Мика Монгол Мика Монгол

Кандидоз. /Мөөгөнцөр/

Кандидоз нь кандид (Candida albicans) хэлбэрийн мөөгөнцрийн халдвар юм. Энэхүү халдвар нь ам, хоолой, арьс, цус, бэлэг эрхтэнг өвчлүүлдэг. Ихэнх тохиолдолд кандидозыг ариун цэврийн дэглэмээр эмчилж болох боловч, мөөгөнцрийн халдвар нь дархлаа сул хүмүүст маш аюултай байж болно. Антибиотик эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мөөгөнцрийн эсрэг эм хавсран хэрэглэж болно.

  • Эмэгтэйчүүдэд мөөгөнцөр нь үтрээний хамгаалагч лактобацилл бактери эрс багасан үтрээний орчин (pH) чанарын болон тооны хувьд өөрчлөгдсөнөөс үүсдэг.
  • Хүүхдэд ихэвчлэн мөөгөнцрөөс шалтгаалсан живхний тууралт гардаг. Удаан хугацаагаар живх өмсөх нь хүүхдийн арьсыг дулаан чийглэг болгож, мөөгөнцөр үржих таатай нөхцөл бүрддэг. Энэ нь арьсны мөөгөнцөр юм.

Бэлгийн замаар дамждаг янз бүрийн өвчнийг антибиотикоор эмчлэх, урьдчилан сэргийлэлтийг хэтрүүлснээр өвчтөний 18-40%-д нь кандидоз үүсэх ба мөөгөнцөр тээгч болдог. Сүүлийн үед бэлгийн замын мөөгөнцөр эмнэлзүйн 3 хэлбэрээр илэрч байна.

  • Мөөгөнцөр тээгч: Энэ нь ямар нэг зовиур болон өвчний шинж тэмдэггүй гэхдээ үтрээний ялгадсанд микробиологийн шинжилгээ хийхэд бага хэмжээгээр мөөгөнцөр илэрдэг. Зарим нөхцөлд мөөгөнцөр тээгч нь өвчин болж болно. Эхээс урагт, эсвэл бэлгийн хавьтагчид халдвар дамжих боломжийг үгүйсгэхгүй.
  • Шээс бэлгийн замын хурц мөөгөнцөр: Энэ нь үрэвслийн тод шинж тэмдгээр тодорхойлогдох ба улайлт, хавагналт, загатналт, арьс ба үтрээний салст бүрхэвч дээр тууралт гарах шинжүүд илэрнэ. Үргэлжлэх хугацаа нь 2 сараас хэтрэхгүй
  • Шээс бэлгийн замын архаг мөөгөнцөр: Мөөгөнцрийн архаг буюу дахилтат хэлбэр нь 2-3 сар болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг.

Шинж тэмдэг

  • Үтрээнээс их хэмжээний цагаан, өтгөвтөр тараг шиг шингэн гарах
  • Их хэмжээгээр загатнах

Шээс бэлгийн замын мөөгөнцрийн шинж тэмдгүүд:

  • Их хэмжээний тараг шиг хольцтой ялгадас
  • Загатнах, хорсох, гадна бэлэг эрхтэн орчим цочрох, унтаж байхад болон угаах, бэлгийн харьцааны дараа загатналт нэмэгдэх
  • Бэлгийн харьцааны дараа эвгүй үнэр ихсэх
  • Бэлгийн замын кандидоз нь шээсний замынхтай хавсрах нь элбэг
  • Жирэмсэн эмэгтэйчүүдэд шээс бэлгийн замын мөөгөнцөр жирэмсэн бус эмэгтэйнхээс 2-3 дахин илүү тохиолддог. Жирэмсэн үед үтрээний ялгадас хүчиллэг болох ба организмд дааврын өөрчлөлт гарах нь мөөгөнцөр үүсэх шалтгаан болж болно.

 Оношилгоо

Оношлогоонд лабораторийн шинжилгээ гол үүрэгтэй. Энгийн арга нь үтрээний наалдац–ыг микроскопоор харах арга бөгөөд нянгийн нийт тоо, үрэвслийн эрчмийг үүгээр тодорхойлж болно. Мөн Полимеразын Гинжин Урвалын (PCR) аргыг хэрэглэдэг бөгөөд энэ нь мөөгөнцөр болон түүнтэй хавсарч тохиолддог зарим нууц халдварыг (хламид, микоплазм, уреаплазм гэх мэт) нарийвчлан тогтоодог.