Мика Монгол Мика Монгол

Гломерулонефрит

Нарийн судаснуудаас бүрдсэн бөөрний бүтцийн нэг хэсэг болох түүдгэнцэр үрэвсэхийг гломерулонефрит гэнэ. Энэхүү судасны зангилаа нь цусыг шүүж илүүдэл шингэнийг зайлуулдаг. Хэрвээ түүдгэнцэр үрэвсвэл бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдаж бөөрний дутагдалд ордог.

Гломерулонефрит нь хурц, архаг, аажим явцтай явцтай байдаг.

Гломерулонефритын шалтгаан юу вэ?

Шалтгаан нь өвчний явцаас хамаардаг.

Хурц гломерулонефритын шалтгаан

Хоолойны стрептококк үрэвсэл, шүдний буглаа гэх мэт халдвараас хурц гломерулонефрит үүсдэг. Эдгээр халдварын эсрэг дархлааны урвал хэт мэдрэгших нь гол шалтгаан болдог. Бөөрний үрэвслийг удаан хугацаанд хянахаар эмчилгээ хийнэ.

Дараах өвчнүүд нь хурц гломерулонефритыг үүсгэдэг:

  • Хоолойн стрептококк үрэвсэл
  • Системийн чонон яр
  • Goodpasture хам шинж: бөөр, уушгийг үрэвсүүлдэг аутоиммуны ховор эмгэг
  • Амилойдоз: хэвийн биш уураг биеийн эд, эрхтэнд хуримтлагдаж эмгэг үүсгэдэг өвчин
  • Вегенерийн грануломатоз: цусны судас үрэвсдэг ховор төрлийн өвчин
  • Зангилаат полиартерит: эсүүд артерийн ханыг гэмтээдэг өвчин

Архаг гломерулонефрит

Архаг гломерулонефрит хэлбэр нь олон жилээр шинж тэмдэг багатай явагддаг. Үүнээс болж бөөрийг эргэшгүй өөрчлөлтөнд оруулж бөөрний дутагдалд хүргэдэг.

Архаг гломерулонефритын шалтгаан бүрэн тодорхойгүй байдаг. Удамшлын өвчин шалтгаан болох тохиолдол байдаг. Архаг гломерулонефритыг үүсгэх дараах шалтгаанууд байж болно:

  • Дархлааны эмгэгүүд
  • Хавдрын өвчний түүх
  • Нүүрс усны нэгдэл агуулсан бодист хордох

Хурц гломерулонефрит нь архаг гломерулонефритын хэлбэрт шилждэг.

Гломерулонефрит нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?

Ямар шинж тэмдэг илрэх нь гломерулонефритын хэлбэрээс хамаарна.

Хурц гломерулонефрит

Хурц гломерулонефритын эрт үеийн шинж тэмдэг:

  • Зовхи сэлхэрэх
  • Ойр ойрхон шээх
  • Цустай шээх, шээс улаан хүрэн өнгөтэй болох
  • Уушгинд шингэн үүсч ханиалгах
  • Цусны даралт ихсэх

Архаг гломерулонефрит

Гломерулонефитын архаг халбэрийн үед шинж тэмдэг илэрдэггүй. Шинж тэмдэг илэрвэл хурц хэлбэрийн үеийн шинж тэмдэг аажим явцтай илэрнэ:

  • Шинжилгээгээр тогтоогдохоор хэмжээний уураг, цус шээсээр гарах
  • Цусны даралт ихсэх
  • Хөлийн тавхай, нүүр хавагнах
  • Шөнө байнга шээх
  • Уураг ялгарсанаас болж хөөстэй шээх
  • Хэвлийгээр өвдөх
  • Хамарнаас байн байн цус гарах

Бөөрний дутагдал

  • Ядарч сульдах
  • Хоолны дуршил муудах
  • Дотор муухай оргих, бөөлжих
  • Нойргүйдэх
  • Арьс хуурайших, загатнах
  • Шөнө булчин татах

Гломерулонефритыг хэрхэн оношлох вэ?

Оношлогоо шээсний шинжилгээ хийхээс эхэлнэ. Шээсэнд цус, уураг илрэх нь гол хэмжигдэхүүн болно. Биеийн ерөнхий үзлэг онош тавихад гол хэрэгслүүр болдог. Шээсний бусад шинжилгээнүүд:

  • Креатинины клиренс
  • Шээсний нийт уураг
  • Шээсний нягт
  • Шээсний цусны улаан эс
  • Шээсний осмос чанар

Цусны шинжилгээгээр:

  • Цус багадалт: цусны улаан эсийн тоо бага байх
  • Албумин хэмжээ өөрчлөгдөх
  • Мочевины хэмжээ өөрчлөгдөх
  • Креатинины хэмжээ ихсэх

Хийгдэх дархлааны шинжилгээ:

  • Түүдгэнцэрийн эсрэг суурийн мембраны эсрэг бие
  • Нейтрофилийн эсрэг цитопластик эсрэг бие
  • Бөөмийн эсрэг эсрэг бие
  • Дархлалын бүрдлийн түвшин

Эдгээр шинжилгээнүүдээр дархлалын тогтолцоо бөөрөнд нөлөөлж байгаа эсэхийг шинжилнэ.

Шаардлагатай тохиолдолд бөөрний эдийн шинжилгээ хийдэг. Эдийн шинжилгээг хийхдээ бөөрөнд хатгалт хийж бага хэмжээтэй эдийг дээж болгон авна.

Дүрс оношлогооны шинжилгээ:

  • КТ
  • Бөөрний хэт авиан оношлогоо
  • Цээжний рентген зураг
  • Пиелограмм

Ямар эмчилгээ хийх вэ?

Эмчилгээний сонголт нь гломерулонефритын хэлбэр, шалтгаанаас хамаарч хийгдэнэ.

Нэг талын эмчилгээ нь цусны даралт ихсэлтийг хянах эмчилгээ байдаг. Бөөрний үйл ажиллагаа алдагдсан үед цусны даралтыг хянах нь хялбар байдаггүй.

Цусны даралтын эмчилгээнд ангиотензин хувиргагч ферментийг сааруулагч эмийг хэрэглэнэ:

  • Каптоприл
  • Лизиноприл (Зестрил)
  • Периндоприл (Ацеон)

Ангиотензины рецептор хориглогч эмүүдийг мөн хэрэглэнэ:

  • Лозартан (Cozaar)
  • Ирбезартан (Avapro)
  • Валсартан (Diovan)

Дархлааны тогтолцоо нь бөөрийг үрэвсүүлж байгаа үед кортикостеройд хэрэглэж дархлалын хариу урвалыг бууруулна.

Дархлаагаар сэдээгдэж байгаа үрэвслийг бууруулах плазмаферез эмчилгээний аргыг мөн хэрэглэдэг. Энэ аргаар плазм хэмээх цусны шингэн хэсгийг авч оронд нь тарилгын шингэн юм уу эсрэг бие агуулаагүй донорын плазм сэлбэнэ.

Архаг гломерулонефритын үед хоол ундаар авах уураг, давс, калийн хэмжээг багасгана. Мөн уух шингэний хэмжээгээ хянана. Кальцийн бэлдмэл хэрэглэнэ. Хавагналтыг бууруулах зорилгоор шээс хөөх эмийг хэрэглэнэ. Өвчний байдал хүндэрч бөөрний дутагдалд орсон бол диализд орно. Цаашлаад бөөр шилжүүлэн суулгах нөхцөл байдалд хүргэдэг.

Гломерулонефритын дагалдах ямар хүндрэлүүд байдаг вэ?

Гломерулонефритын үед нефротик хам шинж үүсч шээсээр их хэмжээний уураг гардаг. Ингэснээр биед их хэмжээний давс, шингэн хуримтлагддаг. Мөн цусны даралт ихсэх, холестрин ихсэх, бие хавагнах өөрчлөлт үүснэ. Эдгээр хүндрэлүүдэд кортикостеройд эмчилгээ хийнэ.

Гломерулонефритээс шалтгаалж үүсдэг хүндрэлүүд:

  • Хурц бөөрний дутагдал
  • Архаг бөөрний өвчин
  • Натри, кали ихсэж электролит тэнцвэр алдагдах
  • Шээсний замын архаг халдвар
  • Шингэн хуримтлагдсанаас зүрхний архаг дутагдал үүсэх
  • Шингэн хуримтлагдсанаас уушигны хаван үүсэх
  • Цусны даралт ихсэх
  • Цусны даралт огцом ихэсдэг хоруу явцтай даралт ихсэлт
  • Халдвар тусах эрсдэл нэмэгдэх

Анхаарах зүйлс

Хурц гломерулонефритыг эрт илрүүлж эмчлэх тусмаа өвчин эргэх боломжтой байдаг. Харин архаг гломерулонефритын явц намжмал байдалруу ордог. Гломерулонефрит өвчин нь хүндэрвэл бөөрний үйл ажиллагаа буурч архаг бөөрний дутагдал, цаашлаад бөөрний өвчний эцсийн шатанд хүргэх аюултай.

Тодорхой тооны бөөрний эмгэгүүд, бөөрний дутагдал, бөөрний өвчний эцсийн шатанд диализ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай болж ирдэг.

Гломерулонефрит өвчнийг эдгэхэд эерэгээр нөлөөлөх, цаашдын хүндрэлээс сэргийлэхд дараах зүйлс тустай:

  • Биеийн жингээ эрүүл, хэвийн хэмжээнд барих
  • Хоолны давсыг багасгах
  • Хоолонд уургийн хэмжээг багасгах
  • Хоолонд калийн хэмжээг багасгах
  • Тамхи татахгүй байх

Бөөрний өвчнөөс үүссэн сэтгэл санааны стрессыг тайлах арга замыг хэрэгжүүлэх хэрэгтэй.