт хийсэн газар дээгүүр ус урсаж болох бөгөөд үрж БОЛОХГҮЙ. Ваннд орж, усанд сэлж БОЛОХГҮЙ.
Шархыг тойроод хөхрөх нь хэвийн үзэгдэл бөгөөд өөрөө аяндаа арилна. Зүсэлт хийсэн газраар бага зэрэг улайх нь мөн хэвийн үзэгдэл юм.
Өөртөө анхаарал тавих
Эмчлэгч эмч нь өвчин намдаах эмийг жороор бичиж өгдөг. Өвдөж эхэлсэн үеэс өвчин намдаах эмийг ууна. Өвчин намдаах эм уухгүй удах нь өвдөлтийг улам хүндрүүлдэг.
Биеийн үйл хөдлөлөө ихэсгэхээс 30 минутын өмнө өвчин намдаах эм уух нь эрт үеийн өвдөлтийг намдаана. 6 долоо хоногийн турш даралттай тусгай оймс өмсөнө. Ингэснээр цусны бүлэн үүсэхээс сэргийлнэ. Цус бүлэгнэх эрсдлийг бууруулахын тулд 2-4 долоо хоног цус шингэлэх эм ууна. Эмчлэгч эмчийн зөвлөсөн эм бүрийг зааврын дагуу хэрэглэнэ. Эмчлэгч эмчийн зөвшөөрсөн хугацаанд бэлгийн харьцаанд орж болно.
- Өвчин намдаах эм уух цагаа өнгөрөөсөн бол давхарлаж ууж БОЛОХГҮЙ
- Цус шингэрүүлэх эм ууж байгаа бол ибупрофен болон үрэвслийн эсрэг бусад эмийг ууж болох эсэх талаар асууна.
Эмчлэгч эмчийг зөвшөөрөх хүртэл бэлгийн харьцаанаас хэсэгтээ татгалзана.
Хиймэл үе суулгасан хүмүүс өөрсдийгөө халдвараас хамгаалах хэрэгтэй байдаг. Хиймэл үе суулгуулсан гэдэг эмнэлгийн таних хуудас биедээ авч явна. Шүдээ эмчлүүлэх зэрэг эмчилгээний ажилбар хийлгэхийн өмнө антибиотик хэрэглэнэ. Эмчлэгч эмч, шүдний эмч нартаа түнхний үе солиулсан тухайгаа хэлж, ямар ч төрлийн шүдний ажилбар хийлгэхийн өмнө антибиотик хэрэглэх шаардлагатай гэдгээ мөн хэлнэ.
Ямар үед эмчид хандах вэ?
- Шархны боолтоор цус нэвчрэх, даралттай боосон ч цус зогсохгүй байх
- Өвчин намдаах эмэнд өвдөлт намдахгүй байх
- Шилбэний булчих хавдах, өвдөх
- Тавхай, хурууны өнгө бараантах, хүйтэн тэмтрэгдэх
- Зүсэлт хийсэн газраас шар өнгөтэй шүүс гарах
- 38.3 хэмээс дээш халуурах
- Зүсэлт хийсэн газраар хавдах
- Зүсэлт хийсэн газраар улайх
- Цээжээр өвдөх
- Цэр гарах
- Амьсгал давчдах