Мика Монгол Мика Монгол

Үтрээний үрэвсэл

Үрэвслийг яг өвчин гэж  хэлж болохгүй. Энэ нь бие махбодын онцгой хариу урвал бөгөөд үүний тусламжтайгаар  гадны микроб болон өөрийн  гэмтсэн эсүүдээс хамгаалдаг. Эрүүл эмэгтэйн үтрээнд олон төрлийн нян байх ба эдгээрийн хоорондох баланс алдагдсанаас энэхүү эмгэг үүсдэг. Өөрөөр хэлбэл, хэвийн үед сүүний хүчил хэмээх бодис ялгаруулж, үтрээнд хүчиллэг орчин үүсгэн, халдвараас сэргийлэх үүрэгтэй нянгийн тоо цөөрч, эмгэг нянгийн тоо нэмэгдсэнээс үтрээний үрэвсэл үүсдэг.  Цэвэршилтийн дараа эстрогений хэмжээ өөрчлөгдсөнөөс үтрээ үрэвссэн байж болно. 

Үрэвсэл хурц болон архаг хэлбэртэй байдаг.

  • Хурц үрэвсэл  нь  хурдан ширүүн явагдаж, халуурах ба бүх бие буларна.
  • Архаг үрэвслийн үед явц нь удаан , нэг намжиж, нэг хурцадна. Хэрэв хурц үрэвслийг сайн эмчлэхгүй бол  архагт шилждэг.

Шалтгаан

  • Нянгийн гаралтай – Эмэгтэй хүний үтрээнд оршин байх бактериуд хэт ихэссэнээс үтрээ үрэвсэж болно. Энэ үрэвсэл нь бэлгийн идэвхгүй амьдралтай эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орж эхлэхэд ажиглагдана.
  • Мөөгөнцөр – Үтрээнд байх хөгц нь антибиотик хэрэглэснээс болон бусад шалтгааны улмаас нэмэгдсэн байж болно.
  • Трихомониаз – Бэлгийн замаар халдвар авснаас үүднэ.
  • Халдварын бус үтрээний үрэвсэл – Үнэртэй ус, саван, угаалгын нунтаг зэргээс харшлан үтрээ үрэвссэн байх боломжтой.
  • Үтрээг өдөр бүр угааснаар, үтрээний орчин өөрчлөгдөн хэвийн бактериуд нь цөөрч үрэвсэл үүсдэг.
  • Жирэмслэлтийн үед даавар өөрчлөгдөх
  • Цэвэршилтийн дараа даавар өөрчлөгдөх
  • БЗХӨ тусах
  • Антибиотик болон бусад хүчтэй эм хэрэглэх
  • Чихрийн шижинтэй байх
  • Үтрээний ойролцоо гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх
  • Усанд тогтмол сэлэх

Бэлгийн ариун цэвэр хангалтгүйгээс энэхүү эмгэг үүсдэггүй, харин ч хэт угаалга хийдэг эмэгтэйчүүд өртөх магадлал өндөр. Өдийг хүртэл анагаах ухаан энэхүү үтрээний үрэвслийн жинхэнэ шалтгааныг тогтоогоогүй байгаа. 3 эмэгтэйн нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа нянгийн гаралтай үтрээний үрэвслээр өвдсөн байдаг.

Дараах тохиолдолд үтрээний үрэвсэл үүсэх эрсдэлтэй:

  • Бэлгийн идэвхтэй харьцаанд байдаг эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог (Бэлгийн харьцаанд огт ороогүй эмэгтэйд илэрч болдог ч бэлгийн харьцаа нь эрсдэлт хүчин зүйл юм.
  • Бэлгийн шинэ хавьтагчтай болох
  • Өмнө нь бэлгийн замаар дамжих ямар нэг халдвараар өвдөж байсан
  • Тамхи татдаг
  • Умайн хөндийд зэстэй ерөндөг хэрэглэдэг
  • Хөөсрүүлэгчтэй ваннд тогтмол ордог эмэгтэйчүүд
  • Дараах тохиолдолд нянгийн гаралтай үтрээний үрэвсэл үүсэх эрсдэл бага:
  • Жирэмснээс хамгаалах дааврын эм ууж хэрэглэдэг
  • Тогтмол бэлгэвч хэрэглэдэг эмэгтэйчүүд

Шинж тэмдэг

Гол шинж нь үтрээнээс ялгарал гарах юм. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үтрээний ялгарал гарах үндсэн шалтгаан нь энэхүү эмгэг болдог ба цайвар өнгийн, загасны төст үнэртэй ялгадас гардаг. Ялангуяа бэлгийн харьцааны үед илүү үнэртдэг.

Нянгийн гаралтай үтрээний үрэвсэлтэй олон эмэгтэйд ямар нэг зовуурь илрэхгүй байж болно.

  • Үтрээнээс гарах ялгадасны үнэр, өнгө, хэмжээ өөрчлөгдөх
  • Үтрээ загатнах
  • Бэлгийн хавьталд ороход өвдөх
  • Бие засахад өвдөх
  • Үтрээнээс үе үе бага хэмжээний цус гарах
  • Хэвлийн хэсэгт гэнэт өвдөлт өгөх
  • Ууц нуруугаар өвдөх
  • сарын тэмдгийн мөчлөг алдагдах

Мөн ямар төрлийн үрэвслээс хамааран дараах шинж тэмдэг илэрч болно.

  • Нянгийн гаралтай – Цагаан саарал өнгийн, эвгүй үнэр бүхий ялгадас гарах, загасны махтай төстэй үнэртэй ялгадас гарах, бэлгийн хавьтлын дараа илүү их хэмжээгээр гарах
  • Мөөгөнцөр – Загатнах, цагаан өтгөн бужигнасан зүйл үтрээнээс гарах
  • Трихомониаз – Шар ялгадас гарах

Эмчилгээ, оношилгоо

Хамгийн гол нь хувиараа эмчилж  болохгүй. Янз бүрийн эмийн бодисуудын гайхамшигт үйлчилгээний тухай сурталчилгаа нь эмэгтэйчүүд эмчид очих явдлыг цөөрүүлж байна. Буруу сонгосон эмийн нөлөөнд өвчин үүсгэгч нь үхэхгүй, харин тухайн байдалд дасан зохицож эхэлдэг байна. Эмчилгээг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч л сонгоно.

  • Цусны шинжилгээ – Биед халдвар орсон эсэхийг шинжлэх
  • Арчдас авах – Үтрээ үрэвсэх болсон шалтгааныг тодорхойлно.

Ямар нэг зовуурь, шинж тэмдэг илрэхгүй байгаа эмэгтэйд заавал эмчилгээ шаардлагагүй гэж үздэг. Эмчилгээ хийгдээгүй байсан ч үтрээний орчин аажимдаа сэргэдэг.

  • Нянгийн гаралтай – Эмчийн зааврын дагуу метронидазол ууж, метронидазолийн тосон түрхлэгийг үтрээнд түрхэнэ. Эмчилгээг ихэвчлэн 5-7 хоногийн турш хийдэг.
  • Мөөгөнцөр – Эмчийн заавраар мөөгөнцрийн эсрэг эм уудаг.
  • Трихомониаз – Эмчийн зөвлөгөөний дагуу эмэн эмчилгээ хийлгэнэ.
  • Дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй – Тосон түрхлэг түрхдэг
  • Харшлын гаралтай бол харшлын намдаах эм ууж, тосон түрхлэг түрхэнэ.

Үтрээний үрэвсэл нь ихэнх тохиолдолд хүндрэл учруулдаггүй. Харин Жирэмсэн эмэгтэйн үтрээ трихомониазын гаралтайгаар үрэвссэн бол дутуу төрөх, жин багатай хүүхэд төрүүлэх магадлалтай. Мөн трихомониазаар халдварласан эмэгтэй ХДХВ/ДОХ-ын халдвар авах магадлал өндөр байдаг.

Эмчилгээний дараа давтан шинжилгээ шаардлагатай юу?

  • Жирэмсэн биш эмэгтэйд антибиотикын курс эмчилгээний дараа давтан шинжилгээ шаардлагагүй.
  • Жирэмсэн эмэгтэйчүүд эмчилгээ дууссанаас 1 сарын дараа үтрээний наалдцын давтан шинжилгээ өгөх хэрэгтэй.

Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл дахин давтан илрэх магадлал өндөртэй. Зарим эмэгтэйчүүдэд эмчилгээнээс хойш 3 сарын дотор дахин илэрдэг  ба энэ тохиолдолд антибиотик эмчилгээг давтан хийдэг. Өвчний хурц үед эмэгтэй нь хэвтрийн дэглэм баримталж бэлгийн хавьталд орохгүй байх ёстой. Хэрэв үрэвсэлт өвчин хүндэрвэл  мэс заслын эмчилгээ шаардагдах боломжтой. Нөхөн сэргээх явцад эмэгтэйчүүдийн иллэг, физик эмчилгээ үр дүн сайтай байдаг.

Урьдчилан сэргийлэлт

Ямар нэг онцгой арга гэж байхгүй хэдий ч дараах санамжийг мөрдөөрэй.

  • Ваннд орохдоо ямар нэг хөөсрүүлэгч саван, шампунь зэргийг хэрэглэхгүй байх
  • Дотуур өмдөө угаахдаа хүчтэй ариутгагч, угаагч бодис аль болох хэрэглэхгүй байх
  • Гадна бэлэг эрхтэн, үтрээг хэт угаахгүй байх (үтрээний дотуур угаалга хийхгүй байх)
  • Эмэгтэйчүүдийн зориулалтын саван, түүн дотроо рН багатай буюу хүчиллэг орчинтой саван сонгон хэрэглэх
  • Элдэв гоо сайхны бүтээгдэхүүнийг үтрээний ойролцоо түрхэхгүй байх
  • Бие зассаны дараа урдаас хойш чиглэлтэй арчиж байх
  • Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх