Мика Монгол Мика Монгол

Өвдөгний үений дурангийн мэс заслын дараах арчилгаа

Эмнэлэгт байх хугацаа

Өвдөгний үений дараах өөрчлөлтүүдэд энэхүү мэс заслыг хийдэг:

  • Жийргэвчийн язралт. Өвдөгний үений завсар байдаг мөгөөрс юм. Энэхүү мөгөөрсийг авах, засахаар мэс засал хийдэг.
  • Өвдөгний ар, өвөр чагтан холбоосны язралт, гэмтэл
  • Үений хальсны үрэвсэл, гэмтэл
  • Тойгны мултрал
  • Өвдөгний үений мөгөөрс гэмтэх
  • Тойгны үений бүрхүүлийн уйланхай. Тахиман дээр шингэнээр дүүрсэн уйланхай гарч ирдэг. Үений үрэвсэл зэрэг бусад үрэвслээс шалтгаалан энэ уйланхай бас үүсдэг.
  • Өвдөгний үений ясны хугарал

Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс

Эмчлэгч эмч зөвшөөрсөн бол мэс засал хийлгэсний дараах эхний долоо хоногт өвдгөн дээрээ ачаалал авч болно. Мөн хязгаарлах ёстой үйл хөдөлгөөнийг эмчлэгч эмчээсээ асууна. 1 сарын дотор энгийн амьдралдаа ордог. Мэс ажилбараас хамааран суга таяг хэрэглэнэ.

Үений дурангийн ажилбар хүндрэлтэй явагдсан бол 3-4 долоо хоног алхаж явж болохгүй. Өвдөгний бэхэлгээ, суга таяг хэрэглэж болно. 3-4 сараас 1 жилийн дотор бүрэн нөхөн сэргэдэг.

Өвдөлт

 Өвдөгний үений дурангийн мэс заслын дараа өвдөлт байх нь хэвийн зүйл юм. Хэсэг хугацааны дараа сайжирна.

Өвчин намдаах эм ууна. Өвдөж эхлэнгүүт эмээ ууна. Ингэснээр өвдөлтийн байдал дордохоос сэргийлнэ.

Мэс заслын өмнө болон дараа нь өвдөлт мэдрэхгүйн тулд мэдээ алдуулагч хэрэглэж болно. Мэдээ алдалт дуусаж, өвдөлт амархан эхэлдэг учир өвчин намдаах эм ууна.

Ибупрофен, үрэвслийн эсрэг бусад эмийг ууна. Ямар эмийг өвчин намдаах эмтэй хамт ууж болохыг эмчлэгч эмчээсээ асууна. Сэтгэж нөлөөт эм ууж байхдаа жолоо барьж БОЛОХГҮЙ. Энэ эм нь хүнийг нойрмог болгож, хариу үйлдэл үзүүлэх хугацааг удаашруулдаг.

Биеийн үйл хөдөлгөөн

Гэртээ гараад амрах хэрэгтэй. 1-2 дэр тавьж хөлөө өндөрлөж байрлуулна. Тавхай, шилбэний булчин дор дэр тавина. Ингэснээр өвдөг хавдахаас сэргийлнэ.

Ихэнх ажилбарын үед мэс засал хийлгэсэн даруйгаас хөл дээрээ ачаалал авч болдог. Дараах зүйлсийг анхаарна:

  • Гэр дотуураа аажим алхаж эхэлнэ. Өвдгөн дээрээ хэтэрхий их ачаалал авахгүйн тулд суга таяг хэрэглэж болно.
  • Удаан зогсохгүй байх
  • Эмчлэгч эмчийн зааж өгсөн дасгал бүрийг хийх
  • Эмч зөвшөөртөл шогшиж алхах, сэлэх, аэробик хийх, дугуй унаж БОЛОХГҮЙ.

Хэзээ ажилдаа явж, жолоо барьж болохыг эмчээсээ асууна.

Шарх арчлах

Гэртээ гарахдаа өвдгөндөө боолт, уян боолт хийж гарна. Эмчийг зөвшөөрөх хүртэл энэ боолтыг авч БОЛОХГҮЙ. Боолтыг цэвэр, хуурай байлгана.

Эхний 2-3 хоног, өдөрт 4-6 удаа хүйтэн жин тавина. Боолтыг норгохгүй байх хэрэгтэй. халуун жин тавьж БОЛОХГҮЙ.

Эмчийг зөвшөөртөл уян боолтыг авч болохгүй.

  • Шаардлага гараад боолтыг соливол дараачийн шинэ боолтон дээр уян боолтоор бооно.
  • Өвдөгөө уян боолтоор сул орооно. Шилбэнээс эхлэн хөл, өвдгөө орооно.
  • Чанга ороож БОЛОХГҮЙ.

Оёдол аваагүй үед шүршүүрт орохдоо норгохоос сэргийлэн хөлөө нийлэг уутаар орооно. Шархны байдлыг эмчлэгч эмч үзэж, зөвшөөрсөний дараа шүршүүрт орж зүсэлт хийсэн газарт ус хүрж болно. Усанд орсоны дараа сайн хатаана.

Ямар үед эмчид хандах вэ?

  • Шархны боолтоор цус нэвчрэх, даралттай боосон ч цус зогсохгүй байх
  • Өвчин намдаах эмэнд өвчин намдахгүй байх
  • Шилбэний булчин өвдөх, хавдах
  • хөл, хөлийн хуруу бараан өнгөтэй болж, хүрэхэд хүйтэн байх
  • Гар хавдах
  • Шархнаас шар шүүс гарах, хавдах, өвдөх, улайх
  • 38.3 хэмээс дээш халуурах