Мэс засал хийхийн тулд арьсыг зүсдэг. Ингэж үүссэн шархыг мэс заслын шарх гэдэг. Мэс заслын шарх нь урт, богино янз бүрийн хэмжээтэй байдаг. Зүсэлтийн урт нь мэс заслын төрлөөс хамаардаг.
Зарим тохиолдолд энэ зүсэлт нь эргэж нээгддэг. Ингэхдээ зүсэлтийн нэг хэсэг газраа юм уу бүхэлдээ нээгддэг. Эмч үүнийг оёдол хийхгүйгээр шийдэх тохиолдол гардаг.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Эмч шархыг дахин оёдол хийж хаахгүй тохиолдолд шархыг эдгэтэл гэртээ арчлах шаардлага гарна. Шарх доороосоо дээшээ чиглэж эдгэдэг. Боолт хийснээр идээ, шүүсийг шингээн авч, шарх гүнээсээ нийлж эхлэхээс өмнө арьс нийлэхээс сэргийлнэ.
Гараа зөв угаах
Боолтоо солихынхоо амна гараа цэвэр байлгаж, угаах нь чухал. Спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэж болно. Эсвэл дараах аргаар гараа угаана:
- Гарнаасаа бүхий л чимэглэлээ тайлна
- Гоожиж буй бүлээн усанд гараа доош чиглүүлэн норгоно
- Гараа 15-30 секундын турш савандана (Төрсөн өдрийн дуу, цагаан толгойн дууг нэг удаа дуулах хугацаа). Хумсны завсарыг бас угаана
- Сайн булхаж зайлна
- Цэвэр алчуураар арчиж хатаана
Хуучин боолт солих
Боолтыг хэдий хугацаанд сольж байхыг эмчлэгч эмч хэлж өгнө. Боолтыг солихын тулд дараах байдлаар бэлдэнэ:
- Боолтонд хүрэхийн өмнө гараа цэвэрлэнэ
- Боолт солих хэрэгслүүдээ ойр байлгаж бэлдсэн байна
- Боолт солих цэвэр орчин, талбарыг бий болгоно
Хуучин боолтыг авахдаа:
- Наалтыг арьснаас зөөлөн салгана
- Нэг удаагийн цэвэр (ариутгаагүй) бээлийгээр хуучин боолтыг хуулж авна
- Боолт шархан дээр наалдсан байвал норгож байгаад татаж үзнэ. Үгүй бол хуурайгаар хэрхэн татаж авахыг эмчлэгч эмч зааж өгсөн байна
- Хуучин боолтыг гялгар уутанд хийж цааш тавина
- Хуучин боолтыг авсны дараа гараа угааж цэвэрлэнэ
Шарх арчлах
Шарх орчмын арьсыг цэвэрлэхийн тулд самбай боолт хэрэглэнэ:
- Энгийн давсны уусмал, зөөлөн савангийн аль нэгээр угаана.
- Самбай боолтыг давсны уусмал юм уу зөөлөн савантай усанд базаж, арьсыг зөөлөн арчина
- Идээ, шүүс, хатсан цус зэрэг арьсан дээр үүссэн зүйлсийг арилгана
- Арьс цэвэрлэгч шингэн, спирт, перкис, йод, нянгийн эсрэг бодис агуулсан саван ашиглаж БОЛОХГҮЙ. Хэрэглэвэл шархны эдийг гэмтээж, эдгэрэлтийг удаашруулна.
Шархыг усаар булхаж байхыг эмчлэгч эмч зөвлөдөг:
- Давстай ус, савантай усын аль нэгийг шприцэнд соруулна
- Шприцыг шархнаас 2.5-15 см зайд барина. Идээ, шүүс, ялгадсыг унахаар хүчтэй шүршинэ
- Зөөлөн, хуурай самбай хэрэглэн шархыг хөнгөн товшин хатаана
Эмчлэгч эмч зөвшөөрөөгүй л бол шарх орчимд ямар ч төрлийн лосьон, тос, ургамлын эм түрхэж БОЛОХГҮЙ.
Шинэ боолт хийх
Эмчлэгч эмчийн зааж өгсөнөөр цэвэр боолтыг хийнэ. Хатдаг нойтон боолт хийж болно.
Боолт хийж дуусаад гараа угаана.
Хуучин боолт, бусад хэрэглэсэн хэрэгслийг ус нэвтэрдэггүй уутанд хийж хаяна. Уутны амыг 2 удаа чанга зангидаж хогийн саванд хийнэ.
Боолтыг нэг л удаа ашиглана. Хэзээ ч дахин ашиглаж болохгүй.
Ямар үед эмчид хандах вэ?
Дараах тохиолдлуудад эмчид хандана:
- Улайх, өвдөх, хавдах нь ихсэх, шарх орчмоос цус гарах
- Шарх томрох, гүнзгий болох, хатсан байх, хар болох
- Шархнаас гарч байгаа шүүс ихсэх, өтгөрөх, бор, ногоон, шар өнгөтэй болох, эвгүй үнэртэй болох (идээ гарч байгааг илтгэнэ)
- Биеийн халуун 38 хэм ба түүнээс дээш болох