Мика Монгол Мика Монгол

Харшил

Харшил гэдэг нь хүний биед шууд муу нөлөөгүй гадны бодисын эсрэг дархлалын тогтолцооны хариу урвал юм. Эдгээр гадны бодисуудыг харшил төрүүлэгч гэнэ. Үүнд тодорхой нэр төрлийн хоол хүнс, цэцгийн тоос, амьтны хаг үс орно.

Дархлалын тогтолцоо нь гадны эмгэг үүсгэгчийн эсрэг тэмцэж хүний биеийг эрүүл байлгадаг. Дархлааны тогтолцоо нь таны биеийг аюулд оруулах ямар ч зүйлийн эсрэг ажилладаг. Харшил төрүүлэгчээс хамааран энэхүү хариу урвал нь үрэвсэх, найтаалгах болон бусад шинж тэмдгээр илэрнэ.

Дархлалын тогтолцоо нь таны эргэн тойрны орчинтой дасан зохицсон байдаг. Жишээ нь та амьтны хаг үстэй тулгарлаа гэж бодоход таны бие үүний аюулыг таниж мэдэх шаардлагатай болдог. Харин амьтны хаг үсэнд харшилтай хүмүүсийн дархлалын тогтолцоо нь үүнийг биед халдаж байгаа гадны “дайсан” гэж хүлээн авч үүний эсрэг довтолдог.

Харшил бол түгээмэл тохиолддог өвчин. Энэ өвчний шинж тэмдгийг дарах хэд хэдэн эмчилгээнүүд байдаг.

Харшлын шинж тэмдэгүүд

Харшлын шинж тэмдэгүүд нь харшлын төрөл болон харшлын явцын хүнд хөнгөний байдал зэрэг хэд хэдэн хүчин зүйлийн үр дүнд үүсдэг.

Харшлын урвал илрэхээс сэргийлж эм уухад харшлын зовиур буурах юм уу арилахгүй байх тохиолдлын аль аль нь байж болдог.

Хоол, хүнсний харшил

Хоол хүнсний харшлаас үүдэн гүвдрүүтэх, хавдах, дотор муухай оргих, сульдах зэрэг шинж илэрнэ. Дээрх шинж тэмдгийг хүнсний харшлаас болж байгааг танилгүй хугацаа алддаг. Хоол идсэний дараа биед хурц хямрал илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандах хэрэгтэй. Тэгсэнээр тухайн эмч таньд бий болсон хямралын гол шалтгааныг олж шаардлагатай бол бусад тусгай мэргэжлийн эмчид хандахыг зөвлөнө.

Улирлын шалтгаантай харшил

Харшлын гаралтай хамрын салстын үрэвслийн шинж тэмдэг нь хамар битүүрэх, нус гоожих, нүдний зовхи хавдах гэсэн ханиадтай төстэй байдлаар илэрдэг. Энэ тохиолдолд ихэнхдээ гэрийн нөхцөлд, жоргүйгээр бичигддэг эмүүдээр шинж тэмдгийг дарна. Ингээд үр дүнгүй бол эмчид хандах хэрэгтэй.

Хурц явцтай харшил

Хурц явцтай харшил нь анафилаксийн шоконд хүргэдэг бөгөөд амьсгал боогдох, толгой эргэх, ухаан алдах шинж тэмдэг илэрч амь насанд аюултай, яаралтай тусламжийн нөхцөл байдалд хүргэнэ. Харшлын урвалын шинж тэмдэг, явц нь хүн бүрт өөрөөр илэрнэ.

Арьсны харшил

Арьсны харшил нь бусад харшлын шинж тэмдэг байдлаар илэрч болно. Мөн харшил төрүүлэгчийн арьсанд үйлчилсэн шууд нөлөөллөөр ч үүснэ.

Жишээ нь харшил өгдөг хоол хүнс хэрэглэсний дараа загатнах, хоолой ам дарвигнах зэрэг зовиурууд илэрнэ.

Хавьталт харшлын арьсны үрэвсэл нь угаалгын бодис, ургамал зэрэг харшил төрүүлэгчид арьсанд шууд хүрэлцсэнээр үүснэ.

Арьсны харшлын төрлүүд

  • Тууралт. Арьсаар улаан, хавдсан, өвдөлт юм уу загатналттай тууралт гарна.
  • Экзем. Арьсны хэсэг газар үрэвсэж загатнан цус гарна.
  • Хавьтал харшлын арьсны үрэвсэл. Арьсны тодорхой хэсэг харшил төрүүлэгчтэй хүрэлцсэн даруйд улайж, загатнана.
  • Хоолой хөндүүрлэх. Төвөнх, залгиур үрэвсэж улайна.
  • Чонон хөрвөс. Улаан өнгөтэй, загатнасан, товойж гөврүүтсэн, янз бүрийн хэлбэр хэмжээтэй тууралт арьсан дээр үүснэ.  
  • Зовхи хавдах. Зовхи сэлхэрч загатнан хавантай мэт харагдана.
  • Загатнах. Арьсан дээр үрэвсэл улайлттай байна.
  • Халуу оргих. Арьсны үрэвсэл нь арьсан дээр хорсох зэрэг таагүй мэдрэмжүүдийг бий болгоно.

Тууралт нь арьсны харшлын гол шинж тэмдэг болдог.

Харшлын шалтгаан

Хор нөлөө багатай гадны бодис хүний биед ороход дархлалын тогтолцоо яагаад харшлын урвал үүсгэдэг болохыг судлаачид бүрэн тогтоогоогүй.

Харшилд удамшлын оролцоо байдаг. Энэ нь эцэг эхийн харшил хүүхдүүдэд нь удамшина гэсэн үг. Гэхдээ харшлын урвалд удамшил нь зөвхөн харшилд өртөх ерөнхий суурь нь л болдог. Өвөрмөц харшлууд удамшихгүй гэсэн үг. Жишээ нь таны ээж хясаанд харшилтай бол та заавал адилхан байх албагүй.

Элбэг тохиолдох харшил төрүүлэгчид

  • Амьтны гаралтай зүйл. Амьтаны үс хаг, хачиг жоомны үлдэгдэл, баас
  • Эм. Пенициллин, сульфонамид гол сэдээгч болно.
  • Хоол хүнс. Гурил, төрөл бүрийн самарнууд, сүү, хясаа, өндөг голлоно.
  • Шавьжинд хазуулах. Зөгий, хэдгэнэ, шумуул
  • Мөөгөнцөр. Агаарт дэгдсэн мөөгөнцөрийн спорууд харшлын урвал өгнө.
  • Ургамал. Өвс, ургамал, модны тоос, хортой мөлхөө ургамлуудын давирхай
  • Бусад харшил төрүүлэгчид. Латекс түрхлэгтэй нэг удаагийн бээлий, бэлгэвч, никель зэрэг металууд мөн элбэг тохиолдох харшил төрүүлэгчид юм.

Улирлын чанартай харшлаас харшлын гаралтай хамрын салстын үрэвсэл хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд ургамлаас гарах тоос гол шалтгаан нь байдаг. Ургамлын тоос нь:

  • Нүд загатнах
  • Зовхи хавдах
  • Нус гоожих
  • Ханиах зовиур өгнө.

Мөн хоол хүнсний харшил тохиолдох нь ихэсч байгаа.

Харшлын эмчилгээ

Харшлаас сэргийлэх хамгийн эхний алхам бол харшлыг сэдээгч хүчин зүйлээс хол байх явдал юм.

            Эмийн эмчилгээ

Харшлын эмчилгээнд шинж тэмдгийг дарах антигистамины бэлдмэлийг гол болгож хэрэглэдэг. Эдгээр эмүүд жороор болон жоргүй олгох аль алиар нь байдаг. Харшлын хүнд хөнгөний байдлаас хамааран эмч эмийг сонгож бичнэ.

Харшилд хэрэглэгддэг эмүүд

  • Антигистамины бэлдмэлүүд
  • Кортикостеройдууд
  • Цетиризин
  • Лоратидин
  • Хамрын дусаалгууд
  • Лейкотриений антогонист бэлдмэл

Дархлал зохицуулах эмчилгээ

Хүний бие махбодид харшлын эсрэг тэмцэхэд туслах зорилготой тарилгуудыг хэдэн жилийн курсээр тарьсанаар харшил эргэж сэдрэхээс сэргийлж чадна.

Яаралтай тусламжийн үеийн эфинефрин

Хурц явцтай, амь насанд аюултай харшлын үед яаралтай үеийн эфинефрины тунг авна. Энэ тун нь эмнэлгийн тусламж иртэл харшлын урвалыг хориглох үүрэгтэй.

Харшлын эсрэг байгалийн гаралтай бэлдмэлүүд

Харшлыг эмчлэх, урьдачилан сэргийлэхэд хэрэглэгддэг байгалийн гаралтай бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүн худалдаанд борлуулагддаг. Хэрэглэхийг өмнө эмчийн зөвлөгөөг авах нь зөв юм. Зарим байгалийн гаралтай бэлдмэл нь өөрөө харшил төрүүлэгч агуулсан байж болох учир харшлыг улам дордуулж болно.

Жишээ нь зарим цайнд орсон цэцэг, ургамал нь хүчтэй найтаалга үүсгэдэг ургамлуудтай ойрхон төрлийн ургамлууд байдаг. Үүнтэй адил зүйл ургамлын амин тосны (эфирийн тос) бэлдмэл дээр тохиолддог. Хүмүүс үүнийг харшлын шинж тэмдгийг дарахын тулд хэрэглэдэг боловч энэ тосонд харшлыг сэдээх найрлага агуулагдаж байдаг.

Харшлын төрөл тус бүрт тохирсон байгалийн гаралтай бэлдмэл байдаг бөгөөд хүүхдийн харшилд хэрэглэх хэлбэрээр мөн байдаг.

Харшлыг хэрхэн оношлох вэ?

Харшлыг эмч хэд хэдэн аргаар оношилдог.

Эхлээд, эмч таньд илэрч буй зовиурыг асууж биеийн үзлэг хийнэ. Мөн ойрын хугацаанд ямар хоол унд идэж уусан, ямар бүтээгдэхүүнүүдийг биедээ хүргэсэн, хэрэглэснийг асууна. Жишээ нь, гаран дээр тань тууралт гарвал эмч таниас латекстай нэг удаагийн бээлий ойрхон хэрэглэсэн үү гэж асууна.

Эцэст нь, цусны шинжилгээ, арьсны шинжилгээгээр эмч харшил төрүүлэгчийг оношлоно.

Харшлын цусны шинжилгээ

Харшлын эсрэг өдөөгддөг иммуноглобулин Е хэмээх эсрэг биеийг цусанд тодорхойлсноор харшлыг оношлоно. Харшлын урвал их байх хандлагатай гэж үзвэл эмч цусны шинжилгээг оношлогоонд ашигладаг.

Арьсны шинжилгээ

Харшил судлаач эмч нарын хийдэг шинжилгээний гол арга юм. Энэ шинжилгээг хийхдээ харшил төрүүлэгчийг агуулсан жижиг зүүгээр арьсыг хатгадаг. Арьсан дээр илэрсэн урвалыг бүртгэж авна. Тодорхой бодист харшилтай байх юм бол арьс улаан өнгөтэй болж үрэвсэнэ.

Харшлыг тодорхойлох төрөл бүрийн шинжилгээнүүд мөн байдаг.

Урьдачилан сэргийлэх

Харшлаар өвдөхгүй байх арга байхгүй. Харин харшил сэдэрч хөдлөхөөс сэргийлэх арга гэж бий. Харшлын шинж тэмдэг хөдлөхөөс сэргийлэх хамгийн сайн арга бол харшлыг сэдээдэг харшил төрүүлэгчээс хол байх, сэргийлэх явдал юм.

Хоол хүнсний харшил сэдрэхээс сэргийлэхэд энэ арга хамгийн ихээр үр дүнгээ өгнө. Хоол хүнсийг хэрэглээнээсээ хасах байдлаар өөрт харшил өгч байгаа шалтгааныг олж мэдэн улмаар түүнээс сэргийлэх аргаа мэдэж авдаг. Хоол хүнсний харшил төрүүлэгчээс сэргийлэхийн тулд хооллож ундлахаасаа өмнө хоол хүнсний орц найрлагыг харж, асууж тодруулах хэрэгтэй. Улирлын, хавьтлын болон бусад харшлуудаас сэргийлэхийн тулд харшил төрүүлэгч хаана байрлаж байгааг мэдэхээс эхэлнэ. Хэрвээ та тоосонд харшилтай бол агаарыг тогтмол цэвэрлэж байх  тохирсон агаар шүүгчийг гэртээ тавьснаар харшил хөдлөхийг бууруулна. Харшлын шинжилгээг зөв сонгож хийлгэснээр харшил сэдээгчийг нарийвчлан тодорхойлж түүнээс урьдачилан сэргийлэхэд хялбар болно.

Харшлын хүндрэл

Харшил гэдгийг зүгээр хамар нь битүүрч гуншигнасан, найтаадагаар нь төсөөлөхөөс гадна тэнд өөр бас амь насанд аюултай харшлууд бас байдгийг санах хэрэгтэй. Энэ бол анафилаксийн шок бөгөөд харшил төрүүлэгчийн эсрэг хурц урвал юм. Ихэнх тохиолдолд хоол хүнснээс болсон анафилаксийн шок болж урьдал шинж тэмдэг өгнө:

  • Амьсгал гэнэт боогдох
  • Зүрхний цохилт олширох
  • Хэл, ам хавдах

Харшил нь олон төрлийн хүндрэлийг бий болгоно. Эмч харшлын шалтгааныг тодорхойлж харшлын өвчин үү эсвэл мэдрэгшил байна уу гэдэг ялгааг гаргаж өгнө. Мөн харшлын сэдрэлийн үед ямар арга хэмжээ авах вэ гэдгийг эмч зөвлөж өгснөөр хүндрэлээс сэргийлнэ.

Гуурсан хоолойн багтраа өвчин болон харшил

Гуурсан хоолойн багтраа өвчин бол амьсгалын замын түгээмэл тохиолдох өвчин бөгөөд уушигны агаар дамжих зам нарийсч амьсгалахад саадтай болдог өвчин юм. Энэ өвчин нь харшилтай төстэй өвчин. Багтраа өвчний үед харшил зэрэгцвэл тус өвчнийг улам хүндрүүлнэ. Мөн харшил нь эхнээсээ багтраа өвчинд хүргэх тохиолдол байдаг. Харшил, багтраа өвчин хоёр давхацсан энэ тохиолдолд харшлын гаралтай гуурсан хоолойн багтраа өвчин гэж нэрлэдэг. АНУ-ын гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүсийн 60 хувь нь харшлын гаралтай гуурсан хоолойн багтраа өвчинтэй байна.

Харшлаар зовиурлаж байгаа олон хүмүүст багтраа өвчин болж хүндэрдэг.  

Харшил ба ханиад

Хамар битүүрэх, найтаах, ханиах нь харшлын нийтлэг шинж тэмдэг болдог бөгөөд ханиад болон хамрын дайвар хөндийн халдварын үеийн мөн адил нийтлэг шинж тэмдэг болдог. Заримдаа энэ хоёр өвчний хоорондох ерөнхий шинж тэмдэг ялгагдахааргүй байх нь элбэг.

Тэгсэн ч нэмэлт шинж тэмдэг, зовиураар өвчнийг оношлоно. Тухайлбал, харшил нь арьсны тууралт, нүд загатнах зовиур өгнө. Энгийн ханиад нь бие өвдөх, халуурах зовиур өгнө. Хамрын дайвар хөндийн халдварын үед хамраас өтгөн, шар ялгадас гарах зэрэг зовиур илэрнэ.

Харшил нь хүний дархлалын тогтолцоонд удаан хугацааны турш нөлөөлдөг. Энэ нөлөөллөөс болж хямарсан дархлалын тогтолцооны улмаас энгийн ханиадны вирусээс эхлээд бусад вирусын халдвар авах эрсдэл ихэсдэг. Тиймээс харшил нь ханиад хүрэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэсэн үг болох юм.

Харшлын ханиалга

Харшлын гаралтай хамрын салстын үрэвсэл нь найтаах, ханиах, тасралтгүй, ужиг ханиалгын зовиур өгнө. Энэ нь хүний биед харшил төрүүлэгчийн эсрэг хэт урвал явагдсаны үр дүн юм. Ханиалга нь халдваргүй байх бөгөөд биед зовиур шаналгаатай.

Архаг ханиалгаас ялгаатай нь харшил болон харшлын гаралтай хамрын салстын үрэвслийн ханиалга нь түр зуурынх байдаг. Ургамал ногоо цэцэглэж эхлэх үе болох жилийн зөвхөн тэр өвөрмөц улиралд л дээрх зовиур илэрнэ.

Мөн, улирлын  чанартай харшил нь гуурсан хоолойн багтраа өвчнийг үүсгэнэ, гуурсан хоолойн багтраа өвчин ханиалгыг бий болгоно. Улирлын чанартай энгийн харшлын үед амьсгалахад саадтай болох бөгөөд энэ үед ханиалга үүснэ. Амьсгал давчдах, цээж давчдах зовиур мөн илэрч болно.

Харшил ба гуурсан хоолойн үрэвсэл

Вирус, бактер нь гуурсан хоолойн үрэвслийн шалтгаан болдог бөгөөд харшил ч гэсэн гуурсан хоолойн үрэвслийн шалтгаан болдог. Гуурсан хоолойн хурц үрэвсэл нь 7 хоног хүртэл хугацаанд үргэлжилдэг. Гуурсан хоолойн архаг үрэвсэл нь харин хэдэн сараар үргэлжилэх бөгөөд эргэн сэдэрч дахидаг.

Гуурсан хоолойн архаг үрэвслийг сэдээдэг хамгийн гол шалтгаан нь доорх түгээмэл тохиолдох харшил төрүүлэгчид юм.

  • Тамхины утаа 
  • Агаарын бохирдол
  • Тоос, шороо
  • Ургамлын тоос
  • Химийн утаа

Улирлын чанартай харшлаас ялгаатай нь эдгээр харшил төрүүлэгчид байшин, сууц зэрэг орчин тойронд хадгалагдаж байдаг. Энэ нь гуурсан хоолойн архаг үрэвслийг улам ужигруулж эргэж сэдрэх таатай байдлыг бий болгодог.

Ханиалга бол хурц болон архаг гуурсан хоолойн үрэвслийн гол шинж тэмдэг юм.

Харшил ба хүүхэд

Бага насны хүүхдийн арьсны харшил цөөн арван жилийн өмнөх үеийнхээс илүү ихээр тохиолдох болсон. Гэхдээ арьсны харшил нь хүүхэд өсөж том болохын хэрээр багасдаг. Амьсгалын болон хоол хүнсний харшил харин хүүхэд өсөхийн хэрээр тохиолдол нь ихэснэ.

Бага насны хүүхдийн арьсны харшил

  • Экзем. Арьс улайж, загатнадаг арьсны үрэвсэл юм. Энэ өөрчлөлт аажим явцтайгаар ихэсдэг.
  • Хавьтал харшлын арьсны үрэвсэл. Хүүхэд цочрол өгөх зүйлтэй хүрэлцсэн даруйд энэ төрлийн харшил бий болдог. Хавьтал харшлын арьсны үрэвслийн хүнд хэлбэрийн үед өвдөлттэй цэврүү үүсэх, арьс хагарах шинж илэрнэ.
  • Чонон хөрвөс. Харшил төрүүлэгчийн нөлөөгөөр арьсны гадаргуугаас өргөгдсөн бэлцэрүүн улаан тууралт гарна. Тууралт нь хуурайшиж, хагардаггүй боловч их загатнана.