Чихрийн шижин өвчин бол цусанд сахар, глюкозын түвшин ихсэж эрүүл мэндийн архаг нөхцөл байдал үүсдэг өвчин юм. Инсулин даавар нь энергийн эх үүсвэрт ашиглагддаг сахарыг цуснаас эсрүү зөөвөрлөдөг.
Чихрийн шижин хэв шинж 2-ын үед биеийн эсүүд инсулинтэй хариу үйлчлэлцэлгүй болдог. Өвчний сүүлийн шатуудад хүний бие хангалттай инсулин ялгаруулж чадахгүй болдог.
Хоруу явцтай чихрийн шижин хэв шинж 2-ын үед цусанд сахар архагаар ихсэж огцом өөрчлөлт, хурц хүндрэлд хүргэдэг.
Чихрийн шижин хэв шинж 2-ын шинж тэмдэг
Чихрийн шижин хэв шинж 2-ын үед эсрүү сахар зөөвөрлөх инсулины хэрэгцээ алдагдана. Ингэснээр бие махбодь булчин, эд эрхтнийг энергийн өөр эх үүсвэрээ болгон ашиглахад хүргэнэ.
Ингэснээр олон төрлийн шинж тэмдгийг араасаа дагуулах гинжин урвал болж хувирдаг. Чихрийн шижин хэв шинж 2 аажим явагдана. Эхэндээ шинж тэмдэг анзаарагдахгүйгээр аажим явцтай эхлэнэ.
Эхэн үеийн шинж тэмдэгт:
- Байнга өлсөх
- Энерги дутагдах
- Ядарч сульдах
- Жин буурах
- Ам их цангах
- Олон шээх
- Ам хатах
- Арьс загатнах
- Нүд бүрэлзэх
Өвчин даамжрахын хэрээр шинж тэмдэг улам тод болж аюултай хэмжээнд хүрнэ.
Цусан дахь сахарын түвшин удаан хугацаанд өндөр явахад илрэх шинж тэмдэг:
- Мөөгөнцөрийн халдвар
- Шарх, шалбархай удаан эдгэрэх
- Арьс нөсөөжих
- Хөл өвдөх
- Захын эрхтнүүд мэдээ алдах, нейропати болох
Эдгээрээс 2 ба түүнээс их шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлэх шаардлагатай. Эмчилгээ хийлгэхгүй бол амь насанд аюултай өвчин юм.
Чихрийн шижин өвчин зүрхний гол “дайсан” юм. Чихрийн шижинтэй эмэгтэйчүүдэд давтан зүрхний шигдээс болох магадлал 2 дахин их байдаг. Мөн зүрхний дутагдал болох магадлал чихрийн шижин өвчнөөр өвчлөөгүй эмэгтэйчүүдээс 4 дахин их байдаг. Чихрийн шижин өвчин жирэмсний үед хүндрэл өгдөг.
Чихрийн шижин хэв шинж 2-ын хоолны дэглэм
Хоолны дэглэм бол эрүүл зүрхтэй байх, сахарын түвшин хэвийн байхад хэрэгтэй чухал ойлголт юм. Хоолны дэглэм заавал нарийн, нүсэр байх албагүй. Чихрийн шижин хэв шинж 2-оор зовиурлаж байгаа хүний хоолны дэглэм бол хүн бүрийн дагаж мөрдөх ёстой тэр л дэглэмтэй адил байдаг. Энэхүү дэглэм нь доорх цөөн ойлголтонд зангилагдана:
- Хоол ундаа цагийн хуваарийн дагуу идэх
- Илчлэг бага, тэжээллэг чанар өндөртэй олон төрлийн хоол хүнсийг сонгож хэрэглэх
- Хэтрүүлж их идэхгүй байх
- Хоолны агууламжийг нарийн харж байх
Тохиромжтой хоол хүнс
Эрүүл нүүрс ус нь ислэгтэй байдаг:
- Хүнсний ногоонууд
- Жимснүүд
- Шошнууд
- Бүхэл үр
Зүрхийг эрүүл байлгах омега-3 өөхний хүчил агуулсан хүнснүүд:
- Туна загас
- Сарин загас, sardines
- Яргай загас, salmon
- Хар амар загас, mackerel
- Halibut загас
- Сагамхай загас, Cod
Эрүүл ханаагүй тос агуулсан хоол хүнс:
- Чидун жимсний тос
- Канола тос
- Газрын самрын тос
- Бүйлс
- Пекан самар
- Хушга
- Авокадо
Эдгээр нь ашигтай өөх тостойн хажуугаар илчлэг ихтэй. Тохируулж хэрэглэх нь гол түлхүүр. Сүүн бүтээгдэхүүн хэрэглэх бол тос багатайг нь сонгоорой.
Татгалзах хоол хүнснүүд
- Ханасан өөх тос ихээр агуулсан хүнс
- Транс тос ихээр агуулсан хүнс
- Мах
- Боловсруулсан мах
- Хясаа
- Дотор эрхтний мах, элэг
- Амьтны гаралтай өөх тосоор хийсэн маргарин
- Shortening тос
- Хуурай жигнэсэн хүнс
- Боловсруулсан амттан
- Сахартай ундаанууд
- Тосны өндөр агууламжтай сүүн бүтээгдэхүүнүүд
- Давстай хүнс
- Шарсан хүнс
Өөрийн хоол тэжээл, ичлэгийн зорьж байгаа хэмжээгээ эмчтэйгээ ярилцан амттай, өөрийн амьдралын хэв маягт тохирсон, хэрэгтэй хоолны дэглэмийг хамтдаа зохиогоорой.
Чихрийн шижин хэв шинж 2-ын эмчилгээ
Энэ өвчнийг үр дүнтэйгээр хянаж болно. Эмчийн зөвлөснөөр цусан дахь глюкозын түвшингээ хянаж байх хэрэгтэй. Мөн:
- Эрүүл нүүрс ус, ислэгээр баялаг хоол хүнсийг хэрэглэх. Жимс, ногоо, бүхэл үр идэх нь цусан дахь сахарын хэмжээ тогтвортой байхад тусална.
- Тогтсон зайтай хооллох
- Цадталаа идэхгүй байх
- Жингээ барьж зүрхээ эрүүл байлгах. Энэ нь дан нүүрс ус, чихэрнээс татгалзах, амьтны гаралтай өөх тосыг хамгийн бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй гэсэн үг юм.
- 30 мин-1 цаг идэвхитэй хөдөлгөөнт дасгал хийх. Дасгал хөдөлгөөн нь цусны глюкозыг хэвийн байлгахад чухал нөлөөтэй.
Цусанд сахар хэт ихсэх, хэт багасах эрт үеийн шинж тэмдгийг хэрхэн таньж тухайн нөхцөл бүрт ямар арга хэмжээ авах, ямар хүнс эрүүл вэ гэдийг эмчээс асууж мэдэх хэрэгтэй.
Чихрийн шижин хэв шинж 2-оор өвдсөн хүн бүр инсулин хэрэглэх шаардлагагүй. Хэрвээ инсулин хийлгэхээр нөхцөл байдал үүссэн бол, энэ нь нойр булчирхай инсулин хангалттай ялгаруулахгүй болжээ гэсэн үг юм. Инсулин хийлгэх нөхцөл байдал үүснэ гэдэг бол анхаарах ёстой зүйл юм. Үүнээс гадна жороор олгогддог эмийн эмчилгээнүүд байдаг.
Чихрийн шижин хэв шинж 2-ын шалтгаанууд
Хүний нойр булчирхай хоол идэх үед инсулиныг ялгаруулдаг. Инсулин нь хүний бүхий л биеэр урсаж байгаа цусан дахь сахарыг авч биеийн эсүүдэд энергийн хэрэгцээ болгож тээвэрлэхэд тусалдаг.
Чихрийн шижин хэв шинж 2-ын үед хүний бие инсулинд тэсвэртэй болдог. Хүний бие энэхүү дааврыг үр дүнтэйгээр ашиглахаа болино. Энэ нөхцөл байдал нь нойр булчирхайг илүү их инсулин ялгаруулахыг шаардана. Цаашдаа нойр булчирхайн эсийн гэмтэлд хүргэж, нойр булчирхай улмаар инсулин ялгаруулах чадваргүй болно.
Хангалттай инсулин ялгаруулж чадахгүй юм уу инсулиныг үр дүнтэй зарцуулж чадахгүй бол глюкоз цусанд ихсэж ирнэ. Ингэснээр хүний биеийн эд эс энергийн дутагдалд орж “өлсөнө”.
Энэ ноцтой байдалд юу хүргэж байгааг эмч нарийн оношлох боломжгүй юм. Нойр булчирхайн эсийн үйл ажиллагааны юм уу эсийнх нь дохио, зохицуулгын алдагдлаас шалтгаалдаг байж болох юм. Зарим хүнд элэг хэтэрхий их глюкоз үйлдвэрлэдэг. Энэ тохиолдолд чихрийн шижин хэв шинж 2-ыг үүсгэх удамшлын урьдал хүчин зүйл нөлөөлдөг.
Мөн инсулинд тэсвэртэй байх, чихрийн шижинтэй болох эрсдлийг бий болгодог таргалалтанд хүргэх удамшлын урьдал хүчин зүйл байдаг. Мөн байгаль орчны шалтгаан нөлөөлдөг.
Хамгийн гол нь чихрийн шижин хэв шинж 2-ын эрсдэл хэд хэдэн хүчин зүйлээс нэгэн зэрэг шалтгаалан ихэсгэдэг. Чихрийн шижин хэв шинж 2-ын шалтгааныг тогтоох судалгаа одоо ч явагдаж байгаа.
Чихрийн шижин хэв шинж 2-ын эмийн эмчилгээ
Зарим тохиолдолд амьдралын хэв маягаа зөв болгож өөрчилсөнөөр чихрийн шижин хэв шинж 2-ыг хянаж барьж болдог. Бусад тохиолдолд эмийн эмчилгээ шаардлагатай:
- Метформин. Цусан дахь сахарын хэмжээг бууруулж бие махбодийн инсулинд үзүүлэх хариу үйлдлийг сайжруулна.
- Сульфонилуреаз. Инсулин ялгаруулалтыг ихэсгэнэ.
- Меглитинид, глинид. Нойр булчирхайнаас инсулин ялгарахыг зохицуулдаг богино хугацааны, хурдан үйлчилгээтэй эм.
- Тиазолидинедион. Бие махбодийг инсулинд мэдрэг болгоно.
- Дипептидил пептиаза-4 ингибитор. Цусан дахь сахарын түвшинг бууруулах зөөлөн үйлдэлтэй эм.
- Глюкагон төст пептид-1 рецепторын агонист. Шингээлтийг удаашруулж, цусан дахь сахарын түвшинг хэвийн болгоно.
- Натри-глюкоз котранспортер-2 ингибитор. Сахар бөөрөнд эргэн шимэгдэж цусанд орохоос сэргийлж шээсээр ялгаруулна.
Эдгээр эм тус бүртээ гаж нөлөө үзүүлдэг. Аль сайн зохих эмийг юм уу эмийн хослолыг сонгож чихрийн шижинг эмчилнэ.
Цусны даралт, холестрины өөрчлөлттэй бол эдгээр эмчилгээг илүү зохицуулж хийх шаардлагатай.
Бие махбодь инсулин ялгаруулж чадахгүй болсон үед инсулин эмчилгээ шаардлагатай. Шөнийн цагаар урт хугацааны үйлчилгээтэй тарилга, өдрийн цагаар хэдэн удаагийн давтамжтай тарилга хийх шаардлагатай болно.
Хүүхдийн чихрийн шижин хэв шинж 2
Хүүхдийн чихрийн шижин хэв шинж 2 нь сүүлийн үед өсөн нэмэгдэж байна.
Үүний шалтгааныг тодорхойлоход түвэгтэй боловч эрсдэлт хүчин зүйлүүдэд:
- Илүүдэлтэй жинтэй байх, БЖИ- 25-аас дээш байх
- Хүүхэд 4 кг-аас илүү жинтэй төрөх
- Чихрийн шижинтэй жирэмсэн эхээс төрөх
- Ойрын төрөл саданд чихрийн шижин хэв шинж 2-той хүн байх тохиолдол
- Хөдөлгөөн муу, суугаа ажилтай байх
- Америк, Аляскын уугуул, Африк гаралтай, Ази гаралтай Америкийн иргэд, Латин, Номхон далайн арлын иргэд зэрэг орно.
Хүүхдийн чихрийн шижин хэв шинж 2-ын илрэх шинж тэмдэг
- Ихээр цангах
- Ихээр өлсөх
- Их шээх
- Шарх удаан эдгэрэх
- Халдварт ойрхон өртөх
- Ядарч сульдах
- Хараа бүрэлзэх
- Хүзүү, тохой зэрэг газрын арьс харлах
Чихрийн шижингийн нөхцөл байдал амь насанд аюултай байдал үүсгэдэг учир хүүхдэд чихрийн шижингийн шинж тэмдэг илэрсэн даруйд эмчид үзүүлэх хэрэгтэй.
Цусны шинжилгээгээр цусанд сахар ихэссэн эсэхийг оношлоно. Гемоглобины А1С сорилоор сүүлийн саруудын цусан дахь сахарын түвшний дундаж үзүүлэлтийг үзнэ.
Ингээд хүүхдэд чихрийн шижин өвчин оношлогдвол эмчилгээ эхлэхийн өмнө хэв шинж 1 юм уу хэв шинж 2 аль нь болохыг оношлоно.
Хүүхдийг энэхүү өвчний эрсдлээс хамгаалахын тулд өдөр тутмын биеийн хөдөлгөөнийг идэвхитэй байлгах, сайн хооллож ундалж байх дээр анхаарах хэрэгтэй.
Чихрийн шижин хэв шинж 2-ын эрсдэлт хүчин зүйлүүд
Чихрийн шижин хэв шинж 2-ын шалтгааныг бүрэн дүүрэн олж чадахгүй ч энэхүү өвчний эрсдлийг ихэсгэдэг хүчин зүйлүүдийг мэдэж болно.
- Эцэг эх, ах, эгч нь чихрийн шижин хэв шинж 2-той бол эрсдэл ихэснэ.
- Чихрийн шижин хэв шинж 2 аль ч насанд үүсч болох ч нас ахих тусам эрсдэл ихэснэ. Ерөнхийдөө 45 наснаас хойш эрсдэл их байна.
- Африк, Ази гаралтай Америк, Латин Америк, Америкийн уугуул иргэд илүү эрсдэлтэй.
- Өндгөвчний олон уйланхайт хам шинжтэй эмэгтэйчүүдэд эрсдэл их байна
Энэхүү эрсдлүүдийг бууруулж болно:
- Илүүдэл жинтэй байна гэдэг нь өөхөн эд илүү их байна гэсэн үг. Ингэснээр биеийн эсүүдийг инсулинд тэсвэртэй болгодог. Хэвлийн өөхлөлт нь гуя, таазны өөхлөлтөөс илүү эрсдлийг ихэсгэнэ.
- Суугаа ажил, амьдралын хэвшилтэй хүмүүст эрсдэл ихэснэ. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь глюкозын зарцуулалтыг хангаж өгснөөр биеийн эсүүдийн инсулинд мэдрэг байдлыг сайжруулна.
- Түргэн хоол их идэх, хэтрүүлж их идэх нь цусан дахь сахарын түвшинг ихэсгэх хөнөөлтэй.
Чихрийн шижингийн урьдал байдал юм уу жирэмсний үеийн чихрийн шижинтэй бол цаашдаа чихрийн шижин болох эрсдэл нэмэгдэнэ.
Чихрийн шижин хэв шинж 2-оос сэргийлэх энгийн аргаас..
Чихрийн шижин хэв шинж 2-оос бүрэн сэргийлэгдэх боломжгүй. Удамшил, яс үндэс, насны хамаарлаас зайлах боломжгүй.
Чихрийн шижингийн урьдал байдал болон чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлд өртсөн, өртөөгүй алин байсан ч амьдралын хэвшлийн маш багахан өөрчлөлт ч чихрийн шижин хэв шинж 2-оор өвчлөхийг хойшлуулж, цаашилбал өвчлөлөөс сэргийлж чадна. Хоолны дэглэм, хөдөлгөөн дасгал, биеийн жинг хянах зэрэг дээр ажиллан энэхүү өөрчлөлтийг бий болгосноор цусан дах сахарын түвшин өдрийн турш хэвийн хэмжээндээ байх болно.
Хоолны дэглэм
Тэжээллэг чанар, ислэгээр баялаг нүүрс усыг хоолны цэсэндээ оруулах хэрэгтэй. Мөн ханаагүй өөх тос, загасны өөх тосны омега-3 өөхний хүчил хэрэгтэй. Хэрэглэх сүүн бүтээгдэхүүнүүд өөх тос багатай байх хэрэгтэй. Юу идэх вэ гэдгээс гадна аль хэр хэмжээтэй идэх вэ гэдгийг анхаарна. Хоолны порц дээр анхаарч өдөр бүр тогтмол цагаар хооллох хэрэгтэй.
Дасгал хөдөлгөөн
Чихрийн шижин хэв шинж 2-ийг хөдөлгөөний идэвхигүй байдал дагаж явдаг. Өдөр бүр 30 минут аеробик хөдөлгөөн дасгал хийх нь биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг. Мөн нэмэлт хөдөлгөөн дасгал давхар хийж болно.
Биеийн жингээ барих
Жингийн илүүдэлтэй байвал чихрийн шижин хэв шинж 2-ээр өвчлөх магадлал ихэснэ. Эрүүл зохистой хооллолтын дэглэм болон өдөр тутмын дасгал хөдөлгөөн хийх нь жингээ хянахад тусална. Ингээд өөрчлөлт өгөхгүй байвал биеийн жингээ бууруулах аюулгүй бусад аргуудыг эмчийн заавраар хэрэглэж болно.
Чихрийн шижин хэв шинж 2-г оношлох нь
Чихрийн шижингийн шинж тэмдэг илэрсэн л бол энэхүү өвчний урьдал байдалтай байсан ч үүнийг хамаарахгүйгээр эмчид үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр эмч доорх цусны шинжилгээнүүдийг хийнэ.
- Гемоглобин А1С шинжилгээ буюу глюкозжсон гемоглобины шинжилгээ. Өмнөх 2-3 сарын хугацааны цусан дахь глюкозын түвшингийн дундажийг хэмжинэ.
- 8 цаг юм идээгүй өлөн байх үеийн цусны ийлдсийн глюкозын шинжилгээ. Ийлдсэн дэх глюкозыг хэмжинэ.
- Глюкоз тэсвэрлэх сорил. Глюкозын тун агуулсан ундааг уухаас өмнө болон ууснаас 2 цагийн дараах цусыг шинжилнэ. Үр дүнд нь ундааг ууснаас өмнө болон дараа глюкозын хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгааг харна.
Чихрийн шижин өвчний үед авах доорх арга хэмжээг эмч зөвлөдөг.
- Цусан дахь глюкозын хэмжээг хэрхэн өөрөө хянах
- Хоолны дэглэм зохиох
- Хөдөлгөөн дасгал хөдөлгөөний дэглэм гаргах
- Шаардлагатай ямар ч эм, эмчилгээний талаарх мэдээлэл өгөх
Чихрийн шижингийн эмчилгээгээр нарийн мэргэжисэн дотоод шүүрлийн эмчид мөн үзүүлэх шаардлагатай болно. Эмчилгээний үр дүнг тогтмол болтол эмчид ойрхон үзүүлж байх шаардлагатай байдаг.
Чихрийн шижин хэв шинж 2-ын дагалдах хүндрэлүүд
Чихрийн шижин хэв шинж 2-ыг ихэнх хүмүүст үр дүнтэйгээр эмчилж, хянаж болдог. Энэхүү өвчин нь бүхий л эд эрхтэнд ноцтой хүндрэлийг бий болгодог:
- Мөөгөнцөр, нянгийн гаралтай гэх мэт арьсны өвчнүүд
- Мэдрэлийн гэмтэл, нейропати, захын үе мөчдийн мэдрэмж алдагдах, бадайрах, ходоод гэдэсний мэдрэл мөн алдагдаж бөөлжих, суулгах, өтгөн хатах шинж илрэх
- Хөлийн цусан хангамж буурч улмаар хөлийн шарх, халдвар эдгэхгүй удаж үхжил болох, хөл, тавхайгаа тайруулахад хүрдэг.
- Сонсгол алдагдах
- Нүдний торлог гэмтэх, нүд гэмтэх, улмаар хараа муудах, нүдний даралт ихсэх, нүдний болор цайхад хүргэх
- Цусны даралт ихсэх, артерийн судас нарийсах, зүрхний өвдөлт, шигдээс, тархины цус харвалт зэрэг зүрх судасны өвчин болох
- Бөөр гэмтэх, бөөрний дутагдал болох
Гипогликеми
Цусан дах сахар багасахад гипогликеми болдог. Чичрэх, толгой эргэх, хэл яриа ээдрэх зовиур илэрнэ. Жимсний шүүс, ундаа, чихэр зэргийг идэж уух хурдан аргаар энэ байдлаас гарч болно.
Гипергликеми
Цусан дахь сахар ихсэхэд гипергликеми болно. Их шээх, ам цангах зовиур илэрнэ. Дасгал хөдөлгөөн хийх нь цусан дахь сахарын түвшинг бууруулдаг.
Жирэмсний үеийн болон жирэмсний дараах үеийн чихрийн шижингийн хүндрэл
Жирэмсэн үеийн чихрийн шижингийн үед өвчний байдлыг сайн хянаж байх хэрэгтэй. Ингэж чадаагүй үед:
- Төрөх явц хүндэрнэ
- Хүүхдийн эд эрхтэн хөгжихөд муу нөлөөтэй
- Хүүхдийн биеийн жин ихэснэ
- Төрсний дараа хүүхэд чихрийн шижинээр өвчлөх эрсдэл ихэснэ.
Чихрийн шижин өвчний ДЭМБ-ын статистик үзүүлэлт
- 2014 оны дэлхийн чихрийн шижингийн тархалт насанд хүрэгчдийн дунд 9 хувь байсан
- Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 90 хувь нь чихрийн шижин хэв шинж 2-той байна.
- 2012 онд дэлхийн хэмжээнд чихрийн шижингээс шалтгаалсан нас баралт 1,5 сая тохиолдол байсан
- Чихрийн шижингээр өвчилсөн хүмүүсийн тал хувь нь зүрхний өвчин, тархины цус харвалт зэрэг зүрх судасны эмгэгээр нас барж байна.
- Чихрийн шижин нь бөөрний дутагдалд орох гол шалтгаан болдог.
Чихрийн шижин хэв шинж 2 өвчний менежмент
Ингэхийн тулд багийн ажиллагаа шаардлагатай болдог. Эмчтэй ойр ажиллах нь гол боловч ихэнх зүйлийн үр дүн өвдсөн хүнээс, өөрөөс нь их хамаардаг.
Цусан дахь сахарын түвшинг тодорхойлохын тулд үе шаттайгаар цусны шинжилгээ хийдэг. Ингэснээр өвчний явцыг мэдэх, тодорхойлоход тустай. Эмчилгээ хийж байгаа үед эдгээр шинжилгээ нь эмчилгээ яаж явагдаж байгааг хянахад хэрэгтэй байдаг.
Чихрийн шижин хэв шинж 2 өвчний менежментийн хялбар зөвлөмжүүд
- Ислэг, тэжээллэг чанар ихтэй нүүрс устай хоол хүнс голлон хэрэглэж эрүүл биш өөх тос, энгийн нүүрс усны хэрэглээг багасгах
- Өдөр болгон дасгал хийх
- Эм, эмчилгээг заавар удирдамжийн дагуу хийх
- Эмчид үзүүлэх хуваариас гадуурх хугацаанд цусан дахь сахарын түвшинг гэртээ хянаж байх. Гэртээ хянахдаа ямар хугацаанд, ямар үед хийх вэ гэдгийг эмч зөвлөж өгнө.
Мөн гэр бүлийнхээ хүмүүсийг цусан дахь сахар ихсэх, багасах үед гардаг аюултай шинж тэмдгийн талаар мэдлэгийг өгсөнөөр яаралтай үед тус болно. Хамт амьдардаг хүмүүс бүгдээрээ эрүүл хоолны дэглэмийг дагаж, хөдөлгөөн дасгал идэвхитэй хийдэг байвал чихрийн шижинээр өвдсөн гэр бүлийн гишүүнд ашиг тус нь илүү ирнэ.