Мика Монгол Мика Монгол

Бэлгийн хомхой

Бэлгийн хомхой гэдэг нь энгийн херпес вирусээр үүсгэгддэг бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Энэ өвчний онцлог шинжид бэлэг эрхтний ойролцоо загатнаж, өвдөж, хөндүүр болох, усархаг жижиг гүвдрүүт тууралт ойр ойрхон гарах зэрэг орно. Хоёр төрлийн энгийн херпесийн вирусээр хомхой нь үүсгэгддэг. Бэлгийн хомхойн 90 хувь нь II төрлийн вирус ээр, 10 хувь нь I төрлийн вирусээр үүсгэгддэг байна.

  • HSV-1– Энэ төрлийн вирус нь амаар хомхой гарахад хүргэдэг боловч бэлэг эрхтэнд амаар хүрэхэд бэлэг эрхтэнд дамждаг.
  • HSV-2– Энэ төрлийн вирус нь хамгийн элбэг тохиолдох төрөл бөгөөд бэлгийн замаар болон хомхойд хүрэхэд халдварлана.

Хожуу илрэх үр дагавар

  • Бэлгийн хомхойтой хүмүүс ХДХВ-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй. Учир нь өвчин илэрсэн үед цэврүүн тууралт нь ХДХВ хүний биед орох боломжийг бүрдүүлж өгдөг.
  • Эхээс урагт халдвар дамжиж, зарим тохиолдолд хүүхэд үхэлд хүрэх аюултай. Халдвар эхээс урагт дамжих эрсдэл нь саяхан халдвар авсан эхчүүдэд, эсвэл өвчин анх илрэх үед илүү нэмэгддэг.
  • Харин халдвар аваад нэлээд удсан, эсвэл халдвартай хэрнээ өвчний илрэл ажиглагдаагүй эхчүүдийн хувьд ийм эрсдэл арай бага байдаг. Бэлгийн хомхойтой эхчүүдийн хүүхдийг кесар хагалгаа хийж төрүүлдэг бөгөөд өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үтрээгээр төрүүлэх боломжтой.

Шинж тэмдэг

Зарим тохиолдолд шинж тэмдэг илрэхгүй байж ч болдог.

Хомхой гарч эхлэхээс өмнөх өдрүүдэд:

  • Халдвар авсан хэсгүүдэд загатнах, халуун оргих мэдрэмж төрнө
  • Нурууны доод хэсэг, хөл, өгзгөөр өвдөлт мэдрэгдэнэ.

Вирус биеэс гадагшилсан даруйд үхдэг тул угаалтуур, ванн болон бусад эд зүйлсээр дамжих боломжгүй юм. Халдвар авсны дараагаар херпес вирус нь нууц хэлбэрээр биед оршин тогтнох бөгөөд жилд хэд хэдэн удаа бэлэг эрхтнээр цэврүүт хөндүүртэй тууралт үүсэх байдлаар илэрнэ.

Онцлох шинж тэмдэг илрээгүй үед бэлгийн хомхойгоор өвчилснөө анзаарахгүй явах тохиолдол элбэг байдаг. Харин шинж тэмдэг ажиглагдвал дараах байдлаар илэрнэ.

  • Бэлэг эрхтэн дээр хомхой гарахаас өмнө ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илрэх (халуурах, толгой өвдөх, булчин өвдөх г.м)
  • Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсноос 10 хоногийн дараа бэлэг эрхтэн өвдөж, загатнах
  • Тунгалаг шингэнээр дүүрсэн жижиг цэврүү үүсэх, цэврүү хагаран цагаан идээрхэг шархлаа болох
  • Шархлаанаас цус гарах, идээлэх
  • Шархлаа эдгэрэн тав тогтох, яр болох
  • Шархлаа үүссэнээс болж бие засахад өвдөх
  • Шархлаа эдгэрэх хүртэл бэлэг эрхтнээр хөндүүрлэх

Хомхой гарах байрлалууд

Халдвар авсан хэсгээр хомхой үүсдэг бөгөөд шархлааг гараараа маажиж нүд болон бусад эрхтэндээ хүрснээр биеийн бусад хэсгүүдэд хомхой гарах аюултай.

Эрэгтэй болон эмэгтэй хүмүүст:

  • Хошногын амсрын эргэн тойронд
  • Өгзгөн дээр
  • Аманд хомхой гарч болно.

Эмэгтэйчүүдэд:

  • Умайн дотор хана
  • Бэлэг эрхтний гадна хэсэг
  • Умайн хүзүү

Эрчүүдэд:

  • Бэлэг эрхтэн
  • Төмсөг
  • Гуя
  • Шээсний сувгийн хэсэгт шархлаа үүсч болно.

Олон жилийн турш тодорхой давтамжтайгаар нэг гарч, нэг арилж байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам давтамж нь холдох хандлагатай болно. Бэлгийн хомхой нь жилд дунджаар дөрвөн удаа дахидаг. Энэ нь эхээс урагт халдварлах ба халдвар авсан зарим ураг эдгэрдэг бол зарим нь тархины халдвараас болж амьдарч чаддаггүй.

Эмчилгээ

Харамсалтай нь энэ өвчнийг үүсгэгч вирусийг устгах эмийн бодис хараахан гараагүй .Одоохондоо бүрэн эмчлэх боломжгүй. Харин:

  • Шархлааг хурдан эдгээх
  • Шархлааны шинж тэмдгийг намдаах
  • Шархлаа үүсэх давтамжийг холдуулах

Бусдад халдвар тараах магадлалыг бууруулах зэрэг арга хэмжээг авч болно. Судлаачид бэлгийн хомхойн халдварын үед илрэх шинж тэмдгийг эмчлэх эм, халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг гаргахаар хичээсээр л байна.

Оношилгоо

Үүссэн шархлаанаас дээж авах

  • Пломеразын гинжин урвал – Цуснаас, нугасны шингэнээс болон шархлаанаас ДНХ-ийн шинжилгээ авч ямар төрлийн вирусээр халдварласныг тодорхойлно.
  • Цусны шинжилгээ – Цусанд херпесийн вирусийн эсрэг биет байгаа эсэхийг шинжилнэ.

Эм тариа

Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, доктор Д.Сэлэнгийн ахалсан судлаачдын багийнхан “хомхой долоох” гэж хүмүүсийн ярьдаг херпес симплекс вирусийн эсрэг эм бүтээсэн.                      Тэдний бүтээсэн гол эм нь талимонин юм. Эмийн санд ацикловир, ганцикловир, валацикловир, пенцикловир, фамцикловир ба видаравин зэрэг эм байдаг ч ихэвчлэн “Ацикловир”-ыг хэрэглэдэг. Энэ түрхлэгийг удаан хугацаагаар хэрэглэхэд эмэнд дасал болох, вирус мутацлагдах зэрэг сөрөг нөлөө гардаг. “Талимонин” нь ургамлын гаралтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тосон түрхлэг.