Холестрин гэж юу вэ?
Холестрин бол байгалиасаа хүний элгэнд боловсруулагдаж бий болдог өтгөн, өөхтэй төстэй өөх тосны нэг төрлийн бодис юм. Холестрин нь зарим даавар, витамин Д болон эсийн ханын бүтцийн амин чухал хэсэг болдог.
Холестрин нь усанд уусдаггүй, дангаараа цусанд урсаж зөөвөрлөгдөж чадахгүй. Иймээс холестриныг зөөвөрлөхийн тулд элэг липопротейнийг ялгаруулдаг.
Липопротейн нь өөх ба уургийн хэсгээс бүтдэг. Липопротейн нь холестрин ба триглицерид (өөх тосны нэг төрөл)-ыг цусны урсгалаар зөөвөрлөдөг. Липопротейны гол 2 хэлбэр нь бага нягтралтай липопротейн (БНЛ, LDL), их нягтралтай липопротейн (ИНЛ, HDL) юм.
Хэрвээ цусанд БНЛ-ы холестрин (БНЛ-оор зөөвөрлөгдөж байгаа холестрин) ихэсвэл холестрины ихсэлт болж байна гэж үзнэ. Үүнийг анхаарахгүй орхивол зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг цусанд холестрин ихэссэнээс шалтгаалсан эрүүл мэндийн маш олон асуудлуудад хүргэнэ.
Цусанд холестрин ихсэх нь тодорхой шинж тэмдэггүй явагдана. Иймээс цусан дахь холестрины хэмжээг тогтсон хугацаанд давтамжтай хянаж байх хэрэгтэй.
БНЛ-ын холестрин буюу “муу холестрин”
БНЛ-ын холестрин нь холестриныг артерийн судасруу аваачдаг бөгөөд “муу холестрин” гэж нэрлэгддэг. БНЛ-ын холестрин цусанд хэт ихэсвэл артерийн судасны ханан дээр суудаг.
Үүнийг холестрины товруу гэдэг. Энэ товруу нь артерийн судсыг нарийсган цусны урсгалыг хязгаарлаж улмаар цус бүлэгнэх эрсдлийг ихэсгэнэ. Ингэж үүссэн бүлэн нь зүрх юм уу тархины артерийн судсыг бөглөвөл зүрхний шигдээс, тархины цус харвалтанд хүргэнэ.
ӨНЛ-ын холестрин буюу “сайн холестрин”
ӨНЛ-ын холестриныг “сайн холестрин” гэж нэрлэдэг. ӨНЛ-ын холестрин нь БНЛ-ын холестриныг элгэнд очиж биеэс зайлуулагдахад тусалдаг. Ингэснээр холестрины товруу артерийн судасны хананд үүсэхээс сэргийлдэг.
Хэрвээ ӨНЛ-ын холестрин хэвийн, эрүүл түвшинд байхад цус бүлэгнэх, зүрхний өвчинөөр өвдөх, тархины цус харвалт болох эрсдлийг бууруулдаг.
Триглицерид буюу өөх тосны өөр нэг төрөл
Триглицерид нь холестриноос ялгаатай өөх тосны өөр нэг төрөл юм. Эсийн ханыг бүрдүүлэхэд холестрин, даавруудыг ашиглаж байх үед хүний бие махбодь триглицеридыг энергийн эх үүсвэр болгон ашиглаж байдаг.
Хүний бие махбодийн хэрэглэх хэмжээнээс илүү гарсан илчлэгийг хоол хүнсээрээ авбал илүү гарсан илчлэг нь триглицерид болон хувирдаг. Ингээд эдгээр глицерид нь өөхний эсэд хуримтлагдана. Мөн бие махбодь нь триглицеридыг цусны урсгалаар зөөвөрлөхийн тулд липопротейныг ашигладаг.
Хэрвээ бие махбодид шаардагдах хэрэгцээнээс илүү хэмжээний илчлэгтэй хоол хүнс хэрэглэвэл триглицеридын түвшин ихэснэ. Ингэснээр зүрхний өвчнөөр өвдөх, тархины цус харвалт болох зэрэг өвчнүүдээр өвдөх эрсдлийг ихэсгэнэ.
Энгийн цусны шинжилгээгээр цусан дахь холестрины хэмжээг үзэхтэй адил триглицеридын хэмжээг хэмжиж үздэг.
Цусан дахь холестрины хэмжээг үзэх
20 болон түүнээс дээш насны хүн 4-6 жил тутам цусан дахь холестрины хэмжээгээ хянуулж байх хэрэгтэй. Хэрвээ холестрины хэмжээ ихэсч байсан, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлт хүчин зүйлийн түүхтэй хүн байвал цусан дахь холестрины хэмжээгээ илүү ойрхон давтамжтай шинжлүүлэх шаардлага гарна.
БНЛ-ын холестрин, ИНЛ-ын холестрин, триглицеридийг багтаасан нийт холестрин гэсэн хэмжигдэхүүнээр мөн хэмждэг. Нийт холестрины хэмжээ бол цусан дахь холестрины ерөнхий тоо хэмжээ юм. Үүн дотор БНЛ, ИНЛ-ын холестрин багтсан байна.
Нийт холестрин юмуу БНЛ-ын холестрины хэмжээ хэт их байвал цусан дахь холестрины хэмжээ ихэсчээ гэж үзнэ. БНЛ-ын хэмжээ хэт их байгаад ИНЛ-ын хэмжээ хэт багассан байвал холестрин ихсэлт аюултай хэмжээнд байна гэж үзнэ.
- Хоол хүнсэн дэх транс болон ханасан өөх тос, агуулагдах чихрийн байдалд анхаарал тавих хэрэгтэй. Эдгээрийг хэдий бага хэрэглэнэ, төдий чинээ сайн. Өдрийн илчлэгийн хэрэгцээний 10 хувиас илүүгүйг чихэр юм уу ханасан тосноос авах хэрэгтэй.
- Өөх тос хангалттай идэх гэж хичээх хэрэггүй. Хүний бие махбодь өөх тосыг авч байгаа үгүйг хамаарахгүй зохицуулж байдаг.
- Ханаагүй өөх тостой эрүүл хооллолтоор хооллох. Хоол хийхдээ тосоо оливын онцгой цэвэр тосоор солиж хийх, өөхгүй мах хэрэглэх, шарсан төмс болон бусад боловсруулсан хүнсний оронд самар, үрийг хөнгөн зуушинд хэрэглэх.
Цусан дахь холестрины хэвийн хэмжээний талаарх сүүлийн үеийн удирдамжууд
Хүний бие махбодь хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд БНЛ зэрэг холестрины хэрэгцээ байдаг. БНЛ-ын хэмжээ хэт ихэссэн үед л эрүүл мэндийн ноцтой асуудлууд үүсэх эрсдлийг ихэсгэнэ.
Эмч эхлээд өөх тосны хэмжээний тоон үзүүлэлтүүдээр холестриныг авч үзнэ. Нийт холестрин, БНЛ-ын холестрин, ИНЛ-ын холестрины хэмжээг үзнэ. Эдгээрийн тоон үзүүлэлтийг өөр хооронд нь харьцуулж үзсэний дараа холестриныг бууруулах эм бичих эсэхээ шийднэ.
Шинэ удирдамжаар холестрины түвшний эмчилгээн дээр нэмээд зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйлийн эмчилгээг хамт авч үзэх хэрэгтэй гэсэн. Эдгээр эрсдэлт хүчин зүйлүүдэд чихрийн шижин болон зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг зүрхний цочмог эмгэгийн 10 жилийн эрсдлийн тооцоолол ордог. Тэгэхээр холестрины ямар хэмжээ таны хувьд хэвийн байх вэ гэдэг нь зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйл таньд бий юу үгүй юу гэдгээс хамаарна гэсэн үг.
Энэ шинэ удирамжаар зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйл байхгүй хүнд БНЛ 189 мг/дл-ээс их байвал эмчилгээ хийгдэнэ. Өөрийн холестриний түвшний байдлаа эмчид үзүүлж мэдэх хэрэгтэй.
Холестрины хэмжээний хүснэгт
Холестрины хэмжээ ихсэхэд хийх эмчилгээний дээрх удирдамжийн шинэчлэлтээс болоод холестрины хүснэгт нь насанд хүрсэн хүний холестриний хэмжээг шинжлэх тохиромжтой арга хэдийнээ биш болсон.
Холестрины хэмжээний хүснэгт
Нийт холестрин | ИНЛ-ын холестрин | БНЛ-ын холестрин | |
Тохиромжтой хэмжээ | 170 mg/dL | 45-аас дээш mg/dL | 110-аас бага mg/dL |
Дундаж хэмжээ | 170–199 mg/dL | 40–45 mg/dL | 110–129 mg/dL |
Их | 200 ба түүнээс дээш mg/dL | – | 130-аас их mg/dL |
Бага | – | 40-өөс бага mg/dL | – |
Холестрин ихэссэний шинж тэмдэг
Цусанд өөх тос ихсэх нь “чимээгүй” явагддаг. Ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг хурц хүндрэл явагдтал цусанд өөх тос ихэссэнээ мэдээгүй явах нь олон байдаг.
Тиймээс өөх тосны эрт илрүүлэг шинжилгээ чухал. 20 ба түүнээс дээш насны хүмүүс энэхүү шинжилгээг хийлгэх хэрэгтэй.
Цусанд өөх тос ихсэх шалтгаан
Холестрин, ханасан өөх тос, транс өөх тос ихтэй хоол хүнс их хэрэглэх нь цусанд өөх тос ихсэх эрсдлийг бий болгоно. Мөн үүний хажуугаар амьдралын хэв маягаас шалтгаалах бусад хүчин зүйл ч гэсэн цусанд өөх тос ихсэхэд нөлөөлнө. Үүнд хөдөлгөөний дутагдал, тамхидалт орно.
Цусанд өөх тос ихсэхэд удамшлын хүчин зүйл бас нөлөөлнө. Хүний биед холестрин, өөх тосны боловсруулалтыг хариуцсан генүүд байдаг. Ерөнхийдөө тухайн хүний эцэг эхийн цусан дахь өөх тосний түвшин өндөр байдаг бол тэр хүнд мөн ижил байх эрсдэл ихсэнэ.
Удамшлын гиперхолестринеми гэх ховор тохиолдох өвчний үед цусанд холестрин ихэсдэг. Энэ өвчний үеийн генийн өөрчлөлт нь хүний биед БНЛ ихсэх шалтгаан болж БНЛ-ны түвшин 200 мл/дл-ээс дээш, нийт холестрины түвшин 300 мл/дл-ээс их болдог.
Мөн чихрийн шижин, гипотиройдизм зэрэг бусад өвчний үед цусанд холестрин ихсэх болон дагалдах хүндрэл гарах эрсдэл ихэсдэг.
Цусанд өөх тос ихсэх эрсдэлт хүчин зүйлүүд
- Илүүдэл жинтэй, тарган хүмүүс
- Эрүүл бус хооллолт
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийхгүй байх
- Тамхидалт
- Цусанд өөх тос ихэсдэг удмын түүхтэй
- Чихрийн шижин, бөөрний өвчин, гипотиройдизм өвчтэй хүмүүс
Бүх нас, хүйсийн хүмүүс, яс үндэстэнд цусанд өөх тос ихсэх явдал тохиолддог.
Цусанд өөх тос ихэссэнээс үүсэх хүндрэл
Цусанд өөх тос ихсэлтийн үед эмчилгээ хийхгүй бол артерийн судсанд товруу үүсгэдэг. Удах тусам энэ товруу нь артерийн судсыг нарийсгадаг. Үүнийг атеросклероз буюу судас хатуурал гэдэг.
Судасны хатуурал бол ноцтой өвчин юм. Үүнээс болж артерийн судсаар урсаж байгаа цусны урсгал саатдаг. Мөн цусны бүлэн үүсэх аюултай эрсдлийг нэмэгдүүлдэг.
Судасны хатуурал нь амь насанд аюултай олон хүндрэлийг бий болгодог:
- Тархины цус харвалт
- Зүрхний шигдээс
- Зүрхний өвдөлт
- Цусны даралт ихсэлт
- Захын судасны өвчин
- Бөөрний архаг өвчин
Цусанд өөх тос ихсэх нь цөсөнд нөлөөлж цөсний чулуу үүсэх эрсдлийг бий болгоно.
Цусанд өөх тос ихсэхийг хэрхэн оношлох вэ?
Цусны энгийн шинжилгээгээр цусан дахь өөх тосны түвшинг тогтооно. Нийт холестрин, БНЛ-ын холестрин, ИНЛ-ын холестрин, триглицеридыг үзэж шинжилнэ.
Энэ шинжилгээг өгөхөөс 12 цагийн өмнө юм идэж уугаагүй байх ёстой.
Цусан дахь өөх тосыг хэрхэн бууруулах вэ?
Цусан дахь өөх тосыг бууруулахын тулд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, бусад өдөр тутмын амьдралын хэмнэлээг өөрчлөх хэрэгтэй болно. Тамхи татдаг бол тамхинаас гарах хэрэгтэй.
Цусан дахь өөх тосыг бууруулах эмийн болон бусад эмчилгээ мөн хийнэ.
Хоол ундны дэглэмээр цусан дахь өөх тосыг бууруулах нь
- Өөх тос, ханасан өөх тос, транс өөх тос ихтэй хоол хүнсний хэрэглээг хязгаарлах
- Дан уургийн агууламжтай тахиа, загас, шошийг сонгож хэрэглэх
- Жимс, ногоо, бүхэл үр зэрэг ислэг ихтэй хүнсийг олон төрлөөр нь хэрэглэх
- Жигнэсэн, ууранд жигнэсэн, буцалгасан, ил гал дээр шарсан хүнс хэрэглэх, хайрч хуурсан хүнс хэрэглэхгүй байх
- Түргэн хоол, чанаргүй хоолноос татгалзах
Өөх тос, ханасан өөх тос, транс тос ихтэй хоол хүнс:
- Улаан мах, дотор мах, өндөгний шар, өөх тос ихтэй сүүн бүтээгдэхүүнүүд
- Кокосын тос, далдуу модны тос, какаоны тосоор хийсэн боловсруулсан хүнс
- Шарсан төмс, шарсан сонгино, шарсан тахиа зэрэг гүн шарсан хүнс
- Жигнэмэг, нарийн боов зэрэг зарим нэр төрлийн жигнэсэн хүнс
Холестрин ихтэй хоол хүнс
Өөх тос нь мах, өндөг, сүүн бүтээгдэхүүн зэрэг амьтны гаралтай бүтээгдэхүүнд байдаг. цусан дахь холестриныг бууруулахын тулд холестрин ихтэй хоол хүнсийг хязгаарлах хэрэгтэй болно.
Доорх бүтээгдэхүүнүүд холестрин ихээр агуулдаг:
- Өөхтэй мах
- Элэг зэрэг дотор эрхтний мах
- Өндөг, өндөгний шар
- Өөх тос их агуулсан сүүн бүтээгдэхүүн – тослогтой бяслаг, сүү, зайрмаг, тос
Эдгээр хүнснүүдээс эмчийн заавраар заримыг нь бага хэмжээгээр идэж болно.
Холестрины эмийн эмчилгээ
Холестрины түвшинг бууруулах эмийг эмч бичиж өгдөг:
- Статины бүлгийн эм. Холестрин ихэссэн үед бичдэг гол эм. Элгэнд холестрин үүсэхийг хориглодог.
Энэ бүлгийн эмнүүдээс нэрлэвэл аторвастатин, фливастатин, розивастатин, симвастатин болно.
Мөн холестрин ихэссэн үед хэрэглэх бусад эмүүд байна:
- Ниацин
- Цөс хөөх, цөс холбох үйлчилгээтэй эм – холесевалам, холестипол, холестирамин
- Холестрины шингээлтийг бууруулах – езетимибе
Элэгний холестрин нийлэгжүүлэлтийг бууруулах, бие махбодийг хоол хүнснээс холестриныг шингээж авахыг бууруулахад чиглэсэн эмийн хослол найрлагандаа агуулсан эмийн бүтээгдэхүүн байдаг. Жишээ нь Езетимибе ба симвастатины хослол.
Холестриныг бууруулах энгийн арга
Эм хэрэглэхгүйгээр холестрины түвшинг бууруулж болдог. Тэжээллэг хоол идэх, хөдөлгөөн дасгал тогтмол хийх, тамхи татахгүй байх зэрэг арга байна.
Мөн холестриныг бууруулах байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд бий:
- Сармис
- Долоогоно
- Хунчир
- Улаан исгэсэн будаа
- Ургамлын стерол, станол бэлдмэл
- Овъёос
- Таван салааны үрийн хальс
- Маалингын үр
Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд хүссэн үр дүнд хүрэхгүй байх тохиолдол байх бөгөөд бүрэн судлах шаардлагатай байгаа бүтээгдэхүүнүүд юм.
Ургамлын болон бусад тэжээлт бэлдмэлүүдийг хэрэглэхэд бусад эмийн бүтээгдэхүүнүүдтэй үйлчилгээ нь давхцаж болох учир эмчийн зөвлөгөө зааврыг авах хэрэгтэй.
Холестрин ихсэхээс хэрхэн сэргийлэх вэ?
Удамшлын эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалсан холестрин ихсэлтийг хянах боломжгүй. Амьдралын хэвшлээс шалтгаалах эрсдлийг тооцоолж болно.
Холестрин ихсэх эрсдлийг бууруулахын тулд:
- Холестрин, амьтны гаралтай өөх тос багатай, ислэг ихтэй тэжээллэг хоолны дэглэм барих
- Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Эрүүл биеийн жин барих
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Тамхи татахгүй байх
Холестрин ихсэлтийн ерөнхий ойлголт
Холестрин ихсэлт нь эрүүл мэндийн ноцтой асуудал, цаашилбал үхэлд ч хүргэдэг. Эмчилгээ хийлгэснээр энэхүү өөрчлөлтийг хянаж цаашид гарах хүндрэлээс сэргийлэх тустай.
Холестрин ихсэлтээс гарах хүндрэлийн эрсдлийг бууруулахын тулд эрүүл амьдралын хэвшлийг бий болгож эмчийн төлөвлөсөн эмчилгээг дагах хэрэгтэй. Зохистой хоолны дэглэм барих, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, тамхи татахгүй байх нь холестрины түвшинг хэвийн хэмжээнд байлгахад туслана. Эдгээр нь мөн холестрин ихсэлтээс гарах хүндрэлээс сэргийлнэ.