Бөөрний өвчин нь хүний биеийн цус цэвэрлэх, цуснаас илүүдэл усыг шүүх, цусны даралтыг хянах үйл ажиллагаанд оролцдог. Мөн улаан эсийн төлжилт, ясны эрүүл мэндэд шаардлагатай витамин Д-ын бодисын солилцоонд оролцоно.
Хүн хоёр бөөртэй байдаг. Хоёр бөөр хоёулаа бүсэлхийнээс бага зэрэг дээр нурууны түвшинд байрлана. Бөөр үрэвсэж гэмтвэл биеэс ялгардаг хорт бодис, шингэн биед хуримтлагдана. Ингэснээр шилбээр хавагнах, дотор муухай оргих, ядрах, нойр суудах, амьсгал давчдах зовиур илэрнэ. Энэ байдал нь бөөрний үйл ажиллагаа зогсоход ч хүргэж болох бөгөөд амь насанд аюултай байдал үүсгэнэ.
Бөөр ямар үүрэгтэй вэ?
- Цусан дахь ус болон эрдсийн тэнцвэрийг зохицуулна (натри, кали, фосфор)
- Хоол боловсруулалт, булчингийн үйл ажиллагаанаас үүссэн хорт бодис болон биед орсон химийн бодис, эмийн бодисыг зайлуулна.
- Ренин хэмээх бодисыг ялгаруулж цусны даралтыг зохицуулна.
- Эритропоэтин хэмээх бодис ялгаруулж улаан эс үүсэлтийг дэмжинэ.
- Яс болон бусад зүйлд шаардагддаг витамин Д-ын идэвхитэй хэлбэрийг бий болгоно.
Бөөрний хурц өвчин
Бөөр цочмогоор ажиллахаа болихыг бөөрний хурц дутагдал гэнэ. Дараах шалтгаанаас үүсдэг:
- Бөөрөнд очих цусны урсгал багасах
- Бөөрхий эдийн гэмтэл
- Бөөрөнд шээс саатах
Эдгээр шалтгаанууд дараах нөхцлөөр бий болдог:
- Гэмтэл ослоос шалтгаалан цус алдах
- Шингэн алдах юм уу булчингийн эд задарч цусны урсгалд их хэмжээний уураг орох
- Үжлийн халдвараас болж шоконд орох
- Түрүү булчирхай томорч шээсний замыг хаах
- Бөөрийг шууд гэмтээдэг хортой бодис болон эмийн бодис хэрэглэх
- Жирэмсний үеийн эрт болон хожуу хордлого
- Аутоиммуны өвчний улмаас дархлааны тогтолцоо бөөрний цочмог гэмтлийг бий болгох
- Зүрх, элэгний хурц дутагдалд орох
Бөөрний архаг өвчин
Бөөрний үйл ажиллагаа 3 сараас дээш хугацаагаар алдагвал архаг бөөрний өвчин гэж үзнэ. Эрт үедээ шинж тэмдэг илрэхгүй байж болох боловч энэ үедээ эмчилгээ сайн авдаг.
Чихрийн шижин (хэв шинж 1, 2) болон цусны даралт ихсэх өвчин нь гол шалтгаан болдог. Цусанд сахарын хэмжээ их байх нь бөөрийг гэмтээдэг. Цусны даралт ихэссэнээр бөөрлүү очдог судасыг гэмтээж элээдэг.
Бусад нөхцлүүд:
- Дархлааны тогтолцооны өвчин (системийн чонон яр өвчнөөс шалтгаалсан бөөрний үрэвсэл)
- ХДХВ, гепатит В, С зэрэг удаан явцтай вирус өвчнүүд
- Пиелонефрит, шээсний замын халдварын дараах соривжил явагддаг. Энэ байдал олон дахин давтагдвал бөөрийг гэмтээдэг.
- Бөөрний бичил шүүлтүүр (гломерула)-ийн үрэвсэл. Стрептококк бактерийн халдварын улмаас үүсдэг.
- Бөөрний уйланхайт өвчин. Бөөрөнд олон тооны шингэн агуулсан уйланхай үүсдэг удамшлын шалтгаантай эмгэг.
Ургийн гажгийн улмаас шээсний зам хаагдаж бөөрөнд нөлөөлдөг. Хамгийн түгээмэл тохиолддог гажиг бол шээсний суваг, давсаг хоёрын хооронд хавхлагатай байх тохиолдол байдаг. Хүүхдийг хэвлийд байхад нь оношлож болдог бөгөөд мэс заслаар эмчилдэг.
Хар тугалганы хордлого, ибупрофен, напроксен зэрэг стеройд бус үрэвслийн эсрэг эм удаан хугацаанд хэрэглэх, мансууруулах тарилгын бодис гэх мэт эм болон хортой бодис нь бөөрийг гэмтээдэг.
Бөөрний өвчин ямар шинж тэмдгээр илрэх вэ?
Бөөрний архаг өвчний эрт үед ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол их байх ба өвчний дараагийн үе шатын үед ч илрэхгүй байж болдог. Ингэснээр өвчин мэдэгдэхгүйгээр бөөрийг гэмтээж байдаг аюултай юм.
Архаг бөөрний өвчний үед дараах шинж тэмдэг илэрнэ:
- Бөөлжих, бөөлжис цутгах
- Олон удаа шээх, цөөн удаа шээх
- Шээс хөөстэй байх
- Зовхи сэлхэрэх, ихэнхдээ шилбээр хавагнах
- Байнга ядрах, амьсгал давчдах
- Хоолны дуршилгүй болох
- Амт муу мэдрэх
- Хөлийн булчин татах
- Арьс хуурайших, загатнах
- Нойрондоо муудах
- Шалтгаангүйгээр биеийн жин буурах
Бөөрний өвчинд ямар эмчилгээ хийдэг вэ?
Өвчин архаг байна гэдэг нь удаан хугацааны эмчилгээ хэрэгтэй гэсэн үг. Эмчилгээний гол зорилго нь бөөрийг цуснаас хорт бодис, илүүдэл шингэнийг шүүж шээсээр ялгаруулж гаргах тэр хэвийн үйл ажиллагааг нь уртасгахад чиглэнэ.
Эмчилгээ эхлэхийн өмнө бөөрний өвчин ямар шалтгаанаар үүсэж байгааг олж тогтооно. Чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний үед ихэвчлэн тохиолддог.
Эмийн эмчилгээ хийх, хоолны дэглэмээ өөрчлөх шаардлага гардаг. Бөөрний үйл ажиллагаа зогссон бол диализ эмчилгээнд орох бөгөөд бөөр шилжүүлэн суулгах тухай асуудал яригдана.
Эмийн эмчилгээ
Цусны даралт ихсэлтээс болж бөөрний архаг өвчин үүсдэг. Эргээд бөөрний өвчин нь цусны даралтанд нөлөөлдөг. Тийм учираас цусны даралт буулгах эмийн эмчилгээ хийдэг:
Ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч:
- Captopril (Capoten)
- Enalapril (Vasotec)
- Fosinopril (Monopril)
- Lisinopril (Prinivil, Zestril)
- Ramipril (Altace)
Ангиотензин II рецепторыг хориглогч:
- Azilsartan (Edarbi)
- Eprosartan (Teveten)
- Irbesartan (Avapro)
- Losartan (Cozaar)
- Olmesartan (Benicar)
- Valsartan (Diovan)
Цусны даралтыг тогтворжуулснаар эдгээр эмүүд шээсээр ялгарах уургийн хэмжээг багасгадаг. Мөн цусны улаан эсийн төлжилтийг идэвхижүүлдэг эритропоэтины ялгаралтыг сайжруулах darbepoetin alfa (Aranesp), цус багадалтыг багасгах erythropoietin (Procrit, Epogen) эм хэрэглэдэг.
Хориглох эмүүд
Аспирин, ибупрофен, напроксен, целококсиб гэсэн өвчин намдаах хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн цээж гашуу оргилтын эм гэгддэг протон шахуургыг хориглогч эмийг хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
Хоолны дэглэм
Натри, уураг, кали, фосфор багатай хоол хүнс хэрэглэнэ. Бөөрний эмгэгийн үед эдгээр эрдсийг цуснаас шүүж авахад хэцүү болдог учираас энэхүү хоолнэ дэглэм бөөрний ачааллыг хөнгөвчилж өгдөг. Мөн идэж байгаа хоол, ууж байгаа шингэнээр авах усны хэмжээг тогтоох шаардлагатай болдог.
Кальци, Д витамин зэрэг витамин, эрдэс бодисыг эмчийн зааж өгсөн хэмжээгээр хэрэглэж болно.
Чихрийн шижин өвчний үед эмчийн хяналтанд байж цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах хоолны дэглэм барих хэрэгтэй.
Цусны даралт ихэсдэг бол давс багатай хоолны дэглэм баримтлана.
Диализ
Бөөрний үйл ажиллагаа зогсвол диализ эмчилгээ хийнэ.
Гемодиализ нь механик шүүлтүүрийн аппаратаар цусыг цэвэрлэдэг.
Диализын төв болон гэртээ диализыг хийж болно. Гэртээ диализ хийх нь тухтай байж болох боловч удаан хийгддэг. Гэртээ диализанд ороход долоо хоногийн 6 өдөр, өдрийн 2 цаг гаруй хугацаагаар орох бол эмнэлэг дээр диализанд орвол долоо хоногт 3 удаа орно. Шөнийн гемодиализ эмчилгээ гэж мөн байдаг.
Гемодиализд орохын тулд гарын артери, венийн судсанд мэс заслын аргаар фистул тавидаг бөгөөд энэ нь хамгийн түгээмэл арга юм. Тодорхой хэдэн сарын дотор суулгасан фистул эдгэрсэний дараа гемодиализыг эхлүүлэх боломжтой болдог. Харин диализыг яаралтай, хурдан хийх шаардлага гарвал нийлэг графтыг суулгадаг. Дээрх хоёр сонголтыг хийх боломжгүй үед хүзүүний венийн тараагуур судсанд катетер тавина. Ингээд гемодиализ эхлэхэд цус диализын аппаратанд орж цэвэрлэгдээд эргэж биерүү шахагдана.
Хэвлийн диализ гэж мөн байх бөгөөд хэвлийн хөндийн хана, хэвлийн хөндийн мембраныг ашиглан цусыг цэвэрлэдэг арга юм. Ингэхдээ хэвлийн хөндийд гуурс суулгадаг. Дараа нь эмчилгээ бүрт диализын шингэнийг энэхүү гуурсаар хэвлийн хөндийрүү оруулдаг. Ингэж орсон диализын шингэн нь өөртөө хорт бодисыг шингээж авдаг бөгөөд хэдэн цагийн дараа буцааж гаргана. Өдрийн цагаар хэвлийн диализыг хийхэд диализыг өдрийн турш давтан хийх шаардлагатай болдог. Харин шөнийн хэвлийн диализын үед диализыг давтан хийх шаардлагагүй байдаг. Эдгээр бүх диализын аргууд нь халдвар авах зэрэг эрсдэлүүд дагуулж байдаг.
Бөөр шилжүүлэн суулгах
Бөөрний эмгэгийн эцсийн шатанд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ яригдаж эхэлнэ. Гэр бүлийн гишүүн болон бусад хүмүүс, амьгүй донороос таарах бөөрийг авдаг. Бөөр шилжүүлэн суулгахад том хэмжээний мэс засал явагдах бөгөөд бөөр шилжүүлэн суулгалт амжилттай болвол диализ эмчилгээ хэрэггүй болно. Харин үүний дараа донорын бөөрийг бие хүлээж авахад хэрэгтэй эмийн эмчилгээ хийгдэнэ. Биеийн байдлын бусад шалтгаануудаас хамаараад бөөр шилжүүлэн суулгахад тохиромжгүй үеүүд байдаг. Үүнд насны байдал, бөөрний донор олдохыг хүлээх зэрэг асуудлууд байх бөгөөд энэ хүртэл диализ эмчилгээнд орж явна. Амьд донороос авсан бөөр 12-20 жил болдог. Амьгүй донороос авсан бөөр 8-12 жил болдог.
Бөөрний өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Бөөрний өвчин тусах эрсдлийг бууруулахын тулд чихрийн шижин, цусны даралт ихсэх гэсэн 2 зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Энэхүү 2 өвчнөөс болж өндөр даралт, цусан дахь сахарын хэмжээ ихсэлт бий болж бөөр элэгдэж урагдахад нөлөөлдөг. Эрүүл хоолны дэглэм баримтлах, архи тамхи хэрэглэхгүй байх, хөдөлгөөний идэвхитэй байх, эмийн зохистой хэрэглээг анхаарах зэргээр зүрх, биеийн жиндээ анхаарах нь бөөрөнд ч гэсэн адилхан тустай байдаг.
Шинжилгээнд тогтмол хамрагдах
Гэр бүлийнхнээс нь аль нэг хүн цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүн байдаг бол та бөөрний өвчнөөр өвдөх эрсдэл ихэснэ. Тийм учраас бөөрний үйл ажиллагаагаа тогтмол хянуулж байх шаардлагатай.
- Шээсний шинжилгээ: шээсэнд уураг, глюкоз, цус илэрсэн эсэхийг үзнэ.
- Цусны даралтаа үзэх: цусны даралт ихэссэн эсэхийг үзнэ.
- Өлөн үеийн цусны сахарын шинжилгээ
- Гемоглобин А1С сахарын сорил: сүүлийн 2-3 сарын хугацаан дахь цусны сахарын түвшинг үзнэ.
- Креатинины шинжилгээ: булчингийн үйл ажиллагааны үр дүнд үүсдэг бодис юм. Бөөрний үйл ажиллагаа алдагдвал креатинины түвшин ихэснэ.