Мика Монгол Мика Монгол

Бөөрний халдвар гэж юу вэ?

Бөөрний гол үйл ажиллагаа нь цуснаас илүүдэл ус, хорт бодисыг шүүж цэвэрлэхэд оршдог. Бөөр нь шээсний замын нэг хэсэг бөгөөд шээсийг үүсгэж биеэс зайлуулдаг. Шээсний замын эрхтэнүүдэд:

  • Бөөр (хорт бодисыг цуснаас шүүж цэвэрлэнэ, шээсийг бий болгоно)
  • Шээлүүр (шээсийг бөөрнөөс давсагруу зөөдөг нарийн хоолой)
  • Давсаг (шээсийг хуримтлуулна)
  • Шээсний суваг (давсагнаас шээсийг гадагшлуулна) орно.

Эдгээр эрхтэнүүдийн аль нэг нь нянгийн халдвар авбал шээсний замын халдвар болно. Ихэнхдээ давсаг энэхүү халдварт өртдөг. Хөнгөн явцтай, өвдөлт багатай байдаг. Харин халдвар шээлүүрээр дамжин цааш тархвал бөөрний үрэвсэл болдог. Эмнэлгийн хэллэгээр пиелонефрит гэдэг.

Бөөрний халдварыг тэр даруйд нь эмчлүүлэхгүй бол яваандаа амь насанд халтай эмгэгт хүрэх аюултай.

Бөөрний халдвар юунаас үүсдэг вэ?

Халдвар ихэвчлэн давсагнаас бөөрлүү дамжисанаас шалтгаалдаг. Олон төрлийн нянгаас халдвар үүсдэг боловч ихэнх тохиолдолдд E.Coli хэмээх нян гол шалтгаан болдог. Ховор тохиолдолд халдвар арьсаар цусанд орж тархан бөөрөнд хүрдэг. Мөн цөөхөн тохиолдолд бөөрний мэс заслын үед бөөр халдварт өртдөг.

Ямар хүмүүс өртдөг вэ?

Хэнд ч тохиолдож болно. Гэхдээ эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү давсаг, бөөрний үрэвсэлд өртдөг. Эмэгтэйчүүдийн шээсний суваг эрэгтэйчүүдийнхээс богино байдаг бөгөөд нян байрлаж байдаг үтрээ, анустай ойрхон байрлалтай байдаг. Энэ нь нянгийн халдвар эмэгтэйчүүдийн шээсний сувгаар амархан орно гэсэн үг бөгөөд ингэсэн үед давсаганд очих зам нь богино байдаг. Үүнээс цааш нян бөөрөнд тархдаг.

Жирэмсэн үед хэвлий дэх ураг эхийнхээ шээлүүрийг дарж шээсний урсгалыг удаашруулдаг учир жирэмсэн эмэгтэйчүүд давсагны халдварт амархан өртдөг.

Шээсийг гадагшлахад саад болж байгаа шээсний замын доорх эмгэгүүд бөөрний халдварын эрсдлийг нэмэгдүүлдэг:

  • Бөөрний чулуу, түрүүн булчирхайн томрол зэргээс болсон шээсний замын бөглөрөл
  • Давсаг бүрэн суларч чадахгүйд хүргэдэг өөрчлөлтүүд
  • Шээсний замын эрхтэний бүтцийн өөрчлөлт
  • Шээлэйн сөргөө. Шээс давсагнаас бөөрлүү урсах эмгэг

Мөн өөр шалтгаантай эмгэгүүдээс болж бөөрний халдварын эрсдэл нэмэгдэнэ:

  • Давсагны мэдрэлийн өөрчлөлт
  • Простатит, түрүү булчирхайн үрэвсэл
  • Шээсний сувагт тавьдаг катетер
  • Чихрийн шижин хэв шинж 2-оос шалтгаалсан дархлааны доройтол

Шинж тэмдэг

  • Шээсээр цус, идээ гарах
  • Халуурах, жихүүцэх
  • Хоолны дуршилгүй болох
  • Бүсэлхий, олон уулзах, цавиар өвдөх
  • Огих, бөөлжих
  • Ядарч сульдах

Мөн давсагны халдвартай адилхан шинж тэмдэг илэрнэ:

  • Шээхэд халуу оргих, өвдөх
  • Шээс хурдан хүрэх
  • Тунадастай, үнэртэй шээх
  • Давсаг орчмоор өвдөх
  • Ойр ойрхон шээх

Хэрхэн оношлох вэ?

  • Шээсний шинжилгээгээр шээсэнд цус, идээ, нян байгаа эсэхийг үзнэ.
  • Нян ургуулах шинжилгээгээр ямар төрлийн нян байгааг үзнэ.
  • Хэт авиан шинжилгээ, КТ: шээсний замд бөглөрөл байгаа эсэхийг үзнэ. Эмчилгээ эхний 3 өдөрт үр дүнгүй байгаа тохиолдолд хийгддэг.
  • Рентген: давсаг, шээсний сувгийг тодосгогч бодистой рентгенд харна.
  • Шулуун гэдэсний үзлэг: түрүүн булчирхайн томролыг хуруугаар тэмтэрч үзнэ.
  • Цөмийн оношлогоо: радиоидэвхит бодисоор бөөрний халдвар, өөрчлөлтийг үзнэ.

Эмчилгээ

Хамгийн эхний алхам нь антибиотик эмчилгээ бөгөөд 1-2 долоо хоног хийнэ. Цочмог халдварын үед эмнэлэгт хэвтэж антибиотикыг судсаар тарьж хэрэглэнэ.

Бөөрний халдвараар эргэж дахин өвдөж байвал шээсний замын бүтцийн өөрчлөлт байх магадлалтай. Энэ тохиолдолд шээсний замын өвчнийг эмчилдэг урологийн эмчид үзүүлж, улмаар ихэнх тохиолдолд мэс засал эмчилгээ хийдэг.

Шинж тэмдгийн ямар эмчилгээ хийх вэ?

  • Нянг угааж гаргахаар шингэн юм их ууна.
  • Сайн амрах
  • Давсагаа бүрэн суллахын тулд сууж бие засах
  • Өвчин намдаахаар ацетоминофен хэрэглэх, аспирин, ибупрофен, нафроксен хэрэглэхгүй байх
  • Давсаг, нуруу орчимдаа халуун жин тавих

Урьдчилан сэргийлэх

  • Гадна бэлэг эрхтэн орчим үнэртэн, цацлага хэрэглэхгүй байх
  • Спермицидтэй бэлгэвч хэрэглэхгүй байх. Энэ нь нянгийн ургалтыг дэмждэг. Бэлгэвчийг тослож хэрэглэх нь шээсний сүвийг цочроож халдварт өртөмхий болгоно.
  • Шингэн юм их уух
  • Шээс хүрэнгүүт шээж байх
  • Бэлгийн ажил хийсний дараа шээх
  • Ариун цэврийн цаасыг хэрэглэхдээ урдаас арагшаа чиглэлтэй арчих