Архи их уух нь элэг өөхлөх шалтгаан болно. Ингэснээр элэгний эд соривжин цирроз болно. Элэг соривжих тусам элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө. Гэхдээ архи бага уудаг юм уу, огт уудаггүй байх үед ч мөн элэг өөхлөнө. Үүнийг АБШЭӨ өвчин гэх бөгөөд элэгний хатууралд мөн адил хүргэдэг.
Амьдралын зөв хэвшилтэй байх нь АБШЭӨ өвчнөөс сэргийлэх тустай боловч анхаарах явсан тохиолдолд амь насанд аюултай элэгний асуудал үүсгэдэг өвчин юм.
АБШЭӨ өвчин болон АШЭӨ өвчин нь элэг өөхлөх өвчин гэсэн нэр томъёон дор цуг явдаг. Элэгний 5-10 хувь нь өөхтэй байвал энэ нөхцөл байдлыг өөхөн хувирал гэж нэрлэнэ.
Шинж тэмдэг
АБШЭӨ өвчний ихэнх тохиолдолд ажиглагдах шинж тэмдэггүй байдаг. Илэрсэн шинж тэмдэгүүд нь:
- Хэвлийн баруун дээд хэсгээр өвдөх
- Ядрах
- Элэг, дэлүү томрох (эмчийн үзлэгээр)
- Хэвлий устах, хэвлий цардайх
- Арьс, нүд шарлах
АБШЭӨ өвчин нь элэгний хатууралд шилжсэн үед:
- Ухаан санаа самуурах
- Дотуур цус алдах
- Хавагнах
- Элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдах
Шалтгаан
АБШЭӨ өвчний шалтгаан бүрэн тодорхойлогдоогүй. Гэхдээ энэхүү өвчин болон инсулинд тэсвэртэй байдал хоёрын хоорондын хамаарал ажиглагддаг.
Инсулин бол даавар. Булчин болон бусад эд эрхтэнд энергийн эх үүсвэр болох глюкоз (сахар) шаардлагатай болвол инсулин нь цуснаас глюкозыг эсрүү оруулахад тусалдаг. Инсулин нь мөн элгэнд илүүдэл глюкоз хадгалагдахад нөлөөлдөг.
Хүний бие инсулинд тэсвэртэй болвол эд эс инсулины үйлчлэлд хариу үйлдэл үзүүлэхгүй болдог. Үр дүнд нь их хэмжээний өөх эцэстээ элгэнд цугларна. Ингэснээр үрэвсэл, элэгний соривжилд хүргэнэ.
Эрсдэлт хүчин зүйл
АБШЭӨ өвчин нь хүн амын 20 хувьд илэрдэг. Инсулинд тэсвэртэй байдлаас хамаараагүй АБШЭӨ өвчтэй байсан ч инсулинд тэсвэртэй байдал нь хамгийн хүчтэй эрсдэлт хүчин зүйл болдог.
Инсулинд тэсвэртэй байдалд нэрвэгдэх эрсдэлтэй хүмүүст илүүдэл жинтэй юм уу суугаа амьдралын хэвшилтэй хүмүүс ордог.
АБШЭӨ өвчний бусад хүчин зүйлүүд:
- Чихрийн шижин
- Холестрин ихсэх
- Триглицерид ихсэх
- Кортикостеройд хэрэглэх
- Хөхний хорт хавдарт тамоксифен зэрэг хавдрын эм хэрэглэх
- Жирэмслэлт
Хоол бага идэх, жин огцом хаях нь АБШЭӨ өвчний эрсдэлт хүчин зүйл болно.
Хэрхэн оношлох вэ?
АБШЭӨ өвчин нь ихэвчлэн шинж тэмдэггүй явагдана. Цусны шинжилгээнд элэгний ферментүүд хэвийн хэмжээнээс ихэссэн үзүүлэлт гарсанаар оношлогддог. Цусны ерөнхий шинжилгээгээр үүнийг илрүүлнэ.
Элэгний фермент ихсэх нь элэгний бусад өвчний үед ч гарах бөгөөд эмч үүнийг ялган оношлоно.
Элэгний хэт их хэмжээний өөхөн хуримтлалыг хэт авиан оношлогоогоор илрүүлнэ. Фиброскан хэмээх хэт авиан оношлогооны өөр нэг төрлийн оношлогоогоор элэгний уян хатан чанарыг хэмжинэ. Уян хатан чанар хэдий чиний их алдагдана, төдий чиний соривжилт их байгааг хэлнэ. Эдгээр шинжилгээ хангалтгүй үед элэгний биопси шинжилгээ шаардлагатай болдог. Энэ шинжилгээгээр хэвлийгээр давжуулан хатгалт хийж элэгний эдээс жижиг эд авдаг. Эд авсан эдээ үрэвсэл, сорвижлын шинж тэмдэг байгаа эсэхийг оношлуулахаар лабориторилуу явуулдаг.
АБШЭӨ өвчний хүндрэл юу вэ?
АБШЭӨ өвчний гол эрсдэл нь элэг үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд хүргэдэг элэг хатуурах өвчинд хүргэдэг явдал юм. Элэг нь доорхи чухал үйл ажиллагаанд оролцдог:
- Өөх тосыг задлах, биеэс бодисын солилцооны үлдэгдэл бодисыг зайлуулах үүрэгтэй цөсийг боловсруулна
- Эм, хортой бодисыг задлана
- Уургийн бүтээгдэхүүний оролцоотойгоор биеийн шингэнийг тэнцвэржүүлнэ
- Гемоглобиныг бий болгох, төмөр хуримтлуулах үүрэгтэй
- Цусан дах шүвтэрийг шээсээр ялгарах шээсний хүчил болгож хувиргана
- Энергийн эх үүсвэр болгож глюкозыг хуримтлуулах, зарцуулах үүрэгтэй
- Эсийн эрүүл байдалд шаардлагатай холестриныг боловсруулна
- Цуснаас бактерийг зайлуулна
- Халдварын эсрэг дархлалын хүчин зүйлийг бий болгоно
- Цус бүлэгнэлтийг хэвийн байлгана
Элэгний хатуурал нь элэгний хавдар, элэгний дутагдалд хүргэдэг. Элэгний дутагдалд эмийн эмчилгээ хэрэг болдог боловч элэг шилжүүлэн суулгах нь гол эмчилгээ болдог.
АБШЭӨ өвчний хөнгөн тохиолдолд элэгний ноцтой асуудал, хүндрэлд хүргэдэггүй. Тус өвчин хөнгөн явцтай, эрт оношлогдсон, амьдралын хэвшлээ зөв болгон өөрчилөх нь элгийг эрүүл байлгахад онц чухал нөлөөтэй.
Эмчилгээ
АБШЭӨ өвчинд өвөрмөц эмчилгээ байхгүй. Харин эмч таньд амьдралын хэвшлээ өөрчлөх хэд хэдэн чухал зөвлөмжийг өгөх болно:
- Тарган, илүүдэл жинтэй бол жингээ багасгах
- Жимс, ногоо, бүхэл үр голцуу орсон хоолны дэглэм барих
- Өдөр тутам 30 минут дасгал хөдөлгөөн хийх
- Цусан дахь глюкоз, холестрины түвшинг хянах
- Архи уухгүй байх
Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчний ерөнхий ойлголт
Эртнээс эрүүл амьдралын хэвшил баримталвал элэгний өөрчлөлтийн эхний үеэс ч гэсэн элгийг удаан хугацаанд эрүүл байлгах боломжтой. АБШЭӨ өвчин ямар нэг зовиургүй явагдах бөгөөд энэ нь элэг соривжилт явагдахгүй байна гэсэн үг биш юм. Энэхүү өвчнөөс сэргийлэхийн тулд эрүүл амьдралын хэвшлийг бий болгож элэгний ферментийн шинжилгээ тогтсон хугацаанд өгч байх хэрэгтэй.