Мика Монгол Мика Монгол

Бүдүүн гэдэсний үрэвсэл

Бүдүүн гэдэсний дотоод буюу салст бүрхүүлийн үрэвслийг бүдүүн гэдэсний үрэвсэл гэнэ. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь богино хугацаанд хүнд явцтай явагддаг бол архаг нь удаан ба зөөлөн явцтай байдаг.

Бүдүүн гэдэсний үрэвслийн хэлбэрүүд ба тэдгээрийн шалтгаан

            Шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл

Шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл ба кроны өвчин хоёр нь бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн хэлбэрүүд юм. Хамгийн их тохиолддог хэлбэр юм. Энэ өвчний үед бүдүүн гэдэсний дотор хананд үрэвсэл болон цусархаг шархлаа үүсдэг. Энэ шарх нь шулуун гэдэснээс эхлэж бүдүүн гэдэсрүү тархдаг. Бүдүүн гэдэсний бактери бусад агууламжийн эсрэг дархлалын хэт урвал үүссэнээс болж энэ хэлбэрийн үрэвсэл явагддаг. Шархлаат үрэвсэл явагдаж байгаа байрлалаар нь ангилдаг:

  • Проктосигмойдит. Шулуун гэдэс болон бүдүүн гэдэсний доод хэсгийг хамарсан
  • Зүүн талын бүдүүн гэдэсний үрэвсэл. Шулуун гэдсээс үргэлжилсэн зүүн талын бүдүүн гэдсийг хамарсан
  • Панколит. Бүдүүн гэдсийг тэр чигээр нь хамарсан

Бүдүүн гэдэсний хуурамч шархлаат үрэвсэл

Бүдүүн гэдэсний клострид бактерийн хэт их ургалтаас шалтгаалж үүсдэг. Хэвийн үедээ энэ бактери бүдүүн гэдсэнд байх бөгөөд ашигтай бактерийн нөлөөгөөр тэнцвэртэй харьцаанд байдаг. антибиотик зэрэг эмийн хэрэглээнээс болж эдгээр ашигтай бактерууд устдаг. Ингэснээр клострид бактерид өсөж үржих боломж олдож үрэвсэл үүсгэдэг хортой бодисыг ялгаруулдаг.

      Ишемийн колит

Бүдүүн гэдэсний цусан хангамж гэнэт зогссоноос болж үүсдэг. Цусны бүлэн цусны урсгал гэнэт бөглөрөх шалтгаан болдог. Судас хатуурал, өөхөн хуримтлал нь ужигралт ишемийн үрэвсэлд хүргэдэг.

Энэ хэлбэрийн бүдүүн гэдэсний үрэвсэл нь доорх урьдал өвчний байдлаас шалтгаалж үүсдэг:

  • Судасны үрэвсэл
  • Чихрийн шижин
  • Бүдүүн гэдэсний хавдар
  • Шингэн алдах
  • Цус алдах
  • Зүрхний дутагдал
  • Гэмтэл
  • Гэдэсний түгжрэл

Микроскопын бүдүүн гэдэсний үрэвсэл

Энэ өвчний өөрчлөлтийг зөвхөн микроскопоор харж таних боломжтой байдаг учир ингэж нэрлэсэн. Дотор нь 2 ангилдаг.

  • Лимфоцитын бүдүүн гэдэсний үрэвсэл. Бүдүүн гэдэсний эд болон хана нимгэрч өөрчлөгдөөгүй боловч лимфоцит хэмээх цусны цагаан эсийн тоо олширч үрэвсэл явагдсан байдаг.
  • Коллагенозын бүдүүн гэдэсний үрэвсэл. Бүдүүн гэдэсний хананы гадна давхаргын дор коллаген үүссэнээс дотор хана нимгэрдэг. Эмгэг жамын хувьд өөр боловч өвчний нөхцөл байдлаар нь адилхан авч үздэг. Гол шинж тэмдэг нь усан суулга, хэвлий дүүрэх, хэвлий өвдөх байдаг. Уг өвчний шалтгаан тодорхойгүй боловч дараах тохиолдлуудад өвдөх эрсдэлтэй байдаг:
  • Тамхи татдаг хүмүүс
  • Эмэгтэйчүүд
  • Аутоиммуны өөрчлөлтэй хүмүүс
  • 50-аас дээш насны хүмүүс

Нярайн харшлын бүдүүн гэдэсний үрэвсэл

Хүүхэд төрсөнөөс хойшхи 2 сарын дотор сөргөх, гулигах, тавгүйтэж уйлах, баасанд цусны толбо байх шинж тэмдэгээр илэрдэг өвчин. Шалтгаан бүрэн тодорхойгүй боловч эхийн хөхний сүүний тодорхой нэг найрлагад хэт мэдрэг, харшилтай байгаагаас болж байна гэж үздэг. Хүүхдийн ээжийг харшил амархан өгдөг хүнс болох үнээний сүү, өндөг, гурил зэргийг идэхийг хориглодог.

            Бусад шалтгаанууд

Шимэгч, вирус, хоолны хордлого нь бүдүүн гэдсийг үрэвсүүлдэг. Туяа эмчилгээнээс болж мөн үрэвсдэг.

Бүдүүн гэдэсний үрэвслээр өвдөх эрсдэлт хүчин зүйлс

            Шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл

  • 15-60 нас, 80 насны хүмүүс
  • Еврей, кавказ үндэстэн
  • Уг өвчнөөр өвдөж байсан гэр бүлийн түүхтэй байх нь уг өвчний хэлбэрээр өвдөх эрсдэлтэйг харуулна.

Бүдүүн гэдэсний хуурамч шархлаат үрэвсэл

  • Антибиотик удаан хугацаагаар хэрэглэх
  • Эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн байх
  • Химийн эмчилгээ хийлгэсэн байх
  • Дархлаа дарангуйлах эм хэрэглэсэн байх
  • Настай хүмүүс
  • Өмнө нь уг өвчнөөр өвдөж байсан байх

Ишемийн бүдүүн гэдэсний үрэвсэл

  • 50-аас дээш насны хүмүүс
  • Зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлтэй хүмүүс
  • Зүрхний дутагдалтай хүмүүс
  • Даралт багатай хүмүүс
  • Хэвлийн мэс засал хийлгэж байсан хүмүүс

Шинж тэмдэг

  • Хэвлийгээр өвдөх, базлах  
  • Хэвлий дүүрэх
  • Биеийн жин буурах
  • Цустай болон цусгүй суулгах
  • Баас цустай гарах
  • Гэдэс базлах
  • Жихүүдэс хүрэх, халуурах
  • Бөөлжих

Хэзээ эмчид хандах ёстой вэ?

Халдвар, халууралт, хоолны хордлогын ямар нэг шинж тэмдэг болон нөлөөгүйгээр ойр ойрхон, байнга гүйлгэж байвал эмчид хандах хэрэгтэй. Мөн доорх шинж тэмдэг илэрсэн үед эмчид хандана:

  • Үе өвдөх
  • Шалтгаан тодорхойгүй тууралт гарах
  • Бага зэргийн цусны судалтай баах 
  • Ходоод ойр ойрхон өвдөх
  • Тодорхой шалтгаангүйгээр турах

Оношлогоо

  • Бүдүүн гэдэс дурандах. Уян дурангаар шулуун гэдэс, бүдүүн гэдсийг дурандаж харна.
  • Баасны дээж авах
  • Хэвлийн КТ, MRI хийх
  • Хэт авиан оношлогоо хийх
  • Барийн тодосгогчтой рентген зураг авах

Эмчилгээ

Бүдүүн гэдэсний үрэвсэл өвчний хэлбэр тус бүрээс хамаарч эмчилгээ хийгдэнэ. Бүдүүн гэдэсний үрэвслийн хэлбэр бүрийн мэдээллээс эмчилгээний хэсгийн мэдээллийг аваарай.