Архины шалтгаант элэгний өвчин (АШЭӨ) нь архи хэтрүүлэн удаан хугацаагаар хэрэглэснээс элэг гэмтсэнээс үүсдэг өвчин. Олон жилээр архи хэтрүүлэн хэрэглэснээр элэг томорч үрэвсдэг. Энэ өөрчлөлт нь цирроз хэмээх элэгний хатууралд хүргэдэг. Элэгний хатуурал бол элэгний өвчний эцсийн шат юм.
АШЭӨ бол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан том асуудал юм. Эмэгтэйчүүдийн хувьд 7 хоногт 8-аас илүү, эрэгтэйчүүд 15-аас илүү согтууруулах ундаа хэрэглэдэг бол архи их хэрэглэдэг ангилалд орно. Архи хэтрүүлэн хэрэглэсэнээс гарах зөвхөн нэг үр дагавар нь л элэгний өвчин юм. Элэгний дутагдал нь амь насанд аюултай учир онцгойлж авч үзэх хэрэгтэй.
Архины шалтгаантай элэгний өвчний төрөл болон шинж тэмдэг
АШЭӨ-ий шинж тэмдэг нь тодорхой өвчний үе шатаас хамаардаг. 3 үе шаттай:
- Архины шалтгаантай элэг өөхлөх өвчин: энэ нь элэгэнд өөх хуримтлагдаж эхлэх АШЭӨ-ний эхний үе шат. Архи хэрэглэхгүй бол эмчлэгдэнэ.
- Архины шалтгаантай элэгний хурц үрэвсэл: архины хэт их хэрэглээ элгийг үрэвсүүлж энэ үеийг эхлүүлнэ. Үр дүнд нь элэгний хүнд гэмтэл үүснэ. Зарим архины шалтгаантай элэгний үрэвслийн хүнд тохиолдол нь элэгний дутагдалд хүргэнэ.
- Архины шалтгаант элэгний хатуурал: АШЭӨ-ний хамгийн хүнд хэлбэр. Энэ тохиолдолд архины хэт их хэрэглээнээс шалтгаалж элэг соривжин эргэшгүй өөрчлөлтөнд орно. Элэгний хатуурал нь элэгний дутагдалд хүргэдэг.
АШЭӨ нь шинж тэмдэг өгөхгүй байж болдог. Мөн эрт үеийн шинж тэмдэг өгөх тохиолдол ч бий. АШЭӨ-ний шинж тэмдэгүүд:
- Дотор муухайрах
- Хоолны дуршил буурах
- Шарлах
- Ядрах
- Хэвлийгээр зовиурлах
- Ам цангах
- Хэвлий, хөлөөр хавдах
- Жин буурах
- Арьс цайх, харлах
- Гарын алга, ул улайх
- Баас хар гарах
- Ухаан балартах
- Сэтгэл түгших
- Сэтгэл санаа тогтворгүй болох
- Ухаан самуурах
- Буйлнаас цус гарах
- Хөх томрох (эрэгтэйчүүдэд)
АШЭӨ-ий шинж тэмдэг мөн нэг дор их хэмжээгээр архи уух үед илэрнэ.
Архины шалтгаант элэгний өвчинд өртөх эрсдэлт хүчин зүйлс
- Гэр бүлд АШЭӨ-ий түүх байдаг бол
- Архи үргэлж их уудаг бол
- Архи нэг дор ихээр уудаг бол
- Хоол тэжээллэг байдал дутагдалтай бол
Архины шалтгаантай элэгний өвчнийг оношлох
АШЭӨ бол элгийг гэмтээдэг ганц шалтгаан биш. Бусад өвчнийг үгүйсгэхийн тулд элэгний шинжилгээ хийнэ.
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Элэгний үйл ажиллагааны шинжилгээ
- Хэвлийн компьютер томографи
- Хэвлийн эхо шинжилгээ
- Элэгний эдийн шинжилгээ
Элэгний ферментийн шинжилгээг мөн хийнэ:
- Гамма-глютамилтранфераза
- Аспартат аминотрансфераза
- Аланин аминотрансфераза
Хэрвээ АST-ын түвшин АLT-ын түвшингээс 2 дахин их байвал АШЭӨ байх магадлалтай.
Архины шалтгаантай элэгний өвчний эмчилгээ
АШЭӨ-ий эмчилгээ 2 гол зорилготой. Нэгдүгээрт архи уухыг зогсооход туслах. Ингэснээр цаашид элэг гэмтэхээс сэргийлж эрүүл мэндийг батжуулна. 2-т нь элэгний эрүүл байдлыг сайжруулахад оршино.
- Архинаас гарах хөтөлбөр, арга хэмжээ: үүнтэй адил арга хэмжээнд хамрагдсанаар архинаас өөрөө гарч чадахгүй байгаа үед архинаас гарахад тус болдог.
- Мультивитамин: В-ийн комплекс витамин архи их уудаг хүмүүст багассан байдаг. Энэхүү дутагдал нь цус багадалт юм уу хоол тэжээлийн дутагдалд хүргэдэг.
- Элэг шилжүүлэн суулгах: элэг үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болтолоо хатуурч соривжсон байвал эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай болно.
- Витамин А-ын бэлдмэл: АШЭӨ-тэй хүмүүс А витамины дутагдалтай байдаг.
Витамин А болон архи 2-ыг нэг доор хэрэглэх нь аюултай. Архи уухаа больсон үед энэ бэлдмэлийг уух хэрэгтэй. Эдгээр бэлдмэлүүд элгийг эмчлэхгүй ч хоол тэжээлийн дутагдал зэрэг гарах хүндрэлүүдээс сэргийлдэг.
Архины шалтгаантай элэгний өвчний хүндрэлүүд
- Эргэшгүй элэгний соривжил, үйл ажиллагааны алдагдал
- Улаан хоолойн судасны өргөслийн цус алдалт (элэгний өвчний үед улаан хоолойн вений судас өргөсдөг)
- Элэгний цусны судасны даралт ихсэх (үүдэн венийн даралт ихсэх)
- Цусанд хорт бодис ихэссэнээс тархины үйл ажиллагаа алдагдах (гепатитын энцифалопати)
Архины шалтгаантай элэгний өвчний ерөнхий ойлголт
АШЭӨ амьдрах хугацааг богиносгоно. Гэхдээ архи уухыг зогсоовол үүнийг өөрчилж болно. Хээл тэжээлийн алдагдлыг хоолны дэглэмээ өөрчлөх, таарсан бэлдмэлийг авч хэрэглэх замаар засч болно. Архи уух дуртай болон хэтрүүлэн хэрэглэдэг ойр дотныхоо хүний амьдралын буруу зуршлыг өөрчлөхөд хэзээ ч оройтоогүй байдаг юм шүү.
Өөрийгөө архи уух тал дээр ямар нэг асуудалтай гэж үзэж байгаа юм уу элэгний өвчний эрсдэл байна гэж үзвэл эмчид хандаж элгээ эрүүлжүүлэх болон архи уухыг зогсоох хөтөлбөр, зөвлөгөө аваарай.