Тархмал хатуурал өвчин нь тархи, нугас, нүдний мэдрэлд нөлөөлж нүдний хараа, тэнцвэр, булчингийн үйл ажиллагаа болон бусад биеийн үндсэн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдаг архаг ужиг явцтай өвчин юм. Эдгээр өөрчлөлт нь хүнд, хөнгөн хэлбэрээр хүн бүрт өөрөөр илэрнэ. Ингэхдээ хүний биеийн дархлалын тогтолцоо нь тархи, нугасны мэдрэлийн ширхэгийг бүрхэн хамгаалж байдаг миелин хэмээх бүтцийг гэмтээж соривжуулан мэдрэлийн эсийг гэмтэхэд хүргэдэг. Мэдрэлийн эс ингэж гэмтвэл тархинаас ирэх сэрэл мэдрэл биеэр дамжуулагдаж чадахгүйд хүрч алхаж явж чадахгүй болох, ядрах, булчин сулрах юм уу чангарах, нүд бүрэлзэх, бадайрах, баас шээсний гаралт багасах, өвдөлт, сэтгэл санааны хямрал болох, анхаарал төвлөрөлт алдагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Шалтгаан
Шалтгаан нь бүрэн тодорхойгүй боловч хүний дархлалын тогтолцоо нь өөрийн мэдрэлийн эсийн ширхэгийг бүрхэж байдаг миелин бүрхүүлрүү довтолж гэмтээдэг эмгэг жамаар тодорхойлогддог. Шалтгааныг тайлбарласан дараах ерөнхий онолууд байдаг:
- Газар зүйн байрлал. Хүйтэн уур амьсгалтай Шотланд, Скандинавын орнууд зэрэг хүйтэн цаг ууртай газар нутагт амьдардаг хүмүүс халуун газар амьдардаг хүмүүсээс илүү тархмал хатуурал өвчинд өртдөг. Нарны туяа, витамин Д нь өвчнөөс хамгаалдаг байж магадгүй гэж судлаачид үзэж байгаа.
- Тамхидалт. Тамхи татах нь уг өвчин тусах эрсдлийг аажим нэмэгдүүлж байдаг гэж үздэг. Өвчний явц ч гэсэн тамхи татдаггүй хүнийхээс илүү хурдан явцтай байдаг бөгөөд өвчин оношлогдохоос өмнө, хойно алинд нь ч байсан тамхинаас гарвал өвчний явц удааширдаг.
- Удамшил. Удамшлын нөлөө энэ өвчний хувьд их байдаг. Ихэр хүн тархмал хатуурал өвчнөөр өвдвөл нөгөө ихрийн өвчлөх магадлал 20-40% байдаг. Энэ магадлал ах дүү хүмүүст 3-5% байдаг.
- Вакцин.
- Эпштейн-барр-ын вирусын халдвар. Тархмал хатуурал өвчтэй хүмүүст энэ вирусын халдварын эсрэг бие үүссэн байдаг бөгөөд энэхүү вирусын халдварыг авсан байсан гэсэн үг. Үүгээр Эпштейн-барр-ын вирусээр өвдсөн хүмүүс тархмал хатуурал өвчнөөр өвдөх эрсдэл илүү гэдгийг харуулж байгаа юм.
- Бэлгийн даавар нь дархлалын тогтолцоотой холбоотой байдаг. Эмэгтэй бэлгийн даавар болох эстроген, прогестерон нь дархлалын тогтолцоог дарангуйлдаг. Жирэмсний үед энэ 2 дааврын түвшин ихсэх бөгөөд тархмал хатингаршил өвчтэй эмэгтэйд өвчний идэвхи буурдаг. Эрэгтэй бэлгийн даавар болох тестостерон мөн дархлалын хариу урвалыг дарангуйлдаг.
Дараах тохиолдлуудыг тархмал хатуурал өвчний шалтгаан гэж үздэг буруу ойлголт хүмүүсийн дунд байдаг:
- Харшил
- Амт орлуулагч
- Хүнд металын хордлого
- Тэжээвэр амьтан
- Гэмтэл
Тархмал хатуурал өвчний хэлбэрүүд
Уг өвчний төрлийг олж тогтоосноор өвчний явц, эмчилгээний байдлыг шийдэхэд тустай.
Сэдрэлт-намжилттай хэлбэр
Тархмал хатуурлын 85% нь энэ хэлбэрийн байдаг. Ихэнхдээ 20 наснаас энэ өвчний эхний шинж тэмдэг илэрдэг. Өвчний сэдрэл намжилт нь 7 хоног, сар, жилийн хугацаатайгаар явагдана. Энэ явцад өвчний шинж тэмдэг нэмэгдэхгүй байж болдог. Өвчний сэдрэл намжилтын зай, хүнд хөнгөн явцтай эсэх зэрэг нь хүн хүний онцлогоос болж өөр өөр байна. Сэдрэлт-намжилттай хэлбэр нь даамжран хоёрдогч давшилттай хэлбэрлүү ихэнхдээ ордог.
Анхдагч давшилттай хэлбэр
Хугацаа өнгөрөх тусам аажмаар хүндэрдэг хэлбэр. Намжилтын үерүү орох нь бага. Тархмал хатуурлын эмчилгээ муу авдаг хэлбэр юм. Тархмал хатуурал өвчтэй хүмүүсийн 10% нь энэ хэлбэрийн өвчтэй байдаг.
Бусад хэлбэрээс ялгагдах онцлого:
- Ихэнхдээ 40-өөс дээш насны, настай хүмүүс байдаг.
- Хүйсийн харьцаа тэгш. Бусад хэлбэрийн үед эмэгтэй эрэгтэйн харьцаа 3:1 байдаг.
- Бусад хэлбэрээс илүү эрт хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэдэг.
Хоёрдогч давшилттай хэлбэр
Сэдрэлт-намжилттай хэлбэр олон жил үргэлжилсний дараа энэ хэлбэрлүү шилжих нь элбэг байдаг. Дахилтгүйгээр эхлэх бөгөөд энэ байдал нь анхдагч-давшилттай хэлбэртэй төстэй байдаг. Сэдрэлт-намжилттай хэлбэрээр оношлогдсоноос хойш 10-20 жилийн дараа хоёрдогч-давшилттай хэлбэрт ордог. Энэ хэлбэрт шилждэг шалтгаан бүрэн тодорхойгүй бөгөөд дараах байдлаар тайлбарладаг:
- Нас ахисан үед анх оношлогдох нь өвчин хоёрдогч давшилттай хэлбэрлүү орох хугацааг хурдасгадаг.
- Сэдрэлийг бүрэн намдаахгүй бол хоёрдогч давшилтат хэлбэрлүү амархан шилждэг.
- Мэдрэлийн гэмтэл хэр байгаагаас энэ шилжилт хамаардаг. Үрэвсэл бага байвал өвчин намжих нь тэр чинээгээр их байна.
Хоёрдогч давшилттай хэлбэрийг эмчлэхэд хэцүү. Шинж тэмдэг өдөр ирэх тусам мууддаг.
Давшилтат дахилттай хэлбэр
Ховор тохиолддог хэлбэр. Сэдрэл дахин давтагдана. Сэдрэл болох тоолонд шинж тэмдэг нэмэгдсээр байдаг. Тархмал хатуурал өвчний 5%-д энэ хэлбэр тохиолдоно. Олон талаараа анхдагч давшилттай хэлбэртэй адилхан.
Шинж тэмдэг
Тархмал хатуурал өвчний эхний шинж тэмдэг 20-40 насанд голлон илэрдэг. Ихэвчлэн өвчин хэсэгтээ намжиж байгаад эргэж зовиурлах байдлаар явагддаг. Хүн бүрт яг ижил зовиур байдаггүй. Зөвхөн нэг л шинж тэмдэг илрэх байдлаар хэдэн сар жил явж болдог. Хэдэн долоо хоногоос хэдэн сарын дотор зовиур ихсэх тохиолдол ч байна.
Эрт үеийн шинж тэмдэг
Тархи, нугасны мэдрэлийн эсийг хүний дархлалын тогтолцоо гэмтээснээс болж мэдрэлийн зовиур 24 цагийн турш илрэх үе юм. Эрт үеийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь нүдний мэдрэл гэмтсэнээс болж илрэх зовиур байдаг:
- Нүд бүрэлзэх
- Өнгө муу ялгах
- Нүд өвдөх, хөдөлгөхөд илүү өвдөнө.
Нүдэнд илэрч байгаа зовиур ихэвчлэн нэг нүдэнд илэрдэг. Цөөн тохиолдолд хоёр нүдэнд хоёуланд нь илэрнэ.
Хөлний мэдрэл гэмтсэнээс мөн зовиур илэрнэ:
- Хүзүү, толгойгоо хөдөлгөхөд цахилгаан цохиулж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Энэ мэдрэмж нь нуруу, хөл, гарлуу дамжина.
- Нүүр бадайрна
- Бие ирвэгнэнэ.
Анхдагч шинж тэмдэг
Баас, шээс ялгаралт алдагдах: ойр ойрхон шээх, шөнө шээх, дутуу шээх зовиур илэрнэ. Өтгөн хатах нь элбэг.
Тэнцвэр алдах: хөдөлгөөний тэнцвэрээ хадгалахад хэцүү болж ирнэ.
- Алхахад хэцүү байх
- Тэнцвэрээ хадгалахад хэцүү болох
- Алхаа, явдал өөрчлөгдөх
Сэтгэл санаа өөрчлөгдөх: тавгүй байдалд орохоос түгшиж зовиурладаг.
Нүдний өөрчлөлт: нүдний чичиргээ, юм хоёрчилж харах өөрчлөлт илэрнэ.
Сульдах: бодож сэтгэх удаашрах, булчин сулрах зэрэг зовиур ажил ачааллаас хамаарахгүйгээр илэрнэ. Зарим хүн сайн унтаж амарсаны дараа ч ядрах мэдрэмж байсаар байдаг.
Халуу оргих өөрчлөлт: хөдөлгөөн дасгал хийсний дараах мэдрэмжтэй адилхан байдал үүснэ. Хөл гараа дийлэхгүй ядарч сульдсан байна. Сэрүүцэж амарсаны дараа шинж тэмдэг арилдаг.
Булчин чангарах: хөлний булчин ихэнхдээ чангардаг. Энэ шинж тэмдэг тархмал хатуурал өвчнөөр зовиурлаж байгаа хүмүүсийн тал хувьд нь эрт үеийн шинж тэмдэг болж илэрдэг. Бага зэргийн өвдөлттэй юм уу хүчтэй булчин чангарал болдог.
Бэлгийн амьдралын өөрчлөлт: үтрээний хуурайшил, хөвчрөлт сулрах, дур тавилт буурах зэрэг өөрчлөлт эрэгтэй, эмэгтэйд илэрнэ.
Хэл яриа өөрчлөгдөх: хамраараа гуншиж, үгээ зөөж яридаг. Залгихад бэрхшээлтэй болдог.
Бодож сэтгэх удаашрах: төвлөрөх чадвар буурна. Удаан бодох, анхаарал сулрах, ой тогтоолт муудах шинж илэрнэ. Унших, ойлгох оюун ухааны чадвар алдагддаггүй.
Тремор: тархмал хатуурал өвчтэй хүмүүсийн тал хувьд нь илэрнэ. Их, бага хэмжээгээр биеийн чичрэлт илэрнэ.
Явахад хэцүү болох: булчин сулрах юм уу чангарсанаар алхаж явахад асуудал үүснэ. Мөн тэнцвэр алдах, хөл бадайрах, ядрах зовиур илэрнэ.
Мэдрэхүй алдагдах: зүүгээр хатгаж байгаа юм шиг мэдрэмж төрөх, загатнах, халуу шатах, хутгалуулж байгаа юм шиг өвдөлт илэрнэ. Хавирга цээжээр шахаж тэвэрч байгаа юм шиг зовиурлана.
Хоёрдогч шинж тэмдэг
Анхдагч шинж тэмдэгээс болоод миелины гэмтлээс хамаарахгүй илэрдэг шинж тэмдэг юм.
- Гүйцэт шээж чадахгүйгээс болоод давсагны халдвар тусах
- Ядрал сульдлаас болж алхаж явж чадахгүй байснаар булчингийн хүч сулрах, амьсгал өнгөц болох, яс сийрэгжих
Гуравдагч шинж тэмдэг
Нийгмийн, сэтгэл зүйн, ажлын зэрэг орчноос хамааралтай гарч ирж байгаа шинж тэмдэгүүд юм.
- Тархмал хатуурлаас шалтгаалан алхаж явж чадахгүйгээс болж ажилаа хийж чадахгүйд хүрэх
- Ярьж чадахгүйгээс болж өөрийн архаг өвчнөөр зовиурлаж байгаагаа илэрхийлж чадалгүй нийгмийн харилцаа өөрчлөгдөх
- Тархины мэдрэлийн эсийн өөрчлөлтөөс болж сэтгэл санаа хямрах
Тархмал хатуурал өвчин ийм олон янз хэлбэртэй байдаг учир бусад ижил өвчтэй хүмүүстэй өөрийн өвчний байдлыг харьцуулахгүй байх хэрэгтэй.
Оношлогоо
Өвчнийг бүхэлд нь нэг шинжилгээгээр оношлох боломжгүй. Тархмал хатууралтай адилхан шинж тэмдэг илэрдэг өвчин олон байдаг. Иймд нарийн мэргэшсэн мэдрэлийн эмчийн тусламж үйлчилгээ чухал байдаг.
Эмч үзлэгээр:
- Төв мэдрэлийн өөрчлөлт илэрсэн биеийн хэсгийг мэдрэлийн үзлэгээр олж шинжлэх
- Өвчний түүх, явцыг судлана.
Багажан шинжилгээгээ:
- MRI оношлогоо: тархийг илүү нарийн шинжлэх боломж олгоно. Тархи, нугасан дахь үрэвслийн шинж буюу тархмал хатуурал өвчний ул мөрийг үздэг. Цусны даралт ихэсдэг, чихрийн шижин өвчтэй хүмүүсийн MRI шинжилгээнд тархмал хатуурал өвчинтэй адил шинж тэмдэг илэрдэг учир өвчтөний зовиур, шинж тэмдэг, бусад шинжилгээний үзүүлэлттэй харьцуулан дүгнэж оношийг тавьдаг. Мөн MRI-аар өөрчлөлт илрээгүй байх нь тархмал хатуурал өвчнийг үгүйсгэх шалтгаан болдоггүй.
- Нугасны хатгалт: нугасанд хатгалт хийж нугасны усыг шинжилж өвчнийг илрүүлнэ.
- Цахилгаан бичлэг: тархины сонсох, харах, мэдрэх хэсгийн аль нь гэмтсэнийг тогтооход хэрэгтэй мэдрэлийн цахилгаан сорил юм.
- Цусны шинжилгээ: бусад өвчнөөс ялган оношлох, өвчний байдлыг шинжилэхэд хэрэглэнэ.
Эмчилгээ
Тархмал хатуурал өвчнийг эмчлэх арга байхгүй боловч амьдралын хэлбэрээ өөрчлөх, эмийн эмчилгээ хийх зэргээр өвчнийг барьж байдаг.
Өвчний ерөнхий байдлыг сайжруулах эм.
Мэдрэлийн ширхэгийг хучин хамгаалж байгаа миелин бүрхүүлрүү дайрч буй нян, вирусээс хамгаалах үүрэгтэй хүний дархлалын тогтолцоог дарангуйлах эмүүд орно. Эдгээр эмийн зарим нь тарилга хэлбэртэй байдаг учир улайж бэрсүүжих, загатнах зэрэг зовиур өгдөг.
- Бета интерферонууд: тархмал хатуурал өвчний үед голлон хэрэглэгддэг эм. Өвчний явц, сэдрэлийн давтамжийг бууруулдаг. Энэ эмийг хэрэглэж байх үед халуурах, жихүүдэс хүрэх, сульдах, биеэр өвдөх зэрэг томуу төст зовиур цөөн сараар илэрдэг. Мөн дархлалын тогтолцоог өвчний эсрэг тэмцэхэд хэрэг болдог цагаан эсийн тоог бууруулж байгаа учир халдварт өртөмхий болгодог.
- Аvonex (интерферон бета-1а)
- Betaseron (интерферон бета-1b)
- Extavia (интерферон бета-1b)
- Plegridy (пегинтерферон бета-1a)
- Rebif (интерферон бета-1a)
- Glatiramer (Copaxone, Glatopa): дархлалын тогтолцоог миелин бүрхүүлрүү дайрахыг зогсоодог.
- Teriflunomide (Aubagio): гаж нөлөө ихтэй, элэг гэмтээдэг, ургийн гажигт хүргэдэг эм. Эмчийн хяналт, элэгний шинжилгээтэй хамт хянаж хэрэглэх хэрэгтэй.
- Fingolimod (Gilenya): гаж нөлөөтэй, элэг өөрчлөлтөнд оруулдаг, зүрхний цохилтыг удаашруулдаг.
- Dimethyl fumarate (Tecfidera): дархлалын эсийг бууруулдаг учир цусны шинжилгээ хийж хянах ёстой.
- Natalizumab (Tysabri), ocrelizumab (Ocrevus): Natalizumab нь тархи, нугасыг дархлалын эс гэмтээхээс сэргийлдэг. Ocrelizumab дархлалын В эсүүдийг зогсоодог.
- Alemtuzumab (Lemtrada) and mitoxantrone (Novantrone): хавдрын эмчилгээнд хэргэлдэг химийн эм. Дархлалыг дарангуйлна.
Хүндрэлийн эмчилгээ
- Стеройд:
- Метилпреднизолон
- Преднизон
- ACTH
- Цусны сийвэн солих: өвчин хүндэрч стеройд эм үйлчлэхгүй болоход энэ эмчилгээг хийнэ. Өвчтөнөөс цусыг авч сийвэнгээс нь ялгана. Ялгаж авсан цусны эсийг уургийн уусмалтай холин буцааж тарьдаг.
Шинж тэмдгийн эмчилгээ
Булчингийн хөшилт, чангаралт: baclofen (Lioresal), tizanidine (Zanaflex), юмуу сэдээх clonazepam (Klonopin), diazepam (Valium)
Ядарч сульдах: Amantadine (Symmetrel), armodafinil (Nuvigil), modafinil (Provigil)
Сэтгэл хямрал: bupropion (Wellbutrin), fluoxetine (Prozac), sertraline (Zoloft)
Давсагны өөрчлөлт: Oxybutynin (Ditropan) юм уу tolterodine (Detrol)
Физик эмчилгээ
Хөдөлгөөн сэргээх дасгал хөдөлгөөн хийнэ. Таяг зэрэг туслах хэрэгсэл ашиглах хэрэгтэй болно.
Амьдралын хэлбэрээ өөрчлөх
Зөвхөн эмийн эмчилгээ бүгдийг шийдэхгүй учир өөртөө анхаарал тавьж сайхан амьдрах боломжийг бий болгох хэрэгтэй.
- Сайн амрах: Унтлагын өрөөгөө сэрүүн, харанхуй, гэрэлгүй болгож тогтмол цагт унтах
- Эрүүл хооллох: тархмал хатуурлын хоолны дэглэм гэж тусдаа дэглэм байхгүй. Өөх тос багатай ислэг их хоолыг сонгон хэрэглэх.
- Дасгал хөдөлгөөн хийх: байшингаа тойрч алхах ч дасгал болно. Дасгал хөдөлгөөн нь ясыг бэхжүүлж булчинг хүчжүүлнэ. Сэтгэл хямралыг засаж сайн унтахад тусална.
- Стресстэй тэмцэх: стресс нь зовиурыг ихэсгэнэ. Бясалгах, унших, найзтайгаа ярилцах зэрэг өөрийгөө тайвшруулах арга замыг олох.
- Сэрүүн байх: биеийн хэм ихсэх нь зовиурыг нэмэгдүүлдэг. Хөнгөн хувцаслах, өрөөгөө сэрүүн байлгах хэрэгтэй.
Уламжлалт эмчилгээ
Тархмал хатуурал өвчинд тустай олон бүтээгдэхүүн байдаг. Энэ бүхнээс шинжлэх ухааны үндэслэлтэй, судлагдсан бүтээгдэхүүнийг авч хэрэглэх хэрэгтэй. Зарим нэмэлт бүтээгдэхүүн эмийн үйлдлийг өөрчилдөгийг санах хэрэгтэй.
- Витамин Д: цусан дахь витамин Д багасах нь тархмал хатуурал өвчнөөр өвдөх магадлалыг ихэсгэдэг. Тус өвчний үед витамин Д хэрхэн нөлөөлж байгаа судалгаа явагдаж байгаа.
- Зүү эмчилгээ: биеийн суваг хэрдэсээр дамжих “Чи” хэмээх энергийн урсгалыг сайжруулдаг. “Чи” энерги муудвал өвчин, өвдөлт үүсдэг. Сувгийн цэгрүү зүү хатгаж энергийн урсгалыг өөрчилдөг. Зүү эмчилгээ нь ядарч сульдах, өвдөх, булчингийн агшилт, бадайралт, ирвэгнэх, давсагны өөрчлөлт зэрэг шинж тэмдэгт сайн нөлөөлж байгаа нь судлагдсан.
Асуулт хариулт
- Тархмал хатуурал гэж юу вэ?
Дархлалын тогтолцооны өөрчлөлт болох аутоиммуны өвчин юм. Дархлалын тогтолцоо нь нян, вирус, бусад гадны нөлөөний эсрэг үйлчлэхээс гадна эмгэгээр өөрийн биеийн эд эсрүү дайрдаг. Харин тархмал хатуурал өвчний үед хүний тархи, нугас үүнд өртдөг.
- Тархмал хатуурал өвчний шалтгаан нь юу вэ?
Шалтгааныг олж тогтоогоогүй боловч удамшил, орчны нөлөө, тэр байтугай вирусын оролцоо ч байна гэж үзэж байгаа. Эцэг эхээс удамшсан гений нөлөө 1,2,3 дахь үеийн үр удамд өвчин болж илрэх эрсдэл их байдаг. Ийм гений шалтгаантай төрсөн ч гэсэн орчин ахуйн нөлөө нөлөөлөх хүртэл өвчин илрэхгүй явах тохиолдол бас байна. Мөн томуу, улаан бурхан, хомхойн вирусээс шалтгаалдаг.
- Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Тархмал хатуурал өвчин маш хөнгөн юм уу, маш хүнд хэлбэрээс эхэлдэг өвчин. Эрт үеийн түгээмэл шинж тэмдэг нь:
- Ирвэгнэх, хатгах
- Бадайрах
- Тэнцвэрээ алдах
- Нэг юм уу үүнээс илүү мөч сулрах
- Нүд бүрэлзэх, хоёрчилж харах
Цөөн тохиолдох анхаарах шинж тэмдэг:
- Гуншиж ярих
- Саажих
- Орчны баримжаагүй болох
- Бодож сэтгэх өөрчлөгдөх
Өвчин хүндрэх тусам халуун оргих, ядрах зэрэг шинж тэмдэг гарч ирдэг.
- Энэ өвчин хүнд халдварладаг уу? Энэ өвчин үхэлд хүргэдэг үү?
Үхэлд хүргэдэг өвчин гэж үздэггүй. Энэ өвчин халдварлахгүй.
- Бүрэн эмчлэгдэх үү?
Байхгүй. Гэхдээ өвчнийг хүндрүүлэхгүй байх эмийн эмчилгээ байдаг. Үүний хажуугаар физик эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, хэл яриа засал нь шинж тэмдгийг арилгаж идэвхитэй амьдралын хэлбэрийг бий болгодог.
- Тэргэнцэр шаардлагатай болох уу?
Ихэнх тархмал хатуурал өвчтэй хүмүүс бусдын тусламжгүй явдаг. Таяг, тулгуур шаардлагатай болж болно. Уг өвчтэй хүмүүсийн 25%-д нь тэргэнцэр шаардлагатай болдог.
- Ямар эмчилгээ хамгийн сайн бэ?
Тархмал хатуурал өвчний эмчилгээ маш олон төрөл байдаг. Хамгийн эхэнд эмчилгээ хийх сонголтоо судлах хэрэгтэй. Эмчилгээ хэрхэн хийгдэх вэ, гаж нөлөө нь юу байж болох вэ, өөрт тань аль хэр таарах нь вэ гэдгийг судлах хэрэгтэй. Энэ олон эмчилгээний зөв мэдээллийг өгөх хүн бол эмч учраас эмчтэйгээ сайн зөвлөлдөж эмчилгээгээ сонгох хэрэгтэй.
- Тархины гүний өдөөлт хийн электрод суулгах нь ямар үр нөлөөтэй вэ?
Энэ эмчилгээний гол зорилго нь тархмал хатуурал өвчний үеийн чичрэлтийг багасгах юм. Хараа муудах, ядрах зэрэг бусад өөрчлөлтөнд нөлөөлөхгүй.
- Энэ өвчинд өөр юу тустай вэ?
Эерэг хандлага стрессыг бууруулж биеийг сэргээнэ. Тайчи, йог зэрэг дасгал хөдөлгөөн нь биеийг тайвшруулж уян хатан, тэнцвэртэй байдал, эрч хүчийг өгнө. Дасгал хөдөлгөөн хийх дэглэм эхлэхийн өмнө эмчтэй зөвлөх хэрэгтэй. Биеэ ядартал ачаалалтайгаар дасгал хөдөлгөөн хийж болохгүй. эрүүл хооллолт, тэнцвэртэй хоолны дэглэм нь хэзээд тустай.
- Харааны мэдрэлийн үрэвсэл гэж юу вэ?
Нүд, тархийг холбож байдаг мэдрэл үрэвсэхийг хэлнэ. Ингэснээр доорх шинж тэмдэг илэрнэ:
- Нүд өвдөх
- Нүд бүрэлзэх
- Нэг нүд юм харахгүй байх
- Юм сааралтаж харагдах
Эдгээр шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Өөрчлөлтийг эрт илрүүлэх нь нүд хараагаа хамгаалж үлдэх гол түлхүүр юм. Мэдрэлийн үрэвслийг дарахын тулд стеройд хэрэглэнэ.
Харааны мэдрэлийн үрэвсэл нь ихэвчлэн нэг нүдэнд илэрч тархмал хатуурал өвчний эхний шинж тэмдгүүдийн нэг болдог. Энэхүү өвчний тал хувьд нь харааны мэдрэлийн үрэвсэл тохиолдоно. Ямар ч эмчилгээ хийхгүйгээр бүрэн эдгэж болдог.
- Кафейн. Кафейныг хэт их хэрэглэх юм уу огт хэрэглэхгүй байх үед цусан дахь кафейны хэмжээ эрс хэлбэлзэж толгой өвдөх шалтгаан болдог. Кафейн нь өөрөө мигрений хурц өвдөлтийн эмчилгээнд хэрэглэгддэг.
- Цаг агаарын өөрчлөлт. Шуурга болох, агаарын даралт өөрчлөгдөх, хүчтэй салхи болох, газрын өндрийн түвшин өөрчлөгдөх нь мигренийг сэдээдэг.
- Биений юм ирэх
- Их ядрах
- Хоол идэхгүй явах
- Нойр солигдох