Шагайны ясны хугарлын дараах хэлбэрүүд байдаг:
- Хэсгийн (бүхэлдээ хугаралгүй, хэсэг газар цуурна)
- Бүрэн хугарал (яс хоёр хэсэг болон хугарна)
- Шагайны нэг юм уу хоёр тал хугарах
- Шөрмөс, холбоос тасрах, гэмтэх
Ерөнхий ойлголт
Шагайн хугарлын дараах тохиолдлуудад мэс засал хийнэ:
- Ясны төгсгөлүүд зөрсөн.
- Хугарал шагайн үерүү орсон.
- Шөрмөс, холбоос тасарсан.
- Мэс засал эмчилгээгүйгээр зөв эдгэрхгүй гэж үзсэн.
- Хүүхдийн хувьд, шагайны хугарал нь ясны өсөлтийн бүсийг дайрсан үед
Мэс засал хийхдээ төмөр шургаа, хадаас, бүрээс хэрэглэж хугарсан ясыг байранд нь оруулна. Эдгээр хэрэгслүүд нь түр зуурын болон байнгын зориулалттай байдаг.
Авах арга хэмжээ
Гэмтлийн эмчид үзүүлнэ.
- Гөлтгөнөн боолт, чигийг байнга зүүж, хөлийг аль болох дээш өргөнө.
- Хөлөн дээрээ ачаалал авч, алхаж явж болохгүй.
Мэс засал хийгээгүй үед чиг, гөлтгөнөн боолтыг 4-8 долоо хоног зүүнэ. Чиг, гөлтгөнөн боолт зүүх хугацаа нь хугарлын хэлбэрээс хамаарна.
Хавдар буухыг дагаад чиг, гөлтгөнөн боолтыг 1-ээс олон удаа солино. Хамгийн гол нь гэмтсэн шагайн дээр ачаалал авч болохгүй.
Алхалтын тусгай гутал мөн хэрэглэж болно.
Дараах зүйлсийг сурах хэрэгтэй:
- Суга таяг хэрэглэх
- Чиг, гөлтгөнөн боолтыг арчлах
Шинж тэмдгийг намдаах
Өвдөлт, хавдрыг намдаахын тулд:
- Өдөрт багадаа 4 удаа, хөлийг өвдөгний түвшнээс дээш байрлалд байрлуулж сууна.
- Эхний 2 өдөр, цаг тутамын 20 минутанд хүйтэн жин тавина.
- 2 өдрийн дараанаас өдөрт 3 удаа, 10-20 минутаар хүйтэн жин тавина.
Өвчин намдаахаар ибупрофен, напроксен хэрэглэнэ. Эдгээр эмийг жоргүйгээр авч болно.
Дараах зүйлсийг анхаарна:
- Зүрхний өвчин, элэгний өвчин, цусны даралт ихсэлт, бөөрний өвчин, ходоодны шарх өвчтэй, цус алдалт болж байсан түүхтэй бол эмчлэгч эмчдээ хэлэх хэрэгтэй.
- Хүүхдэд аспирин өгч болохгүй.
- Эмийг зааврын дагуу, хэтрүүлэхгүй хэрэглэнэ.
- Ибупрофен, напроксин гэсэн үрэвслийн эсрэг эм хэрэглэж байгаа бол эмчлэгч эмчдээ хянуулах хэрэгтэй. Эдгэрэлтэнд нөлөөлж болох учир заримдаа эдгээр эмийг хэрэглэхгүй байх тохиолдол байдаг.
Ацетаминофеныг хэрэглэхэд ихэнхдээ аюулгүй байдаг. Элэгний өвчний үед эмчийн заавраар хэрэглэнэ.
Биеийн идэвхитэй байдал
Хэзээ гэмтсэн шагайн дээр ачаалал авч болохыг эмчлэгч эмч хэлж өгнө. Ихэнхдээ 6-10 долоо хоног болдог. Эдгэхээс нь өмнө шагайн дээрээ ачаалал авбал эдгэрэлт буруу явагдана.
Алхаж явах, зогсох, шатаар явах нөхцлийг шаарддаг ажилтай байсан бол ажил үүргээ өөрчлөх шаардлага гарна.
Ачаалал даадаг чиг, гөлтгөнөн боолтыг сольж хэрэглэдэг. Ингэснээр алхаж явах боломжтой болно. Алхаж эхлэхдээ дараах зүйлсийг анхаарна:
- Булчин суларч, жижгирсэн байх ба тавхай хөшүүн болсон байдаг.
- Булчингийн хүчийг сайжруулахаар дасгал хийнэ.
- Сэргээн засах эмчийн тусламжийг авна.
Спорт, ажлаа эхлэхийн өмнө шилбэний булчин, шагайны бүх чиглэлийн хөдөлгөөн бүрэн сайжирсан байх ёстой.
Хяналт
Шагайны гэмтэл хэрхэн эдгэж байгааг рентген хийж хянана.
6-10 долоо хоногийн дараа бүрэн эдгэрч хэвийн байдалдаа эргэн орж, спортоор хичээллэж болдог.
Ямар үед эмчид хандах вэ?
- Чиг, гөлтгөнөн боолт гэмтэх
- Чиг, гөлтгөнөн боолт сулрах, барих
- Хүчтэй өвдөх
- Чиг, гөлтгөнөн боолтны дээгүүр болон доогуур хөл, тавхай хавдах
- Тавхай хүйтэн болох, чимчигнэх, мэдээгүй болох, хуруу хар өнгөтэй болох
- Хөлөө хөдөлгөж чадахгүй байх
- Шилбэ, тавхайн хавдар ихсэх
- Амьсгал давчдах, амьсгалахад хэцүү байх