Умайн хүзүүний хэвийн эсүүдэд өөрчлөлт орж хавдар үүсэхийг умайн хүзүүний хорт хавдар гэнэ. Энэ төрлийн хорт хавдар нь бэлгийн замын халдварт өвчин юм. Хүний Папиллома Вирус буюу HPV нь ихэвчлэн умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэнэ.
Шалтгаан
Эрүүл эсүүд генетикийн өөрчлөлтөд орж хорт хавдрыг үүсгэдэг. Хэвийн үед хүний биеийн эсүүд тодорхой хугацаанд амьдарч, тодорхой хугацаанд үхнэ. Харин хорт хавдрын үед эсүүд үхэлгүйгээр бөөгнөрөн хавдар болдог. HPV-ийн халдвар авсан боловч хорт хавдар үүсээгүй тохиолдол олон байдаг тул ажиллаж амьдрах орчин болоод амьдралын хэв маяг ч чухал нөлөөтэй.
Умайн хүзүүний хорт хавдрын төрлүүд
- Булчинлаг эсийн хорт хавдар – Умайн хүзүүний гадна хананд байрлах нарийн эсүүдээс үүсгэгдэх бөгөөд энэ төрлийн хорт хавдар хамгийн элбэг тохиолдоно.
- Булчирхайн хорт хавдар – Умайн хүзүүний булчирхайтай төстэй эсүүдээс үүсдэг.
- Олон бэлгийн хавьтагчтай байх – Олон хавьтагчтай байх нь HPV халдвар авах магадлалыг нэмэгдүүлнэ.
- Бэлгийн хавьталд эрт орох – HPV халдвар авах магадлал залуу байх тусам өндөр байдаг.
- Бусад бэлгийн замын халдварт өвчин – ХДХВ, хламид, заг хүйтэн зэргийн БЗХӨ туссан бол HPV вирусийн халдвар авч болно.
- Дархлаа муудах
- Тамхи татах – Тамхи нь эсүүдийг өөрчлөлтөд оруулж хавдар үүсгэдэг.
Шинж тэмдэг
Хавдрын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Хавдрын эхэн үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүйд хамаг аюул оршино. Энэ өвчнийг зөвхөн эмчид үзүүлж эсийн шинжилгээ өгснөөр илрүүлэх боломжтой. Эхэн үеийн өөрчлөлтийн үед шинж тэмдэг илрэх нь бага байдаг. Хэрэв эхэн үед эсүүд өөрчлөгдөн, өвчин даамжирвал дараах шинж тэмдгүүд зонхилон илэрнэ:
- Бэлгийн харьцааны дараа цус гарах
- Усархаг эсвэл цустай зүйл гарах
- Бэлгийн харьцааны үеэр аарцаг өвдөх
- Сарын тэмдгийн мөчлөг хооронд цус алдах
- Сарын тэмдгийн мөчлөгийн үед ердийн үеийнхээс олон хоног, их хэмжээгээр цус гарах
- Бэлгийн хавьталд орох үед өвдөх
- Үтрээнээс хэвийн бус ялгадас гарах
- Цэвэршилтийн дараах үед үтрээнээс цус гарах
- Шалтгаангүйгээр ядрах
- Хөлөөр хавагнах буюу хөл хөөх
- Ууц нуруугаар өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Өвчин хүндэрч хожуу шатандаа орсон үед
- Бэлгийн харьцааны үеэр цусархаг ялгадас гарах
- Үтрээнээс махны шүүс шиг ялгадас гарах
- Хэвлийн доод хэсгээр өвдөх
- Гуя цавь руу өвдөх
- Ядарч сульдах шинж илэрнэ.
Оношилгоо, эмчилгээ
- Эмэгтэйчүүдийн үзлэг
- Умайн хүзүүний дурандалт \кольпоскоп\ – Энэ нь умайн хүзүүг томруулан харах –шинжилгээний арга бөгөөд телевизийн дэлгэцээр үйлчлүүлэгчид өөрт нь илэрч байгаа өөрчлөлтийг харуулан тайлбарлах боломжийг олгодог.
- Умайн хүзүүний эсийн шинжилгээ (пaп тест) – Энэ нь умайн хүзүүний сувгаас тусгай зориулалтын сойзоор дээж авч шинжилдэг арга. Маш энгийн ажилбар, эмэгтэйд ямар нэгэн таагүй мэдрэмж төрдөггүй.
- Умайн хүзүүний эдийн шинжилгээ – Энэ нь эсийн шинжилгээ эргэлзээтэй гарсан тохиолдолд умайн хүзүүнээс жижиг эд таслан авч шинжлэх арга.
- Сорьц авах – Хавдрын эсээс сорьц авч шинжилдэг.
- HPV шинжилгээ – Цусанд HPV халдвар байгаа эсэхийг шинжилнэ.
- Арчдас авах – Умайн хүзүүнээс арчдас авч шинжилнэ.
- Соронзон резонанст томографи болон компьютер томографи – Хавдрын хэмжээ болон байрлалыг тогтооно
Эсийн шинжилгээ өгөхдөө ямар шаардлагыг хангах ёстой вэ?
- Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө усанд, шүршүүрт орж болохгүй
- Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй
- Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө тампон, жирэмснээс хамгаалах эм мөн -эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэж болохгүй
Умайн хүзүүний хавдрыг хүндэрлээс нь шалтгаалан эмчилгээ хийх бөгөөд 1-4 үе шатанд ангилж үздэг.
- 1-р үе – Умайн хүзүүнд хавдар үүсч эхлэх
- 2-р үе – Умайн хүзүүд хавдар үүсэх
- 3-р үе – Хавдар үтрээний доод хэсэг рүү тархсан, дотогшоо тархсан байх
- 4-р үе – Умайн хүзүүний хавдар бусад эрхтнүүдэд үсэрхийлсэн байх. (Давсаг, шулуун гэдэс, элэг, бөөр, уушги г.м)
Хавдрын 1 болон 2-р үед сав авах хагалгаа хийж дахин хавдар үүсэхээс сэргийлдэг. Гэвч энэ хагалгаа нь хүүхэд төрүүлэх боломжгүй болгодог тул химийн эмчилгээ, туяа эмчилгээ мөн хийж болно. Хавдрын үе шатаас хамааран зөвхөн умайн хүзүү болон савыг авах эсвэл умайн хүзүү, сав, үтрээний зарим хэсэг, тунгалгийн булчирхайг авах хагалгааг хийдэг.
Харин туяа эмчилгээний үед маш хүчтэй туяагаар хавдрын эсүүдийг шарж, эс нэмэгдэх үйл явцыг зогсоох, эсүүдийг устгах эмчилгээ хийгдэнэ. Туяа эмчилгээг хэвлийн ойролцоо төхөөрөмж байрлуулж туяагаар гаднаас нь шарах байдлаар эсвэл үтрээний дотор хэсэгт төхөөрөмж оруулан туяагаар эмчлэх байдлаар хийдэг. Аль ч төрлийн туяа эмчилгээ нь сарын тэмдгийг бүр мөсөн зогсоох, залуу насанд цэвэршилт үүсгэх шалтгаан юм. Тиймээс туяа эмчилгээнээс өмнө өндгөн эсээ хадгалуулж дараа нь хүүхэдтэй болох боломж бас байдаг байна.
Мөн туяа эмчилгээтэй хавсран химийн эмчилгээ хийдэг. Химийн эм тариа венийн судсаар тарьж хавдрын эсүүдийг устгах бөгөөд удаан хугацаагаар химийн эмчилгээ хийлгэх нь биед сөрөг нөлөөтэй.
Хэрэв хавдрыг эрт оношилж чадвал бүрэн эдгэрэх боломжтой тул 21-с дээш настай эмэгтэйчүүдийг тогтмол шинжилгээ өгч байхыг зөвлөдөг.
Урьдчилан сэргийлэлт
- HPV халдвар авахаас сэргийлэх вакцин хийлгэх
- Мазокын шинжилгээ ойр ойрхон өгөх – 21 нас хүрснээс хойш жил бүр мазокын шинжилгээ өгч хэвшээрэй.
- Бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт хэрэглэж БЗХӨ тусахгүй байхаас сэргийлэх
- Тамхи татахгүй байх – Тамхи нь эсүүдэд өөрчлөлт оруулж хавдар үүсгэдэг.
- Бэлгийн хамтрагчдаа үнэнч байх