Мика Монгол Мика Монгол

Уушигны архаг бөглөрөлт өвчин

Үрэвслийн улмаас гуурсан хоолойд эргэшгүй буюу бүрэн бус, хэсэгчлэн эргэх онцлогтой бөглөрөл үүсч агаарын урсгал буурах, уушгины агааржуулалт ба хийн солилцоо давшингуйгаар хямарч, эмнэлзүйд амьсгалын дутагдал ба уушги-зүрхний архаг дутагдлын хам шинжээр илэрдэг аажим даамжрах явцтай өвчин юм. Энэхүү бүлэг өвчнөөс эмфизема (уушиг хийгээр тэлэгдэх өвчин), архаг гуурсан хоолойн үрэвсэл өвчин нь түгээмэл тохиолддог.

Амьсгалын замын төгсгөлийн бронхитоос цааших хэсэг өргөсч, хэмжээгээрээ томрон тэлэгдэл үүсч мөн цулцан хоорондын таславч үгүй болсноос хөрш зэргэлдээх цулцангууд хоорондоо нийлж төлөгдөл үүсэх эмгэгийг эмфизема гэнэ. Гуурсан хоолойд салс хуримтлагдан нарийсах, үрэвсэл явагдсанаас шалтгаалан гуурсан хоолойн үрэвсэл үүснэ.

Гуурсан хоолойн бөглөрөлт өвчний (ГХБӨ) гол шалтгаан нь тамхидалт байдаг. Химийн бодистой удаан хугацаанд харьцсанаас мөн болдог. Ихэнхдээ урт хугацааны явцад үүсдэг өвчин. Хурдан даамжирч хүндэрдэг, зүрхэнд нөлөөлдөг, амьсгалын замын халдварт амархан өртдөг өвчин юм.

ГХБӨ-ий шинж тэмдэг

Эхэн үедээ ханиалгах, амьсгал давчдах шинж тэмдгээр илэрч цаашид даамжиран амьсгалахад ч хэцүү болдог.

Эрт үеийн шинж тэмдэг:

  • Биеийн ачааллын дараа голцуу амьсгал давчдах
  • Бага зэргийн боловч дахин давтан ханиалгах
  • Өглөө болгон цэр гарах

Энэхүү эрт үеийн шинж тэмдэг өвчин цааш даамжирч хүндрэх үед дараах шинж тэмдэг болж хувирна:

  • Алхах, шатаар гарах зэрэг хөнгөн ачааллын үед амьсгал давчдах
  • Голдуу амьсгал гаргах үед хэржигнүүр ихтэй шуугих
  • Цээжээр давчдах
  • Цэртэй болон цэргүй архаг ханиалга
  • Өдөр бүр цэр гарах
  • Ханиад, томуу зэрэг амьсгалын замын халдвар ойрхон хүрэх
  • Ядарч сульдах

ГХБӨ-ий хошуу үеийн шинж тэмдэг:

  • Ядарч сульдах
  • Хөл, шагай, тавхайгаар хавагнах
  • Жин багасах

Яаралтай тусламж авах хэмжээнд хүрсэн шинж тэмдэг:

  • Цусан дахь хүчилтөрөгч буурч байгааг илтгэх уруул, хумс, хурууны үзүүр хөхрөх, сааралтах шинж тэмдэг илрэх
  • Амьсгал авч чадахгүй болох юм уу ярьж чадахгүй байх
  • Ухаан балартах, ухаан самуурах
  • Зүрхний цохилт түргэсэх

Шалтгаан

Тамхидалт гол шалтгаан болдог. Тамхи хэдий чинээ их, удаан хугацаагаар татна төдий чиний ГХБӨ-ий эрсдэл ихэснэ. Химийн бодис, утаа зэрэгтэй харьцах ажлын нөхцөл байдал мөн нөлөөлнө. Удаан хугацаанд агаарын бохирдолтой газар байх, тоос шороогоор амьсгалах нь ГХБӨ үүсгэдэг. Альфа-1-антитрипсин гэх уургийн дутагдалд хүргэдэг удамшлын шалтгаанаас хамаарч мөн энэ өвчин үүсдэг.

Оношлогоо

Асуумжаар:

  • Тамхи татдаг, эсвэл тамхи татдаг байсан эсэх
  • Ажлын орчин нөхцөл уушгинд нөлөөлдөг эсэх
  • Дам тамхидалтанд өртдөг эсэх
  • Гэр бүлд ГХБӨ-өөр өвчилж байсан хүн байдаг эсэх
  • Гуурсан хоолойн багтраа болон амьсгалын замын бусад асуудал байдаг эсэх

Биеийн ерөнхий үзлэгээр уушгийг чагнаж үзэн цаашид хийгдэх шинжилгээний төлөвлөгөөг гаргана:

  • Спирометр: Уушигны үйл ажиллагааг үзэх сорил.
  • Рентген, компьютер томографи гэсэн дүрс оношлогоогоор зүрх, судас, уушгийг нарийвчлан харна.
  • Цусан дахь нүүрс хүчлийн хий, хүчил төрөгчийн хэмжээг цусанд хэмжиж тодорхойлно.

Эмчилгээ

Эмийн эмчилгээ

Гуурсан хоолойг тэлэх эмийн эмчилгээ нь амьсгалын замын булчинг сулруулж амьсгалыг чөлөөлнө. Шүршигч, цацлага байдлаар хэрэглэдэг. Глюкокортикостеройдууд амьсгалын замын үрэвслийг дарна. Амьсгалын замын халдвараас сэргийлэхийн тулд томуугийн вакцин зэрэг вакцинуудыг төлөвлөж хийдэг.

            Хүчилтөрөгч эмчилгээ

Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ бага бол нэмэлтээр хүчилтөрөгч авах хэрэгтэй болно.

            Мэс засал эмчилгээ

Хүнд эмфиземагийн хэлбэр зэрэг бусад эмчилгээнд үр дүнгүй хүнд хэлбэрийн ГХБӨ-ий үед мэс засал эмчилгээ хийгдэнэ.

Амьдралын хэвшилээ өөрчлөх

  • Тамхинаас гарах
  • Химийн хортой утаа, тоосонцор, дам дамхидалтаас сэргийлэх
  • Өөрт хэрэгтэй шим тэжээлийг авах, эрүүл хооллолтын цэсийг хоол зүйч, эмчтэй хамтран өөртөө тааруулан зохиох
  • Өөрт таарсан дасгал хөдөлгөөн хийх

ГХБӨ-ий хоолны дэглэм

Тусгайлсан хоолны дэглэм байхгүй боловч хоолны дэглэмээ эрүүл байлгавал ерөнхий биеийн эрүүл байдалд хэрэгтэй. Хэдий чинээ чийрэг, эрүүл байна төдий чинээ өвчний хүндрэлүүдээс сэргийлж чадна.

Шингэн юм сайн ууж байвал цэр шингэрч гадагшлах нь амар болно. Каффейнтэй ундаа нь эмийн үйлчлэлийг бууруулдаг учир хэрэглэхгүй байх хэрэгтэй. Давс биед шингэнийг татаж амьсгалахад саад болдог учир давсны хэрэглээг зохицуулах хэрэгтэй.

Биеийн жин их байх нь амьсгалахад энерги их шаардахад хүргэдэг учир биеийн жингээ хэвийн хэмжээнд барих хэрэгтэй. Биеийн жин бага байх нь биеийн суурь үйл ажиллагааг явуулахад сөргөөр нөлөөлдөг. Улмаар ГХБӨ нь дархлалын тогтолцоог дордуулж халдварын эсрэг тэмцэх чадварыг бууруулдаг.

Хоолоор дүүрсэн ходоод нь уушиг тэлэгдэхэд саад болж амьсгалахад хэцүү болгодог учир дараах арга хэмжээг авах хэрэгтэй:

  • Хоол идэхээс цагийн нус цэрээ гаргаж цэвэрлэх
  • Бага багаар хоолоо амандаа хийж аажим зажлаж залгих
  •  Өдрийн 3 удаагийн хоолыг арай бага хэмжээтэй 5-6 удаагийн хоолоор солих
  • Шингэн уух нь хоолыг доошлуулна

ГХБӨ-ний үе шат

GOLD ангилалаар ГХБӨ-ий үе шатыг тодорхойлж өвчний явцыг харах, эмчилгээний төлөвлөгөөг гаргахад ашигладаг.

Спирометрээр хэмжиж GOLD-ын үе шатыг гаргадаг:

  • 1-р үе: хөнгөн
  • 2-р үе: дунд
  • 3-р үе: хүнд
  • 4-р үе: маш хүнд

Энэ үе шат ахих тусам өвчний явц даамжиран хүндэрч, хүндрэлүүд гардаг:

  • Энгийн ханиад, томуу, хатгаа зэрэг амьсгалын замын халдварт өвчин
  • Зүрхний өөрчлөлтүүд
  • Уушигны артерийн цусны даралт ихсэх
  • Уушигны хавдар
  • Сэтгэл гутрал, сэтгэл хямрал

ГХБӨ болон уушигны хавдар

Уушигны хавдар болон ГХБӨ нь дэлхийн эрүүл мэндийн гол асуудлын нэг бөгөөд энэ хоёр өвчин хэд хэдэн шижмээр холбогддог. Тамхидалт нь энэ 2 өвчний аль алинд нь хамгийн их эрсдэлт хүчин зүйл болж үйлчилдэг. Дам тамхидалт, ажлын байрны химийн бодис, утааны нөлөө нь энэ 2 өвчинд мөн адил адилхан нөлөөлнө. Уушигны хавдар, ГХБӨ хоёр нь хоёулаа удамшлын урьдал хүчин зүйлээс хамааралтай байдаг. энэ 2 өвчний тохиолдол хоёул нас ахих тусам нэмэгддэг. 2009 оны судалгаагаар уушигны хавдартай хүмүүсийн 40-70 хувь нь ГХБӨ-тэй байсан. Энэ хоёр өвчин нь ямар ч шалтгаанаас хамааралтай эхэлсэн байж болох ч ГХБӨ нь уушигны хавдарт хүргэх хүчин зүйл нь болдог. Зарим хүн уушигны хавдраар оношлогдтолоо ГХБӨ-тэй байснаа мэдээгүй байдаг. Эцэст нь дүгнэхэд ГХБӨ нь уушигны хавдарт заавал хүргэдэг гэсэн үг биш, харин уушигны хавдартай болох өндөр эрсдэлтэй байна гэдгийг илтгэж байгаа юм. Энэ нь тамхинаас гарахад харин түлхэц болох шалтгаан болох юм.