Энэ нь арьс, салст бүрхүүл, хумсыг гэмтээдэг архаг эмгэг юм. Гол төлөв насанд хүрэгчид өвддөг бөгөөд халдваргүй өвчин юм. Ингэхдээ 40-60 нас /эмэгтэй/, удамшил, хүчтэй стресс, ходоод гэдэсний эмгэг, чихрийн шижин, амны салст бүрхүүлийн гэмтэл зэргийг хавтгай улаан үлдийг үүсэхэд нөлөөлдөг эрсдэлийн хүчин зүйл болдог. Өвчнийг үүсгэдэг бодит шалтгааныг одоо хүртэл тогтоож чадаагүй ч мэдрэлийн системийн хямрал, дархлаа сулрах, харшил, гайморит, г.м. архаг халдварын голомттой байх зэрэг нь нөлөөлдөг гэж үздэг.
Шинж тэмдэг
Тууралт нь загатнадаг бөгөөд гол төлөв шууны дотор тал, гуяны дотор тал, шилбэний гадна тал, цавь, суганы орчим гардаг мөн тод улаан, хөхөвтөр, заримдаа хүрэндүү өнгөтэй байдаг. Салангид байгаа зангилааны төвд хүйс хэлбэртэй хонхорхойтой зангилаанууд нь нийлж онцгой торлог хэлбэрийн хээтэй товруу үүсгэдэг. Өвдсөн хүмүүсийн бараг 50 % – нь ам, эсвэл бэлэг эрхтний салст бүрхэвч гэмтдэг. Ингэхдээ дангаар, эсвэл арьсны гэмтэлтэй хавсарч бас болдог. Харин 10-15% нь хумс гэмтдэг. Хумс нимгэрэн хугарамтгай болж, өнгө нь булингартан, тууш ховил үүснэ.
Эмчилгээ
Оношийг арьсны эмч тавина. Энэ эмгэг нь олон жилийн турш арилалгүй явцтай, сэдрэх нь олон, эмчлэхэд хүнд байдаг тул арьсны эмчид тогтмол үзүүлэх шаардлагатай. Мөн дотор эрхтний ямар нэгэн эмгэг байгааг тодруулахын тулд ходоод гэдэсний, мэдрэлийн, шүдний гэх мэт бусад мэргэжлийн эмчид үзүүлэх заалт бичдэг. Ялангуяа ходоод гэдэс, цусан дахь чихрийн агуулга, мэдрэл сэтгэцийн байдлыг нарийн тодорхойлдог. Хавтгай улаан үлд нь өөрөө аяндаа алга болдог ч хэдэн жилийн дараа ахин гарч болзошгүй. Бусад шинж тэмдэг илрээгүй үед тусгай эмчилгээ хийх шаардлагагүй. Загатнааг багасгахын тулд харшлын эсрэг бэлдмэлийг эмчийн заалтын дагуу хэрэглэнэ. Мөн амин дэм, тайвшруулах бэлдмэл, физик эмчилгээ зэргийг эмчийн заалтын дагуу хийнэ.