Түнхний үеийг хиймэл үеэр солих мэс засал хийлгэсний дараа гэртээ гараад анхаарах зүйлсийг энд дурдах болно.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Гэртээ гарахдаа бусдын тусламжгүйгээр, тулгуур, суга таяг хэрэглэх чадвартай байх хэрэгтэй. 2-4 долоо хоногийн дараа тулгуур, суга таяг хэрэглэх шаардлагагүй болдог. Хэзээнээс суга таяг хэрэглэхгүй байж болохыг эмчлэгч эмчээсээ асууна.
Хувцасаа өмсөхдөө бусдын тусламжийг бага зэрэг авах, өөрөө орондоо орох, босох, өөрөө сандал дээр сууж, босох чадвартай байх ёстой. Бие засахдаа ч гэсэн бусдын тусламжийг авахгүй байх чадвартай байх ёстой.
Мэс заслын дараах 2-3 долоо хоногт хиймэл үе мултрахаас сэргийлж, болгоомжтой байх хэрэгтэй. Түнхний үеийг хүчжүүлэх дасгалыг заалгаж, тусгай анхааруулгыг мэдэж авна.
Эмнэлэг, сэргээн засах төвөөс гэртээ гарсаны дараа, 1-2 долоо хоногийн 24 цагийн турш хамт байж, асрах хүн хэрэгтэй болно. Хоол цай бэлтгэх, усанд орох, гэр дотроо алхах, өдөр тутмын үйлдлээ хийхэд туслалцаа шаардагдана.
Үүний дараа хуучин амьдралын хэмнэлдээ орох чадвар сууна. Цанаар гулгах, хөлбөмбөг зэрэг түлхэлцдэг спортоор хичээллэхгүй. Ууланд алхах, цэцэрлэг, талбайд ажиллах, усанд сэлэх, теннис, гольф тоглох зэрэг үйл хөдөлгөөн хийж болно.
Гэрийнхээ зохион байгуулалтыг өөрчлөх
Орны зах дээр суухад хөл шаланд хүрч байхаар орны өндрийг тааруулна. Орны зах дээр суухад өвдөгний үе ташаан толгойноос доор байхаар өндөртэй байна. Эмнэлгийн ор шаардлагагүй бөгөөд орны тань матрас хатуу байх ёстой.
Бүдэрч унахаас сэргийлнэ.
- Унахаас сэргийлнэ. Өрөө хооронд явахад саад болох утас, уяаг авч зайлуулна. Гүйж гулсахаар ширдэг, хивсийг авч зайлуулна. Гэрийн жижиг тэжээвэр амьтан байлгаж БОЛОХГҮЙ. Үүдний өрөөний шалыг тэгш байлгана. Гэрэлтүүлгийг сайжруулна.
- Угаалгын өрөөний аюулгүй байдлыг хангана. Ванн, шүршүүр, суултуурын хажууд бариул зооно. Угаалгын өрөөнд хальтардаггүй дэвсгэр дэвсэнэ.
- Юм өргөж явж БОЛОХГҮЙ. Гараараа тэнцвэрээ олж явна.
Хэрэглэх зүйлсээ гарт ойрхон байрлуулна.
Шатаар гарах нөхцлийг бий болголгүйгээр гэрээ зохион байгуулна. Дараах аргууд байдаг:
- Унтлагын ор, өрөө 1-р давхарт байх
- Байнга байдаг өрөөгөө угаалгын өрөө, зөөврийн суултууртай нэг давхарт, ойр байлгана.
Биеийн үйл хөдөлгөөн
Алхаж явах, суух, хэвтэх, хувцаслах, ванн, шүршүүрт орох зэрэг үйл хөдөлгөөн хийхдээ шинэ хийлгэсэн түнхний үе мултрахаас сэргийлж болгоомжлох хэрэгтэй. Намхан сандал, зөөлөн буйдан дээр суухгүй байх хэрэгтэй.
Гэртээ алхаж, явдаг байх хэрэгтэй. Эмчийг зөвшөөрөх хүртэл түнхний үе хийлгэсэн хөлөн дээрээ биеийн бүх жингээр дарж БОЛОХГҮЙ. Хөдөлгөөний идэвхийг богино хугацаагаар хийж эхлэн, цаашдаа аажим ихэсгэнэ. Эмчлэгч эмч, сэргээн засах эмч нар гэртээ хийх дасгалыг зааж өгнө.
Тулгуур, суга таягийг эмчийн зөвшөөрсөн хугацаа хүртэл, өөрийн хэрэгцээгээрээ хэрэглэнэ.
4-5 хоногийн дараа гэрийн энгийн ажлуудыг хийх чадвартай болно. Угаалга хийх зэрэг гэрийн хүнд ажил хийж БОЛОХГҮЙ. Эхэндээ амархан ядрах болно гэдгийг санах хэрэгтэй.
Тулгуурандаа жижиг сав, сагс, цүнх тохож, гар утас зэрэг гэрийн эд зүйлсээ хийж авч явна.
Шарх арчлах
Шархны боолтоо цэвэр, хуурай байлгана. Эмчийн заасан хугацаанд шархны боолтыг солино. Бохирдож, норсон үед солиж байх хэрэгтэй. Шархны боолтыг солихдоо дараах дарааллыг барина:
- Гараа устай савандаж угаана.
- Боолтыг болгоомжтой авна. Хүчтэй татаж БОЛОХГҮЙ. Шаардлагатай бол боолтыг ариутгасан ус, уусмалаар дэвтээж болно.
- Цэвэр самбайг давсны уусмалд норгож, зүсэлт хийсэн газрын нэг төгсгөлөөс нөгөө төгсгөл хүртэл арчина. Нэг арчсан газраараа буцаж дахин арчиж БОЛОХГҮЙ.
- Мөн адил үйлдлээр хуурай самбайгаар зүсэлт хийсэн газрыг арчина. Зөвхөн нэг чиглэлрүү арчина.
- Хавдах, улайх, эвгүй үнэртэй шүүс гарах зэрэг үрэвсэл, халдварын шинж илэрсэн эсэхийг шалгана.
- Шинэ боолтоо хийнэ.
Оёдлыг мэс засал хийснээс 10-14 хоногийн дараа авна. Мэс засал хийлгэсний дараах 3-4 хоногт шүршүүрт орж БОЛОХГҮЙ. Шүршүүрт орж болох хугацаа ирсэн үед зүсэлт хийсэн газар дээгүүр ус урсаж болох бөгөөд үрж БОЛОХГҮЙ. Ваннд орж, усанд сэлж БОЛОХГҮЙ.
Шархыг тойроод хөхрөх нь хэвийн үзэгдэл бөгөөд өөрөө аяндаа арилна. Зүсэлт хийсэн газраар бага зэрэг улайх нь мөн хэвийн үзэгдэл юм.
Өөртөө анхаарал тавих
Эмчлэгч эмч нь өвчин намдаах эмийг жороор бичиж өгдөг. Өвдөж эхэлсэн үеэс өвчин намдаах эмийг ууна. Өвчин намдаах эм уухгүй удах нь өвдөлтийг улам хүндрүүлдэг.
Биеийн үйл хөдлөлөө ихэсгэхээс 30 минутын өмнө өвчин намдаах эм уух нь эрт үеийн өвдөлтийг намдаана. 6 долоо хоногийн турш даралттай тусгай оймс өмсөнө. Ингэснээр цусны бүлэн үүсэхээс сэргийлнэ. Цус бүлэгнэх эрсдлийг бууруулахын тулд 2-4 долоо хоног цус шингэлэх эм ууна. Эмчлэгч эмчийн зөвлөсөн эм бүрийг зааврын дагуу хэрэглэнэ. Ингэснээр цус хуралтыг хурдан багасгадаг.
Эмчлэгч эмчийн зөвшөөрсөн хугацаанд бэлгийн харьцаанд орж болно.
Хиймэл үе суулгасан хүмүүс өөрсдийгөө халдвараас хамгаалах хэрэгтэй байдаг. Хиймэл үе суулгуулсан гэдэг эмнэлгийн таних хуудас биедээ авч явна. Шүдээ эмчлүүлэх зэрэг эмчилгээний ажилбар хийлгэхийн өмнө антибиотик хэрэглэнэ. Эмчлэгч эмч, шүдний эмч нартаа түнхний үе солиулсан тухайгаа хэлж, ямар ч төрлийн шүдний ажилбар хийлгэхийн өмнө антибиотик хэрэглэх шаардлагатай гэдгээ мөн хэлнэ.
Ямар үед эмчид хандах вэ?
- Өвдөлт гэнэт ихсэх
- Цээжээр өвдөх, амьсгал давчдах
- Ойрхон шээх, шээхэд хорсох
- Зүсэлт хийсэн газрыг тойроод улайлт ихсэх
- Шархнаас шүүс гарах
- Баас цустай гарах, хар өнгөтэй гарах
- Нэг хөл хавдах (улайх, халуун болох)
- Шилбээр өвдөх
- 38.3 хэмээс дээш халуурах
- Өвдөлт өвчин намдаах эмэнд дарагдахгүй байх
- Цус шингэрүүлэх эм хэрэглэж байгаа үед хамарнаас цус гарах, баас шээс цустай гарах
- Түнхний үеэр урьдах шигээ хөдөлж чадахгүй байх
- Мэс засал хийлгэсэн талаараа унах, гэмтээх
- Түнхээр өвдөлт ихсэх