Мика Монгол Мика Монгол

ДОХ

ДОХ гэдэг нь дархлалын олдмол хомсдлын хам шинж гэсэн үгний товчлол юм. Энэ өвчин нь хүний дархлалын системийг ажилгүй болж, үхэлд хүргэдэг шинэ зууны аймшигт тахал юм. Шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн өвчтөнд илэрч бvртгэгдсэн байдаг. Хүний дархлал хомдолын вирус (ХДХВ) нь Дархлалын олдмол хомсдол ДОХ өвчнийг үүсгэдэг.

Халдварлах замууд

  • Халдвартай хүнтэй бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох
  • Цусанд ХДХВ байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийлгүйгээр халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх
  • Бохир зүү, тариур, багажаар арьсыг хатгаж цоолох, ямар нэгэн мэс ажилбар хийх
  • ДОХ-ийн халдвартай эхээс урагт, жирэмсэн болон, төрөх үед, төрсний дараа үед хөхний сүүгээр тус тус халдварлана.
  • ХДХВ хүний биеийн гадна удаан амьдарч чаддаггүй учраас ДОХ-той хүнтэй амьдрах, хамтдаа хооллох, аяга таваг хоолны хэрэгсэлээ хамтдаа хэрэглэх, биед нь хүрэх, тэврэх тэр ч байтугай хамтдаа унтах зэрэг нь ямар ч аюулгүй.
  • Хамгаалалтгүй бэлгийн хавьтлийн үед биеийн шингэнээ солилцох, шүдний сойз, сахлын хутга зэрэг арьс салст гэмтээдэг багаж хэрэгслийг хамтран хэрэглэх зэрэг нь аюултай юм.

Шинж тэмдэг

Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч дархлалын тогтолцоог гэмтээх хүртэл тодорхой хугацаа шаардагддаг бөгөөд дунджаар 6 сараас 10 жил үргэлжилдэг. Энэ хугацаанд эрүүл мэт харагдаж, өөрийгөө халдвар авсныг мэдэхгүй байснаар халдвар тараах аюултай байдаг. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг. ДОХ өвчний үед ямар ч шалтгаангүйгээр дараах шинж тэмдгүүд ихэнхдээ илэрдэг.

  • Биеийн жин буурах
  • Байнга ядрах
  • Шөнө хөлрөх
  • Хүзүү, суга, цавины булчирхай томрох
  • Амьсгаадах, хуурай ханиах

Дархлалын систем сулрах тусам тухайн хүн жингээ алдаж, ядрамтгай болж, янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр болон шингэн алдах зэргээр аливаа халдварт өртөмтгий болдог. Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. Нэгэнт ДОХ өвчний энэ шатанд хүрсэн нөхцөлд хүндэвтэр халдварын улмаас ихэвчлэн 1-2 жилийн дотор нас бардаг.

Оношилгоо

ХДХВ-ийн халдварыг цусны шинжилгээгээр илрүүлдэг. Хүний цусанд эсрэг бие 4-8 долоо хоногийн дараа ихэвчлэн илэрдэг ч зургаан сар хүртэл хугацаанд ч илрэхгүй байж болдог. Халдвар авснаас цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг “ Цонх үе ” гэнэ. Энэ үе нь  халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл ойролцоогоор 3 сар (заримдаа 3-6 сар) өнгөрдөг. Энэ гурван сарын хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байж болох тул ХДХВ оношлогдохгүй. Иймээс ямар нэгэн эрсдэлтэй үйлдэлд өртсөн бол 3 сарын дараа дахин шинжлүүлэх хэрэгтэй.

Эмчилгээ

Энэхүү вирус нэгэнт биед нэвтрэн орсон нөхцөлд түүнийг устгах төгс эмчилгээ, үр дүнтэй урьдчилан сэргийлэх тарилга хараахан нээгдээгүй боловч энэ өвчнөөс сэргийлэх аргуудыг бүрэн тогтоосон юм. Харин вирусын үржлийг зогсоох эмчилгээ эсвэл хавсарсан эмийн эмчилгээ хийгддэг. Эдгээр нь ХДХВ-ын халдвар ДОХ болох хугацааг уртасгана гэсэн үг юм.

Сэргийлэх арга зам

  • Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх
  • Аман секс хийх үед бэлгэвч хэрэглэх.
  • Секс тоглоом дамжуулан хэрэглэхгүй байх. Энэ тохиолдолд тоглоомыг угааж хэрэглэх эсвэл бэлгэвчээр бүрхэж хэрэглэх.
  • Судсаар хар тамхи хэрэглэгчид зүү, шприц дамжуулан хэрэглэхгүй байх