Ханиад болон томуу өвчний ялгаа юу вэ?
Энгийн ханиад болон томуу өвчин нь эхэн үедээ адилхан шинж тэмдгээр илэрдэг амьсгалын замын өвчнүүд юм. Гэхдээ өөр өөр вирусын шалтгаантай байдаг бөгөөд илэрч буй зовиураар ялгааг нь мэдэж болно.
Ханиад болон томуугийн шинж тэмдэг:
- Хамар битүүрэх, нус гоожих
- Найтаах
- Булчин хөндүүрлэх
- Ядрах
Томуугийн шинж тэмдэг ханиаднаас илүү хурцаар илэрдэг. Ханиад нь бусад эрхтэнд нөлөөлдөггүй. Харин томуу нь хамар дайврын хөндий, чихний халдвар, уушигны хатгаа, цусан үжил өвчинд хүргэж болдог.
Дээрх зовиуруудаас үүдээд ханиад томууг ялгаж тогтоох шаардлага гарвал эмчид хандаж шинжилгээ өгөх хэрэгтэй болно. Ийнхүү эмчийн оношлосноор ханиад байх юм бол ханиадны вирусын халдвар явагдаж дуустал шинж тэмдгийн эмчилгээ хийх шаардлагатай болох бөгөөд шингэн юм сайн ууж, амарч хэвтэх хэрэгтэй.
Томуугийн вирусын идэвхжлийн эхэн үед эмчилгээ хийвэл өвчний явц, хугацааг богиносгож хүндрэлээс сэргийлнэ. Томуугаар өвчилсөн үед амралт, шингэн юм сайн уух нь мөн тус болно. Томуу нь энгийн ханиадтай адилаар аяндаа эдгэдэг өвчин юм.
Томуугийн шинж тэмдэг
- Халуурах
Томуугийн үед ихэнхдээ халуурах шинж тэмдэг илэрнэ. 37.8 – 40 хэм хүртэл халуурна. Хэдий тийм ч хүүхдэд халуурах шинж тэмдэггүйгээр явагддаг бөгөөд эцэг эхчүүд үүнийг анхаарах хэрэгтэй юм. Халуурах үед бие даарч жихүүцэх, хүйтэн хөлс гарах шинж илэрнэ. Хамгийн удаандаа 7 хоног халуурдаг ч ихэнхдээ 3-4 өдөр халуурдаг.
- Ханиах
Хуурай, хөхүүлж ханиана. Энэ үед амьсгал давчдах, цээжээр хөндүүрлэх зовиурууд хавсарч илэрнэ. Томуугийн ханиалга ихэнхдээ 2 долоо хоног үргэлжилдэг.
- Үе мөч, булчин өвдөх
Ихэвчлэн хүзүү, нуруу, гар, хөлийн булчин өвддөг. Энгийн үйлдэл, хөдөлгөөн хийхэд ч хэцүү өвдөлттэй байх нь бий.
- Толгой өвдөх
Томуугийн хамгийн эхний шинж тэмдэг толгой хүчтэй өвдөх байдаг. Үүнтэй хамт нүд гялбах шинж илэрч болдог.
- Ядрах
Өөр бусад нөхцөл байдалд үүсдэг ядрах мэдрэмжүүдийн нэгэн адил бие тавгүйтэж зовиурлана.
Томуугийн вакцин
Ханиад томуугийн вирус нь жил бүр дэгдэж олон өвчний шалтгаан болдог ноцтой вирус юм. Дархлалын тогтолцоо сул байх, мөн насны байдлаас үл хамааран энэхүү өвчнөөр өвчилдөг. Ямар ч эрүүл хүн томуугаар өвчилж гэр бүл, эргэн тойрны хүмүүстээ халдаадаг.
Зарим тохиолдолд томуу өвчин нь үхлийн аюултай байдаг. Томуугаар нас барах эрсдэлтэй бүлэгт 65-аас дээш насныхан орох боловч хүүхэд, өсвөр насныхан үүнд тооцогдох тохиолдол бий.
Томуугаар өвчлөх болон тархахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт юм. Томуугийн вакцин нь тарилга хэлбэрээр байдаг. Хүмүүс томуугийн вакциныг хэдий чинээ их хийлгэнэ, төдий чинээ томуугийн тархалт бага байна. Вакцинжуулалт мөн томуугаар өвчлөх хугацааг богиносгож шинж тэмдгийг багасгадаг.
Томуугийн вакцины үйлдэл
Ирж буй томууны улирлын гол вирусыг судлаачид олж тогтоосны дагуу эрдэмтэдийн сонгон авсан тэр томуугийн вирусын бүлгээр вакциныг хийж үйлдвэрлэн, түгээдэг.
Ингээд хүн вакцин хийлгэснээр тэр бүлгийн вирусын эсрэг эсрэг-бие хүний биед бий болсоноор вирусын эсрэг хамгаалалттай болж бусдаас вирусын халдвар авахаас сэргийлэгдэнэ.
Гэхдээ энэ бүхний төгсгөлд өөр бүлгийн вирусын халдвар авч өвчилвөл вакцины ачаар тухайн өвчний зовиур, шинж тэмдэг нь хөнгөн өнгөрнө.
Томуугийн вакциныг ямар хүмүүст хийх вэ?
6 сартай нярайгаас дээшхи бүх насны хүмүүст томуугийн вакцин хийж болно. Тэр тусмаа эрсдэлт бүлгийн доорх хүмүүс:
- 65-аас дээш насныхан
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- 5-аас доош насны хүүхдүүд
- Архаг өвчин эмгэгийн шалтгаантай дархлаа сул хүмүүс вакцин хийлгэх хэрэгтэй.
Томуугийн вакциныг 10 сарын сүүлээр хийлгэх хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Ингэснээр томуугийн улирал эхлэхээс өмнө зөв эсрэг-биеийг хүний биед үүсгэдэг. Вакцин хийснээс 2 долоо хоногийн дараа томуугийн эсрэг тэмцэх эсрэг-бие үүсдэг.
Томуу өвчин хэдий хугацаанд эдгэрдэг вэ?
Томуугаар өвдсөн ихэнх хүн 1 долоо хоногийн дотор эдгэдэг. Мөн өвчин эдгэрсэн ч гэсэн ядрах мэдрэмж хэдэн хоногоор ч үргэлжилдэг.
Халуурахаа больсоноос хойш 24 цаг (халуун бууруулах эм хэрэглээгүй тохиолдолд) хүртэл ажил, сургуульдаа явахгүй гэртээ байх нь чухал байдаг. Томуугаар өвчилсөн хүн шинж тэмдэг илрэхээс өмнөх 1 хоног болон үүнээс хойшхи 5-7 хоногт бусдад халдвар тараах чадвартай байдаг.
Томуугийн вакцины гаж нөлөө
Жил бүр томуугийн вакцинаас болж өвчилнө гэж үзэн олон мянган хүн татгалздаг. Өвчин үүсгэх чадваргүй бүлгийн үхсэн вирусыг агуулсан томуугийн вакцин хийж байгаа учраас таныг томуугаар өвчлүүлэхгүй харин томуугаар өвчлөхөөс сэргийлэгч болдог гэдгийг ойлгох нь чухал.
Томуугийн вакцин нь хөнгөн хэлбэрийн, богино хугацааны гаж нөлөө үзүүлж болдог. Хэдий тэгсэн ч томуугаар халдварлаж өвдөж зовиурлахаас бага гаж нөлөө илэрдэг.
Томуугийн вакцины гаж нөлөө:
- Томуугийн вакцин тарьсан хэсэгт хөндүүрлэх
- Тарьсан өдрөөс эхлэн бага зэрэг халуурах
- Бие бага зэрэг өвдөх, хөших
Эдгээр гаж нөлөөнүүд 1 юм уу 2 өдөр үргэлжилнэ. Гэхдээ гаж нөлөө илрэх тохиолдол цөөн байдаг.
Ямар нэг тариа болон вакцинд харшилтай бол вакцин тариулсанаас үүдсэн харшлын хурц хариу урвал явагдаж болох учир хийлгэхээсээ өмнө эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.
Томуугийн эмчилгээ
Томуугийн ихэнх тохиолдол нь гэртээ, эмчийн жоргүйгээр эмчлэх боломжтой хөнгөн явцтай байдаг. Томуугийн шинж тэмдэг илэрсэн үеэс эхлэн бусдад халдаахгүйн тулд гэртээ байх нь чухал. Мөн:
- Шингэн сайх уух. Ус, шөл, сахаргүй бусад уух зүйлс орно.
- Толгой өвдөлт, халууралт зэрэгт жоргүй олгогддог шинж тэмдэг дарах эмүүд хэрэглэх
- Бохир гараар дамжин гэр орны эд зүйлс дээр вирусын халдвар тарж үлддэг, бусдад халдварладаг учир гараа сайн угаах
- Ханиах, найтаах үед алчуур хэрэглэж тэр даруй ариутгаж угаах хэрэгтэй.
Ингээд зовиур намдахгүй бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч вирусын эсрэг бэлдмэл бичиж өгөх бөгөөд энэ бэлдмэлийг аль эрт хэрэглэж эхэлнэ тэр хэмжээгээр үр дүн нь илүү байна.
Томуугийн шалтгаантай хүндрэлийн өндөр эрсдэлтэй бүлгийн хүн томуугийн шинж тэмдэг илэрсэн даруйд эмчид үзүүлнэ. Энэхүү өндөр эрсдэлтэй бүлэгт:
- Дархлал сул хүмүүс
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- 65-аас дээш насныхан
- 5-аас доош насныхан
Энэ тохиолдолд эмч өвчнийг оношлож хүндрэлээс сэргийлэхийн тулд вирусын эсрэг бэлдмэлийг бичиж өгнө.
Томуугийн улирал хэзээ болдог вэ?
АНУ-ын хувьд томуугийн гол улирал нь 10 сарын сүүлээс 3 сар хүртэлх хугацаа байдаг бөгөөд 2 сард хамгийн их тохиолдол илэрдэг. Мөн жилийн бусад улиралд ч томуугаар өвчилж болно.
Намар, өвлийн улиралд томуугаар өвдөх магадлал илүү байдаг. Учир нь цэцэрлэг, сургууль, ажил эхлэх зэргээр хүмүүсийн нягтрал энэ үед ихэсдэг учир бусад олон төрлийн өвчин халдвар ч гэсэн тусах эрсдэлтэй байдаг.
Хэрвээ бусад төрлийн халдвартай үед нэмээд томуугийн халдварт өртөх магадлал ихэснэ. Учир нь бусад халдварууд дархлалын тогтолцоог сулруулсан байх учир дахин өөр нэг халдвар авах боломжийг бүрдүүлдэг.
Томуу өвчний эмийн эмчилгээ
Томууг эмчлэх эмийн сонголт их байдаг.
- Өвчин намдаагч. Ацетаминофен, ибупрофен зэрэг өвчин намдаагчийг толгой, булчин өвдөх, халуурах үед түгээмэл хэрэглэнэ. АНХААР: Өвчин намдаахын тулд хүүхдэд аспирин өгвөл Рейн хам шинж гэх ховор тохиолддог ч гэсэн амь насанд аюултай эрсдэлд хүрдэг.
- Хамрын дусаалга. Хамар битүүрч синусын хөндий, чихэнд даралт үзүүлэхийг арилгана. Хамрын дусаалгын төрлөөс хамаарч гаж нөлөө өгдөг учир хэрэглэх зааврыг уншиж өөрт таарахыг хэрэглэнэ.
- Цэр ховхлох эм. Толгой өвдөх, ханиалгах зовиурыг бий болгож байгаа синусын хөндийн өтгөн шүүрлийг арилгана.
- Ханиалга намдаах эм. Ханиалга нь томуугийн гол шинж тэмдэг бөгөөд эдгээр эмнээс гадна ханиалга, хоолойн өвдөлт дарах зөгийн бал, лимон орсон бэлдмэл байдаг.
Гол илэрч байгаа зовиурт чиглэж эм хэрэглэх нь хамгийн зөв бөгөөд шаардлагагүй эм бэлдмэл хэрэглэснээс шалтгаалан олон гаж нөлөө илэрнэ. Иймд эмийг замбараагүй хольж, сольж хэрэглэж болохгүй.
Мөн, хүний бие өөрөө ханиадны вирусын эсрэг идэвхитэй тэмцэж байгаа учир сайн хүч авахын тулд сайн амрах хэрэгтэй. Халуунтай байхдаа ажил, сургуульдаа битгий яв, гэртээ байж, биеэ тэнхрүүл. Ус, шүүс, спортын ундаанууд, шөл ууж шингэнээ нөх. Шөл, цай зэрэг халуун хоол, унд нь хоолойны өвдөлтийг намдаах тустай.
Томчуудад илрэх томуугийн шинж тэмдэг
Томуу төст халууралт томчуудад тохиолдох бөгөөд хурц явцтай байх нь бий. Томчуудад томуугийн халдварын эрт үеийн шинж нь гэнэт өндөр халууралтаар илрэх нь элбэг. 37.8 хэмээс дээш халуурна. Ханиад зэрэг бусад вирусын халдвар харин бага зэргийн халууралт үүсгэнэ.
Үүнээс цааш харин томчууд ба хүүхдүүдэд илрэх шинж тэмдэг ижил явагдана. Ханиадны халдвар авсан хүн бүрт шинж тэмдэг адилгүй илэрнэ.
Томуу өвчний далд үе
Томуу өвчний далд үе 1-4 өдөр байдаг бөгөөд вирус хүний биед байж өсөж үржих хугацаа юм. Энэ үед вирусээс шалтгаалсан ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Энэ үед хэдий шинж тэмдэг илрэхгүй байгаа ч халдварт өртсөн хүн бусдад халдвар тархаах чадвартай байдаг. найтаах, ханиах, ярих үед цацагдаж хаягдсан шүлс цэрээр вирус тархдаг. Ингэж цацагдсан вирус хамар, ам, нүдээр дамжин халдварлана.
24 цагийн томуу буюу ходоодны томуу
Ходоодны томуу нь Норовирус хэмээх вирусээр үүсгэгддэг.
Норовирусын халдварын шинж тэмдэг
- Суулгалт
- Дотор муухай оргих
- Бөөлжих
- Ходоод базлах
Ингэж ходоод гэдэсний замын зовиураар илэрдэг учир ходоодны томуу гэж нэрлэдэг. Өвчин 3 хоног үргэлжилдэг. Ходоодны томуу ба ханиад томуу хоорондоо ялгаатай. Томуу бол доорх шинж тэмдэгээр илэрдэг амьсгалын замын өвчин юм:
- Ханиах
- Толгой өдөх
- Халуурах
- Хамар битүүрэх
- Бие өвдөх
Ханиадны үед заримдаа дотор муухайрах, бөөлжих зовиур илэрдэг ч томчуудад ховор тохиолдоно.
Томуу халдвартай юу?
Мөн адил шинж тэмдэг илрэхээс өмнө, өвчтэй гэдгээ мэдэхээс өмнө халдвар авсан хүн вирусыг тарааж байдаг. Шинж тэмдэг илэрсэнээс хойш 5-7 хоног бусдад халдвартай байдаг. хүүхдүүд харин 7-оос илүү хоног бусдад халдвартай байдаг. Дархлаа султай хүмүүст зовиур илүү удаан үргэлжилнэ.
Энэ үед хэвтэрийн дэглэм сахиж бусдад вирусын халдварыг халдаахаас сэргийлнэ.
Томуу гэж юу вэ?
Томуу нь агаар дуслын замын халдварлан тархдаг вирусын өвчин юм. Өвөл бол томуу өвчин эхлэх улирал бөгөөд 2 сард дээд цэгтээ хүрдэг. Хэдий тийм ч жилийн аль ч үед томуугаар өвчилж болно.
Томуугийн олон бүлэг байдаг. Тухайн жилд ямар бүлгийн вирус илүү халдвартай байхыг судлаачид олж тогтоож тэдгээр вирусын бүлгээс вакциныг гарган авдаг. Томуугийн вакцин бол томуугийн халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
Томуугийн үед ямар эмчилгээ хийх вэ?
Вирусын эсрэг эмээр томууг эмчлэх бөгөөд эмчийн заавар, жороор олгогддог эм юм.
Вирусын эсрэг эмийг хэрэглэснээр томуугийн шинж тэмдгийг бууруулж эдгэх хугацааг 1-2 хоногоор наашлуулдаг. Гэхдээ энэхүү эмчилгээ нь гаж нөлөө үзүүлдэг.
Томуугаас үүдсэн хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй бүлэг хүмүүст вирусын эсрэг эмийн эмчилгээ чухал үүрэгтэй.
- 5-аас доош насны хүүхэд
- 65-аас дээш насныхан
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Архаг, ужиг өвчтэйн улмаас дархлаа суларсан хүмүүс
Зовиур илэрснээс хойш 48 цагийн дотор вирусын эсрэг эмийг хэрэглэх хэрэгтэй. Энэ үеийг өнгөрсөн ч гэсэн санаа зовох хэрэггүй. Үүнээс хойш уусан тохиолдолд мөн ашиг тусаа өгнө. Энэхүү эмийн эмчилгээг хийснээр хатгаа зэрэг бусад халдварт өвчний хүндрэлээс сэргийлэх юм.
Томуугийн эрт үеийн шинж тэмдэг
Ханиад зэрэг бусад ижил төрлийн өвчнүүдийн адил томуугийн шинж тэмдэг цөөхөн хоногийн дотор хурдан илэрдэг.
Томуугийн эрт үеийн өөр нэг шинж тэмдэг бол өвдөлт байдаг бөгөөд бүхий л биеэр өвдөх таагүй мэдрэмжээр илэрнэ.
Биеэ даахгүй, орноосоо босоход хэцүү санагдах зэрэг нь мөн томуугийн эрт үеийн шинж тэмдэг юм.
Эдгээрийн сүүлд томуугийн вирусын халдвар авсан гэдгийг илт харуулах бусад шинж тэмдэгүүд гарч ирнэ.
Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр томууг эмчлэх аргууд
Эмчилгээ хийхгүй орхивол томуу өвчин нь 1 долоо хоногийн дотор эдгэдэг. Энэ хугацаанд өвчний зовиурыг намдаахаар хэд хэдэн эмчилгээний аргыг сонгож болдог.
Вирусын эсрэг эмийг жорын дагуу хэрэглэх нь халдварын хурц үеийг дарж, эдгэрэлтийг хурдасгана. Жоргүйгээр олгогдох эмүүд болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн ч гэсэн томуугийн халдварын шинж тэмдгийг дардаг.
Доорх байгалийн гаралтай томуугийн эмчилгээний аргууд өвчинд сайнаар нөлөөлдөг бөгөөд судалгаагаар батлагдсан байдаг:
- Шөл. Тахианы шөл нь томуугийн аль ч үед эмчилгээ болдог. Халуун шөл хоолойны өвдөлтийг намдааж, эрдэс, шингэнийг нөхдөг. Мөн шөл нь цагаан эсийн хөдөлгөөнийг өөрчилдөг болохыг судалгаагаар тогтоосон. Ингэснээр үрэвслийг бууруулах нөхцлийг бүрдүүлэх юм.
- Зөгийн бал. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн ханиалга, ханиадны төрлийн ихэнх эмүүд зөгийн балыг агуулсан байдаг. Зөгийн бал нь ханиалгыг сайн дардаг. Ханиалгыг дарахын тулд зөгийн балыг бага хэмжээгээр цайнд хийх юм уу жижиг халбагаар идэхэд болно.
- Цагаан гаа. Цай юм уу халуун усанд хэдэн хэрчимийг хийж хутгана. Энэхүү ургамлын үндсэнд хоолойны өвдөлт, ханиалгыг дарах эмчилгээний бодис агуулагддаг. Мөн дотор муухай оргихыг болиулна.
- Пробиотик. Халдвартай тэмцэж буй бие махбодийн гэдсэн дэх ашигтай нянгийн тоог ихэсгэнэ. Гэдэсний эрүүл нянгууд дархлааг сайжруулж халдвараас сэргийлэн, улмаар эдгэрэлтийг хурдасгана.
Мөн энд дурдагдаагүй бусад аргууд ч гэсэн томуугийн халдварын эдгэрэлтэнд чухал юм. Хүний бие халдварын эсрэг идэвхитэй тэмцэж байдаг. Сайн амарч, унтвал дархлалын тогтолцоо халдварын эсрэг тэмцэнэ.
Жоргүй олгогдох томуугийн эмийн эмчилгээ
Жоргүй олгогдох эмүүд томуугийн шинж тэмдгийг дарах болохоос томууг эмчилж байгаа хэрэг биш юм. Томуугийн зовиурыг намдаах эмүүд гэвэл:
- Хамрын дусаалга. Хамрын дусаалга нь хамрын дайвар хөндийн салсыг шингэлнэ. Ингэснээр нусаа нийх боломжтой болно. Хамрын дусаалга нь цацлага болон уух гэсэн хэлбэртэй байдаг.
- Ханиалга дарах эм. Ханиалга, тэр дотроо шөнө ханиах нь томуугийн гол шинж тэмдэг байдаг. ханиалга дарах жоргүйгээр олгогддог эмүүд ханиалгын рефлексийг амархан дардаг.
- Цэр ховхлох эм. Энэ төрлийн эмүүд нь уушгин дахь салс цэрийг гадагшлуулахад тусална.
- Антигистамины эм. Харшил, ханиаданд хэрэглэгддэг. Хүн бүрт ижил үйлчлэхгүй бөгөөд зовхи сэлхэрэх, хамар битүүлэх, толгой өвдөх зэргээр харшлын шинж тэмдгээр илэрч байвал дээрх зовиуруудыг бууруулна.
Томуугийн эсрэг жоргүй олгогддог эмүүд дотор дээрх эмийн төрлүүдээс нэг дор хэд хэдээрээ орсон эм байх нь элбэг. Иймээс эмийг давхардуулж уухаас болгоомжлох хэрэгтэй.
Томуугийн шалтгаан
Томуу бол вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд хэд хэдэн замаар халдварлагдана. Хамгийн түрүүнд томуугийн вирусыг ойр хавийн ханиаж, найтааж, ярьж байгаа хүмүүсээс авна.
Энэхүү вирус нь мөн гадаад орчинд 2-8 цаг тэсвэртэй байдаг учир хаалганы бариул, компьютерийн товчлуур зэрэг ямар ч эд зүйлсийн гадаргууд хүрэхэд вирусыг авч болно. Ингээд гарт наалдсан вирус хүний нүд, хамар, амаар дамжин биед ордог.
Томуугийн эсрэг вакцин хийдэг. Жил бүрийн томуугийн вакцин нь томуугийн вируст өртөхөөс сэргийлдэг. Томуугийн вирус нь байнга өөрчлөгдөж байдаг учир томуугийн вакциныг жил бүр хийх шаардлагатай байдаг юм. Томуугийн вакцин нь тодорхой хэдэн бүлгийн вирусын эсрэг эсрэг-бие үүсгэх замаар дархлалын тогтолцоог идэвхижүүлдэг. Эдгээр эсрэг-биеүүд нь халдвараас сэргийлж байдаг юм.
Томуугийн вакцин хийлгэсэн дараа өөр бүлгийн вирусын халдвар авсан тохиолдолд томуугаар өвчилж болдог. Тэгсэн ч томуугийн шинж тэмдэг вакцин хийлгээгүй үед илрэхээс илүү хөнгөн илэрнэ. Энэ нь вирусууд хэдий бүлгээрээ ялгаатай байдаг ч гэсэн нийтлэг нэг бүтэцтэй байдаг учраас вакцинаар дархлаажаагүй тэр вируст давхар үйлчилдэг гэсэн үг юм.
Томуугийн вакциныг хүүхдэд хийлгэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
Жил бүр ханиад томуугаар өвчилөх хүүхдийн тоо их байдаг. Зарим тохиолдолд өвчин хурцаар явагдаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болдог ба амь насанд хүрэх нь ч байдаг.
Томуугаар өвчилсөн хүүхэд том хүнээс илүү эрсдэлтэй байдалд ордог. Жишээ нь томуугаар өвчилсөн 5-аас доош насны хүүхдүүд томуугийн эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай болох магадлал илүү өндөр байдаг. Хэрвээ хүүхэд гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин зэрэг архаг өвчинөөр өвдсөн бол томуу энэ нөхцөл байдлыг улам дордуулдаг.
Хүүхдээ томуугийн халдвараас сэргийлэх хамгийн зөв арга зам бол томуугийн вакцин хийлгэх явдал юм. Хүүхдийг 6 сараас нь эхлэн томуугийн вакцин хийлгэхийг эмч нар зөвлөдөг. Ханиад томуугийн вакцин нь тарилга хэлбэрээр байдаг.
6 сараас 8 насны зарим хүүхдэд томуугийн вирусын эсрэг 2 тун хийх хэрэгтэй болдог. Томуугийн вакциныг анх удаа хийлгэж байгаа хүүхдэд илүү 2 тунг хийдэг.
1 тунгаар хийлгэж байсан хүүхэд дараа дахин хийлгэхдээ 2 тунгаар хийлгэх шаардлага гарч болох учир өмнө нь хэдэн тунгаар хийлгэж байснаа санаж вакцин хийлгэх үедээ эмчээс энэ талаар асууж ярилцах хэрэгтэй. 6 сараас доошхи насны хүүхдэд вакцин хийхгүй учир өдий насны хүүхдийг томуугаас хамгаалахын тулд гэр бүлийнх нь, асран халамжлагч зэрэг ойр тойрных нь хүмүүс вакцин хийлгэх хэрэгтэй.