Мика Монгол Мика Монгол

Тархины мэс заслын дараах арчилгаа

Тархины мэс заслыг хийхийн тулд хуйхыг зүснэ. Гавлын ясанд жижиг нүх гарган өрөмдөх юм уу гавлын ясны хэсгийг хөрөөдөж авдаг. Ингэж гавал ясны хэсгийг авсан тохиолдолд мэс заслын төгсгөлд авсан хэсгийг эргүүлж тавидаг. Үгүй бол метал хавтас тавьдаг.

Гэртээ гарсныхаа дараа эмчлэгч эмчийнхээ зааврын дагуу өөрийгөө арчилна.

Эмнэлэгт байх хугацаа

Мэс заслыг дараах шалтгаанаар хийдэг:

  • Цусны судсыг эмчлэх
  • Хавдар, цусны бүлэн, буглаа, тархины эдийн, гадаргуугийн гажгийг авах

Эрчимт эмчилгээ тасагт хэсэг хугацаанд байсны дараа энгийн тасагт шилждэг. Цөөн төрлийн эмийн эмчилгээ хийгдэнэ.

Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс

Арьсан дээр зүсэлт хийсэн хэсэгт загатнах, өвдөх, хорсох, бадайрах шинж тэмдэг ажиглагдана. Гавлын ясыг эргүүлж хийсэн хэсгээс шажигнах чимээ гарч болно. Ясны бүрэн эдгэрэх хугацаа нь 6-12 сар байдаг.

Зүсэлт хийсэн арьсан доор бага зэргийн шингэн үүсч болно. Энэ хаван нь өглөө сэрэхэд их байна.

Толгой өвдөж болно. Гүнзгий амьсгал авах, ханиах, хөдөлгөөн хийх үед илүү өвдөнө. Биеийн эрч хүч бага байна. 3-4 сар ийм байдалтай байна.

Эмч гэрт гараад уух эм бичиж өгдөг. Үүнд антибиотик, уналт таталтаас сэргийлэх эмүүд байдаг. Эдгээр эмийг ямар хугацаанд уухыг эмчлэгч эмчээсээ асууна. Эмийг зааврын дагуу хэрэглэнэ.

Тархины судасны цүлхэнгээс шалтгаалан тархины мэс засал хийлгэсэн бол шинж тэмдгүүд өөр байдаг.

Өөртөө анхаарал тавих

Зөвхөн эмчлэгч эмчийн зөвлөсөн өвчин намдаах эмийг л хэрэглэнэ. Аспирин, ибупрофен болон бусад эмүүд нь цус алдалтыг үүсгэдэг. Өмнө нь цус шингэрүүлэх эм хэрэглэж байсан бол мэс заслын эмчийг зөвшөөртөл эргэж уг эмийг хэрэглэхгүй.

Эмчлэгч эмч тусгай хоолны дэглэм барих хэрэгтэй гээгүй бол хэвийн үедээ идэж ууж байсан хоол ундаа хэрэглэнэ.

Биеийн үйл хөдлөлөө аажмаар ихэсгэнэ. Эрч хүчтэй байдалдаа эргээд ороход хугацаа орно.

  • Алхахаас эхэлнэ.
  • Шатаар явахдаа шатны бариулнаас барина.
  • Эхний 2 сарын хугацаанд 9 кг-аас хүнд зүйл өргөж болохгүй.
  • Бүсэлхийгээрээ тонгойж болохгүй. Толгойнд даралт өгнө. Үүний оронд нуруугаа эгц байлгаж, тахимаараа нугална.

Хэзээ жолоо барьж, бэлгийн харьцаанд орж болохыг эмчлэгч эмчээс асууна.

Сайн амарна. Шөнө сайн унтаж, өдрийн цагаар дуг хийнэ. Өдрийн цагаар богино хугацааны амрах цаг гаргана.

Шарх арчлах

Зүсэлт хийсэн хэсгийг цэвэр, хуурай байлгана:

  • Шархны оёдол, үдээсийг авах хүртэл усны малгай өмсөж шүршүүрт орно.
  • Оёдол, үдээсийг авсны дараагаар оёдол байсан газрыг зөөлөн угааж, сайн булхан, хуурай болтол хөнгөн дарж арчина.
  • Шархны боолт норж, бохир болох бүрт солино.

Сул малгай өмсөж, толгойг алчуураар ороож болно. Хиймэл үсийг 3-4 долоо хоног хэрэглэхгүй.

Зүсэлт хийсэн газарт ямар нэг тос, лосьон түрхэж болохгүй. Хортой химийн бодис агуулсан үсний бүтээгдэхүүнийг (будаг, цайруулагч, буржгар шулуун хими) 3-4 долоо хоног хэрэглэж болохгүй.

Шархын өвдөлт, хавдарыг бууруулахын тулд хүйтэн жин тавьж болно. Хүйтэн жин (мөстэй) тавиад унтаж болохгүй.

Дэр давхарлаж тавин толгойг өргөж унтана. Ингэснээр хаван хавдрыг бууруулдаг.

Ямар үед эмчид хандах вэ?

  • 38.3 хэм ба түүнээс дээш халуурах, жихүүдэс хүрэх
  • Зүсэлт хийсэн газар улайх, хавдах, идээ шүүс гарах, өвдөх, цус гарах, шарх ангайх
  • Эмчийн өгсөн эмэнд толгойны өвдөлт намдахгүй байх
  • Хараа өөрчлөгдөх (хоёрлож харах, хар толбо харагдах)
  • Самуурах, хурдан бодож сэтгэж чадахгүй байх, унтамхай болох
  • Хөл, гар сулрах
  • Алхаж, тэнцвэрээ олж чадахгүй байх
  • Өглөө сэрэхэд хэцүү байх
  • Уналт таталт өгөх
  • Хоолойруу цус, шингэн урсах
  • Хэл яриа чадвар алдагдах, дордох
  • Амьсгал давчдах, цээжээр өвдөх, цэр ихтэй ханиах
  • 2 долоо хоногийн хугацаанд шарх орчмоор, хуйхан доогуур хавагнах нь арилахгүй байх, ихсэх
  • Эмийн гаж нөлөө илрэх (эмчтэй зөвлөлдөхгүйгээр эмээ зогсоож болохгүй)