Ясны чөмөг шилжүүлэн суулгах гэдэг нь гэмтэж, үгүй болсон ясны чөмгийг эрүүл ясны чөмөгний үүдэл эсээр солих ажилбар юм.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Цусны тоо, дархлаа тогтолцоо бүрэн сэргэхэд 6 сар болон түүнээс дээш хугацаа шаардах болно. Энэ хугацаанд халдвар авах, цус алдах, арьсны өвчний эрсдэл өндөр байна.
Бие сул байсаар байх болно. Чөмөг шилжүүлэн суулгахаас өмнөх биеийн байдалд хүрэх гэж 1 жил болно. Маш амархан ядарна. Хоолны дуршил муудна.
Хүнээс ясны чөмөг шилжүүлэн авч суулгахад дархлааны хямралын өвчний шинж тэмдэг илэрдэг. Дархлааны хямралын өвчний ямар шинж тэмдэг илрэхийг эмчээсээ асууна.
Амны арчилгаа
Амаа сайн арчлах хэрэгтэй. Ясны чөмөг шилжүүлэн суулгахад хэрэглэх ёстой эмнээс шалтгаалан амны нян ихэсдэг учир ам хуурайшиж, шархалдаг. Харин нянгаас шалтгаалан амны халдвар үүсч биеийн бусад хэсэгүүдрүү тархдаг.
- Шүд, буйлаа 2-3 минутаар өдөрт 2-3 удаа угаана. Зөөлөн үстэй шүдний сойз хэрэглэнэ.
- Шүдний сойзыг агаарт хуурай байлгана.
- Фтортой шүдний оо хэрэглэнэ.
- Өдөрт 1 удаа шүдний утсаар цэвэрлэнэ.
Давс, хүнсний содын уусмалаар амаа өдөрт 4 удаа зайлна. Тал цайны халбага буюу 2.5 г давс, тал цайны халбага буюу 2.5 г хүнсний содыг 240 мл усанд хольж найруулна.
Эмчийн жороор ам зайлагч хэрэглэнэ. Спирттэй ам зайлагч хэрэглэж БОЛОХГҮЙ.
Уруул хатаж, хагарахаас сэргийлж уруул арчилгааны бүтээгдэхүүн тогтмол хэрэглэнэ. Ам дахин шархалж, өвдвөл эмчид хандах хэрэгтэй.
Сахар ихээр агуулсан хоол, унд хэрэглэж БОЛОХГҮЙ. Сахаргүй бохь зажилах, сахаргүй зайрмаг идэх, сахаргүй хатуу чихэр идэх хэрэгтэй.
Хиймэл шүд, шүдний аппарат зэрэг шүдний хэрэгслүүдийг арчлах хэрэгтэй.
- Хиймэл шүд зүүдэг бол зөвхөн хоол идэх үедээ зүүнэ. Хими эмчилгээ хийлгэснээс хойшхи эхний 3-4 долоо хоног ийм байдлаар явна. Эхний 3-4 долоо хоногт хиймэл шүдийг өөр зорилгоор зүүж болохгүй.
- Хиймэл шүдийг өдөрт 2 удаа сойздож угаана. Усаар сайн зайлна.
- Хиймэл шүдийг зүүгээгүй байх үедээ нян, халдварыг устгах зорилгоор нянгийн эсрэг уусмалд хийж тавина.
Халдвараас урьдачилан сэргийлэх
Ясны чөмөг шилжүүлэн суулгаснаас хойш 1 жил ба түүнээс дээш хугацаагаар халдвараас сэргийлнэ.
Хавдрын эмчилгээний үед хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.
- Дутуу болгосон, муудсан хоол, унд хэрэглэж БОЛОХГҮЙ.
- Усны цэвэр байдлыг анхаарч хэрэглэх
- Хоол ундаа хэрхэн чанаж болгох, аюулгүй хадгалах аргыг мэддэг байх
- Гадуур хооллохдоо анхааралтай байх. Түүхий хүнсний ногоо, мах, загас, баталгаагүй санагдсан ямар ч хүнсийг хэрэглэж БОЛОХГҮЙ.
Дараах тохиолдлуудад гараа савантай усаар тогтмол угаана:
- Гаднаас орж ирэхдээ
- Цэр, нус, цус зэрэг биеэс ялгарсан шингэнд хүрсэний дараа
- Живх солисоны дараа
- Хоол хүнсэнд хүрэхийн өмнө
- Утсаар ярьсаны дараа
- Гэрийн ажил хийсний дараа
- Бие зассаны дараа
Гэрээ цэвэр байлгана. Хүн их цугласан газраас хол байна. Ханиад хүрсэн хүнтэй уулзахдаа амны хаалт зүүхийг гуйх юм уу уулзахгүй байх хэрэгтэй. Цэцэг, ургамал ногоотой харьцаж, ажиллаж болохгүй.
Гэрийн тэжээвэр амьтан, малтай болгоомжтой харьцана.
- Муур тэжээдэг бол гэрээс гаргахгүй байх хэрэгтэй.
- Муурны ялгадсыг хүмүүсээр цэвэрлүүлдэг байх
- Мууранд маажуулж, хазуулахад халдвар авах боломжтой учир болгоомжтой харьцах
- Нохой, муурны зулзага зэрэг амьтны зулзаганд ойртохгүй байх
Ямар төрлийн вакциныг хэзээ хийлгэхийг эмчээс асууж зөвлөх хэрэгтэй.
Өөрийгөө арчлах бусад аргууд
- Төвийн вен, захын судсанд гуурс тавиулсан бол хэрхэн арчлахыг мэддэг байх
- Цусны ялтас эсийн тоо багассан бол хавдрын эмчилгээний үед цус алдалтаас хэрхэн сэргийлэх аргыг мэдэх
- Идэвхитэй алхдаг байх. Биеийнхээ эрч хүчинд тохируулан алхах зайгаа аль болох ихэсгэх
- Биеийн жингээ хэвийн байлгахын тулд хангалттай уураг, илчлэгтэй хоол идэх
- Хангалттай шим тэжээл, илчлэгтэй шингэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
- Наранд гарахдаа болгоомжтой байж, саравчтай малгай өмсөнө. SPF 30 болон түүнээс дээш үзүүлэлттэй нарны тосыг биеийн ил гарсан арьсан дээр түрхэж хэрэглэнэ.
- Тамхи татаж БОЛОХГҮЙ.
Хяналт
Дор хаяж 3 сарын хугацаанд эрхтэн шилжүүлэн суулгагч эмчийн хяналтанд байна. Хуваарь бүрт үзүүлж байх хэрэгтэй.
Ямар үед эмчид хандах вэ?
Дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл эмчид хандана:
- Халуурах, жихүүцэх, хөлрөх зэрэг халдварын шинж тэмдэг илрэх
- Суулгалт намдахгүй байх, цустай суулгах
- Дотор муухай оргих, хүчтэй бөөлжих
- Идэж, ууж чадахгүй байх
- Эрс сульдах
- Судсанд суулгасан гуурсны орчим улайх, хавдах, цус гоожих
- Арьсанд дээр шинээр тууралт, цэврүү гарах
- Шарлах (арьс, нүдний цагаан шар өнгөтэй болох)
- Хэвлийгээр өвдөх
- Толгой хүчтэй өвдөх, намдахгүй байх
- Ханиалга ихсэх
- Тайван байх, энгийн хөдөлгөөн хийх үед амьсгал давчдах
- Шээхэд хорсож өвдөх