Мика Монгол Мика Монгол

Витилиго буюу арьс цайрах өвчин

Арьсны өнгө өөрчлөгдөж цайрах өвчнийг витилиго гэнэ. Биеийн аль ч хэсгийн арьсны өнгө алдагдаж болох бөгөөд үүнд: гар, хөл, нүүр, нуруу, хурууны завсар, үс, амны дотор тал болоод нүдний өнгө зэрэг орно. Арьсны өнгөнөөс үл хамааран витилиго явагдаж болох боловч ихэвчлэн бараан арьстай хүмүүст тохиолддог. Өвчний тархалтыг бууруулах эмчилгээ хийгддэг ба нэгэнт цайрсан арьс буцаж хивэндээ ордоггүй. Хүндрэл:

  • Өөрөөсөө ичиж, сэтгэлзүйн дарамтад орох
  • Арьсны хорт хавдар тусах
  • Нүдний хүүхэн хараа үрэвсэж, цагаа унах
  • Сонсгол муудах
  • Арьс хуурайшиж, загатнах магадлалтай.

Шалтгаан:

Меланиныг бий болгох үүрэгтэй эсүүд үхсэнээс эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүйгээс арьсны өнгө өөрчлөгдөх бөгөөд улмаар арьс, үс, нүдний өнгө цагаарна. Өөрчлөгдсөн хэсгийн арьс цайрсаар цагаан өнгөтэй болно.

  • Дархлаа муудсанаас
  • Удамшлын нөлөөнөөс
  • Наранд түлэгдсэнээс
  • Химийн бодист хордсоноос арьс цайрах өвчин үүсэж болно.

Шинж тэмдэг:

Арьсны нэг хэсэг цагаан өнгөтэй болоход витилигогоор өвчилсний дохио болно. Ихэвчлэн нарны гэрэл шууд тусдаг арьс эхэлж цагаардаг. (гар, хөл, нүүр, уруул гэх мэт)

  • Арьсны өнгө өөрчлөгдөх
  • Залуу насанд үс цагаарах, хөмсөг сормуус цагаарах, сахал цагаарах
  • Хамрын үс болон амны хөндийн өнгө өөрчлөгдөх
  • Суга, хүйс, бэлэг эрхтэн болон шулуун гэдэсний эргэн тойронд цагаарах

Аль ч насны хүн энэ өвчнөөр өвчлөх магадлалтай ч ихэвчлэн 20 нас хүрэхээс өмнө өвчилдөг байна. Ямар төрлийн витилигогоор өвчилснөөс хамааран өнгөний өөрчлөлт дараах байдлаар илэрдэг.

  • Биеийн олон хэсгээр – Энэ төрөл нь биеийн хоёр талд ижил цайралт явагдах байдлаар ажиглагдана. Мөн биеийн бүх хэсгүүдээр тархаж, энд тэндгүй арьс цагаарч эхэлдэг. Жишээ нь: нэг нүдний доор цагаарсан бол нөгөө нүдний доор цагаарч эхлэх, хоёр суганы доор цагаарах гэх мэт
  • Биеийн нэг талд илрэх – Ихэвчлэн бага насны хүүхдэд 2-3 жилийн хугацаанд биеийн зарим хэсгүүдээр цагаарч цааш тархдаггүй.
  • Биеийн нэг хэсгээр ойр ойрхон цагаарах – Энэ төрлийн витилиго нь биеийн нэг хэсгээр ойр ойрхон арьс цайрах байдлаар илэрнэ. Жишээ нь: Нүдний ойролцоо, хацар дээр, хүзүү хэсгээр цагаарна. Маш ховор тохиолдолд цайрсан арьс хивэндээ орно. Витилигогийн үед биеийн аль хэсэг цагаарахыг таамаглах аргагүй байдаг.

Эмчилгээ:

Эмчилгээний гол зорилго нь цаашид арьсны өнгө өөрчлөгдөхөөс сэргийлэх, боломжтой бол арьсыг буцаан хэвийн өнгөтэй болгоход оршино.

  • Эмэн эмчилгээ  хийж арьсны үрэвслийг дарах, витамин Д хэрэглэх, дархлаа сайжруулах арга хэмжээ авах бөгөөд хэрэв эдгээр эмчилгээ нь үр дүнгээ өгөхгүй бол туяа эмчилгээ хийдэг.
  • Туяаны эмчилгээ нь зориулалтын машинаар арьсыг гэрлээр шарах, лазер туяагаар шарах аргаар хийгддэг. Гэвч эмчилгээний нөлөөгөөр арьс улайх, загатнах, хуурайших магадлал өндөр байдаг.
  • Хэрэв маш бага хэмжээний арьс цайрсан бол хагалгааны аргаар арьсыг авч дахин шинэ арьс нөхөн төлжүүлнэ. Нөхөн төлжсөн арьс цагаан өнгөтэй байх тохиолдол ч бий.
  • Мөн шивэх аргаар эмчилж болох бөгөөд арьсны өнгөтэй будгаар цагаарсан хэсгийн арьсыг будах ажилбар хийгдэнэ. Гэвч шивэх үйл явц нь арьсыг гэмтээж дахин витилиго үүсэхэд хүргэх аюултай.

Зөвлөгөө:

  • Арьсаа элдэв химийн бодисоос хамгаалах
  • Элдэв гэрлийн туяанаас хамгаалах
  • Харагдах байдлын хувьд өө дарагч ашиглах
  • Эмчилгээний зориулалтаар л биш бол шивээс хийлгэхгүй байх