
Өнөөдөр дэлхий дээр 2,5 тэрбум хүн артерийн даралт ихсэх өвчин болон түүнээс шалтгаалсан зовиуртай амьдарч байна. Энэ нь 55 секунд тутамд нэг хүн уг өвчний улмаас тархины цус харвалтанд өртөж, жилд 3 минут тутам нэг хүн буюу 7 сая хүн харвалтын улмаас нас барж байгааг судлаачид тогтоожээ.
Цусны даралт ихсэх өвчин нь тархинд цус харвах шалтгааны 64%, зүрхний шигдээсийн 49%-ийг эзэлдэг бол МУ-д насанд хүрэгчдийн өвчлөл болон нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.
Манай оронд байгаль цаг уурын бүсийн байрлалаар авч үзэхэд Алтай, Хангай, Хөвсгөл Хэнтий нурууны уулархаг бүс нутаг буюу өндөрлөг газарт амьдардаг хүмүүс болон давс их хэрэглэдэг баруун бүс нутгийн хүмүүсийн дунд даралт ихсэх өвчин өндөр байна. Түүнчлэн цусны даралт нь нас ахих тусам өвдөх магадлал өндөр болдог бөгөөд хүн амын дунд амьдралын буруу хэв маяг болох архи, тамхи, өөх тос, давсны хэрэглээ харьцангуй өндөр байгаатай шууд холбоотой юм.
Судсаар урсаж байгаа цусны хэмжээ, зүрхний агшилтаар үүсч байгаа цусны эсэргүүцлийн хэмжээгээр цусны даралт хэмжигдэнэ. Харин цусны даралт эрүүл хэмжээнээс хэтэрч ихсэхийг цусны даралт ихсэлт гэнэ.
Артерийн нарийн судаснууд эсэргүүцлийг ихэсгэдэг тул артерийн судас хэдий чинээ нарийн байх тусам цусны даралт их байх болно.
Цусны даралт ихсэх өвчин нь ямар нэг шинж тэмдэг өгөхгүйгээр урт хугацааны дараа үүсч, судас болон тархи, зүрх, нүд, бөөр гэсэн эрхтнүүдийг гэмтээж улмаар зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг амь насанд шууд заналхийлдэг тул эрт илрүүлэлт чухал юм. Цусны даралт ихэсвэл 2-3 долоо хоногийн турш цусны даралтаа хянах хэрэгтэй.
Эмийн эмчилгээ болон эрүүл амьдралын хэв маягийн өөрчлөлт нь цусны даралт ихсэлтийн гол эмчилгээ болно.