Мика Монгол Мика Монгол

Эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчний мэс заслын дараах арчилгаа

Хөдөлгөөн хийх, давсаг орчим даралт өгөхөд шээс гарахыг стрессийн шээс задгайрал гэдэг. Үүнийг засахын тулд мэс засал хийдэг.

Эмнэлэгт байх хугацаа

Хөдөлгөөн хийх, давсаг орчим даралт өгөхөд шээс гарахыг стрессийн шээс задгайрал гэдэг. Алхах, дасгал хөдөлгөөн хийх, юм өргөх, ханиах, найтаах, инээх нь бүгдээрээ стрессийн шээс задгайрлыг үүсгэдэг. Энэ асуудлыг засахын тулд мэс засал хийнэ. Давсаг, шээсний сувгийг барьж байдаг эд, холбоосон дээр мэс засал хийнэ.

Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс

Ядарсан байх учир 4 долоо хоног амрах хэрэгтэй болно. Үтрээ, хөл орчим 1-2 сар өвдөлт, эвгүй байдал мэдрэгдэнэ. Үтрээнээс бага зэргийн цус, ялгадас гарах нь хэвийн үзэгдэл юм.

Гэртээ давсагны гуурстай байх нь бий.

Өөртөө анхаарал тавих

Мэс заслын шархандаа анхаарал тавина:

  • Мэс засал хийлгэсний дараа 1-2 өдрийн дараа усанд орж болно. Зүсэлт хийсэн газрыг зөөлөн саван, усаар зөөлөн угааж, булхана. Зөөлөн дарж арчин хатаана. Шарх эдгэтэл ваннд орж, усанд сэлж БОЛОХГҮЙ.
  • 7 хоногийн дараа мэс заслын шархыг хааж тавьсан наалтыг авна.
  • Шархыг хуурай боолтоор бооно. Боолтыг өдөр бүр юм уу шүүс их гарах бүрт солино.
  • Боолтын материалыг хангалттай хэмжээгээр гэртээ байлгана.

Багадаа 6 сарын хугацаанд үтрээнд ямар ч зүйл оруулж болохгүй. Биений юм ирвэл тампоныг багадаа 6 сар хэрэглэж БОЛОХГҮЙ. Үтрээний цацлага, угаалга хийж БОЛОХГҮЙ. Энэ хугацаанд бэлгийн харьцаанд орж БОЛОХГҮЙ.

Өтгөн хаталтаас сэргийлэх хэрэгтэй. Өтгөнөөр бие засахдаа дүлсэнээс болж зүсэлт хийсэн хэсэгт даралт учирдаг.

  • Ислэг ихтэй хоол хүнс иднэ.
  • Өтгөн зөөлрүүлэх эм хэрэглэнэ.
  • Өтгөнийг шингэрүүлэхийн тулд шингэн юм сайн ууна.
  • Бургуй, туулгах эм хэрэглэхийн өмнө эмчээсээ асууна. Зарим төрлийнх нь тохирохгүй байх нь бий.

4-6 долоо хоногийн турш даралттай оймс өмсөхийг эмчлэгч эмч тань зөвөлнө. Ингэснээр цусны эргэлтийг сайжруулж, цусны бүлэн үүсэхээс сэргийлнэ.

Шээсний замын халдварын шинж тэмдгийн талаар мэдэх хэрэгтэй. Эмчлэгч эмчээсээ энэ талын мэдээллийг авна. Шээсний замын халдвар байж магадгүй тохиолдолд эмчлэгч эмчтэйгээ холбогдоно.

Биеийн үйл, хөдөлгөөн

Гэр орны энгийн ажил төрлөө аажим эхлүүлнэ. Хэт ядарч болохгүй.

Шатаар дээш, доош аажуухан явна. Өдөр бүр алхана. Өдөрт 3-4 удаа, 5 минутаар аажим алхаж эхэлнэ. Аажимдаа алхах зайгаа уртасгана.

4-6 долоо хоногийн турш 4.5 кг-аас хүнд зүйл өргөж БОЛОХГҮЙ. Хүнд юм өргөх нь зүсэлт хийсэн газарт хэт их стресс үзүүлнэ.

Гольф, теннис, боулинг тоглох, гүйх, дугуй унах, хүндийн өргөлт хийх, гадаа талбайд ажиллах, өвс ногоо хадах, тоос сорох зэрэг хүнд, хүчилсэн хөдөлгөөнийг 6-8 долоо хоног хийж БОЛОХГҮЙ. Хэзээ хийж болохыг эмчээсээ асууна.

Хүнд ажил хийдэггүй бол 2-3 долоо хоногт ажилдаа орж болно. Хэзээ ажилдаа орж болохыг эмчлэгч эмчээсээ асууна.

Бэлгийн харьцаанд 6 долоо хоногийн дараа орж болно. Хэзээ бэлгийн харьцаанд орж болохыг эмчлэгч эмчээсээ асууна.

Давсагны гуурстай гэртээ гарах

Өөрийнхөөрөө шээж чадахгүй бол эмчлэгч эмч тань давсагны гуурстайгаар гэрт тань гаргана. Гэртээ гарахынхаа өмнө давсагны гуурс, шээсний уутыг хэрхэн хэрэглэх, арчлах аргыг заалгана.

Өөртөө давсагны гуурс тавих хэрэг гарна.

  • Хэдий хугацаанд давсагны гуурсаар давсагаа сулалж байх ёстойг мэдсэн байна. 3-4 цаг тутам давсгийг сулална.
  • Шингэн зүйл бага ууж, унтахын өмнө давсагаа сулална.

Ямар үед эмчид хандах вэ?

  • Хүчтэй өвдөх
  • 37.7 хэмээс дээш халуурах
  • Жихүүдэс хүрэх
  • Үтрээнээс ихээр цус гарах
  • Үтрээнээс үнэртэй ялгадас гарах
  • Цустай шээх
  • Шээхэд бэрхшээлтэй байх
  • Зүсэлт хийсэн газар хавдах, улайх, эмзэглэх
  • Зогсохгүй бөөлжих
  • Цээжээр өвдөх
  • Амьсгал давчдах
  • Шээхэд өвдөх, хорсох, шээс хүрэх
  • Зүсэлт хийсэн газраас шүүс ихээр гарах
  • Зүсэлт хийсэн газарт гадны биет үлдэх