Хэвийн бус эсийн хуваагдал хурдтай явагдаж бусад эд эрхтэнрүү тархдаг томоохон бүлэг өвчнийг хавдар гэсэн нэр томъёонд багтааж ойлгодог. Хавдар бол дэлхийд үхлийн шалтгааныг тэргүүлж байгаа өвчний нэг юм.
Хорт хавдрын өсөлт, үсэрхийлэл
Хүний бие эрхтэний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны дагуу хэдэн их наяд эс өсөж, хуваагдаж байдаг. Эрүүл эсүүд нь эсийн төрлөөсөө хамаараад нөхөн үржиж бас үхэж байдаг өвөрмөц амьдралын хэмнэлтэй байдаг. Хөгшин, гэмтсэн эсийг үхэхээр шинэ эс оронд нь гарч ирдэг бөгөөд хорт хавдар нь энэ явцын алдагдал дээрээс буюу ДНХ-ийн өөрчлөлт, мутаци хувирлаар хэвийн бус эсийн өсөлт дээр бий болгодог.
ДНХ нь эс тус бүрийг хамаарах генийг агуулдаг. Хэрхэн өсч хуваагдахыг ДНХ эсэд хэлж өгдөг. ДНХ-д мутаци өөрчлөлт үе үе явагддаг ч эс энэ алдааг залруулж байдаг. Энэ алдаа засагдаж чадаагүй үед харин эс хорт хавдар төстэй болж ирдэг.
Мутаци өөрчлөлт нь үхэж устах ёстой эсийг амьд үлдээж, ингэснээр үүрэг шаардлагагүй шинэ эс бий болдог. Энэ илүү эсүүд ямар ч хяналтгүйгээр хуваагдаж хавдрын өсөлтийг бий болгоно. Хавдар биеийн хаана ургаснаас хамаараад эрүүл мэндийн олон асуудлуудыг үүсгэдэг.
Бүх хавдар хорт хавдар байдаггүй. Хоргүй хавдар нь ойр орчмын эддээ тардаггүй. Том хэмжээтэй хоргүй хавдар нь харин ойр орчмын эд эрхтэнээ дарсанаас үүдсэн асуудал үүсгэдэг. Үсэрхийлэлт хавдар нь хоруу чанартай явагддаг бөгөөд биеийн өөр хэсгүүдэд үсэрхийлдэг.
Зарим хавдрын эс цусны урсгал болон тунгалгийн тогтолцоогоор нүүж биеийн бусад хэсгүүдэд хүрдэг. Энэ үйл явцыг үсэрхийлэл гэнэ. Хорт хавдрын үсэрхийлдэг тал нь эмчилгээг илүү төвөгтэй болгож үхлийн аюулыг дагуулж байдаг.
Хорт хавдрын төрлүүд
Биеийн бусад хэсэгт тархсан байсан ч анхлан үүссэн эрхтэн болон хорт хавдрыг бий болгож байгаа эсийн төрлөөс нь хамаарч хорт хавдрыг нэрлэдэг. Жишээ нь уушигнаас эхэлсэн хорт хавдар элгэнд тархсан байсан ч уушигны хорт хавдар гэж нэрлэнэ. Хорт хавдрыг ерөнхий төрлүүдэд хувааж нэрлэдэг эмнэлгийн нэр томъёо байдаг.
- Карцинома. Арьс болон бусад эдэд үүсч эхлээд бусад эрхтэнд тархдаг хорт хавдар.
- Саркома. Яс, булчин, мөгөөрс, цусны судас зэрэг холбогч эдүүдийн хорт хавдар.
- Лейкеми. Цусны эсийг боловсруулдаг ясны чөмөгний хорт хавдар.
- Лимфома ба миелома. Дархлалын тогтолцооны хорт хавдар.
Эрсдэлт хүчин зүйл, эмчилгээ
Хорт хавдрын шууд шалтгаан нь эсийн ДНХ-ийн мутаци өөрчлөлт юм. Удам дагаж удамшдаг генийн мутаци өөрчлөлтүүд байдаг. Мөн генийн мутаци өөрчлөлт нь хүнийг төрсөнөөс хойш хугацаанд орчны нөлөөллөөс болж өөрчлөгддөг. Үүнд:
- Хорт хавдар үүсгэгч химийн бодисын үйлчлэлд өртөх
- Цацраг туяанд өртөх
- Наранд хамгаалалтгүй явах
- Хүний хөхөнцөр вирусын халдвар
- Тамхидалт
- Хоолны дэглэм, биеийн хөдөлгөөн зэрэг амьдралын хэвшил орно.
Хорт хавдраар өвчлөх эрсдэл нас ахих тусам ихэснэ. Мөн үрэвсэлт өвчнөөр, тэр тусмаа бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, нарийн гэдэсний архаг үрэвсэлт өвчнөөр өвдсөн тохиолдол нь хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Хорт хавдрыг үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлүүдийг мэдэж авсанаар хавдрын эрсдэл багатай амьдралын хэвшлээр амьдрахад туслана. Мэргэжилтэнүүд хорт хавдраас сэргийлэх доорх 7 шилдэг аргыг зөвлөжээ.
- Тамхи татахгүй байх, дам тамхидалтанд өртөхгүй байх
- Эрүүл, зохистой хооллох
- Боловсруулсан махан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах
- Ногоо, уураг, эрүүл тос голлон орсон хоол хүнс хэрэглэх
- Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, зохистой хэрэглэх. Зохистой хэмжээгээр хэрэглэх гэдэг нь бүх насны эмэгтэйчүүд болон 65-аас дээш насны эрэгтэй хүн өдөрт 1 хундага уух, 65-аас доош насны насанд хүрсэн эрчүүд өдөрт 2 хундага уухыг хэлнэ.
- Биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгах, өдөрт 30 минут биеийн идэвхитэй хөдөлгөөн хийх
- Нарнаас биеэ хамгаалах. Нарны шил, малгай, хувцас, нарны тос хэрэглэж байх, нарны туяа хамгийн их байдаг өглөөний 10 цагаас 16 цаг хүртэлх нарнаас болгоомжлох.
- Элэгний В вирус, хүний хөхөнцөр вирус зэрэг хорт хавдарт хүргэдэг вирусын халдварын эсрэг вакцин хийлгэх
- Амьдралын зөв хэвшилтэй байх. Аюулгүй бэлгийн харилцаа, шивээс хийлгэх эрүүл ахуй, зүү тариурыг дахин хэрэглэхгүй байхыг анхаарах.
- Урьдачилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх. Ингэснээр хорт хавдрыг эрт үед илрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Хавдрын төрөл, явцаас хамааран хавдрын эмчилгээний хэд хэдэн чиглэл байна. Үүнд:
- Бүрэн эмчлэх аргыг хайх: ямарч хавдрын үед бүрэн эмчлэх боломжгүй.
- Анхдагч эмчилгээ: хавдрын эсийг устгана.
- Хавсарсан эмчилгээ: анхдагч эмчилгээний дараа хавдар эргэн сэдрэх эрсдлийг бууруулах зорилгоор хавдрын эсийг устгах эмчилгээ юм.
- Хөнгөвчлөх эмчилгээ: Хавдрын үед илрэх амьсгал давчдах, өвдөх зэрэг дагалдах зовиуруудыг арилгах эмчилгээ.
Эмчилгээний гол аргууд
Мэс засал
Хавдрыг аль авч болох хэмжээгээр мэс засал хийж авдаг.
Хими эмчилгээ
Хурдацтайгаар ургаж буй хавдрын эсийг устгадаг хортой эмийг хэрэглэдэг.
Туяа эмчилгээ
Цацраг туяаны чиглэсэн хүчтэй туяаг ашиглан биеийн гадар болон дотор байгаа хавдрын эсийг устгадаг.
Үүдэл эс (Ясны чөмөг) шилжүүлэн суулгах
Эрүүл үүдэл эсээр өвчилсөн ясны чөмгийг нөхөн сэргээдэг. Үүдэл эс нь төрөл бүрийн үүрэг, үйл ажиллагааг үзүүлж чадах ялгаран хөгжөөгүй эс юм. Үүдэл эсийг шилжүүлэн суулгахад дагалдаад хавдрыг эмчлэх өндөр тунтай хими эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Дархлаа эсийн эмчилгээ
Биеийн дархлалын тогтолцоо нь хавдрын эсийг таньж түүний эсрэг тэмцэхэд туслах эсрэгбиеийг ашигладаг эмчилгээ юм.
Дааврын эмчилгээ
Хавдрын өсөлтийг зогсоохын тулд тодорхой төрлийн хавдруудын өсөлтийг хангаж байдаг дааврын үйлчилгээг зогсоох, таслах эмчилгээ.
Хавдрын бай эмчилгээ
Хавдрын өсөлт хөгжилтийг хангадаг тодорхой молекул, генд үйлчилдэг эмийн эмчилгээ юм.
Судалгаа, шинжилгээний арга
Хавдрыг эмчлэх шинэ аргыг эрж хайдаг.
Бусад эмчилгээний аргууд
Хавдрын өвчний үед тохиолдох дотор муухай оргих, ядрах, өвдөх зэрэг зовиур, шинж тэмдэгүүдийг бууруулахын тулд хэрэглэдэг. Үүнд:
- Зүү эмчилгээ
- Ховсдох эмчилгээ
- Иллэг, бариа
- Йог
- Бясалгал
- Тайвшруулах аргууд