Мика Монгол Мика Монгол

Судас хатуурал (Атеросклероз)

Судас хатуурал гэж юу вэ?

Өөхөн товруу үүссэнээс шалтгаалсан артерийн судасны нарийслыг атеросклероз буюу судас хатуурал гэдэг. Артерийн судас нь зүрхээр дамжуулан биеийн эд эрхтэнд хүчилтөрөгч, тэжээлийн бодис зөөвөрлөдөг судас юм.

Хүн нас ахих тусам артерийн судсанд өөх тос, холестрин хуримтлагдаж өөхөн товрууг үүсгэдэг. Энэхүү өөхөн товруу нь артерийн судсаар цус урсахад саад болдог. Ингэхдээ биеийн аль ч хэсгийн артерийн судсанд үүсч төрөл бүрийн эд эрхтэнд хүчил төрөгч, цусны хомсдлыг бий болгоно. Мөн өөхөн товрууны хэсэг ховхорч цусны бүлэн үүсгэдэг. Судасны хатуурлаас үүдэн зүрхний шигдээс, тархины цус харвалт, зүрхний дутагдал бий болдог.

Судасны хатуурал бол наслалтаас шууд хамаардаг. Энэхүү өвчнөөс сэргийлж, эмчлэх арга олон бий.

Судасны хатуурлын ямар төрөл байдаг вэ?

Кальци, өөх тос, холестрин нь артерийн судсыг хатууруулна. Зүрх, хөл, бөөр гээд биеийн аль ч хэсэгт судасны хатуурал тохиолдоно. Судасны хатуурал нь дараах өвчнүүдийг үүсгэнэ:

Титэм судасны өвчин

Зүрхний титэм судас хатуурсанаар энэхүү өвчин үүснэ. Титэм судас нь зүрхний булчингийн эдийг хүчилтөрөгч, цусаар хангадаг судас бөгөөд өөхөн товруу нь зүрхэнд хүрэх энэхүү цусны урсгалыг хаадаг.

Гүрээний артерийн өвчин

Хүзүүн дэх гүрээний артери нь тархийг цусаар хангана. Энэхүү судасны хананд өөхөн товруу үүсэж цусны эргэлт удааширсанаар тархины эд эсэд хүрэх цус, хүчилтөрөгчийг бууруулна.

Захын артерийн өвчин

Хөл гар, биеийн доод хэсгийн цус, хүчилтөрөгчийн хангамж мөн артерийн судаснаас хамаарна. Судасны хатуурал нь биеийн энэ хэсгийн цусны эргэлтийг мөн алдагдуулдаг.

Бөөрний өвчин

Бөөрний артериар бөөр цусан хангамжаа авдаг. Бөөр нь биеэс хорт бодис, илүүдэл усыг цуснаас шүүдэг. Эдгээр судасны хатуурал нь бөөрний дутагдалд хүргэнэ.

Судасны хатуурлын шалтгаан юу вэ?

Өөхөн товруу үүсч судас хатуурах нь артерийн судасны цусны урсгалыг хааж эд эрхтэнд үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай хүчилтөрөгчөөр баяжсан цусан хангамжийг бууруулдаг. Судас хатуурлын шалтгаанууд:

            Холестрин ихсэх

Холестрин нь наалданги, шар өнгөтэй, хүний биед боловсорч бий болдог, хоол хүнсэнд агуулагддаг бодис юм. Энэхүү бодис цусанд хэт ихэсвэл артерийн судсыг бөглөдөг. Холестрин нь хатуу өөхөн товруу болж хувирвал зүрх болон бусад эрхтэнд очих цусны эргэлтийг хаадаг.

            Хоолны дэглэм

Эрүүл хоолны дэглэм барих нь чухал.

  • Сахартай хоол унд, чихэрнээс зайлсхийх
  • Давс ихтэй хоол хүнс хэрэглэхгүй байх: өдөрт 2400 мг-аас ихгүй давс хэрэглэх.
  • Өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэхгүй байх: үүний оронд ханаагүй өөх тос хэрэглэх. Цусан дахь холестрины хэмжээгээ бууруулахын тулд ханасан өөх тосны хэрэглээг өдрийн нийт илчлэгийн 5-6 хувиас хэтрэхгүйгээр бууруулах хэрэгтэй. Өдөрт 2000 калори илчлэгтэй хоол иддэг хүн байлаа гэхэд энэ нь 13 грамм ханасан өөх тос гэсэн үг юм.
  • Эрүүл хоолны дэглэм барих. Төрөл бүрийн жимс, ногоо, тослог багатай сүүн бүтээгдэхүүн, загас, шош, самар, халуун орны биш ургамлын тос хэрэглэх хэрэгтэй.

Насжилт

Нас ахих тусам зүрх, судасны агших, цус дамжуулах чадвар буурч ирнэ. Артерийн судас уян чанараа алдаж өөхөн товруу үүсэхэд таатай нөхцлийг бий болгодог.

Судасны хатуурлаар хэн өвдөх эрсдэлтэй вэ?

Судасны хатуурлаар өвдөх эрсдэлд хүргэдэг хүчин зүйлүүд олон байдаг. Эдгээр эрсдлүүдийн заримаас нь сэргийлж болно, харин заримаас нь сэргийлэх боломжгүй байдаг.

            Гэр бүлийн түүх

Гэр бүлийнхэнд тань судасны хатуурлаар өвчилж байсан хүн байдаг бол та судас хатуурлаар өвдөх эрсдэлд байна гэсэн үг. Судас хатуурал үүсэх нөхцөл болон зүрхний өвчин нь удамших хандлагатай байдаг.

            Хөдөлгөөн дутмаг байдал

Байнгын дасгал хөдөлгөөн хийх нь зүрхэнд сайн, зүрхний булчинг хүчтэй болгож биеэр эргэлдэх цус, хүчилтөрөгчийн урсгалыг сайжруулдаг. Суугаа амьдралын хэвшил нь зүрхний өвчин зэрэг өвчин эмгэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлнэ.

            Цусны даралт ихсэх

Даралт ихсэх нь цусны судсыг гэмтээдэг. Цусан дахь холестрин зэрэг бодисууд нь удаан хугацааны туршид артерийн судасны уян хатан чанарыг алдагдуулдаг.

            Тамхидалт

Тамхи татах нь зүрх, судсыг гэмтэдэг.

            Чихрийн шижин

Чихрийн шижин өвчин нь титэм судасны өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Судасны хатуурлын шинж тэмдэг юу вэ?

Судасны бөглөрөл болох хүртэл судасны хатуурлын шинж тэмдэг илэрдэггүй. Түгээмэл тохиолдох шинж тэмдэгүүд нь:

  • Цээжний бах, цээжээр өвдөх
  • Хөл гар зэрэг судас хаана бөглөрсөн тэр газар өвдөх
  • Амьсгал давчдах
  • Ядрах, сульдах
  • Тархины цусан хангамжийн дутагдлаас шалтгаалсан байвал ухаан балартах
  • Цусны эргэлтийн дутмаг байдлаас шалтгаалан хөлийн булчин сулрах

Зүрхний шигдээс, тархины цус харвалтын шинж тэмдэгийг мөн мэдэж байх хэрэгтэй. Энэ 2 өвчин хоёулаа судасны хатуурлаас шалтгаалдаг бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай нөхцөл байдалд хүргэдэг.

Зүрхний шигдээсийн шинж тэмдэг:

  • Цээжээр өвдөх, тавгүйрхэх
  • Мөр, нуруу, хүзүү, гар, эрүүгээр өвдөх
  • Хэвлийн өвдөлт
  • Амьсгал давчдах
  • Хөлс гарах
  • Толгой эргэх
  • Дотор муухай оргих, бөөлжих
  • Айдас, түгшүүр төрөх

Тархины цус харвалтын шинж тэмдэг:

  • Нүүр, хөл гар сулрах, бадайрах
  • Ярихад хэцүү болох
  • Хэл яриа ойлгохгүй болох
  • Хараа алдагдах
  • Тэнцвэр алдах
  • Гэнэтийн хүчтэй толгойны өвдөлт

Зүрхний шигдээс болон тархины цус харвалтын эдгээр шинжүүд илэрвэл яаралтай эмнэлгийн түргэн тусламж авах хэрэгтэй.

Судасны хатуурлыг хэрхэн оношлох вэ?

Судас хатуурлын шинж тэмдэг байвал эхлээд биеийн ерөнхий үзлэг хийнэ:

  • Зүрхний цохилт бүдгэрэх
  • Артерийн судасны хана суларч өргөсөх эмгэг болох аневризмыг оношлох
  • Цусны урсгал хаагдсаныг илэрхийлэх шарх удаан эдгэх шинж

Зүрхний нарийн мэргэжлийн эмч зүрхний эмгэг шуугиан байгаа үгүйг чагнаж оношлоно. Чагнахад артерийн судас бөглөрсөнийг илтгэх исгэрсэн шуугианы чимээ сонсогддог. Мөн бусад оношлогоо, шинжилгээг хийнэ.

  • Цусны шинжилгээгээр холестрины түвшинг үзэх
  • Артерийн судасны бөглөрөл байвал түүнийг харуулдаг зургийг гаргадаг дууны долгионыг ашигладаг Допплерийн хэт авиан оношлогоо хийх
  • Бугуй шууны индекс оношлогоо хийх. Мөч тус бүрийн цусны даралтыг харьцуулан хөл гарны судасны бөглөрлийг оношлоно.
  • MRI хийх. Хүний биеийн том артерийн судасны зургийг хийж оношлох
  • Зүрхний ангиограмм хийх. Радиоидэвхит будагч бодисыг тарьж зүрхний артерийн рентген зураг хийнэ.
  • Зүрхний цахилгаан бичлэг хийх. Зүрхний аль хэсэгт цусны урсгал буурч байгааг харах зорилгоор зүрхний цахилгаан идэвхижлийг хэмжинэ.
  • Ачааллын сорил. Гүйлтийн зам болон дугуйн дээр ачаалалтай дасгал хийх үеийн зүрхний цохилт, цусны даралтыг хянана.

Судас хатуурлыг хэрхэн эмчлэх вэ?

Судас хатуурлын эмчилгээ нь таны хэрэглэж буй өөх тос, холестрины хэмжээг хязгаарлаж одоогийн амьдралын хэвшлийн өөрчилсөнөөр хийгдэнэ. Зүрх, судасыг эрүүлжүүлэхийн тулд дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай болно.

Үүн дээр нэмээд эмийн эмчилгээ хийх шаардлага гарч болно.

Эмийн эмчилгээ

  • Холестрин бууруулах фибройны хүчил, статины бүлгийн эмийн эмчилгээ
  • Цус бүлэгнэлтийн эсрэг аспирин зэрэг эмийн эмчилгээ
  • Цусны даралт бууруулах бета блокатор, кальцын суваг хориглогч эмийн эмчилгээ
  • Артерийн судас нарийсахын эсрэг ангиотензин хувиргагч фермент дарангуйлагч эмийн эмчилгээ

Мэс засал эмчилгээ

  • Судас залгах мэс засал. Нарийссан бөглөрсөн артерийг тойруулж биеийн аль нэг хэсгээс авсан судас юм уу нийлэг судас орлуулж хийнэ.
  • Бүлэн хайлуулах эмчилгээ. Бүлэн үүссэн артерид цусны бүлэнг уусгах тарилга хийнэ.
  • Ангиопластик мэс ажилбар. Сэтгүүр гэж нэрлэдэг уян нарийн хоолой, баллон тэлэгч, стент тавина.
  • Артерийн судас тайрах эмчилгээ. Артериас өөхөн өөрчлөлттэй хэсгийг мэс заслаар тайрч авна.
  • Атерэктоми эмчилгээ. Сэтгүүрээр артерийн судасны өөхөн товрууг авна.

Цаашдаа анхаарах зүйлс

Эмчилгээнд удаан хугацаа шаардагдана. Хэр хурдан эмчлэгдэх нь өвчний явц, хэр олон эрхтэн хамарсан, эмчилгээг аль хэр тууштай хийсэн зэрэг байдлаас шалтгаална. Судасны хатуурал эргэшгүй өөрчлөлтөнд оруулдаг ч өвчний гол шалтгааныг эмчлэх, эрүүл амьдралын хэвшилтэй болох, хоолны дэглэмээ өөрчлөх зэрэг нь өвчний явцыг удаашруулж цаашид хүндрэхээс сэргийлнэ.

Ингэхийн тулд эмчид тогтмол биеэ хянуулж биеийнхээ байдалд тохирсон эмчилгээг хийж цаашид гарч болох хүндрэлээс сэргийлнэ. Гарч болох хүндрэлүүдэд:

  • Зүрхний дутагдал
  • Зүрхний өвчин
  • Зүрхний шигдээс
  • Зүрхний хэм алдагдах
  • Тархины цус харвалт
  • Хөл, гарын цусны урсгалыг бууруулдаг захын артерын судасны өвчин
  • Бөөрний дутагдал

Эмийн бус эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Амьдралын хэвшлээ өөрчлөх нь эмчилгээ хийхтэй адил өвчнөөс сэргийлнэ. Судас хатуурал бага зэрэг явагдаж байгаа үед эмчилгээний эхний шат болох амьдралын хэвшлээ өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй. Амьдралын хэвшлээ өөрчлөхийн тулд:

  • Ханасан тос, холестрин багатай эрүүл хоол идэх
  • Өөх тостой хүнснээс татгалзах
  • Долоо хоногт 2 удаа загастай хоол идэх
  • Өдөр бүр 30-60 мин, долоо хоногт 6 өдөр дасгал хөдөлгөөн хийх
  • Тамхи татдаг бол тамхинаас гарах
  • Тарган, жингийн илүүдэлтэй бол жингээ хаях
  • Стресс менежмент
  • Даралт ихсэх өвчин, холестрин ихсэх, чихрийн шижин зэрэг судас хатууралтай хавсарч явагддаг өвчнүүдийг эмчлэх хэрэгтэй.